| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/01512/И |
| Дугаар | 182/ШШ2024/01246 |
| Огноо | 2024-03-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/01246
2024 03 19 182/ШШ2024/01246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МС нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЦХХХЯ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,002,500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, Г.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х,
Хариуцагчийн төлөөлөгч Л.Н, Б.С, Б.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь ХХМТГтай 2019 онд ХХМТГ/201911001 тоот "Сансарын *******ны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх төслийн гэрээ байгуулан, гэрээнд заасан нөхцлийн дагуу Монгол орон даяар сансрын хиймэл дагуулаар телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээг нэг жилийн төлбөр нь 397,499,999.50 төгрөгөөр, 2029 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд үзүүлэхээр тохиролцсон. Үйлчилгээг дуусгахаар төлөвлөсөн хугацаанд гэрээний хэрэгжилтийг жил бүрээр дүгнэж, холбогдох хяналтын журамд үндэслэн улирал тус бүрээр төлбөрийг тооцож олгох бөгөөд тухайн жилд батлагдсан Улсын төсөв, гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг жил тус бүрээр сунгана гэж заасан. Бид 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээг дүгнэж, "Гэрээ дүгнэсэн акт-ын 3-т "Гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний нэн чухал хэрэгцээг үндэслэн гэрээний төлбөрийг нэмэгдүүлэх саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх-ээр тогтсон байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2022 онд 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор ЦХХХЯыг байгуулж, ХХМТ газрын хэрэгжүүлж байсан чиг үүрэг, орон тоо, бүтэц тус яаманд шилжүүлсэнтэй *******тойгоор, 2019 оны ХХМТГ/201911001 тоот гэрээг шинэчлэн байгуулах, гэрээнд зохих өөрчлөлт оруулах саналыг нэхэмжлэгч тал нь 2022.01.20-ны өдөр 15/22 тоот албан бичгээр хариуцагч ЦХХХЯанд хүргүүлсэн. Бид 2022.02.09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний үндсэн хэсгийн Ь-д заасан гэрээний жилийн төсвийг 1,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэвч хариуцагч ЦХХХЯ нь гэрээний үүргээ зөрчиж, Гэрээний үндсэн хэсгийн Ь-д заасан 1,500,000,000 төгрөгийг олгоогүй бөгөөд хуучин үнэ болох 397,499,999.50 төгрөгөөр төлж, 2022 оны төлбөрөөс 1,102,500,000 төгрөгийг дутуу олгосон байна. Мөн гэрээний нэмэлт өөрчлөлтийн Ь-д санхүүжилтийг тухайн жилд 2 хуваан олгох бөгөөд 3, 7 саруудын эхний 10 хоногт багтаан тооцон олгоно гэж заасан байх тул 2023 оны төлбөрийн 50 хувь болох 750,000,000 төгрөгийг тус тус хариуцагч нь төлөх үүрэгтэй байна.
Уг хугацаанаас хойш хариуцагч нь төлбөр төлөлт хийгээгүй тул гэрээний тусгай нөхцөлийн 3.8.1‑д алдангийн хэмжээ нь тухайн жилийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох бөгөөд өдөрт 0,05 хувь байна, нийт гэрээнд алданги оногдуулах дээд хэмжээ нь гэрээний үнийн 10 хувьтай тэнцүү байна гэж заасны дагуу 150,000,000 саяын алданги төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны гэрээний төлбөрийг удаа дараа шаардаж байсан ч төлөөгүй, хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж манай байгууллагыг илтэд хохироосоор байна. Үүний улмаас, МН ХХК нь Сансарын *******ны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж, гадаад улсын Телесат компаниас авдаг сансрын *******ны зурвас ашигласны төлбөрөө төлөх боломжгүйд хүрч, байгууллага санхүүгийн ихээхэн алдагдалд орохоор байна. Иймд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу 2022 оны төлбөрийн үлдэгдэл 1,102,500,000 төгрөг, алданги 150,000,000 төгрөг, 2023 оны төлбөрийн 50 хувь болох 750,000,000 төгрөг, нийт 2,002,500,000 төгрөгийг хариуцагч ЦХХХЯ гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1.ХХМТГ/201911001 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,102,500,000.5 төгрөг, алданги 150,000,000 төгрөг гаргуулах тухайд:
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 86 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтцэд ЦХХХЯ нэмэгдэж, Засгийн газрын тохируулагч агентлаг ХХМТГ татан буугдсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор татан буугдсан ХХМТ газрын байр, эд хөрөнгө, архив, албан хэргийн материал, албан хаагчдыг орон тооны хамт ЦХХХЯанд шилжүүлсэн. ХХМТ газраас 2019 онд хэрэгжүүлсэн Сансрын *******ны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 дугаартай тендерт МН ХХК гүйцэтгэгчээр шалгарч, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 397,499,999 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус гэрээнд нэмэлт оруулсан байдаг. Тус яамны зүгээс ХХМТГ/201911001 дугаартай үндсэн гэрээнд 2022 оны 02 сарын 09-ны өдөр оруулсан нэмэлт гэрээний 2.а, 2,Ь-д заасан зохицуулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан ХХМТГ/201911001 дугаартай үндсэн гэрээний тусгай нөхцөлийн 6.6-д заасан зохицуулалттай зөрчилдөж байна гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын дагуу энэхүү нэмэлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаагаа МН ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/22 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн нь МН ХХК-ийн Гэрээний сунгалт хийх тухай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05/23 дугаартай албан бичигт ....2023 оны гэрээний сунгалтыг хийхдээ холбогдох хуулийн болон гэрээний заалтад үндэслэн дараах нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах. Үүнд: 1.Гэрээний үнийг 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр нэмэгдүүлэх:..., 2.Хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 6.6 Үнийн тохируулга хийгдэхгүй заалтыг хүчингүй болгох:... гэснээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл гэрээний үнийг нэмэгдүүлсэнтэй *******той нэмэлт гэрээ нь үндсэн гэрээ болон холбогдох хуулийг зөрчсөн учраас хууль бус байх тул гэрээний үнийг 1,500,000,000 төгрөгөөр тооцож гэрээний гүйцэтгэлийн төлбөр болон алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.
2.2.ХХМТГ/201911001 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 2023 оны төлбөрийн 50 хувь болох 750,000,000 төгрөг гаргуулах тухайд:
Тус яамны зүгээс ХХМТГ/201911001 дугаартай гэрээг 2023 онд сунгах нь зүйтэй гэж үзсэн ч МН ХХК-аас ирүүлсэн гэрээ сунгах хүсэлтэд дурдсан дүнгээр буюу тус яамны 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэх боломжгүй талаар 2023 оны 03 дугаар сарын 17-нь өдрийн 01/554 дугаартай албан бичгээр мэдэгдсэн, ХХМТГ/201911001 дугаартай үндсэн гэрээнд 2022 оны 02 сарын 09-ний өдөр оруулсан нэмэлт гэрээний холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус гэдгийг нэхэмжлэгч өөрөө үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн атлаа 2023 оны төлбөрийг ХХМТГ/201911001 дугаартай үндсэн гэрээнд зааснаас нэмэгдүүлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн ЦХХХ сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан Телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээний хяналтын журам-ын 2.4-д гэрээгээр хүлээсэн үйлчилгээнд техникийн хяналтыг хийх, гэрээний хэрэгжилтийг шалгах чиг үүрэгтэй комисс улирал тутам шалгалтыг хийхээр, 3.1.2-т үйлчилгээ үзүүлэгч болох МН ХХК нь телевизийн сувгийг дамжуулахад гарсан тасалдал, саатлын тайланг журмын хоёрдугаар хавсралтаар баталсан маягтын дагуу баталгаажуулж, сар бүрийн 10-ны дотор тус яаманд ирүүлэхээр, 4.1-т хяналтын комисс нь техникийн хэмжилт, шалгалт, тасалдал, саатлын тайланд үндэслэн гэрээний хэрэгжилтийг дүгнэхээр, 5.1-т хяналтын комиссын тайлан, дүгнэлтийг үндэслэн тухайн улиралд үйлчилгээ эрхлэгчид олгох үйлчилгээний төлбөрийг тооцож шилжүүлэх талаар тус тус заасан. Гэтэл МН ХХК-аас 2023 он гарсаар 5 удаагийн тасалдал, саатлын тайлан ирүүлсэн байх үүрэгтэй боловч тайлангаа ирүүлээгүй, хяналт шалгалтын комисс ажиллах боломжоор хангаагүй байна. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022, 2023 оны төлбөрүүдийг гэрээний анхны үнэ болох 397,499,999 төгрөгөөр тооцож бүрэн төлж дуусгасан, нэхэмжлэгчид ямар нэгэн өр төлбөргүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,
Нэгдүгээр хавтаст хэрэгт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2019 оны гэрээ, гэрээний хавсралтууд, МН ХХК‑ийн 2022 оны 9, 11, 12 сарын албан бичгүүд, 2021 оны гэрээ дүгнэсэн акт, 2022 оны гэрээний нэмэлт өөрчлөлт, 2018 оны Телесатын хиймэл дагуулын зурвасын үйлчилгээний гэрээ, гэрээний нэмэлт, 2022 оны 5, 11 сарын төлбөрийн нэхэмжлэхүүд, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ‑ын 2023 оны 01/127 тоот албан бичиг, хавсралт, 2021 оны гэрээний сунгалт, харилцагчийн дэлгэрэнгүй тооцоо, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.23‑ны өдрийн 4420 дугаар захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, 2023.09.08‑ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд, ХХМТ газрын 2021 оны 01/859 тоот дэмжлэг хүсэх тухай албан бичиг, МН ХХК‑ийн 2022 оны 04, 06, 09‑ний өдрүүдийн дэмжлэг хүсэх, хүсэлт хүргүүлэх, санхүүжилт нэмэгдүүлэх тухай, зардлын тайлбар хүргүүлэх тухай албан бичгүүд, 2022 оны 4 дүгээр улиралд хийсэн хяналт, шалгалтын ажлын тайлан,
Хоёрдугаар хавтаст хэрэгт: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.25‑ны өдрийн 715 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.23‑ны өдрийн 700 дугаар магадлал, ЦХХХЯны Төсөвт баримтлах чиглэл, төсвийн төсөөлөл зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар,
Нэгдүгээр хавтаст хэрэгт: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 14 дүгээр тогтоол, Сайдын 2022 оны А/10 тоот тушаал, хавсралт Телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээний хяналтын журам, Монгол улсын Сангийн яам, Монгол улсын ЦХХХ сайд, МН ХХК‑ийн хариу хүргүүлэх, мэдэгдэл хүргүүлэх, гэрээний сунгалт хийх тухай албан бичгүүд,
Хоёрдугаар хавтаст хэрэгт: Монгол улсын Харилцаа *******ны зохицуулах хорооны 2024 оны 05/327 тоот хэмжилтийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, дансны хуулгууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын ерөнхий сайдын 2022 оны 143 дугаар захирамж, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 149 тоот тогтоол, 2024 оны хэмжилтийн тайлан зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр,
Нэгдүгээр хавтаст хэрэгт: Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 2022, 2023 оны төсвийн гүйцэтгэл, улсын төсвийн хөрөнгөөр батлагдсан үнийн дүнгийн талаарх лавлагаа, төсвийн задаргаа, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны х/1033 тоот албан бичиг, хавсралт, Монгол улсын ЦХХХЯны 2023 оны 04/2655 тоот албан бичиг, хавсралт,
Хоёрдугаар хавтаст хэрэгт: 2024.01.10‑ны өдрийн шүүхээс үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Монгол улсын ******* *******ны зохицуулах хорооны 2024 оны 02/178 тоот албан бичиг, хавсралт, тендерийн баримт бичиг /холбогдох хэсэг/ зэргийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч МН ХХК нь хариуцагч ЦХХХЯанд холбогдуулж гэрээний үүрэгт 2,002,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...бидний хооронд байгуулагдсан 2019 оны үндсэн гэрээнд 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулсан, энэхүү нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр бөгөөд 1 жилийн төлбөрийг 1,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, төлбөрийг 3 болон 7 дугаар сард хоёр хуваан төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч тал төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй, биднийг хохироож байгаа тул үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...2019 онд байгуулагдсан үндсэн гэрээнд оруулсан 2022 оны нэмэлт өөрчлөлтийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа, Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4‑т зааснаар үнийн тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гэсэн, харин гэрээний тусгай нөхцөлийн 6.6-д гэрээнд үнийн тохируулга хийхгүй байхаар тохиролцсон байхад үүнийг зөрчиж гэрээний үнийг нэмэгдүүлсэн учир хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн, тиймээс энэ гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй, бид үндсэн гэрээнд заасан үнээр тооцож 2022, 2023 оны төлбөрүүдийг төлчихсөн, нэхэмжлэгчид ямар нэгэн өр төлбөргүй, иймд нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Нэхэмжлэгч МН ХХК нь Сансарын *******ны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ, телевиз радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ үзүүлдэг, энэ талаарх тусгай зөвшөөрөлтэй болох нь тус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөөр тогтоогдсон.
Нэхэмжлэгч МН ХХК нь 2019 онд ХХМТ газрын зарласан Сансарын *******ны Кэй Юү (KU) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх тендерт оролцон шалгарч, ХХМТ газрын 2019.08.15‑ны өдрийн 1/792 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосоны дагуу тэдний хооронд 2019.08.27‑ны өдөр Сансарын *******ны Кэй Юү (KU) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх тухай ХХМТГ/201911001 тоот төслийн гэрээ байгуулагдсан байна.
Энэхүү гэрээ болон хавсралтын дагуу МН ХХК нь багц 1 баруун бүсэд 64,895,560 төгрөг, багц 2 зүүн бүсэд 40,867,603 төгрөг, багц 3 Хангайн бүсэд 106,844,104 төгрөг, багц 4 төвийн бүсэд 93,080,178 төгрөг, багц 5 Улаанбаатар 91,812,553 төгрөг, нийт 397,499,999 төгрөгийн үнэлгээ бүхий сансарын хиймэл дагуулаар телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээг 2019.10.01‑ний өдрөөс 2029.09.30‑ны өдрийг хүртэл хугацаанд үзүүлэх,
ХХМТГ нь тухайн жилд батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр үйлчилгээний төлбөрийг төлөх, талууд гэрээний хэрэгжилтийг жил тус бүрээр дүгнэж, холбогдох хяналтын журамд үндэслэн улирал тус бүрээр төлбөрийг тооцож олгох, тухайн жилд батлагдсан улсын төсөв, гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг жил тус бүрээр сунгах, хэн аль нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
4.Зохигчид дээрх тохиролцоог ажил гүйцэтгэх гэрээний ******* гэж тайлбарлаж байна. Ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ бүхий хөрөнгө байх шинж, эд зүйлийг бий болгоход чиглэсэн гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх үүсдгээрээ өөр хоорондоо зарим талаар төстэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.
Тиймээс шүүх дурдсан хоёр гэрээний ижил болон ялгаатай шинжүүд, гэрээний тохиролцоо, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд үүссэн гэрээний *******г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний ******* байна гэж дүгнэлээ. Учир нь зохигчдын гэрээний зүйл нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан сансарын хиймэл дагуулаар телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ байх ба, уг үйлчилгээг нэхэмжлэгч МН ХХК нь 2018.11.16-ны өдрийн телесатын хиймэл дагуулын зурвасын үйлчилгээний гэрээгээр Нэгдсэн вант улсын Телесат интернэйшнл лимитед компаниас худалдан авч хариуцагч ЦХХХЯанд нийлүүлж, зарж байгаа шинжийг агуулжээ.
5.Гэрээний тал болох ХХМТГ нь Монгол улсын Засгийн газрын 2022.01.06‑ны өдрийн 14 дүгээр тогтоолоор татан буугдаж, түүний байр, эд хөрөнгө, архив, албан хэргийн материал, албан хаагчдыг орон тооны хамт ЦХХХЯанд шилжсэн байх ба, энэхүү гэрээний эрх, үүрэг ЦХХХЯанд шилжсэн талаар зохигчид маргаангүй, тэдний хооронд гэрээний ******* үргэлжилж байна.
Нэхэмжлэгч МН ХХК нь гэрээний (а), тусгай нөхцөлийн 1.1в, 2.2.2, ерөнхий нөхцөлийн 3.1, 3.6‑д зааснаар сансарын хиймэл дагуулаар телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээг 2019.10.01‑ний өдрөөс эхлэн үзүүлж эхэлсэн байх ба, холбогдох тайлан, баримт бичгийг хариуцагч ЦХХХЯанд хүргүүлж байсан,
хариуцагч ЦХХХЯ нь гэрээний (b), (c), тусгай нөхцөлийн 6.4, 6.5, ерөнхий нөхцөлийн 6.1, 6.4, 7.1‑д заасны дагуу үзүүлсэн үйлчилгээнд чанарын шалгалт хийж, холбогдох тайлан, баримт бичгийг хүлээн авч, 2021.03.26-ны өдрийн гэрээ дүгнэсэн 01 тоот актаар 2020 оны ажлыг дүгнэж, төлбөр тооцоог хийж байжээ.
Улмаар зохигчид 2021.03.26-ны өдөр дээрх үндсэн гэрээний хугацааг 2021.01.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэл сунгасан байх ба, 2022.02.07-ны өдрийн 2021 оны гэрээ дүгнэсэн 01/2022 тоот актаар 2021 оны ажлыг дүгнэж, төлбөрийг төлсөн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д заасантай нийцсэн байна.
6.Нэхэмжлэгч МН ХХК нь 2022.01.20-ны өдрийн 15/22 тоот албан бичгээр гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.4-т заасан гэрээний цар хүрээ, үнэтэй *******той болон бусад асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг шинэчлэх тухай хүсэлтийг хариуцагч ЦХХХЯанд гаргасан байх ба, уг хүсэлтийг хариуцагч ЦХХХЯ хүлээн зөвшөөрснөөр зохигчдын хооронд 2022.02.09-ний өдөр үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл Харилцаа *******, технологийн газар нь 2021.08.18-ны өдрийн 01/859 тоот дэмжлэг хүсэх тухай ...төслийн гүйцэтгэгч талаас хиймэл дагуулын зурвасын түрээсийн үнийн өсөлт, валютын ханшийн өөрчлөлтөөс үндсэн гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлээд байна. Иймд ...гүйцэтгэгчийн ирүүлсэн хүсэлтэд дэмжлэг үзүүлнэ үү... гэсэн агуулга бүхий албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт, хувийг МН ХХК-ийн 2021.08.11-ний өдрийн хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хамт Монгол улсын сангийн яаманд хүргүүлж байсан нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох байгууллагаас зөвшөөрөл хүссэн гэж үзэхээр байна.
Энэхүү 2022.02.09-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр а) гэрээний үндсэн хэсгийн b-д заасан гэрээний нэг жилийн төлбөрийн төсвийг 1,500,000,000 төгрөг болгон нэмсэн тул цаашид 2022.01.01-ний өдрөөс 2022.12.31-ний өдрийг дуустал хугацаанд ЦХХХЯ нь нэмэгдсэн төсвийн дүнгээр санхүүжилтийг тооцон олгоно, b) санхүүжилтийг олгохдоо тухайн жилд нь 2 удаа хуваан олгох бөгөөд 3, 7 дугаар саруудын эхний 10 хоногт багтаан тооцон олгоно, c) 2021 оны гэрээний хэрэгжилтийг талууд актаар хүлээлцсэний дагуу МН ХХК-ийн гэрээгээр үзүүлсэн үйлчилгээг хангалттай гүйцэтгэсэн хэмээн дүгнэж талуудын гэрээг үргэлжлүүлэн ажиллана, энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлт нь 2019.08.27-ны өдөр байгуулсан ХХМТГ/201911001 тоот гэрээний салшгүй хэсэг байна гэж тохиролцжээ.
7.Харин хариуцагч ЦХХХЯ нь дээрх 2022.02.09-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаантай байх ба, тэрээр гэрээний тусгай нөхцөлийн 6.6, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлана.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хуулиар хориглосон, хориглосон зүйлс нь талуудын хэлцлийн объект болсон, хэлцлийн агуулга хуульд нийцэхгүй байх шинжийг агуулдаг онцлогтой ба, хариуцагчийн үндэслэл энэ шинжид нийцсэнгүй. Учир нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд буюу хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, эсхүл суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд захиалагч тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гэсэн нь эрх олгосон агуулга бүхий заалт болохоос хориглосон агуулга бүхий заалт биш байна.
Нөгөө талаар үндсэн гэрээний ерөнхий нөхцөлийн 6.6-д зөвхөн гэрээний тусгай нөхцөлд үнэ тохируулахаар заасан нөхцөлд үндсэн зардлын хэлбэлзлийг тусгах зорилгоор үнийн тохируулга хийхээр, мөн тохируулга хийх журмыг зохицуулсан байх ба, харин тусгай нөхцөлийн 6.6-д үнийн тохируулга хийгдэхгүй байхаар зохицуулжээ. Энэ заалт нь зохигчдын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг хязгаарлахгүй бөгөөд зохигчид 2022.02.09-ний өдөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу үндсэн гэрээнийн үнэ болох 397,499,999 төгрөгийг 1,500,000,000 төгрөг болгон өөрчлөлт оруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчөөгүй, харин гэрээний ерөнхий нөхцөлийн 2.4-т заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэлээ.
8.Дээрх байдал нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 715 дугаар шийдвэрт ...2019.08.27-ны өдрийн гэрээнд ...ам долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж хиймэл дагуулын транспондер түрээслэх зардал огцом нэмэгдсэнийг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний үнийн дүнг 1,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нөхцөл байдалтай талууд маргаагүй... гэсэн дүгнэлт болон 2023.01.24-ний өдрийн Хүнд нөхцөл байдал /HARDSHIP/-ын гэрчилгээгээр давхар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 715 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Тодруулбал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.25-ны өдрийн 715 дугаар шийдвэрээр МН ХХК-ийн нэхэмжлэлтэй ЦХХХ сайдад холбогдох сансарын *******ны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 тоот гэрээний үнийг тус яамны 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан сайдын шийдвэр хууль бус болохыг тогтоож, тус яамны 2023 оны улсын төсөвт суусан 2,5 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр төвийг хуваарилж, гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэхийг даалгах шаардлага бүхий хэргийг хэлэлцэж, ******* ******* ******* *******ны сайдын 2023.03.17-ны өдрийн 01/554 дугаар албан бичгийн тус яамны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, энэ шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.23-ны өдрийн 700 дугаар магадлалаар хянагдаж, хүчин төгөлдөр болсон байна.
Иймд ...хариуцагч талын гаргасан гэрээний нэмэлт өөрчлөлт нь гэрээний тусгай нөхцөлийн 6.6, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.
9.Иймд нэхэмжлэгч МН ХХК-нд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 2022.02.09-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн a, b-д заасны дагуу 2022 оны төлбөрийн үлдэгдэл 1,102,500,000 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 3.8.1-д заасны дагуу алданги 150,000,000 төгрөг, 2023 оны хагас жилийн төлбөр 750,000,000 төгрөгийг шаардах эрх үүссэн, тэрээр үйлчилгээгээ хариуцагч талд үзүүлж байгаа, хариуцагч тал гэрээний дагуу нэхэмжлэгчээс үйлчилгээг авч байгаа тул нэмэгдсэн үнийн дагуу, тохирсон хугацаанд төлбөрийг төлөх үүрэгтэй болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч МН ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээнд заасан хугацааны дотор сансарын хиймэл дагуулаар телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж байсан болох нь Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын 2023.06.22-ны өдрийн 01/127 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралтууд, 2022.12.20-ны өдрийн 2022 оны IV улиралд хийсэн хяналт, шалгалтын тайлангаар давхар нотлогдсон.
10.Нэхэмжлэгч МН ХХК нь 2022.04.18-ны өдрийн 64/22 тоот, 2022.06.24-ний өдрийн 87/22 тоот, 2022.09.15-ны өдрийн 140/22 тоот, 2022.09.19-ний өдрийн 141/22 тоот, 2022.09.20-ны өдрийн 142/22 тоот, 2022.11.22-ны өдрийн 175/22 тоот, 2022.12.20-ны өдрийн 186/22 тоот албан бичгүүд, 2022.05.18, 2022.11.22-ны өдрүүдийн төлбөрийн нэхэмжлэхүүд зэргээр дэмжлэг хүсэж, хүсэлт гаргаж, санхүүжилтийг 2,5 тэрбум болгох, нэмэгдсэн үнийн дагуу төлбөр төлөхийг хариуцагч ЦХХХЯ удаа дараа шаардаж байжээ.
Харин хариуцагч ЦХХХЯ нь 2023.01.04-ний өдрийн 01/22 тоот албан бичгээр ...2022.02.09-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний үнэд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гэж заасан ч талуудын хооронд байгуулсан ХХМТГ/201911001 дугаартай үндсэн гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 6.6-д үнийн тохируулга хийгдэхгүй байхаар зохицуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээний нэмэлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, гэрээний хэрэгжилтийг 2019.08.27-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна гэсэн агуулга бүхий хариуг нэхэмжлэгч МН ХХК-нд өгсөн байна.
Тус албан бичгийн хариуд нэхэмжлэгч МН ХХК нь 2023.01.16-ны өдрийн 05/23 тоот албан бичгээр 2023 оны гэрээний сунгалтыг даруй хийх хүсэлтэй байна, 2023 оны гэрээний сунгалтыг хийхдээ 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр нэмэгдүүлэх, үнийн тохируулга хийгдэхгүй байх заалтыг хүчингүй болгохгэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, сунгалтыг хийж өгнө үү гэсэн агуулга бүхий хариг хариуцагч ЦХХХЯанд хүргүүлсэн, хариуцагч ЦХХХЯны 2023.03.17-ны өдрийн 01/554 тоот албан бичгээр гэрээг сунгахыг зөвшөөрч, харин гэрээний үнийг нэмэгдүүлэх боломжгүй тухай хариуг нэхэмжлэгч МН ХХК-нд өгсөн, нэхэмжлэгч МН ХХК нь 2023.04.12-ны өдрийн 47/23 тоот албан бичгээр тухайн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариуцагч ЦХХХЯанд мэдэгдсэн байх ба, энэ шалтгаанаар талуудын хооронд 2023 оны гэрээний сунгалт бичгээр хийгдээгүй, төлбөр төлөгдөөгүй болох нь тогтоогдсон.
11.Хариуцагч ЦХХХЯ нь 2022.12.14-ний өдөр 437,507,381 төгрөгийг ХХМТГ/2019110001 гэрээт ажлын төлбөр гэсэн утгаар, 2023.09.14-ний өдөр 198,750,000 төгрөг, 2023.11.17-ны өдөр 99,375,000 төгрөг, 2023.12.25-ны өдөр 99,375,000 төгрөг, нийт 397,500,000 төгрөгийг МН гэсэн утгаар тус тус нэхэмжлэгч МН ХХК-нд төлсөн болох нь хариуцагч байгууллагын дансны хуулгаар нотлогдсон бөгөөд хариуцагч нь үндсэн гэрээнд заасан 2022, 2023 оны төлбөрийг төлсөн учир өөр төлөх төлбөргүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлана.
Шүүх 2022.02.09-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр болохыг дээр нэгэнт дүгнэсэн учраас тус гэрээний дагуу хариуцагч ЦХХХЯ нь үйлчилгээ авсны 1 жилийн төлбөрт 1,500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч МН ХХК-нд төлөх үүрэгтэй, энэ үүрэг бүрэн биелэгдээгүй, тэрээр 2022 онд 1,500,000,000 төгрөг төлөхөөс 397,499,999 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,102,500,000 төгрөг, 2023 оны 03 сард 1,500,000,000 төгрөгийн 50% буюу 750,000,000 төгрөг төлөхөөс 397,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 352,500,000 төгрөг, нийт 1,455,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, гэрээний a, b-д заасан 1,500,000,000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч ЦХХХЯ зохих ёсоор, шударгаар, бүрэн биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин нэхэмжлэгчийн гаргасан алдангийн 150,000,000 төгрөгийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь гэрээний тусгай нөхцөлийн 3.8.1-д алдангийн хэмжээ нь тухайн жилийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох бөгөөд өдөрт 0,05% байна. Нийт гэрээнд алданги оногдуулах дээд хэмжээ нь гэрээний үнийн 10%-тай тэнцүү байна /тухайн жилд үзүүлэх үйлчилгээний нийт дүн байна/ гэж заасан. Энэ заалтын дагуу нэхэмжлэгч алдангийн тооцооллыг хийх учиртай бөгөөд тооцоолол тодорхой, ойлгомжтой байх ёстой. Гэвч нэхэмжлэгч нь тооцооллоо тодруулж чадаагүй, 2022 оны төлбөрийн үлдэгдэл болох 1,102,500,000 төгрөгийн 0,05% нь хэдэн төгрөг болох, энэ нь алданги оногдуулах дээд хэмжээнээс хэтэрсэн эсэх, ямар цаг хугацааг хамруулан тооцсон болох нь тодорхойгүй байхад шууд 1,500,000,000 төгрөгийн 10%-иар тооцож 150,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй, тооцоолол ойлгомжгүй гэж үзсэн.
Иймд хариуцагч ЦХХХЯ 1,455,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МН ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 547,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
12.Нэхэмжлэгч МН ХХК-ийн 2023.04.10-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 10,170,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЦХХХЯ 7,432,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МН ХХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.‑д заасантай нийцнэ.
13.Хэрэгт авагдсан, хариуцагч талаас гарган өгсөн Телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээний хяналтын журам, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.23-ны өдрийн 4420 дугаар захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний 2022, 2023 оны төсвийн гүйцэтгэл, улсын төсвийн хөрөнгөөр батлагдсан үнийн дүнгийн талаарх лавлагаа, төсвийн задаргаа, Монгол улсын Харилцаа *******ны зохицуулах хорооны 2024.01.29-ний өдрийн 02/178 тоот албан бичиг, түүний хавсралт болох нэхэмжлэгч МН ХХК-нд хамаарахаас бусад байгууллагын тусгай зөвшөөрөл, гэрээнүүд, ЦХХХ салбарын 2023-2025 оны улсын төсвөөс санхүүжих арга хэмжээний санал, танилцуулга, төсөвт баримтлах чиглэл зэрэг холбогдох баримтууд, 2024.02.21-ний өдрийн хэмилтийн тайлан зэргийг маргааны зүйлд хамааралгүй байна гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6‑д зааснаар хариуцагч ЦХХХЯ 1,455,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МН ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 547,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч МН ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 10,170,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЦХХХЯ 7,432,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МН ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА