Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

                                                                                                          

Б.Э*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Б.Э*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Хохирогч Г.Э*******

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.Э*******д холбогдох 2215000120017 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    З******* овогт Б Э*******, Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гео физикч мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Б дүүргийн ** дүгээр хороо ** дугаар байрны **тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

   Б.Э******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын * дугаар баг * хэсгийн **-*** тоотод хүүхдээ авна гэх асуудлаас болж Г.Э*******тэй маргалдаж улмаар түүнийг түлхэх, цохих зэргээр биед нь халдаж  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймгийн Прокурорын газраас: Б.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч З******* овогт Б Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******аас 4.614.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 402.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б.Э*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.Э******* нар давж заалдах гомдолдоо:  

            Анхан шатны шүүх шийдвэртээ ... нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт "Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж" ... заасны дагуу хохирогч Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж... шийдвэрлэв гээд “Синдерлла клиник” ХХК-д буюу арьс гоо заслын эмнэлэгт хөмсөгний сорви арилгуулах эмчилгээний зардалд 4.470.000 төгрөгийг тус тус зайлшгүй гарсан зардалд тооцож ... Э*******т олгох нь зүйтэй гэж шийдсэн.

Гэм хохирлыг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлыг зайлшгүй гэдгийг тогтоолгүйгээр шийдвэртээ зайлшгүй гарсан зардалд тооцон бүрэн гарган шийдвэрлэснийг шүүгдэгч эс зөвшөөрч байгаа юм. Шүүгдэгчийн хувьд дээрхи зардлыг урьдчилж бус сорвийг арилгуулсны дараа гарсан бодит зардлыг төлөхөө илэрхийлсэн.

Дээрхи зардлыг Иргэний хуулийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн хуулийн заалтыг барьсан мөртлөө зайлшгүй гарсан зардалд тооцон шийдвэрт бичсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Синдерлла клиник ХХК-д буюу арьс гоо заслын эмнэлгийн эмч Сарантуяа хөмсөгний сорви арилгуулах эмчилгээний төлбөрийг 4.470.000 төгрөг гэж тооцохдоо РRР тарилга 6 x 120 000 төгрөг, сорвины тос 2 x 45 000 төгрөг, шингэн лифтинг 4 х 520 000, лазер эмчилгээ 6 x 150 000, нөхөн сэргээх эмчилгээ, тарилга болон лазер эмчилгээний дараа заавал хийлгэх шаардлагатай гээд 16 х 60.000 төгрөг гэж тус тус үнэлж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй дүгнэлт гэж үзэж байна. Яагаад гэвэл 3-4 см орчим 1 см өргөн талбай бүхий энэ сорви / одоо ямар байгааг харуулсан зураггүй/-г арилгахад тарих, тос түрхэх, лазераар эмчлэх, нөхөн сэргээх зэрэг бүх эмчилгээг хийх шаардлагатай эсэхийг шалгуулан тогтоолгох боломжгүйгээр буюу 3 дугаар сарын 10-ны өдөр үзүүлсэн баримтаа шүүх хуралдаан дээр гаргаж өгснийг шүүх шалган тоолгүйгээр үнэлэн шийдвэрлэсэн нь хуульд заасан урьдчилан гаргуулах зайлшгүй зардал гэж үзэхэд учир дутагдалтай болно. Гэм хорын хохирлын талаар улсын яллагчийн байр суурь ч өөр байсныг анхааран үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сорви арилгах эмчилгээг хийгдсэний дараа нөхөн гаргуулах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх 4.470.000 төгрөгийг урьдчилан гаргуулах зайлшгүй зардал гэж үзсэн нь үндэслэлгүй... гэв.

Шүүгдэгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхээс гаргасан бодит зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Миний түлхэлтийн улмаас сорви үүссэнд гэмшиж байна. Бодит эмчилгээ хийлгэсний дараа эмчилгээний төлбөрийг төлөх боломжтой байна гэв.

            Хохирогч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Б.Э******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган сумын * дугаар баг * хэсгийн **-*** тоотод хүүхдээ авна гэх асуудлаас болж хохирогч Г.Э*******тэй маргалдаж улмаар түүнийг цохих, түлхэх зэрэг идэвхтэй үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Э*******ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Э*******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.Х, Г.В, Д.Б нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

             Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э*******ын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянан үзэж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

             Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч, хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.Э******* нар нь “... сорви арилгах эмчилгээг хийгдсэний дараа нөхөн гаргуулах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

             Хохирогч Г.Э*******ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй юм.

             Хуульд заасан энэхүү эрхийнхээ хүрээнд хохирогч Г.Э******* нь хөмсөгний сорви арилгуулах эмчилгээний төлбөр болох 4.470.000 төгрөгийг  шүүгдэгч Б.Э*******аас нэхэмжилж холбогдох баримтыг анхан шатны шүүхэд ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн  эмчилгээний зайлшгүй зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах  үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Энхзулд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.Э******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.Э******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

                                       ШҮҮГЧ                                        С.УРАНЧИМЭГ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН