Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/462

 

 

 

 

 

 

      2022          5              3                                         2022/ДШМ/462                                  

 

 

О.Ат холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Ундрах,

            шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн  нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.Ат холбогдох эрүүгийн 2008028311601 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нямбуу овгийн О.А, 1987 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн ЗүүнБаян-Улаан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн фермер 1-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЙИ87080925/;

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөшигийн 9-5 тоот хашаанд хохирогч Д.Бтэй “Би танай үхрийг саахгүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар үснээс нь зулгааж газарт чулуун дээр унаган зодож эрүүл мэндэд зүүн зулай, чамархай яс, суурь яс, эрүүний ясны үе дайрсан хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн няцрал, толгойн хуйхны шарх, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зулай, духны хоёр хажуу, зүүн чамархай, шанааны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Нямбуу овогт О.Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ат 13650 /арван гурван мянган зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.650.000 /арван гурван сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Ат оногдуулсан 13.650.000 /арван гурван сая зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн бичиг баримт, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчийн эмчилгээний зардалд 802650 төгрөг төлсөн, хохирол төлбөрт 1020000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.Бгийн 1805089 төгрөгтэй холбогдох иргэний нэхэмжпэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг нэхэмжлэлтэй холбогдох болон цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар О.Аээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Аптанцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: "...О.Аийг Б биед 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10589 дугаартай дүгнэлтээр зүүн зулайн чамархай яс, суурь яс, эрүүний яс дайрсан хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн няцрал, толгойн хуйхны шарх, 2 зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зулай духны 2 хошуу, зүүн чамархайн шанааны хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд  үүссэн. Тухайн хэрэг учралын үед хамт байсан гэрч Орхонтуул, Лхагвасүрэн, Ханбаатар нар нь маргалдаж үсдэлцсэн байсныг салгасан л гэдэг, тархи толгой руу нь цохисон зодсон зүйлгүй гэдэг. Шүүх хуралдааны үед Орхонтуул, Лхагвасүрэн нар нь цохиж зодсоныг хараагүй гэдэг. Харин Б хүү 13 настай Ганбаатар ээжийн толгой руу 2 удаа цохисон гэж мэдүүлдэг ч эргэлзээтэй, үндэслэлгүй. Прокурор 13 настай хүүгийнх нь мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж ял сонсгосон нь үндэслэлгүй. Хохирогч Бд учирсан олон тооны гэмтэл, шарх яг хажууд нь байсан хүү Ганбаатарын мэдүүлснээр 2 удаа толгой руу нь цохиход үүсэх боломжтой эсэхэд эргэлзээтэй. Тухайн гэмтлүүд нь өөр өөр цаг хугацаанд үүссэн байж болзошгүй, үүссэн гэмтлүүд тус бүр хөнгөн, хүнд, хүндэвтэр зэргийн гэмтлийн аль нь болох, ямар хүчин зүйлсийн үйлчлэлээр үүссэн байх зэргийг тогтоогоогүй. Мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгагдах, хянах ёстой асуудалд хэрэгт нотолбол зохих асуудлыг эргэлзээ, зөрүү, зөрчилгүй, бүрэн бодитой тогтоохоор заасан. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх, дахин шинжээч томилуулах шаардлагатай байна. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Аийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан тушаалаар Шинжлүүлэгчийн биед илэрсэн хэд хэдэн гэмтлийг өөр өөр цаг хугацаанд үүссэн гэж үзвэл гэмтэл тус бүрд нь үүссэн хугацаа, үүсгэсэн хүчин зүйл болон эрүүл мэндийн хохирлыг тогтооно гэж заасан байгаа. Хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлүүдийн аль хүнд болон аль нь хүндэвтэр зэрэгтэй гэдгийг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байнахэмээн заасан байдаг боловч энэ байх ёстой шаардлагыг хангаагүй хэмээн үзэж байна. Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар шүүх оногдуулсан ялаас 2 жилийг хасах ёстой байтал өршөөлд хамруулаагүй юм. Хамт байсан хоёр гэрч хараагүй гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад  хэлсэн. Харин хохирогчийн хүүхэд болох 13 настай Ганбаатар Ээжийг 2 удаа цохисон гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл 2 удаа цохиход ийм гэмтэл үүсэх эсэх нь эргэлзээтэй байна. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй байна. ...” гэв.

Шүүгдэгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчийг цохиж, зодоогүй. Бид хоёр үсдэлцэж байгаад салсан юм. Хажууд хохирогчийн хүү Ганбаатар болон тэр хоёр хүн байсан. Тэгээд би хаалгаар гараад явах гэтэл Охиноо уначихлаагэхээр нь эргээд очтол Энэ чулуун дээр ээж уначихлаагээд хүүхэд нь зогсож байсан. Гэтэл одоо хүүхэд нь намайг ээжийг нь тэр чулуун дээр түлхэж унагаасан гэж худал мэдүүлэг өгөөд байгаа. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтаар н.Орхонтуул болон н.Лхагвасүрэн нар О.А, Д.Б нарыг үсдэлцэж байхад нь салгасан боловч эргээд үсдэлцээд байхаар нь тоогоогүй орхисон гэж мэдүүлдэг н.Отгонтуулын хувьд тухайн үед үнээ саагаад сууж байсан бөгөөд н.Лхагвасүрэн нь тоож, анзаарч хараагүй гэдгээ хэлсэн байдаг. Тухайн үед харанхуй байсан. Хохирогч Д.Бгийн 13 настай хүү н.Ганбаатар нь Ээжийг цохиж унагаасан гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр уг гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэдэг нь тогтоогдсон бөгөөд цохигдох үед олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх гэмтэл гэж дүгнэгдсэн юм. Гэрч нар Унасан газар нь чулуу, хадтай газар байсан бөгөөд тухайн хад, чулуун дээр цус болсон байсан. Хохирогчийн толгой тус газраас цус гарсан байсангэдгийг хэлдэг. Хохирогч анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр Би өмнө нь гэмтэл авч байгаагүй. Энэ бол хуучин гэмтэл биш. Тухайн үед ухаан алдаад унасан. Нөхөртөө өмнө нь зодуулж байгаагүйгэж ярьдаг. Нөхөртөө зодуулдаг байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс амаар л хэлж байгаа болохоос хэрэгт холбогдох нотлох баримт байхгүй. Хохирогч яаралтай хагалгаанд орж 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд О.Аийн зүгээс бүх эмчилгээний төлбөрийг төлж, сахиж байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэм буруутай нь тогтоогдсоны дараа 1.020.000 төгрөгийг О.Аээс гаргуулан хохирогчид  олгуулахаар шүүх шийдэх үед шүүгдэгч О.А нь тухайн мөнгийг бэлнээр төлсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч О.Аийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бтэй “Би танай үхрийг саахгүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар үснээс нь зулгааж газарт чулуун дээр унаган зодож эрүүл мэндэд зүүн зулай, чамархай яс, суурь яс, эрүүний ясны үе дайрсан хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн няцрал, толгойн хуйхны шарх, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зулай, духны хоёр хажуу, зүүн чамархай, шанааны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч О.Аийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 13.650.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсноос 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ,  үйлдсэн хэргээ гэмшсэн эсэх, хохирогчид учруулсан хохирол, хор уршиг арилсан эсэх, үр дагаврын талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн мэтээр дүгнэж  О.Ат торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн  байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, О.Ат холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцаах талаар гаргасан гомдлыг хэлэлцээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Ат холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ