Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/460

 

   

 

 

 

 

     2022           5              3                                        2022/ДШМ/460                                   

 

 

Б.Ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Солонго,

            шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,  

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр Б.Ад холбогдох эрүүгийн 2111010580047 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн  Б.А, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл б, эх, дүү, хүүхдүүдийн хамт ...............................;

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 10 дугаар гудамжны 186 тоотод оршин суух иргэн Г.Ныг “байшингийн мод худалдаж авахаа болилоо, мөнгөө буцааж авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч О.Маас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаанд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг бусдын Хаан банкны данс руу шилжүүлэн авч, хохирогч О.Мд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Агээс нийт 950.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.М /Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 6-60 тоотод оршин суудаг, РД:АС97123009/-д олгож,  шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжпээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шүүгдэгч Б.Ад ял оногдуулахдаа гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан.  Шүүгдэгч Х.Анхтүвшин нь хохирогч О.Мд 1.500.000 төгрөгийн хохирол учруулж, мөрдөн байцаалтын явцад 50.000 төгрөг, шүүхийн шатанд 500.000 төгрөгийн хохирол төлж, 950.000 төгрөг хохирол төлөгдөөгүй бөгөөд тэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтсон цалин хөлс, орлогогүй бөгөөд шүүх хуралдаанд “...туслах малчнаар ажилд орсон байгаа, ...цалингаа аваад хохирлоо төлнө” гэж мэдүүлсэн боловч зөвхөн дан ганц мэдүүлэгт үндэслэн торгох ялын доод хэмжээгээр сонгож ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршин гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүйгээс гадна ял шийтгэл тохироогүй гэж үзэхээр байна. Иймд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч өндөр насны ээжтэй бөгөөд 6 насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эцэг. Өмнөх сараас эхлэн Б.А сарын 1.000.000 төгрөгийн цалинтай н.Хишигсүрэн гэх хүний морийг уях адуучны ажилд орсон. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирол төлбөр төлөөд явж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Г.Ныг “байшингийн мод худалдаж авахаа болилоо, мөнгөө буцааж авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч О.Маас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаанд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг бусдын Хаан банкны данс руу шилжүүлэн авч, хохирогч О.Мд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Мын “...2021 оны 7 дугаар сарын дундуур манай хамаатны ах Жанлавнүржиг надад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Зүүн тосгоны 186 тоотод газар нь дахин төлөвлөлтөд орсон гэнээ, тэгээд хашаандаа байх 7x8 хэмжээтэй палкан байшингаа нурааж зарна гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд би авах сонирхолтой байсан болохоор манай хүргэн ах Баясгалан, Анхтүвшин 2 очиж уг байшинг харчхаад надад авч болохоор байшин байна гэж хэлсэн. Ах Жанлавнүржиг маань уг хүмүүстэй тохиролцоод нийт 2.500.000 төгрөгөөр авахаар урьдчилгаа 1.500.000 төгрөгийг би 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5166276554 дугаарын данснаас Н гэгчийн 5926052576 дугаарын данс руу “байшин урьдчилгаа мөнгө 95118566” гэсэн утгатайгаар мөнгийг шилжүүлсэн юм. Тэгээд Н гэгчтэй 2021 оны 8 дугаар сарын 1-2-ны өдрийн хооронд байшинг нурааж авахаар тохиролцсон. Тэгээд тухайн үед дахиад холбогдоход бид нар өөрсдөө одоохондоо амьдрах орон сууцаа олоогүй өөрсдөө амьдарч байна гэж хэлсэн. Тэгээд манай хамаатны ах Жанлавнүржигийн хуурай дүү гэх ахын ажилд тусалж гэрт нь амьдарч байсан Б.А гэгч нь миний өмнөөс худал хэлж, Н гэгчийг хуурч залилж миний өмнөөс очиж уулзаад танайх яасан уддаг юм бэ өгсөн гэх урьдчилгаа 1.500.000 төгрөгийг авъя гэж хэлээд мөнгө бэлнээр нь авна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Н гэгч нь бэлнээр өгөхгүй би дансаар өгнө гэж хэлээд Хаан банкны 5926052576 дугаарын данс руу уг өдрөө буюу 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөнгийг шилжүүлсэн байсан. Тэгээд л Анхтүвшин гэгчтэй огт уулзаагүй. ...2021 оны 8 дугаар сарын 20-ны үед Н гэгч рүү залгаад “та хэд юу болсон, бид нар хэзээ байшингаа очиж авах вэ? 9 дүгээр сарын 1, 2-ны өдөр гэсэн нь хэвээрээ юу” гэхэд “юу байшингийнхаа урьдчилгаа мөнгийг 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр танай ахтай хамт ирж байсан жижигхэн, Анхаа гэдэг залуу чинь аваад явсан ш дээ” гэж хэлээд л мэдсэн. Намайг Н гэгчээс байшингийн мод худалдаж авах гэж байсан талаар мэдэж байсан. Гэхдээ уг мөнгийг авч болно гэж хэлээгүй. Анхтүвшинг би сайн танихгүй, Жанлавнүржиг ах маань уг хүнийг хонох газаргүй юм байна гэж анх 2021 оны 3 дугаар сарын үеэр байхаа гэртээ хонуулж, ажилдаа туслуулж байсан гэдгээр нь мэднэ тэрнээс өөр дотно харилцаа байхгүй. ...” /хх 26/,

гэрч Г.Нын “...Манай байшин газар төлөвлөлтөд ороод тухайн хашаанд байгаа хоёр байшинг зарахаар зарын сайтуудад зар өгсөн байсан юм. Тэгээд зарын дагуу Анхаа гэх залуу ирээд манай хоёр байшинг авахаар тохиролцоод хэд хоногийн дараа урьдчилгаа болох 1.500.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 14-нд Анхаа гэх залуу буцаж ирээд манай ээжтэй уулзаад наймаа хийхээ болилоо би мөнгөө авъя гээд би мөнгийг нь буцааж шилжүүлсэн юм. Миний данс руу яг хэн 1.500.000 шилжүүлснийг мэдэхгүй байна, над руу нэг эрэгтэй хүн яриад байшинг чинь авах гэж байгаа хүн байна бэлнээр ирээд мөнгө авчих уу гэхээр нь би бэлнээр авахгүй дансаар авна гэсэн чинь намайг дансаа явуулчих гэхээр нь би 91696063 гэх ээжийн утасны дугаараас өөрийнхөө Хаан банкны дансыг явуулсан. ...” /хх 30/,

гэрч Ө.Нямхүүгийн “...Би 2021 оны 7 дугаар сард өөрийн амьдарч байсан байшин, дэлгүүр хоёрыг зарна гэж зар өгсөн манай амьдарч байгаа газар дахин төлөвлөлтөд орсон учраас байшингуудаа зарахаар болсон юм. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 18-нд Анхаа гэх залуу ирээд манай байшинг үзээд хоёуланг нь авмаар байна тал мөнгийг нь одоо таны данс руу шилжүүлэх үү гэхээр нь би 8 дугаар сарын 3-нд дэлгүүр сулрах тул би одоо мөнгө авахгүй гэсэн чинь нөгөө залуу яваад өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа миний утас руу нэг залуу залгаад би Анхаагийн ах байна та нар хүрч ирээд мөнгө авчих гэхээр нь би бэлнээр авахгүй дансаар авна гээд манай охин Анхаагийн ах гэх хүн рүү өөрийн Хаан банкны дансны дугаарыг явуулсан. Тэгээд удалгүй манай охины данс руу 1.500.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би 8 дугаар сарын 3-нд дэлгүүр суларчихсан та нар эхлээд буулгаж авч байх уу гэсэн чинь хоёуланг нь зэрэг авмаар байна гэхээр нь тэгвэл манайх болоогүй байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Анхаа гэх залуу өглөө 10 цагийн үед манай гэрт ирээд та нарыг удаан хүлээлээ, одоо больё мөнгөө авмаар байна бэлнээр нь өг гэхээр нь би бэлэн мөнгө өгөхгүй гэсэн чинь гарч яваад машин дотор байсан хүнээс дансны дугаар аваад ирсэн. Тэгээд би тухайн хүний данс руу 1.500.000 төгрөгийг охиноороо шилжүүлсэн юм. ...” /хх 31/,

гэрч И.Мөнхжаргалын “...Би тухайн өдөр гэрээсээ гараад таксинд явах гээд Дэнжийн 1000, Нарантуул-2 худалдааны төв рүү уруудаад явж байтал Шонхор худалдааны төвийн наад талд нэг залуу гар өргөөд зогсож байхаар нь аваад машиндаа суулгатал “эгчээ би хүнд мөнгө өгчхөөд буцааж авч чадахгүй байна, хоёулаа гэрт нь очоод авъя, надад мөнгө өгөх хүн утсаа авахгүй байна” гээд надад зам зааж өгөөд Зурагтын хуучин эцэс орчимд нэг айлын гадна талд очоод хашаанд нь орж уулзаад нэлээд удаж байгаад эргэж гарч ирээд “эгч танд данс байна уу, та надад туслаач би хөдөөний хүн надад данс карт байхгүй гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансаа өгсөн. Тэгсэн миний данс руу 1.500.000 төгрөг шилжүүлээд, би тухайн мөнгийг Хүчит шонхор захын бэлэн мөнгөний АТМ-ээс авч өгсөн. ...” /хх 34/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Мын эзэмшлийн Хаан банкны 5166276554 дугаартай, иргэн Ц.Мөнхжаргалын эзэмшлийн Хаан банкны 5890320858 дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /хх 71-74, 82/, “Хүчит Шонхор” худалдааны төв дотор байрлах Хүнсний зах дотор зааланд байрлах АТМ934 дугаартай бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 17-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.Аийг “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.А нь Г.Ныг “байшингийн мод худалдаж авахаа болилоо, мөнгөө буцааж авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч О.Маас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаанд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг бусдын Хаан банкны данс руу шилжүүлэн авч, хохирогч О.Мд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Прокурор Н.Чинбат “... торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь үндэслэлгүй тулшийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан сонгох ялуудаас торгох ялыг сонгон  хэрэглэж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн зөрчил биш гэж үзнэ.

Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Агийн хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээд шатны прокурор Н.Чинбатын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны 2022/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 10-ны 2022/ШЦТ/223  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Н.Чинбатын 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.АЛДАР

                       

ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ