Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 48

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ё.Мөнхгэрэл,  

                   Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

          Шүүгдэгч: Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Таргад овогт Гомбосүрэнгийн Энхболдод холбогдох 201720000169 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 21 настай, тусгай дунд боловсролтой, дөрвөд, эрэгтэй, механикч мэргэжилтэй, ам бүл 9, ээж, эгч, 5 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг 9-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Таргад овогт Гомбосүрэнгийн Энхболд /ОЗ96011716/, 

             Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Энхболд нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Орломтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ш.Орлом руу оосортой түлхүүр шидэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Хохирогч Ш.Орломын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2017 оны 05 сарын 28-ны өдрийн 18 цагийн орчимд гадуур явж байгаад гэртээ очсон. Намайг гэртээ ороход охин Г.Энхтайван, Г.Энхтуул, Г.Энхмэнд, Г.Энхмаа, хүү Г.Энхболд нар байсан ба охин Энхтайван, Энхтуул хоёр хоол хийгээд зогсож байсан. Тэр хоёрын хийж байсан хоолноос амсаж үзэхэд малын шивтэрийн амт орсон шөлтэй хоол байсан. Уг хоолыг аягалсны дараагаар манай хүүхдүүд аяганы тал идээд дахиж уг хоолноос идээгүй. Хоолны дараагаар бөөнөөрөө зурагт үзэх гэтэл хүү Г.Энхболд зурагтны удирдлага аваад орон дээрээ хөндлөж хэвтээд бид нарын үзэх гэсэн зурагтны сувгийг үзүүлэхгүй уурлаад байхаар нь би “ чи яахаараа дандаа өөрийн хүссэн сувгийг үзэж байдаг юм бэ? Бид нар ч гэсэн юм үзмээр байна. Чи яг эцэгтэйгээ ижилхэн ааш муутай болчихсон байна гэж хэлэхэд хүү Г.Энхболд өөрийнхөө хүссэн зурагтны сувгийг үзэхээр яадгийн, миний зурагтны суваг үзэх нь та нарт ямар хамаа байна гэж хэлснээс болоод хүү Г.Энхболд бид хоёр маргалдаж, би галын чимхүүр аваад зүүн гар луу нь аажуухан шавдаж нэг удаа цохисон. Г.Энхболд бид хоёр маргалдаж байх үеэр гаднаас цагдаа нар манай гэрт орж ирээд бид хоёрыг цагдаагийн байгууллага руу авч явсан. хүү Г.Энхболд бид хоёр цагдаагийн байгууллага дээр тайлбар өгчихөөд буцаад гэрлүүгээ явсан. гэртээ очоод удаагүй байтал нөхөр Гомбосүрэн архи үнэртүүлчихсэн гэртээ хүрч ирээд надтай хэрүүл маргаан үүсгэж эхлэхээр нь Гомбосүрэнтэй маргалдаад зогсож байтал хүү Г.Энхболд “та нар гэрээс гараад зайлаад өг” гэж орилоод гартаа байсан оосортой түлхүүрийг над руу шидсэн. Тухайн үед миний аманд цус амтлагдаад ирэхээр нь ам доторхоо хэлээрээ тэмтэрч үзэхэд миний нэг шүд унаад ам цусаар дүүрсэн байсан. Тэр үед хүү Г.Энхболд гэрээс гараад яваад өгсөн. Түүнээс өөрөөр хүү Энхболд нь гараараа намайг зодож цохисон зүйл байхгүй. Г.Энхболд гартаа барьсан оосортой түлхүүрийг шидсэний улмаас миний нэг шүд унаж, уруулны дотор тал ялзарч, зүүн хацарны хэсэгт хатгагдсан шарх үүссэн. Түүнээс өөр миний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй” гэх мэдүүлэг / хх-13-14-р тал /,

             2. Гэрч П.Гомбосүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Миний хүү Г.Энхболд нь 1996 онд манай гэр бүлийн 2 дахь хүү болон мэндэлсэн. Г.Энхболд бага ахуй наснаасаа цэвэрч нямбай, сахилга бат сайтай, эргэн тойрондоо халамжтай, сэргэлэн цовоо хүүхэд байгаа юм. Миний хүү Г.Энхболд нь Ерөнхий боловсролын сургууль болон Улаангом политехник коллежид суралцаж байхдаа хичээл номондоо идэвхитэй суралцаж байсан. Коллеж төгсөөд цэргийн албанд татагдаж нэг жилийн хугацаат цэргийн албыг Баян-Өлгий аймаг дахь 340 дүгээр ангид хаасан. Хувь хүний хувьд нийгэмд төлөвшсөн иргэн хүн юм. Хүү Г.Энхболд маань урьд өмнө нь ээж, эгч болон дүү нартайгаа нэг ч удаа ам зөрж үзээгүй. Мөн урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Манай хүү ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл болон тамхийг огт хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг / хх-ийн 15-р тал /       

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №315 дугаартай шинжээч эмчийн: “ Үзүүлэгч Ш.Орломын биед тухайн гэмтэл учирсан байна. Доод 1 шүд унасан, доод уруулын гадна талд шалбарсан шархтай, зүүн хацарт дээрхт хэмжээний зулгаралт үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал /,

               4. Шүүгдэгч Г.Энхболдын хувийн байдал тогтоосон тухай баримтууд / хх-ийн 28-35, 38-40-р тал /,

               5. Шүүгдэгч Г.Энхболдыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 36-р тал /,

6. Шүүгдэгч Г.Энхболдын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 05 сарын 28-ны өдөр гэртээ зурагт үзээд сууж байтал ээж Ш.Орлом гаднаас орж ирсэн. Тухайн үед эгч Г.Энхтайван, дүү Г.Энхтуул нарын хийж байсан хоолыг амсаж үзээд “хоолны шөлнөөс малын шивтэр амтлагдаж байна” гэж хэлж байсан. эгч Энхтайван, дүү Энхтуул нар хоол хийж дууссаны дараагаар би хоолоо идэнгээ зурагт үзэж байтал ээж Ш.Орлом зурагтны удирдлага аваад ир, би өөр суваг дээр юм үзмээр байна гэж хэлэхээр нь би та түр байж бай гэж хэлтэл ээж Ш.Орлом уурлаад надтай маргалдаж байгаад галын хайчаар миний гар руу нэг удаа цохихоор нь миний уур хүрээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар манай гэрт хүрч ирээд ээж Ш.Орлом бид хоёрыг цагдаагийн газар луу авч явсан. Бид хоёр цагдаагийн газар очиж тайлбар өгчөөд гэртээ буцаж ирээд удаагүй байтал аав П.Гомбосүрэн гаднаас бага зэрэг архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгтэл ээж Ш.Орлом аавыг архи уучихсан байна” гэж аав П.Гомбосүрэнтэй маргалдаж эхэлсэн ба ингэж маргалдаж байхдаа миний нэрийг оролцуулаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь уур хүрээд гэрээс гарах гэж явж байгаад өөрийнхөө хувцасны халаасанд байсан  оосортой түлхүүрийг ээж Ш.Орлом руу шидчихээд гэрээсээ гараад явсан. Тэгээд ойролцоогоор 30 минутын дараа гэртээ буцаж ирэхэд ээж Ш.Орлом гэртээ байгаагүй ба эгч Г.Энхтайван, чиний шидсэн түлхүүр ээжийн нэг шүдийг оноод эмнэлэг рүү явсан гэж хэлсэн. Миний ээж Ш.Орлом тэр өдөр намайг зүгээр сууж байхад янз бүрийн үгээр доромжлоод байсан ба сүүлдээ уур хүрээд болохгүй болохоор нь уурласандаа гартаа хамгийн түрүүнд тааралдсан зүйлээ буюу хувцасныхаа халаасанд байсан оосортой тулхүүрийг ээж Орлом руу шидсэн. Гэхдээ би ээжийнхээ биед гэмтэл учруулна гэж бодоогүй. Би ээжийнхээ цээжин биеийн хэсэг рүү халаасандаа байсан түлхүүрээ шидсэн. Харин миний шидсэн оосортой түлхүүр “ээжийн нүүрэн хэсэгт очиж тусна” гэж би бодоогүй. Миний ярьж буй оосортой түлхүүр гэдэг нь автомашины, гэрийн, грашийн гэсэн 3 түлхүүрийг хооронд нь төмөр кольцоогоор холбосон түлхүүрүүд байсан юм. Мөн уг түлхүүрүүдийг холбосон кольцооноос бор хүрэн өнгийн хавтас маягийн чимэглэлтэй холбоотой байсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Ш.Орломоос уучлалт гуйж, эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх дүгнэлт нотлох баримтууд болно. /хх-ийн 24-25-р тал /,

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Энхболд нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Орломтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ш.Орлом руу оосортой түлхүүр шидэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Ш.Орлом, гэрч ....мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №315 дугаартай шинжээч эмчийн: “ Үзүүлэгч Ш.Орломын биед тухайн гэмтэл учирсан байна. Доод 1 шүд унасан, доод уруулын гадна талд шалбарсан шархтай, зүүн хацарт дээрхт хэмжээний зулгаралт үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэсэн дүгнэлт нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэг бүртгэлтийн болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Энхболд нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь Г.Энхболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаагаар давхар нотлогдож байна. Мөн шүүгдэгч гэм буруугаа ухамсарлан ойлгож, хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулан, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч Ш.Орлом нь шүүгдэгч Г.Энхболдтой сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн шатанд өгсөн “Эвлэрлийн гэрээ” шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдоно.

Шүүгдэгч Г.Энхболд нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж гэм хорыг арилгасан, хохирогч Ш.Орлом шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Г.Энхболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Энхболдод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан оосортой 3 ширхэг түлхүүрийг эзэнд нь буцаан олгох нь зүйтэй.

Г.Энхболд нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Таргад овогт Гомбосүрэнгийн Энхболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Г.Энхболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.Энхболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн оосортой 3 ширхэг түлхүүрийг шүүгдэгч Г.Энхболдод буцаан олгосугай.

        4. Шүүгдэгч Г.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

             5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхболдод өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таргад овогт Гомбосүрэнгийн Энхболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Г.Энхболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.Энхболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн оосор бүхий олон түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Г.Энхболдод өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БОЛОРТУЯА