Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.О, Д.Б, М.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дүгээр захирамжийн М.Ц, Д.Б, Г.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үр дүн, ур чадварын нэмэгдэл олгуулахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц, Д.Б, Г.О нар нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Боловсрол соёлын газраас Ховд аймгийн Жаргалант сумын 1,2 дугаар цэцэрлэг, Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч бид Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг хангалттай биелүүлж ажилласан ба Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан журам, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 362/112/183 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу үр дүн, ур чадварын нэмэгдэл авах эрхээ эдэлж чадахгүй хохирч байна. Хуульд заасны дагуу хөдөлмөрлөсөн хөдөлмөртөө тохирсон цалин, хөлс, нэмэгдэл авч чадахгүй хохирч байгаа тул Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дүгээр захирамжийн М.Ц, Д.Б, Г.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан журам, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 362/112/183 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу үр дүн, ур чадварын нэмэгдэл олгуулахыг Ховд аймгийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 362/112/183 дугаар тушаалын зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 10-р зүйлд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсрол соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ гэсэн заалт, Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоолын Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын 2.5-д Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтыг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлэсэн болно.Д.Б, М.Ц нар нь 2015 оны 2 дугаар сарын 25-нд зохион байгуулсан төрийн үйлчилгээний албаны улирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд орж хангалтгүй дүн үзүүлсэн. Г.О нь хамт олноос ирсэн мэлээлэлтэй холбоотойгоор оролцоогүй болно. Энэ нь дээрх 3 сайдын хамтарсан 362/112/183 дугаар тушаалуудын шалгуур үзүүлэлтийн 6 дугаар зүйлд заасан ...байгууллагын менежментийн онол арга зүйн мэдлэг, чадвар гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийн эрхлэгч М.Ц миний бие Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/ 108, 109 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үр дүн, ур чадварын нэмэгдэл олгуулахыг даалгасан шийдвэр тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэжээ.

Нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Боловсрол, соёлын газраас Ховд аймгийн Жаргалант сумын 1, 2 дугаар цэцэрлэг, Эрдэнэбүрэн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Улмаар бид Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дүгээртэй захирамжийн Г.О, Д.Б, М.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үр дүн, ур чадварын нэмэгдэл олгуулахыг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ховд аймгийн Засаг дарга нь аймгийн бүх сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй нартай үр дүнгийн гэрээ байгуулж, үр дүнг нь дүгнэдэг. Г.О Д.Б, М.Ц нарыг дүгнэхдээ 0 хувь нэгж дүгнэсэн. Бусад сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар ур чадвараа 15-30 хувиар дүгнүүлсэн. Бид хувьд ажлаа хийгээгүй хэрнээ цалин нэхэж байгаа зүйл байхгүй. Бид олон жил ажилласан дадлага туршлагатай, тухайн байгууллагаа удирдлагаар хангаж ажиллаж ирсэн. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас хяналт шинжилгээ үнэлгээний групп бүх цэцэрлэгээр 2016 оны 05 дугаар сард явж шалгалт хийсэн. Энэ шалгалтаар манай цэцэрлэг 95 хувьтай 1 дүгээр байр, 1 дүгээр цэцэрлэг 94 хувьтай 2 дугаар байрыг тус тус эзэлсэн. Бид нарын хийсэн ажлыг Аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёлын газрын дарга нар бодитоор үнэлж, хийсэн ажлын үр дүнг өгөхгүй байна. Бид 2 үр дүнгээ дүгнүүлэхдээ хамгийн дээд оноогоор үнэлүүлдэг тул ур чадварын нэмэгдэл авах саналтай байна. Захиргааны хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ц нэхэмжлэлээсээ татгалзсан.

Иймд Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дүгээртэй захирамжийн Г.О, Д.Б нарын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд нэхэмжлэгч Г.О-ийн саналтай санал нэг байна. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа бодитоор үнэлүүлж чадаагүй. Хамгийн доод хэмжээгээр ур чадвараа үнэлүүлдэг байсан. Тэр болгонд гомдол гаргадаггүй. Ямар үзэмжээр ингэж дүгнэдэгийг ойлгохгүй байна. Бидний ажлыг бодитоор дүгнэхгүй, төрийн ажлыг шударга бус хийж байна гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дүгээртэй захирамжийн Г.О, Д.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 362/112/183 дугаар тушаалын зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 10-р зүйлд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсрол соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ гэсэн заалт, Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоолын Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын 2.5-д Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтыг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Эдгээр заалтаас харахад ур чадвар, үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлаар тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргах эрхтэй болно.

Д.Б, М.Ц нар нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж хангалтгүй дүн үзүүлсэн, Г.О нь хамт олноос ирсэн мэдээлэлтэй холбоотойгоор оролцоогүй болно. Энэ нь дээрх 3 сайдын хамтарсан 362/112/183 дугаар тушаалын шалгуур үзүүлэлтийн 6 дугаар зүйлд заасан байгууллагын менежментийн онол арга зүйн мэдлэг, чадвар гэсэн шалгуурыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Б, Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.О нарын өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дүгээр захирамжийн Г.О, Д.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үр дүн, ур чадварын нэмэгдэл олгуулахыг даалгасан шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нар ур чадварын нэмэгдэл авах хууль зүйн үндэслэлтэй байна. Боловсрол, соёлын газраас ирүүлсэн дүнг үндэслэлж ур чадварын нэмэгдэл олгоно гэж журамласан байдаг. Энэ асуудлыг ажил олгогч дүнг дур мэдэн хасах эрх зүйн зохицуулалт байхгүй. М.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Тийм учраас нэхэмжлэгч Г.О Д.Б нарын Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дүгээр захирамжийн Г.О, Д.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үр дүн, ур чадварын нэмэгдэл олгуулахыг даалгасан шийдвэр гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.О, Д.Б, М.Ц нар нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108 дугаартай Нэмэгдэл олгох тухай захирамж, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/109 дугаартай Нэмэгдэл олгох тухай захирамжуудын Г.О, Д.Б, М.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үр дүн, ур чадварын нэмэгдэл олгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108 дугаартай Нэмэгдэл олгох тухай захирамж, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/109 дугаартай Нэмэгдэл олгох тухай захирамжуудын  М.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, үр дүн, ур чадварын нэмэгдэл олгохыг Ховд аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж татгалзлалаа бичгээр шүүхэд ирүүлсэн.

Иймд нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасанчлан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан гадагш дагаж мөрдөх заавал биелүүлэх шийдвэрт, хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан албан тушаалтанд хамаарч байх тул дээрх маргаан нь тус Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн байна.

Уг маргаан бүхий цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн зүйлийн 9.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй үр дүнгийн гэрээ байгуулагдсан байх тул нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 Ховд аймгийн Засаг дарга Д.Ц нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/132 дугаартай захирамжаар Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Б-г, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/129 дугаартай захирамжаар Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.О нарыг тус тус томилжээ.

 Нэхэмжлэгч Г.О, Д.Б нартай Ховд аймгийн Засаг дарга нь 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан ба Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/304 дугаартай Ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамжаар Г.О 80% буюу В үсгэн үнэлгээтэй ур чадварын нэмэгдэл 15%, Д.Б 80% буюу В үсгэн үнэлгээтэй ур чадварын нэмэгдэл 15%, Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/305 дугаартай Үр дүнгийн нэмэгдэл олгох тухай захирамжаар Г.О 92% буюу А үсгэн үнэлгээтэй, үр дүнгийн нэмэгдэл 15%, Д.Б 88% буюу үсгэн үнэлгээ В буюу үр дүнгийн нэмэгдэл 13%ийг 2015 оны 2-р улиралд тус тус олгосон байна.

Мөн 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнээд Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/548 дугаартай Нэмэгдэл олгох тухай захирамжаар Д.Б 80% буюу В үнэлгээтэй ур чадварын нэмэгдэл 10%, Г.О 91% буюу А үнэлгээтэй ур чадварын нэмэгдэл 20%, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/645 дугаартай Нэмэгдэл болгох тухай захирамжаар Д.Б 84% буюу В үнэлгээтэй үр дүнгийн нэмэгдэл 13%, Г.О 70% буюу С үнэлгээтэй үр дүнгийн нэмэгдэл 10% -ыг тус тус олгожээ.

Улмаар Ховд аймгийн Засаг дарга Д.Ц нь Г.О, Д.Б нартай 2016 онд дахин үр дүнгийн гэрээ байгуулсан байна.

Г.О, Д.Б нар нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдэлээс тус тус бүрдэнэ, 28 дугаар зүйлийн 28.9-д үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан ба Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журмыг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 362/112/183 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг тус тус баталсан байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 10-д ....цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсролын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэхээр, Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журмын 2.5-д Сургалтын байгуулагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэхээр тус тус заасан байна.

Ховд аймгийн Боловсролын газраас Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2016 оны 1 дүгээр улирлын үр дүн болон ур чадварын урамшил олгохтой холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн Д.Б 80% буюу В үнэлгээтэй ур чадварын нэмэгдэл 20%, Г.О 86% буюу В үнэлгээтэй ур чадварын нэмэгдэл 26% олгохоор, цэцэрлэгийн эрхлэгчийн үр дүнгийн нэмэгдлийн хэмжээнд Д.Б 80% буюу В үнэлгээтэй үр дүнгийн нэмэгдэл 10%, Г.О 86% буюу В үнэлгээтэй үр дүнгийн нэмэгдэл 13% олгох дүгнэлтийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 74 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч нар нь Аймгийн боловсролын газраас аймгийн Засаг даргад хүргүүлсэн дүгнэлт буюу үнэлгээ, ур чадварын болон үр дүнгийн нэмэгдлийн хэмжээний талаар маргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 10-д ....цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсролын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэхээр, Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журмын 2.5-д Сургалтын байгуулагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэхээр заасан бөгөөд хариуцагч нь өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нарт нэмэгдлийг олгоогүй гэж  маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг тайлбарлажээ.

Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журмын 2-д Үр дүнгийн урамшлыг энэхүү журмын 2.4, 2.5-д заасан шийдвэрийг үндэслэн сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн үндсэн цалингас дараах хувь хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно.

2.2.1. 70-80 оноо авсан бол 10 хувь

2.2.2. 81-90 оноо авсан бол 13 хувь

2.2.3. 91-100 оноо авсан бол 15 хувь

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн 4-д Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Г.О, Д.Б нарт дээрх журмуудын дагуу аймгийн Боловсролын газраас дүгнэсэн үнэлгээнд хамаарах урамшилыг олгох үндэслэлтэй байхад Ховд аймгийн Засаг дарга уг нэмэгдлийг үндэслэлгүйгээр олгоогүй нь нэхэмжлэгч нарын хууль  ёсны эрх ашгийг зөрчсөн байна.

Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд 30 дугаар зүйлийн 30.1.16-д хуульд заасан бусад бүрэн эрхийг олгосон бөгөөд хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь маргаан бүхий А/108, А/109 дугаартай захирамжуудыг гаргахдаа баримтлах ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нь  байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дугаар “Нэмэгдэл болгох тухай” захирамжуудын Г.О, Д.Б нарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, Г.О, Д.БСнарт үр дүн, ур чадварын нэмэгдэл олгохыг Ховд аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108 дугаар Нэмэгдэл олгох тухай, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/109 дугаар Нэмэгдэл олгох тухай захирамжуудын Г.О, Д.Б нарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, Д.Б, Г.О нарт үр дүн, ур чадварын нэмэгдэл олгохыг Ховд аймгийн Засаг даргад даалгасугай.

            2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц нь Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дугаар захирамжуудын М.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үр дүн ур чадварын нэмэгдэл олгуулахыг Ховд аймгийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЯНЖИНДУЛАМ