Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/461

 

 

 

 

 

 

      2022          5              3                                        2022/ДШМ/461                                   

 

 

Д.Жид холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Баярмаа,

            шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/299 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын  гаргасан давж заалдах гомдлоор Д.Жид холбогдох эрүүгийн 2209000000320 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Олгон овгийн Д.Ж, 2000 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч /Слесарь/ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ..................;

Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн орчим иргэн Г.Сын эзэмшлийн 775.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне Икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Олгон овогт Д.Жийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жид 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жийг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.Ж нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч Д.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувьд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувьд сантехникч слесарь мэргэжилтэй бөгөөд өөрийн эцгийн хамт хувиараа хөдөлмөр (дуудлагаар болон гэрээгээр сантехникийн засвар үйлчилгээ угсралтын ажил) эрхэлдэг тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба шүүгдэгчийн тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг, шударгаар хөдөлмөрлөж орлого олдог болохыг илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар төгтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх эрхийг шүүхэд олгосон ба шүүгдэгч Д.Жийн хувьд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан болно. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл дээр бүрэн ухамсарлаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаагүй ба харин зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагыг хуульд заасан доод хэмжээ болох 6 сараар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж өгөхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсч байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан ба шүүгдэгчийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооноос бус Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарласнаар Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэх, түүнийг нийгэмшүүлэх, шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд дүгнэлт хийх боломжтой юм. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлсөн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байгаа. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэсгэрээс гарч явахыг хязгаарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан байдаг. Шүүхээс өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд чиглэл тогтоосон учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ж нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн орчим иргэн Г.Сын эзэмшлийн 775.000 төгрөгийн үнэ бүхий Ай Фоне Икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан болох нь:

хохирогч Г.Сын өгсөн “... Би 2022 оны 1 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед өөрийн ах Ганбаатарын гэрт архи уухаар очоод гэрээс нь шөнийн 01 цаг 50 минутаас 02 цаг 30 минутын үед гэртээ харихаар гэрээс нь гараад дуудлагын жолооч дуудахад жолооч ирэхгүй болохоор нь такси бариад харих санаатай төв зам дагуу гараа өргөж алхаад Монгол 3 дугаар сургуулийн орчим очиход нэг Приус маркийн тээврийн хэрэгсэл зогссон. Би тухайн үед өөрийнхөө утсаар эхнэртэйгээ видео калл хийгээд явж байсан ба манай эхнэр тухайн таксины жолоочид хандан машиныхаа дугаарыг хэл гэхэд тухайн жолооч 94-33 гэж хэлээд серийг нь хэлээгүй. Тэгээд хөдлөөд явж байгаад удаагүй зогсоод намайг “буу” гэсэн ба би тухайн машинаас буугаад гартаа утсаа бариад зогсож байтал тэр таксины жолооч миний утсыг шүүрээд тэр чигтээ яваад өгсөн. Надад ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй, зүгээр л утас шүүрээд яваад өгсөн. Миний гар утас Ай фоне Икс эс загварын шар өнгөтэй, хар өнгийн резинэн гэртэй утас байсан. ...” /хх 21-22/,

гэрч А.Аззаяагийн өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 20-ны шөнө манай нөхөр Г.С нь найз нөхөдтэйгөө архи уучхаад шөнө гэр рүүгээ харих гээд такси барих гээд алхаж явсан байсан бөгөөд тухайн үед миний санаа зовоод фейсбүүк чатаар дүрсээ хараад явж байтал нэг таксинд суусан. Би тухайн таксины жолоочид хандан машиныхаа дугаарыг хэлдээ гэхэд 94-33 гэж хэлсэн бөгөөд сери дугаарыг нь бол хэлээгүй. Гэтэл дараа нь жолооч нь манай нөхрийг буу гэж хэлсэн бөгөөд 1 минут гаран бид хоёрын харилцан яриа тасраагүй байж байгаад тасарсан. Би буцаагаад залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс хойш 40 орчим минутын дараа манай нөхөр гэртээ ирсэн ба би нөхрийнхөө эд зүйлийг бүртгэхэд утаснаас нь өөр зүйл алдагдаагүй байсан. ...” /хх 26-27/,

шүүгдэгч Д.Жийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 14/ гэсэн мэдүүлгүүд,

2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 40-45/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №СБ2-22-122 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 775.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх 35-36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Д.Жийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Ж нь Г.Сын эзэмшлийн 775.000 төгрөгийн үнэ бүхий ай фонь икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан хуулийн заалтаас  1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарласан байна.

Шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал түүний гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсаныг  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын  ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хүлээж авсан бөгөөд харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлах болгон бүсчлэлийн хувьд өөрчлөлт оруулах талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жид 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жид 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

           

                               ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

 

                   ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ