Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00669

 

Х.Батбаасангийн  нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/01523 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 680 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Батбаасангийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Гацуурт протертис ХХК, Гацуурт ХХК-иудад холбогдох,

6.757.327 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гацуурт ХХК-ийн төлөөлөгч Б.Төгсбаяр, нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гацуурт пропертис ХХК-ийн оффисийн 10 дугаар давхараас 2015.7.31-ний өдрийн 18-19 цагийн үед цонхны шилэн фасад унаж, зогсоолд байсан Х.Батбаасангийн өмчлөлийн 06-66 УНВ улсын дугаартай Бенз CLS350 маркийн автомашины арын шилийг хагалж, урд шилэнд сэв суулган ноцтой хохирол учруулсан. Өөрийн зардлаар автомашины арын шилийг солиулж шил бусад материалын үнэ 2.745.750 төгрөг, засварын ажлын хөлс 389.400 төгрөг, нийт 3.135.150 төгрөгийг “МСМ групп” ХХК-д, арын шилэн хамгаалалтын хальс хийлгэхэд 170.000 төгрөгийг Детект ХХК-д төлсөн. Мөн машины урд шилийг солиулахад зориулалтын шил болон тусгай цавуу, материалыг 3.062.777 төгрөгөөр захиалах болон ажлын хөлсөнд 389.400 төгрөг, нийт 3.452.177 төгрөг шаардлагатай байна. Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 3.305.150 төгрөг болон урд талын шилийг захиалж солиулахад шаардагдах 3.452.177 төгрөг нийт 6.757.327 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гацуурт пропертис ХХК, Гацуурт ХХК нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацаа 3 жил юм. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 8 дугаартай, оффис үйлчилгээний зориулалттай тус 14 давхар барилгыг “Алтай констракшн” ХХК нь/ захирал нь нэхэмжлэгч Х.Батбаасан/ барьсан бөгөөд Улсын комисс 2013.02.15-ны өдөр хүлээн авч 95/2013 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт үйлдсэн. “Алтай констракшн” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын шилэн фасад нь гэмтэл согогтой байсан. Шилэн фасад, дотор цонх зэрэг нь шаардлага хангахгүй, цонхны өөрийн жин нь стандарт жингээс хэт хүнд, онгойлтын хэмжээ 35 см-ээс ихгүй байх нормоос хэтэрч онгойдог, жингийн тооцоогүй нугас суурьлуулсан байгаа нь цонхоо даахгүй унах аюултай болохыг шинжээч тогтоосон. Мөн 2014.7.10-ны өдөр БНХАУ-ын шилэн фасад үйлдвэрлэл, угсралтын компаниар үзлэг хийлгэсэн ба цонхнууд нь хэмжээнээс жижиг нугастай, жийрэг резин нь чанар алдсан гэх мэт олон дутагдлаас үүдэн цонхыг нээхэд доош унах магадлалтай болохыг тогтоосон. Барилгын цонх, фасад гэмтэл согогтой байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/01523 дугаартай шийдвэр гаргаж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “Гацуурт” ХХК-иас гэм хорын хохиролд 6.757.327 төгрөгийг нэхэмжлэгч Х.Батбаасанд олгож, “Гацуурт пропертис” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 680 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт зааснаар барилгын өмчлөгч буюу “Гацуурт” ХХК-иас 2.745.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Батбаасанд олгож, “Гацуурт пропертис” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “… хариуцагч “Гацуурт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 123.100 төгрөг гаргуулж…” гэснийг “ …хариуцагч “Гацуурт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 58.882 төгрөг гаргуулж…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Гацуурт” ХХК-ийн төлсөн 125.037 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тамир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дээрх хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ч хариуцагч компаниудын удирдлагад мэдэгдэж байсан, тус компанийн ажилчид хэрэг явдал болсны дараагаар учирсан хохиролтой байсан тухай бүрд нь танилцаж байсан тул хэргийн үйл баримттай маргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэхдээ биднийг байлцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэж, үйл баримтын талаар ул суурьтай нягтлан үзэлгүйгээр өнгөц үндэслэл муутай дүгнэлт хийж, гэмтэл нэхэмжлэгчийн машин уг үйлдлийн улмаас эвдэрч гэмтсэн эсэх, гэмтэл, хохирлын хэмжээний талаар маргасан мэтээр дүгнэж улмаар нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

 “...2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч нарын ажлын байрны цонхны шилэн фасад унаж нэхэмжлэгчийн Бенз маркийн 06-66 УНВ улсын дугаартай автомашин гэмтсэн тул шил бусад материалын үнэ 2.745.750 төгрөг, ажлын хөлс 389.400 төгрөг, хамгаалалтын хальс үнэ 170.000 төгрөг, урд шил солиулах 3.452.177 төгрөг нийт  6.757.327 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг...” Х.Батбаасан хүссэн байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ. 

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх өөрчилсөн нь Иргэний хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 Хариуцагч Гацуурт ХХК-ийн барилгын зарим хэсэг нурсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан үйл баримт тогтоогдсон тул гэм хорыг Гацуурт ХХК-иас гаргуулсан нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлд нийцжээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажлын хөлс гэх 389.400 төгрөг нь шил бусад материалын үнэ 2.745.750 төгрөгт багтсан байгаа тул уг мөнгийг дахин /хх 5, 54/ гаргуулах боломжгүй. 170.000 төгрөг болон 3.452.177 төгрөг нь солиулсан шилний үнэ биш, харин энэ төрлийн үйлчилгээний үнийн санал /хх 55/ байгаагаас гадна уг хохирол үүссэн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул гомдол үндэслэлгүй байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 680 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Батбаасангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 80.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ