Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/02080

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 09 182/ШШ2024/02080

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч И.Амартөгс, Т.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ....йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамж, .....

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж, ..... нарт холбогдох/

 

Гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ба

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.До

Хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа

Хариуцагч П.Брын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргал

Хариуцагч П.Брын өмгөөлөгч Б.Бадамханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.

(Иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч П.Бр, Б.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор П.Брыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар шийтгэх тогтоолд Л.Батаагийн гаргасан гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 940 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

Уг гэмт хэргийн улмаас миний эхнэр Ч.Алгирмаа гэрийнхээ үүдэнд автобусанд дайруулж, хэргийн газар дээр нас барсан. Би түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон.

Би одоогоор ажил хийдэггүй, 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр өрхийн санхүүг ганцаараа авч явдаг байсан. 3 жилийн хугацаанд амьдрал хэцүү болсон, өдрийн бор хоолтой, айлын хашаанд хөөгдөн амьдарч байна. Эхнэр нас барснаас хойш миний биеийн байдал их дордсон, чих муудсан, ухаан санаа орж гарна, заримдаа хүний ярьж байгааг сайн ойлгохгүй болсон.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.

Иймд талийгаач Ч.Алгирмаагийн нөхөр Б.Ба нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасны дагуу 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар Б.Ба нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хор арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Талийгаач Ч.Алгирмаа нь 1971 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд зам тээврийн осолд орох үедээ 50 нас 6 сартай байсан.

Үндэсний статистикийн газрын вэбсайтаас авсан хүн амын дундаж наслалтын мэдээллийг татаж үзэхэд эрэгтэй дундаж наслалт 67.3, эмэгтэй дундаж наслалт 76.7 нийт дундаж наслалт 71.3 байна.

Нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүү 20 нас 7 сар байна.

Б.Ба нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах, нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн хүрээнд

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82,500,000 /150*550,000 төгрөг/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэх эсвэл

-нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 56,925,000 /5*21,550,000 төгрөг/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид ашигтайгаар шүүх тогтооно гэж заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан 99,000,000 төгрөг болгон шаардаж байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар талийгаачийн амь насыг хохироосон П.Бр болон П.Брын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.О нарыг хамтран хариуцагчаар татсан бөгөөд тэдгээр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч П.Бр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оршуулгын зардлыг өгсөн. Энэ талаарх баримт нь байгаа. Одоогийн байдлаар П.Брын хувьд хорих ангид ялаа эдэлж байгаа. Бидний зүгээс ямар нэгэн мөнгөн дүн хэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд хань ижлээ алдсан харамсалтай үйл явдал болсонд харамсаж байна. Гэхдээ хариуцагч П.Брын хувьд тухайн хэргийг санаатайгаар үйлдсэн зүйл байхгүй, болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэг. Тухайн хэрэг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдэж, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхийн тогтоол гарсан байдаг. Нэхэмжлэгч талаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа, Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн байгаа. Тиймээс тухайн хэрэг нь сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж эхэлсэн хуулийн үйлчлэлд хамааралгүй.

Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр цаг хугацааны хувьд тухайн хууль мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн хэрэг тул сэтгэл санааны хохирол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хуулийг буцаан хэрэглэх асуудал яригдсан тохиолдолд өнгөрсөн хугацаанд нас барсан бүх хүмүүс сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх үр дагавартай. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч Б.Оын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль, тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байдаг. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлт орсноор сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх боломжтой болсон. Үйл явдал нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр болсон байдаг. Тиймээс Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэх зарчмын хүрээнд нэхэмжлэгч талаас шаардах эрх үүсэхгүй байна гэж харж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох хэдий ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод, нэхэмжлэлээ гаргасан байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаа гэм хор нь ямар хэмжээнд хохирсон, аль зэрэгт байгааг тодруулаагүй байна. Нэгэнт энэ үйл явдал нь хуулийн өөрчлөлтөөс өмнө үйлдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/

4.2 Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-6/

4.3 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээ /хх-7-8/

4.4 Мөрдөгчийн тогтоол /хх-9/

4.5 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоол /хх-10-13/

4.6 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ДШМ/940 дугаар магадлал /хх-14-18/ зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч П.Бр, Б.О нарт холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Баын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.

П.Брыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилсэн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хор арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

П.Бр болон П.Брын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.О нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид ашигтайгаар шүүх тогтоох тул 2024 оны тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 99,000,000 төгрөгөөр тооцсон гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч П.Бр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...П.Бр нь одоо хорих ял эдэлж байгаа учраас ажил хийж мөнгө өгөх бодит боломжгүй байна. Хариуцагч П.Брын хувьд хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн. Тухайн хэрэг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах хуулийн үйлчлэлээс өмнө үйлдэгдсэн учир хохирлыг төлөх үндэслэлгүй гэж татгалзжээ.

 

4. Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Үйл явдал нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах хуулийн үйлчлэлээс өмнө үйлдэгдсэн байна. Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэх зарчмын хүрээнд нэхэмжлэгч талд шаардах эрх үүсэхгүй. Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэц ямар хэмжээнд хохирсон, аль зэрэгт байгааг тодруулаагүй байна гэж татгалзан маргажээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

П.Бр нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамжны замд Hyundai County маркийн 90-80 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Ч.Алгирмаагийн амь насыг хохироож, явган зорчигч Х.Гантулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байна.

Улмаар П.Браас шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гаргасан гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянаж 2023/ДШМ/940 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Брыг хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд дээрх давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор тогтоогдсон гэж үзнэ.

Шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

6. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно, 511.3 дахь хэсэгт Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч Ч.Алгирмаагийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ар гэрийн хүсэлтээр нөхөр Б.Баыг тогтоон шийдвэрлэснээс үзвэл нэхэмжлэгч Б.Ба нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрхтэй этгээд юм.

Хариуцагч нараас Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгайлан заасан ба уг зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй тул Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж татгалзан маргажээ.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан хэдий ч Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байх тул тухайн хугацаанаас дээрх зохицуулалтыг дагаж мөрдөхөөр байна.

Шүүхээс нэхэмжлэгч Б.Баын сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой маргааныг шийдвэрлэх нь дээрх зохицуулалтыг зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл, сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой дээрх зохицуулалтыг дагаж мөрдөх хугацаа болох 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч П.Брын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ДШМ/940 дугаар магадлалаар шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7. Сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээхээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зохицуулсан.

Зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалтаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад гэм хор учирсан байх, уг үйлдэл /эс үйлдэхүй/, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..., Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах асуудлыг гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шийдвэрлэх боломжгүй. Хуулийн дагуу шүүхээр тогтоогдсон буюу шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хариуцагч П.Брыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тул тэрээр өөрийн үйлдлийн улмаас үүсэх хор уршгийг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Ба нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг хариуцагч П.Браас шаардах эрхтэй.

8. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг шаардахдаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон журмыг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг шаардсан байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоохоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зохицуулжээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг буюу 1 цагт 3273 төгрөг 81 мөнгө болгон тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр шийдвэрлэсэн байна.

Иймд сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг хариуцагч П.Брыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцон 82,500,000 төгрөг /550,000төгрөг *150/-ийг хариуцагч П.Браас гаргуулж нэхэмжлэгч Б.Бат олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч Б.Ооос сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг шаардах үндэслэлээ П.Брын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагч цаашид учирч байгаа хор уршгийг хариуцах ёстой гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд хөрөнгө эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд үүссэн гэм хорын нөхөн төлбөрийг гэм хорын хохирол шаардаж буй этгээд нь тээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигчийн алинд ч холбогдуулан гаргах эрхтэй.

Гэвч энэ зүйлд эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх талаар тусгайлан заагаагүй учир энэ талаарх хохирлыг шаардах боломжгүй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээхээр заасан тул нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч Б.Ооос сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг шаардах эрхгүй байна.

10. Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч С.Хуягтбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн явуулсан болно.

 

11.  Нэхэмжлэгч Б.Баын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.Браас 570,450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5, 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Браас 82,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бат олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,500,000 төгрөг болон хариуцагч Б.Од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Б.Баын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч П.Браас 570,450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ

 

ШҮҮГЧИД И.АМАРТӨГС

 

Т.ЗОЛЗАЯА