Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 55

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,  

                 Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,

                 Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

                  Орчуулагч: Н.Хишгээ,

                 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Хертек Майя Даниловна,

                 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Донгак Тамара Шириевна,

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

       Шїїгдэгч: Донгак Кежик Валерьевич нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд явуулж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Донгак Кежик Валерьевич-д холбогдох 201620000152 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шїїгдэгчийн биеийн байцаалт: ОХУ-ын Тыва улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Тыва улсын Торголог районд төрсөн, эрэгтэй, 30 настай, ам бүл 2, охины хамтаар, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ОХУ-ын Тыва улсын Хандгайт тосгонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, паспортын дугаар / 727332493/, Донгак Кежик Валерьевич.

Хэргийн талаар: Донгак Кежик Валерьевич нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Түргэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр C556 CC17 RUS улсын дугаартай ВАЗ-21099 маркийн суудлын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Оросын холбооны Тыва улсын иргэн Куулар Уян Даш-Ооловнагийн биед хүнд, Даваа Мариана Даниловна, Донгак Ульзана Борисовна нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            1. Хохирогч Куулар Уян Даш-Ооловнагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 5 сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумруу хүүхэддээ хувцас хунар авахаар Донгак Кежик, Донгак Ульзана, Даваа Мариана, Монгуш Цойган нарын хамтаар ирээд 2017 оны 5 сарын 23-ны өдөр Улаангомоос 14:30 минутын үед гарсан. Бид нар миний С556СС 17 RUS улсын дугаартай Лада маркийн автомашинтай явж байсан. Миний нөхрийн паспортын хугацаа дууссан байсан тул Донгак Кежикээр автомашиныг бариулж явсан. Тэгээд Улаангомоос гараад Хандгайт руу буцаж зүв зүгээр явж байгаад гэнэт замын хашаа руу унасан. Машин унаснаас хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. Автомашиныг Донгак Кежик жолоодож явсан. Урд талын суудалд Донгак Ульзана, арын суудалд Мариана, Чойган бид гурав сууж байсан. Бид нар ямар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Донгак Кежик автомашиныг жолоодож явахдаа хэдэн киллометр цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Кежик бол өөрөө автомашинтай учраас машиныг сайн жолооддог юм. Би арын суудалд сууж явсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. Одоо миний  биеийн хаана юу өвдөж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ гар өвдөөд байна. Манай автомашин бол сайн машин байсан. Ямар нэг эвдрэл гэмтэлгүй сайн машин байсан. Цагдаад гаргах ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/,

           2. Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Хертек Майя Даниловнагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед Чойган утсаар ярьж бид нар Улаангомоос ирж яваад замдаа осолд орлоо. Хил хаахаас өмнө яаралтай хүмүүс ирэх шаардлагатай байна. Марианаг эмнэлэг рүү аваад явсан. Хурдан очих шаардлагатай гэдгийг хэлсэн. Өөр үг хэлээгүй. Энэ үгийг сонсоод би орой 18 цагийн үед хилээр гарч ирсэн. Улаангомд ирээд дүү Марианаг нас барсан гэдгийг мэдсэн. Миний дүү Мариана нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаангом руу явж хүүхэддээ болон өөртөө хувцас авахаар явсан. Би Марианаг ямар автомашинтай ямар хүмүүстэй Улаангомруу явсан гэдгийг мэдээгүй байсан. Би жолооч Kежик болон Чойган нараас осол юунаас болж гарсан талаар асуугаагүй. Яагаад гэвэл бүх хүмүүс шоконд ороод хүнтэй уулзаж ярилцаж чадахгүй байна. Мариана маань ээж, хүүгийн хамтаар амьдардаг. Цэцэрлэгийн багшаар ажилладаг байсан. Миний хувьд ослоор мэдэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 60-63 тал /,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөнгө төгрөг нэхэхгүй. Дүүгээ алдсан хүн яаж зүгээр байх билээ. Машины зам муу байсан. 70, 80 киллометрийн хурдтай явж байхад яагаад машин гэнэт унасан гэдэг нь эргэлзээтэй. Дүүгээс маань ганцхан 3 настай хүүхэд нь үлдэж хоцорлоо. Маш хэцүү байна. Би дүүгийнхээ хүүхдийг эрхлүүлсэн ч гэсэн төрсөн ээж шиг байж чадахгүй байна. Ээжийгээ санаад байна гэж уйлж байна. Кежикийг ялаа эдлээд гарсан нь дээр гэж бодож байна. Өөр гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

             3. Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Донгак Тамара Шириевнагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нас барсан Донгак Ульзанагийн ээж. Би 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сугууль дээр байхад 16 цагийн үед Кежикийн ээж нь надад аваар болсон байна. Хурдан явах хэрэгтэй гэж хэлсэн. Өөр юу ч хэлээгүй. Миний хүргэн Донгак Хежик охин Ульзана хоёр 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хандгайтаас Увс аймаг руу өөрсдийн хуримын бэлэг сэлт цуглуулахаар явсан. Уг автомашиныг Донгак Ульзана жолоодож явсан байдаг. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 23-ны орой 16 цагийн үед Донгак Кежик, Донгак Ульзана хоёр хамт яваа хүмүүсийн хамтаар ирж яваад замдаа осолдсон талаар би сонсоод 2017 оны 5 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Улаангомд ирээд охин Ульзанаг нас барсан талаар мэдлээ. Би осол юунаас гарсан талаар Кежикээс асуухад: Автомашин зүгээр явж байгаад гэнэт ийм осол гарчихлаа гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Миний толгойд өөр ямар ч мэдрэл байхгүй. Надад хэцүү байна. Донгак Кежик бол миний Ульзанатай гэр болоод 5 жил тусдаа амьдарч байсан. Кежик, Ульзана хоёр 5 настай охинтой. Ульзана 6 сартай жирэмсэн байсан. Донгак Кежик бол цэцэрлэгийн харуул ажилтай. Автомашин жолоодож сайн чаддаг. Өөр мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 тал/,

         Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бүх юм ойлгомжтой байгаа, энэ хэрэг маань санаатай үйлдэгдээгүй. Кежикийн ээж нь аваар болсноос эхлээд өнөөдрийг хүртэл бүх мөнгөн тусламж, төлөх төлбөр, эмчилгээ, оршуулгын зардлыг бидэнд төлсөн. Одоо Кежикийн хүүхдэд юу хэрэгтэй бүхий л зүйлийг авч өгч байна. Бид аваар осол болсон гээд шууд Увс аймагт ирсэн. Тэгэхэд ямар ч мөнгө төгрөггүй хоосон ирсэн. Энэ бүх гарсан зардлыг Кежикийн ээж бид нарт төлж барагдуулж өгсөн. Тухайн осол гарахаас өмнө охин маань над руу залгаж хурим болох гэж байгаа учраас би найзуудтайгаа Улаангом орж бэлэг сэлт авмаар байна. Та манай охиныг цэцэрлэгээс аваарай гэж хэлсэн. Би яах гэж Улаангом явах гэж байгаа юм бэ гэж асуухад “Куулар Уян Даш-Ооловна-ийн нөхрийнх нь E паспортын хугацаа дууссан болохоор Кежикийг машин унаад өг гэж гуйгаад байна. Тэгээд машиныг нь барьж явангаа өөрсдөө бэлэг сэлт аваад ирье” гэж хэлсэн. Би Кежикийг залуу хүн учраас ял шийтгэлээ эдлээд гараад ирсэн нь дээр гэж бодож байна. Тэгэхгүй бол дараа муу байдаг. Би бусад хохирогч нарыг тэг ингэ гэж хэлж чадахгүй. Миний хувийн бодол Кежикт аль болох хөнгөн ял шийтгэл өгөхийг хүсэж байна. Учир нь энэ хэргийн улмаас Кежик нь эхнэрээ алдсан. Одоо 6 настай охинтойгоо үлдсэн. Охиноо энэ хүн л харж хандаж явна шүү дээ. Мөн Кежик ээжийн бие маш муу хүнд байгаа юм” гэх мэдүүлэг,

          4. Гэрч Монгуш Чойган Сереновна мөрдөн байцаалтад өгсөн: “Би Тува улсын Өвөр хошууны Торхилог тосгонд хоёр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би анх удаа энд ирж байна. Монгол улсыг үзье гэж бодоод ирсэн. Өөр ямар нэг чухал ажлаар ирээгүй. Би 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр C556CC 17 RUS улсын дугаартай Лада маркийн автомашинтай жолооч Донгак Кежик, түүний эхнэр Донгак Ульзана болон Даваа Мариана, Куулар Уян бид тав ирсэн юм. Бид нар Улаангомд ирээд буудалд буугаад 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажлаа амжуулаад 14 цаг өнгөрч байхад Улаангомоос Хандгайт руу явахаар гарсан. Автомашиныг Донгак Кежик жолоодож түүний хажууд эхнэр нь сууж, жолоочийн ар талын суудалд би, баруун талын хаалганы суудалд Уянаа сууж явсан. Бид хоёрын дунд Мариана сууж явсан. Тэгээд автомашин чигээрээ явж байснаа гэнэт унасан. Юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Автомашинд ямар нэг дуу чимээ ерөөсөө гараагүй. Миний хувьд осол юунаас болсон талаар мэдэх зүйл байхгүй. Би Донгак Кежик, Донгак Ульзана, Куулар Уян нарыг танихгүй. Зөвхөн Марианаг танина. Мариана бид хоёр Увс явъя гэж ярилцаж байгаад ирсэн юм” гэх мэдүүлэг  /хх-ийн 72-73-р тал/,

            5. Гэрч М.Маадыровичийн Ай-Демирын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Тува улсын Хандгайт тосгоноос эхнэр Саина, нагац эгч Олча, хадам дүү Ай-Херел нарын хамт Увс аймгийн Улаангом сум руу 11 цагт орж ирээд 14 цаг өнгөрч байхад Тува улс руу буцаад явж байтал миний машины өмнө C556CC дугаартай Хандгайт тосгоны Лада маркийн автомашин манай машинаас 700-800 метр орчим зайтай явж байсан. Би тэр машины араас өөрийн P010AM дугаартай Орос Лада маркийн авто машинтайгаа 70 км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл бидний өмнө нь явж байсан автомашин нь шороо манараад тоос босоод явчихсан тэгээд араас нь яваад очиход машин нь засмал замаас унасан, засмал зам дээр нэлэнхүүдээ цус болсон байсан. Миний харснаар бидний өмнө явсан машин нь замын баруун тал руу буюу замын эсрэг урсгал тал руу маш олон удаа эргэж өнхөрөөд замаас унаад дугайн дээрээ зогссон бид нар яваад очиход машин дотор байсан хүмүүс машинаас гараад ирчихсэн. Жолооч Донгак Кежик нь эхнэрийгээ тэвэрчихсэн туслаарай гээд уйлж байсан тул бид нар тэр үедээ шоконд орсон. Миний өмнө  явж байгаад онхолдсон автомашин дотор 5 хүн явж байсан нэг эмэгтэй нас барсан байсан ба тэнд биеийн байдал муу байсан 2 хүнийг Улаангом сум руу эмнэлэгт хүргэж ирсэн. Жолоочийн эхнэр нь нас барсан байсан тул жолооч Донгак Кежикийн хамт осол болсон газарт Ай-Херел, эгч Олча нарыг үлдээгээд эхнэр Саинагийн хамт Улаангом руу хоёр хүнийг авч ирсэн. Улаангом сум руу 2 хүнийг эмнэлэгт хүргэж ирчихээд буцаад осол болсон газарт яваад очиход эмч, цагдаа байсан. Бид нар тухайн үед хэргийн газарт байсан эд зүйлсийг огт хөдөлгөөгүй зөвхөн хүмүүст л тусламж үзүүлсэн. Миний хувьд Улаангом сумаас осол болсон газарт очоод байж байтал цагдаа, эмнэлэг ирж бид нар машиндаа суугаад Улаангом сум руу буцаж орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал /,

 

            6. Гэрч М.Сиана Дыртыи-Ооловнагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Тува улсын Хандгайт тосгоноос нөхөр Ай-Демир, эгч Олча, дүү Ай-Херел нарын хамт Монгол Улсын Увс аймгийн Улаангом сумаас Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлэг авахаар 11 цагт орж ирээд 14 цаг өнгөрч байхад Тува улс руу буцаад явсан бид нар миний нөхөр Ай-Демирын P010AM дугаартай Орос Лада маркийн автомашинтай явсан бөгөөд машины урд суудал дээр Ай-Херел суугаад арын суудал дээр Олча бид хоёр суугаад унтаад явж байсан. Улаангом сумаас гараад явж байгаад Түргэн сумын ойролцоо тойрог зам дээр бид нарын өмнө явж байсан автомашин онхолдсон байсан би машины ард суугаад явж байсан болохоор хэрхэн яаж онхолдсоныг нь сайн мэдэхгүй байна. Бид нар онхолдсон машин дээр яваад очиход Лада маркийн автмашин 4 дугуйн дээрээ зогсож байсан. Тэр хавьд газар нэлэнхүүдээ цус болсон байсан. Авто машинд 5 хүн сууж явсан байсан бөгөөд нэг эмэгтэй нас барсан, нас барсан эмэгтэйн дэргэд тэнд явж байсан ганц эрэгтэй тэвэрчихсэн уйлж байсан, нэг эмэгтэй цүнхээрээ гараа ороогоод барьчихсан хөл, гар өвдөж байна гэж орилж байсан. Мөн тэнд хоёр эмэгтэй хүний биеийн байдал муу байсан тул би өөрийнхөө нөхөр Ай-Демирыг яаралтай Улаангом сумын эмнэлэгт хүргэ гэж хэлээд бид хоёр цуг Улаангом сум руу орж ирсэн. Тэр газарт цуг явсан Олча, Ай-Херел нарыг үлдээсэн. Улаангом суманд 2 эмэгтэйг оруулж ирчихээд хэргийн газарт буцаад очиход цагдаа болон эмч нар ирсэн байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 76-77 тал/,

 

            7. Гэрч Алексеевна Олча-Кысын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 11:00 цагийн орчимд би хажуудаа 3 хүнтэй хамт Оросын Холбооны Улсын Тува улсын Хандгайт сумын хилээр Монгол Улс руу орж ирсэн. Удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаа тул бид нар цэцэрлэгийн хүүхдийн бэлэг худалдаж авахаар Монголд ирсэн юм. Бид нар Маадырович Ай-Демирын P010AM 17RUS улсын дугаартай Лада маркийн автомашинд сууж ирсэн бөгөөд Ай-Демир өөрөө машинаа жолоодож явсан. Манай машинд надаас гадна Ай-Демирын эхнэр Сайна болон Ай-Херел нар сууж явсан. Бид нар Монгол Улсын хилээр орж ирээд Увс аймгийн Улаангом суманд ирсэн. Улаангом суманд ирээд хүүхдийнхээ бэлгийн авчихаад өдөр 14:00 цагийн орчимд Улаангом сумаас гараад буцаад Хандгайтын хил рүү явсан. Би машины арын суудалд суугаад, унтаж явсан учраас болсон явдлын талаар тодорхой мэдэхгүй байна. Намайг унтаж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь сэрэхэд хөдөө хээр, замын хажууд C556CC 17RUS улсын дугаартай Лада маркийн автомашин онхолдож, унасан байсан. Тэр машин замын зүүн тал руу /ертөнцийн зүгээр замын баруун талд/ унасан байсан бөгөөд бүтэн эргээд дугуйн дээрээ тогтсон байдалтай байсан. Бид нарыг очиход осол болсон газар нэлэнхүүдээ цусаар бохирлогдсон байдалтай байсан. Зам тээврийн осол гаргасан машины жолооч Донгак Кежик нь өөрийн эхнэрээ тэврээд газарт суучихсан “Хурдлаарай” Бид нарт туслаарай” гэж орилж байсан. Донгак Кежикийн эхнэр амьсгалахгүй, нас барсан байдалтай байсан. Өөр нэг эмэгтэй хүн цүнхнийхээ оосроор гараа ороогоод тэвэрчихсэн “Ёоо, ёоо миний хөл, гар өвдөөд байна” гэж орилоод зогсож байсан. Бас нэг эмэгтэй хүн замын баруун талд, газар дээр хэвтэж байсан. Гэхдээ тэр хүн ухаантай, амьсгалж байсан. Онхолдож унасан машины хажууд бас нэг танихгүй эмэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд тэр хүн амьсгалж байсан боловч ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тэгээд бид нар замын хажууд хэвтэж байсан эмэгтэй болон машины хажууд хэвтэж байсан эмэгтэй 2-ыг Ай-Демирын машинд өргөж оруулаад Улаангом сум руу явуулсан. Осол болсон газарт Ай-Херел бид 2 машинаас бууж үлдсэн. Ай-Демир, Сайна нар нь осолд орсон 2 эмэгтэйг аваад эмнэлгийн тусламж үзүүлэхээр Улаангом сум руу явсан. Ай-Херел бид 2 тэнд үлдээд замын хажууд зогсож байтал Улаангом сумаас Хандгайт сум руу чиглэсэн замаар нэг машин ирсэн. Би тэр машины марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Бид нар тэр машиныг зогсоогоод цүнхнийхээ оосроор гараа ороогоод тэвэрчихээд “Ёо, ёоо миний хөл, гар өвдөөд байна” гэж орилж байсан эмэгтэйг тэр машинд суулгаад “Чи Хандгайт руу яваад явдлыг хэлээрэй” гэж хэлээд явуулсан. Бид нар зам тээврийн осол гаргасан автомашин болон тэнд байсан эд зүйлд ойртоогүй. Тэгж байтал цагдаа, эмч нар ирсэн. Тухайн цагдаа, эмч нар хаанаас ирсэн болохыг би мэдээгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 78-79 тал/,

 

            8. Гэрч Д.О.Ай-Херелийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 11:00 цагийн орчимд бид нар Оросын Холбооны улсын Тува улсын Хандгайт тосгоны хилээр Монгол Улс руу орж ирсэн. Тухайн үед би Маадырович Ай-Демирын P010AM 17RUS улсын дугаартай Лада маркийн автомашинд сууж ирсэн. Миний суусан машиныг Ай-Демир өөрөө жолоодож явсан бөгөөд манай машинд Сайна, Олча-Кыс нар сууж явсан. Бид нар Монгол Улсад орж ирээд Увс аймгийн Улаангом суманд байж байгаад өдөр 14:00 цагийн орчимд Улаангом сумаас гараад буцаад Хандгайтын хил рүү явсан. Тэр үед бид нарын урд талд, ойролцоогоор 700-800 метр зайд C556CC 17RUS улсын дугаартай Лада маркийн автомашин бас Хандгайтын хил рүү явж байсан. Бид нар Улаангом сумаас гараад 40 минут орчим /хэдэн километр  явсан болохыг мэдэхгүй байна/ явж байтал бид нарын урд талд явж байсан машины зүгээс тоос, шороо дээшээ манарсан. Тухайн үед бид нар юу болсоныг мэдээгүй бөгөөд тэр машины араас очиход бид нарын урд талд явж байсан C556CC 17RUS улсын дугаартай Лада маркийн автомашин замын зүүн тал руу /ертөнцийн зүгээр замын баруун талд/ унасан байсан. Тэр машин замын баруун талд бүтэн эргээд дугуйн дээрээ тогтсон байдалтай байсан. Бид нарыг очиход бүх хүмүүс осол гаргасан машинаас буусан байсан. Зам тээврийн осол гаргасан машины жолооч Донгак Кежик нь өөрийн эхнэрээ тэврээд газарт суучихсан “Бид нарт туслаарай” гэж орилж байсан. Донгак Кежикийн эхнэр амьсгалахгүй, нас барсан байсан. Бас нэг эмэгтэй хүн гараа тэвэрчихсэн “Ёоо, ёоо миний бие өвдөөд байна” гэж орилоод зогсож байсан. Бас нэг эмэгтэй хүн замын баруун талд, газар дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. Гэхдээ тэр хүн амьсгалж байсан. Онхолдож унасан машины хажууд бас нэг танихгүй эмэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд тэр хүн амьсгалж байсан боловч ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тэгээд бид нар замын хажууд хэвтэж байсан эмэгтэй болон машины хажууд хэвтэж байсан эмэгтэй 2-ыг Ай-Демирын машинд өргөж оруулаад Улаангом сум руу явуулсан. Осол болсон газарт Олча-Кыс бид 2 машинаас бууж үлдсэн. Сайна нар нь осолд орсон 2 эмэгтэйг аваад эмнэлгийн тусламж үзүүлэхээр Улаангом сум рууи явсан. Олча-Кыс 2 тэнд үлдээд замын хажууд зогсож байтал Улаангом сумаас Хандгайт сум руу чиглэсэн замаар нэг машин ирсэн. Бид нар тэр машиныг зогсоогоод гараа тэвэрчихээд "Ёоо, ёоо миний бие өвдөөд байна” гэж орилж байсан эмэгтэйг тэр машинд суулгаад “Чи Хандгайт руу яваад хэл хүргээд ир” гэж хэлээд явуулсан. Бид нар зам тээврийн осол гаргасан автомашин болон тэнд байсан эд зүйлд ойртоогүй. Тэгж байтал цагдаа, эмч нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 тал/,

            9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-21 тал/,

            10. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 22 тал/,

            11. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 23 тал/,

            12. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28 тал/,

            13. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-45 тал/,

            14. Орчуулагч, хэлмэрчийг хэрэгт томилон оролцуулах тогтоол /хх-ийн 46-47 тал/,

            15. Сэжигтэн, яллагдагчийн хүүхэд Донгок Евгения Кежиковнаг түүний нагац эх Донгак Тамара Шириевнад харгалзан дэмжүүлэхээр өгсөн тогтоол /хх-ийн 49-50 тал/,

            16. Хувцас болон эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 51-54 тал/,

         17. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 295 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Ш.Чойган Сереновна-н биед гэмтэл учирсан байна. Баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шилбэнд зулгаралт, дух, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр үүссгэгдэнэ. Уг гэмтэл нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь цөм нэг доор үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 86 тал/,  

          18. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 296 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч К.Уян Даш Ооловна-н биед гэмтэл учирсан байна. Дагз ясны битүү хугарал, цээжний зүүн хөндий, цээжний арьсан доор хий хуралт, зүүн уушгины хагас уналт, зүүн мөрний үений мултрал, баруун чамархай зулайн хуйханд доор, 2 нүдний эргэн тойрон, баруун мөр, баруун бугалганд цус хуралт, баруун, зүүн, өвдөгт язарсан шарх, дух, хамар, зүүн хацар, баруун, зүүн бугалга, шуу, цээж, бүсэлхий баруун хөлийн 1, 2-р хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь цөм нэг доор үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 92 тал/,

          19. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Д.Кежик Валерьевич-н биед гэмтэл учирсан байна. Зүүн мөрний дээд хэсэгт цус хуралт, зүүн далны дээд хэсэгт улайлт, зүүн бугалга, шуу, өвдөг, цээжний зүүн талд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь цөм нэг доор үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 96 тал/,

            20. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Задлан шинжилгээ хийсэн” 23 дугаартай шинжээчийн: “Талийгаач Даваа Мариана Даниловна-н тухайн үед дараах гэмтлүүд үүссэн. Цээжний баруун талын /1-8/, зүүн талын /1-5/ хавиргануудын битүү хугарал, цээжний хөндийн дотуур цус алдалт, зүүн талын эгэмний битүү хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн дээрх цус харвалт. Баруун хацар, дух, шанайны хэсгийн шалбарсан шарх, зулгаралтууд, баруун гарын бугалга, мөр, шуу, сарвуу, баруун гуя, хэвлийн хэсэг, 2 дал, зүүн гарын бугалга, мөр, шуу, сарвуу, зүүн гуя, тавхайн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн цус хуралт няцралт зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн осол болсон цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь цөм нэг доор үүссэн гэмтлүүд байна. Талийгаач Даваа Мариана Даниловна-н биед үүссэн гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаач Даваа Мариана Даниловна-н биед үүссэн гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач Даваа Мариана Даниловна нь уушигны архаг бронхит өвчинтэй байсан байна. Энэ нь урьд нь байсан, чухам хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Талийгаач Даваа Мариана Даниловна-н үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач Даваа Мариана Даниловна-н цус болон ходоодны агууламжинд этилийн спирт тодорхойлох шинжилгээ хийхэд этилийн спирт илрээгүй болно. Талийгаач Даваа Мариана Даниловна-н үхлийн шалтгаан нь олон тооны  хавирганы хугарал, цээжний хөндийд дотуур цус алдаж, гэмтлийн гаралтай шокд орж амьсгал-зүрх судасны хурц дутлаар нас барсан байна. Талийгаач Даваа Мариана Даниловна нь гэмтэл авсан тухайн цаг хугацаанд нас барсан байна ” гэх дүгнэлт /хх-ийн 102-106 тал/,

          21. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн: “Иргэн Даваа Марина Даниловна-н цус болон ходооны шингэнд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 107 тал/,

         22. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн: “Иргэн Даваа Марина Даниловна нь цоликлон урвалжаар О(I) бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх-ийн 108 тал/,

           23. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Задлан шинжилгээ хийсэн” 22 дугаартай шинжээчийн: Талийгаач Донгак Ульзана Борисовна-н тухайн үед дараах гэмтлүүд үүссэн. Гавал /дух, баруун чамархай, дагз/ болон суурь ясны хөндлөн хугарал, хацар, нүүрний ясны цөмөрсөн хугарал. Тархины эдийн цус харвалт, дух, толгойн оройн хэсгийн хуйх, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний алимны гэмтэл, зүүн хацар нүүр, эрүүний хэсгийн зулгаралт, биеийн баруун тал нэлэнхийдээ шалбарсан, зулгарсан шарх, зөөлөн эдийн цус хуралт, няцралттай, зүүн гарын бугалга, шуу, сарвууны хэсэг нэлэнхийдээ, зүүн гуя, 2 өвдөг тавхайны хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний зүйлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юмаа. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтлүүд нь цөм нэг доор үүссэн гэмтлүүд байна. Талийгаач Донгак Ульзана Борисовна-н биед үүссэн гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаач Донгак Ульзана Борисовна-н биед үүссэн гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач Донгак Ульзана Борисовна нь уушигны архаг үрэвсэл, бөөрний архаг үрэвсэлт өвчинтэй байсан байна. Энэ нь урьд нь байсан, чухам хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Талийгаач Донгак Ульзана Борисовна-н үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач Донгак Ульзана Борисовна-н цус болон ходоодны агууламжинд этилийн спирт тодорхойлох шинжилгээ хийхэд этилийн спирт илрээгүй болно. Талийгаач Донгак Ульзана Борисовна-н үхлийн шалтгаан нь Гавал, суурь ясны хугарал, тархины хүнд гэмтлийн улмаас шууд үхэлд хүргэсэн байна. Талийгаач Донгак Ульзана Борисовна нь гэмтэл авсан тухайн цаг хугацаанд нас барсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 115-119 тал/,

             24. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн: “Донгак Ульзана Борисовна нь цоликлон урвалжаар A(II) бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх-ийн 120 тал/,

            25. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн: “Иргэн Донгак Ульзана Борисовна-н цус болон ходооны шингэнд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 121 тал/,

             26. Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Ц.Бямбажаргал, Авто тээврийн төвийн үзлэгийн инженер Б.Адъяа, ГТЧ бугат авто сургуулийн захирал, багш Т.Ганбал нарын гаргасан 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 14 тоот шинжээчийн: “Жолооч Донгак Кежик Валерьевич нь С556 СС17 RUS улсын дугаартай ВАЗ 21099 маркийн суудлын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

Жолооч Донгак Кежик Валерьевич МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн.

Жолооч Донгак Кежик Валерьевич нь С556 СС17 RUS улсын дугаартай ВАЗ 21099 маркийн суудлын автомашин жолоодож яваад онхолдсон үйлдэл нь зам тээврийн осол мөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “Зам тээврийн осол”-зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал гэж тодорхойлсон.” гэх зам тээврийн ослын талаарх дүгнэлт /хх-ийн 128 тал/,

         27. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 271 дугаартай автомашины хохирол үнэлсэн тухай тайлан /хх-ийн 135-136 тал/,

                28. Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 157 тал/,

              29. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, эвдрэлийн талаарх дүгнэлт: Кабин баруун зүүн талаасаа шахагдаж дээвэр овойж гурвалжин хэлбэртэй болсон. Кабины бүх шил хагарсан, кабин баруун, зүүн арьсны багажны хэсгээр 2 талаасаа чихэгдэж крылон хэсгээр үрчийж чихэгдэж эвдэрсэн, баруун, урд, хойд 2 хаалга чихэгдэж, үрчийж, урагдаж эвдэрсэн, шил хагарсан, баруун урд крыло үрчийж чихэгдэж эвдэрсэн, урд том гэрэл 2 ш хагарч эвдэрсэн, зүүн урд хойд хаалга дээрээсээ чихэгдэж шил хагарч, хэлбэр алдсан, баруун урд толь хагарч эвдэрсэн, дотор салон хагарч, цуурч эвдэрсэн, зүүн урд гар тахийж салон хагарч, цуурч эвдэрсэн, зүүн урд гар тахийж эвдэрсэн зэрэг эвдрэл гэмтэл гарсан байв.  /хх-ийн 161-162 тал/,

            30. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 164 тал/,

             31.Хохирогч К.У Даш-Ооловнаа-н өвчний түүх /хх-ийн 166-179-р тал/

             32. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 195-202/

       33. Шүүгдэгч Донгак Кежик Валерьевич мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын Тува улсын Хандгайт тосгоноос C556 CC17 RUS улсын дугаартай ВАЗ-21099 маркын дугаартай суудлын автомашин жолоодож эхнэр Донгак Ульзана Борисовна болон түүний найз нар болох Даваа Мариана Даниловна, Куулар Уян Даш-Ооловна, Монгуш Чойган Сереновна нарын хамтаар Монгол Улс Увс аймгийн Улаангом суманд хувийн наймаа арилжааны ажлаар орж ирээд Улаангом суманд хоноод маргааш нь буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш ажлаа дуусгаад 14 цаг 30 минутын үед жолоодож ирсэн машинаа жолоодож хажуудаа Даваа Мариана Даниловна, Донгак Ульзана Борисовна, Куулар Уян Даш-Ооловна, Монгуш Чойган Сереновна нарын хамтаар Улаангом сумаас ОХУ-ын Тува улсын Хандгайт тосгонд хүрэх засмал замаар нутаг буцсан юм. Тэгээд өмнө зүгээс хойд зүгрүү чиглэлтэй явж байтал гэнэт засмал замын хагас дугуйрсан эргэлтэнд эргэлт хийх үед машины хойд хэсэг өргөгдөж машины тэнцвэр алдагдаж зүүн талаар хөндлөн гулсаж явсаар гэнэт хажуугаараа унаж өнхөрч эхэлсэн. Тэгээд машин зогсохоор нь машин доторхыг харахад машин дотор миний хойд талд Монгуш Чойган Сереновна сууж байсан. Би түүнээс биеийнх нь байдлыг асуухад зүгээр гэсэн. Тэгээд машинаас буухад зам дээр манай эхнэр Ульзана хэвтэж байсан ба хажууд нь Уян байсан. Ульзанагийн толгой хэсэг язарч цус гарч байхаар би тэврэхэд нас барсан байсан. Тэгээд харахад Мариана ирчихсэн ёолоод байсан. Тэгтэл бид нарын хойд талаас хил рүү явж байсан жижиг машинтай нутгийн хүмүүс ирээд Мариана, Уян нарыг Улаангом сум руу аваад явах үед Чойган зам дээгүүр явж байсан машинд суугаад хил рүү явсан. Тэгээд бас нас барсан эхнэрийнхээ хамтаар байж байтал цагдаа нар ирсэн. Даваа Мариана Даниловна нь гэмтлийн улмаас Улаангом суманд байх нэгдсэн эмнэлэгт очоод нас барсан. Машин нь хамт явсан Уян гэх эмэгтэйн машин. Намайг Уян машин жолоодоод яваад өгөөч гэж гуйсны дагуу би уг машиныг жолоодож явсан. Миний жолоодож явсан машин тэнцвэр алдах үед машиныг зогсоох гээд тоормос дарсан боловч машин зогсоогүй. Би уг машиныг 80 орчим км цагийн хурдтай жолоодож явсан. Би сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Би зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн хохирлыг манай ээж бүрэн барагдуулж өгч байгаа. Би өөрөө бага насны охиныхоо хамтаар үлдсэн. Эхнэрээ алдсан надад маш хэцүү байна. Талийгаач Маринагийн охин бас үлдсэн. Би ял шийтгэлээ хүлээж гарч ирээд энэ охиныг ч гэсэн цаашид харж хандаж явах болно. Бүх хохирогч нараас дахин уучлалт гуйж байна” гэх /хх-ийн 149-156/ мэдүүлгүүд болно.  

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд ДҮГНЭВЭЛ:

              Шүүгдэгч Донгак Кежик Валерьевич нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр C556 CC17 RUS улсын дугаартай ВАЗ-21099 маркийн суудлын автомашин жолоодож яваад зам тээврийн осол гарган, Оросын холбооны Тыва улсын иргэн Куулар Уян Даш-Ооловнагийн биед хүнд хохирол учруулсан, Даваа Мариана Даниловна, Донгак Ульзана Борисовна нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч КууларУян Даш-Ооловна, Хертек Майя Даниловна, Донгак Тамара Шириевна, гэрч Монгуш Чойган Сереновна, Маадыровичийн Ай-Демир, Сиана Дыртыи-Ооловна, Алексеевна Олча-Кыс, Д.О.Ай-Херел нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 296 тоот шинжээчийн дүгнэлт, мөн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22, 23 тоот Задлан шинжилгээ хийсэн актууд, зам тээврийн ослыг тодорхойлсон шинжээчийн 14 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, эвдрэлийн талаарх дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдов.

Шүүгдэгч Донгак Кежик Валерьевич нь C556 CC17 RUS улсын дугаартай ВАЗ-21099 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн нь шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 14 тоот дүгнэлтээр /хх-ийн 128 тал/ тогтоогдож байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй,  энэ нь тухайн зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

             Уг гэмт хэргийн улмаас хохирогч Куулар Уян Даш Ооловнагийн эрүүл мэндэд /дагз ясны битүү хугарал, цээжний зүүн хөндий, цээжний арьсан доор хий хуралт, зүүн уушгины хагас уналт, зүүн мөрний үений мултрал, баруун чамархай зулайн хуйханд доор, 2 нүдний эргэн тойрон, баруун мөр, баруун бугалганд цус хуралт, баруун, зүүн, өвдөгт язарсан шарх, дух, хамар, зүүн хацар, баруун, зүүн бугалга, шуу, цээж, бүсэлхий баруун хөлийн 1, 2-р хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал/ хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 296  дугаар дүгнэлтээр /хх-ийн 92 тал/,

Хохирогч Донгак Ульзана Борисовнагийн биед гавал дух, баруун чамархай, дагз болон суурь ясны хөндлөн хугарал, хацар, нүүрний ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн цус харвалт, дух, толгойн оройн хэсгийн хуйх, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний алимны гэмтэл, зүүн хацар нүүр, эрүүний хэсгийн зулгаралт, биеийн баруун тал нэлэнхийдээ шалбарсан, зулгарсан шарх, зөөлөн эдийн цус хуралт, няцралттай, зүүн гарын бугалга, шуу, сарвууны хэсэг нэлэнхийдээ, зүүн гуя, 2 өвдөг тавхайны хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн цус хуралт гэмтэл үүсч, уг гэмтлийн улмаас нас барсан болохыг шинжээчийн задлан шинжилгээ хийсэн 22 дугаар дүгнэлтээр /хх-ийн 115-119 тал/, 

Хохирогч Даваа Мариана Даниловнагийн биед цээжний баруун талын 1-8, зүүн талын 1-5 дугаар хавиргануудын битүү хугарал, цээжний хөндийн дотуур цус алдалт, зүүн талын эгэмний битүү хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн дээрх цус харвалт, баруун хацар, дух, шанайны хэсгийн шалбарсан шарх, зулгаралтууд, баруун гарын бугалга, мөр, шуу, сарвуу, баруун гуя, хэвлийн хэсэг, 2 дал, зүүн гарын бугалга, мөр, шуу, сарвуу, зүүн гуя, тавхайн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн цус хуралт няцралт гэмтэл үүсч, улмаар амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болохыг шинжээчийн задлан шинжилгээ хийсэн 23 дугаар дүгнэлт /хх-ийн 102-106 тал/-ээр тус тус тогтоожээ.

      Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Донгак Кежик Валерьевичийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасны дагуу ял шийтгэх үндэслэлтэй байна.

            Хэргийн баримтаар шүүгдэгч Донгак Кежик Валерьевичийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 2 хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бий болгож байгаа боловч Эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмын дагуу түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, тухайн зүйлийн ангийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.  

        Хохирогч нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “Уг явдал санамсар болгоомжгүй байдлаас болсон тул бидэнд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Донгак Кежик Валерьевичиас гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

          Шүүгдэгч Донгак Кежик Валерьевичид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогч нар хохирол гомдол, тэмцэлгүй гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон уг гэмт хэргийн улмаас өөрийн 6 сартай жирэмсэн эхнэрээ алдаж, 6 настай охин Донгак Евгения Кежиковнагийн хамт амьдарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлөх боломжтой гэж дүгнэв.

             Шүүгдэгч Донгак Кежик Валерьевич нь энэ хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Донгак Кежик Валерьевичид өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, барьцааны мөнгө болох 1.000.000 төгрөгийг зохих журмын дагуу шүүгдэгчид буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Донгак Кежик Валерьевичийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтлоо.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, улсын яллагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч Куулар Уян Даш-Ооловнагийн эзэмшлийн 17 ХО 009215 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд нь буцаан олгох, шүүгдэгчийн иргэний баримт бичиг буюу паспорт, жолооны үнэмлэхийг Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Донгак Кежик Валерьевичийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Донгак Кежик Валерьевичид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Донгак Кежик Валерьевичид оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Донгак Кежик Валерьевичийн энэ хэрэгт цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

           5. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Донгак Кежик Валерьевичид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасан хохирогч Куулар Уян Даш-Ооловнагийн эзэмшлийн 17 ХО 009215 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгчийн иргэний баримт бичиг буюу паспорт, жолооны үнэмлэхийг Увс аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Донгак Кежик Валерьевичид өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцааны мөнгө 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгчид буцаан олгосугай. 

         9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Донгак Кежик Валерьевичийн 6 настай охин Донгак Евгения Кежиковнаг түүний нагац эх Донгак Тамара Шириевнад харгалзан дэмжүүлэх тухай мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

        10 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Донгак Кежик Валерьевичид өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БОЛОРТУЯА