Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 56

 

                                         

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

          Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,  

          Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

          Хохирогч: П.Октябрь,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

        Шүүгдэгч: Д,Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн  96.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавгууд овогт Даржаагийн Пүрэвдаваад холбогдох 201720000100 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт тус аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 15-06 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, регистрийн дугаар /ОЮ62042379/ Шавгууд овогт Даржаагийн Пүрэвдаваа.

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдснаар/ Д.Пүрэвдаваа нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 29-р байрны 01-03 тоотод хохирогч П.Октябрьтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

            1. Хохирогч П.Октябрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай дээд давхарт байх Балжинням гэх айл руу орж явтал өмнөөс нутгийн дүү Д.Пүрэвдаваа тэднийхээс эхнэрийнхээ хамтаар гарч яваад үүднийхэн гадна хэсэгт таарч мэндлээд явсан. Ингээд би Балжинням ахынх руу ороход тэднийд Балжинням ах эхнэрийнхээ хамтаар мөн Гүрбадар хөгшин эхнэрийнхээ хамтаар тус тус байсан. Би тэднийд хагас шил Болор архи хувааж уугаад юм яриад сууж байтал гаднаас Д.Пүрэвдаваа ганцааараа буцаж орж ирсэн. Тухайн үед Д.Пүрэвдаваа эрүүл байсан. Тэгээд хэсэг сууж байгаад Д.Пүрэвдаваа манайх руу хамт орж хагас шил архи байсныг хувааж уусан. Тэгээд би манайхыг зөрж манай дээд талын айлд золголт хийсэнд нь дотроо гомдож Д.Пүрэвдаваад хэлсэнээр Д.Пүрэвдаваа нь надтай маргалдаж уурандаа гараараа миний нүүр  рүү 2-3 удаа цохиход нь би доош унасан. Би гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ хамтаар байдаг. Тухайн үед манай гэрт манай хүү Амар байсан. Д.Пүрэвдаваа нь намайг зодож миний зүүн талын 4 хавирга мөн хамар хугалсан. Д.Пүрэвдаваа уг гэмтлийг хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж миний биед учруулсан. Д.Пүрэвдаваа намайг зодохдоо ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Д.Пүрэвдаваа надаас уучлалт гуйж миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Д.Пүрэвдаваа бид хоёр бүрэн эвлэрсэн. Цаашид Д.Пүрэвдаваагаас нэхэмжлэх хохирол байхгүй. Д.Пүрэвдаваад гомдолгүй, түүнд хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

            2. Гэрч Б.Балжиннямын мөрдөн байцаалтанд өгсөн: “Одоо санаж байгаагаар 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манайд найз дүү болох Д.Пүрэвдаваа нь эхнэр Алимаагийн хамтаар золголт хийж ирсэн ба энэ үед Гүрбадар гуай эхнэрийнхээ хамтаар манайд ирчихсэн байсан. Ингээд бид нар цай ууцгааж эхнэр хоол хийж байх үед Алимаа утсаар хүнтэй яриад бид нарт ....намайг ажлаас дуудаж байна явахгүй бол болохгүй гэхээр нь Д.Пүрэвдаваа Алимааг ажилд нь хүргэхээр манайхаас гарах үед тэд нартай зөрж манай доод давхарт байдаг Октябрь нь Гүрбадарын хамтаар орж ирсэн. Ингээд бид юм яриад сууцгааж байтал Д.Пүрэвдаваа ганцаараа буцаж орж ирсэн. Тэгээд бид нартай юм ярьж бид нарын ууж байсан архинаас ууж архи дуусах үед Октябрийн хамтаар 21-22 цагийн орчимд байх гэрээс гараад явсан. Манайд Октябрь, Пүрэвдаваа нар маргалдаж муудалцан зодолдоогүй. Харин нэг нэгнийхээ хэлсэн үгийг тоглоомоор гуйвуулж яриад инээлдээд сууцгааж байгаад хамтдаа гараад явсан.  Д.Пүрэвдаваа ан хийх дуртай анчин хүн тул бид нартай  юм ярьж байгаад анчин гэдгээ хэлэхэд П.Октябрь өмнөөс нь чиний анчин гэж юу байдаг юм ийм ч анчин байдаггүй гэх мэт утгагүй зүйл яриад нэг нэгнийхээ үгний өө харж яриад инээлдээд сууж байгаад гарсан.  П.Октябрь, Д.Пүрэвдаваа нар манайхаас халамцуу болоод гарсан. Сүүлд байрны хүмүүсийн ярианаас П.Октябрийг хүнд зодуулж гэмтээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан гэж сонссон. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

           3. Гэрч Н.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “Би Даржаа овогтой Пүрэвдавааг бол өмнө нь танидаг байсан. Пүрэвдаваа нь манай нөхрийн найз дүү гээд явдаг. Пунцагийн Октябрийг нэг байранд байдаг тул зүс таних юм. Бид нарын дунд төрөл садны холбоо байхгүй. Нөхөр бид хоёр Улаангом суманд амьдардаг ба 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотруу яваад 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаангом суманд ирсэн. Цагаан сарын баяр Улаанбаатар хотод байхад болсон. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манайд Гүрбадар эхнэрийнхээ хамтаар золголт хийгээд ирчихсэн байтал найз дүү болох Д.Пүрэвдаваа нь эхнэр Алимаагийн хамтаар мөн золголт хийж ирсэн. Ингээд бид нар цай ууж юм ярьцгааж байгаад би босож хоол хийсэн. Энэ үед Алимаа утсаар хүнтэй яриад нөхөр бид хоёрт хандаж.... намайг ажлаас дуудаад байна би явахгүй бол болохгүй нь гэхэд нь Пүрэвдаваа Алимааг ажилд нь хүргэхээр явахад нь бид нар эргэж ирээд хоолоо идээрэй гэж Д.Пүрэвдаваад хэлсэн. Энэ үед Гүрбадар гэрээс гараад явчихсан байсан. Ингээд Пүрэвдаваа, Алимаа нар манайхаас гарах үед тэд нартай зөрж Гүрбадар нь манайд хагас шил Болор нэртэй архи гартаа барьчихсан манай доод давхарт байдаг Октябрийг дагуулчихсан орж ирсэн. Ингээд бид нар юм яриад хоол унд идээд сууцгааж байтал Д.Пүрэвдаваа ганцаараа буцаж орж ирсэн. Тэгээд Пүрэвдаваа, Октябрь, Гүрбадар болон манай нөхөр Балжинням нар хоорондоо юм ярьж нэг нэгнийхээ хэлсэн үгийг тоглоомоор гуйвуулж яриад инээлдээд сууцгааж байгаад нэг шил архи болон Октябрийн авч орж ирсэн хагас шил Болор архийг хувааж уусан. Тэгээд Д.Пүрэвдаваа, Октябрь нар хамтдаа манайхаас гараад явсан. Би тэр хоёрыг Октябрийн гэр лүү орж байгаа юм байна гэж бодсон. Октябрь, Д.Пүрэвдаваа нар манайхаас халамцуу болоод гарсан. Дахин архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Ангийн тухай яриад байх шиг байсан. Манайхааас тухайн өдрийн орой хамтдаа гараад явсан. Тэд нарыг хоорондоо зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэд нар манайхаас гарч яваад дахин орж ирээгүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 12-р тал/,

        4. Гэрч Ч.Гүрбадарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Даржаа овогтой Пүрэвдавааг өмнө таньдаггүй байгаад 2017 оны оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс зүс таних болсон. Пунцаг овогтой Октябрийг өмнө нь танидаг байсан. Гэхдээ төрөл садны холбоо байхгүй. Улаангом сумын 3 дугаар багт амьдардаг Балжинням ах, Туяа эгч нар Улаанбаатар хотод сар шинийн баяраа өнгөрүүлж тэндээ шинэлж 2017 оны 3 дугаар сарын 25-ны орчимд гэртээ ирэхээр нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би эхнэрийнхээ хамтаар шинэлэхээр гэрт нь очиход Д.Пүрэвдаваа нь мөн эхнэрийнхээ хамтаар орж ирээд Балжинням, Туяа нартай золголт хийсэн. Ингээд бид нартай цай унд болоод сууцгааж байгаад хөзөр тоглохоор болоход нэг хүн дутсан тул би гарч тэдний доод давхарт байдаг Октябрийнд орж түүнийг дагуулж Балжинням ахынд орох үед тэдний хаалгаар Д.Пүрэвдаваа эхнэрийнхээ хамтаар гарч байгаад таарсан. Ингээд Октябрь бид хоёр Балжинням ахынд ороод юм яриад сууцгааж байтал хоол гарсан тул хоол идсэн. Энэ үед Пүрэвдаваа ганцаараа эргэж ирээд хоол идсэн. Ингээд бид нар Балжинням ахын гэрт тэдний задалсан нэг шил уусан. Тэгээд би эхнэрийнхээ хамтаар харихаар гарсан. Октябрь, Пүрэвдаваа нар Балжинням ахын гэрт үлдсэн. Нэг шил архи уусан. Хэмжээг нь мэдэхгүй байна. Пүрэвдаваа, Октябрь нар согтоогүй зүгээр байсан. Намайг эхнэрийнхээ хамтаар явсаны дараа хэдэн шил архи уусныг нь бол мэдэхгүй. Ямар нэг маргаан зодоон болоогүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

          5. Гэрч У.Нордогийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Даржаа овогтой Пүрэвдавааг өмнө таньдаггүй байгаад 2017 оны оны 3 дугаар сарын 27-ны өдөр Балжинням гэх айлд таарч зүс таних болсон. П.Октябрийг өмнө нь зүс танидаг байсан. Улаангом сумын 3 дугаар багт амьдардаг Балжинням ах, Туяа эгч нар Улаанбаатар хотод сар шинийн баяраа өнгөрүүлж тэндээ шинэлж 2017 оны 3 дугаар 25-ны орчимд гэртээ ирэхээр нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Гүрбадар бид хоёр уг хоёр хүнтэй шинэлхээр гэрт нь очиход тэднийд эхнэр  нөхөр бололтой 2 хүн ирсэн ба эрэгтэйг нь Пүрэвдаваа гэж байсан. Ингээд цай унд болоод сууцгааж байтал манай нөхөр Гүрбадар гараад явчихсан байсан. Тэгтэл Пүрэвдаваагийн эхнэр Алимаа ажил гарлаа гээд гарч явсан тул Пүрэвдаваа түүнийг хүргэж өгөхөөр дагаад гэрээс гарах үед Гүрбадар хажуудаа Октябрйин хамтаар гаднаас зөрөөд орж ирсэн. Ингээд хоол болж хоол идээд сууцгааж байтал Пүрэвдаваа эргэж ганцаараа орж ирээд хоол идсэн. Балжинням ах Гүрбадар, Октябрь, Пүрэвдаваа нар Балжинням ахын задалсан нэг шил архийг /хэмжээг мэдэхгүй/ хувааж уусан. Тэгээд нөхөр бид хоёр тэнд хэсэг сууж байгаад гэрлүүгээ харьсан. Октябрь, Пүрэвдаваа нар Балжинням ахын гэрт юм яриад инээлдээд суугаад үлдсэн. Нөхөр бид хоёрыг Балжинням ахын гэрт байхад Пүрэвдаваа, Октябрь нар согтоогүй зүгээр байсан. Нөхөр бид хоёрыг явсаны дараа архи уусаныг мэдэхгүй. Тухайн үед Балжинням ахын гэрт бид нарыг байхад ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Би дахиж эдгээр хүмүүстэй уулзаагүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

           6. Гэрч Ц.Алимаагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би нөхөр Д.Пүрэвдаваагийн хамтаар Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 давхар 3-н зэрэгцээ орон сууцанд байх Балжинням гэх айлд очиж золголт хийсэн. Тэгээд тэднийд байж байтал намайг ажлаас дуудсан тул би тэд нараас уучлалт гуйгаад явахаар болоход Д.Пүрэвдаваа намайг хүргэж өгөхөөр болсон. Энэ үед Балжинням ах болон Туяа эгч нар Д.Пүрэвдаваа бид нарт хандаж эргэж ирээд хоолоо идээрэй гэсний дагуу Пүрэвдаваа намайг дөхүүлээд Балжинням ахынх руу явсан. Тэгээд орой намайг унтах гэж байтал Пүрэвдаваа гэртээ ирээд унтаж байтал шөнө дунд цагдаагийн хүмүүс ирээд Пүрэвдавааг аваад явахад би Пүрэвдавааг Октябрь ахтай маргалдаж зодолдсон гэдгийг нь мэдсэн. Гүрбадар гэх хөгшин эхнэрийнхээ хамтаар Балжинням ах эхнэрийнхээ хамтаар байсан. Харин намайг Пүрэвдаваа хүргэхээр тэднийхээс гарахад хаалганых нь гадна талд Октябрь ах таарсан. Цагаан сарын баярын дараа Октябрь ахтай золголт хийдэг байсан. Амжаагүй байж байгаад Балжинням ахынхаас гарч яваад хаалганыхан гадна таарч золгосон. Өглөө гэрээс гарахдаа эрүүл гарсан ба намайг Балжинням ахынхаас намайг ажил руу хүргэх хүртлээ архи уугаагүй байсан. Тухайн өдрийн шөнө гэртээ ирэхдээ архи уучихсан байсан. Пүрэвдаваа бид хоёр 1984 онд анх гэр бүл болсон ба одоо нийт 33 жил нэг гэрт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэд төрүүлэн өсгөж хүний зэрэгтээ болгож хүмүүжүүлсэн. Манай хүүхдүүд бүгд дээд боловсролтой одоо тус бүрдээ гэр бүл болж тусдаа гарсан. Манай нөхөр Д.Пүрэвдаваа нь хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хамаатан садан болон найз нөхдийн дунд нэр хүндтэй, элдэв муу зуршилгүй, төлөв даруу зантай бусдад тусархуу, хүнийг хүндэлж харьцдаг, гэр бүлээ тэжээхийн тулд амьдралынхаа төлөө зүтгэж байгаа манай гэрийн ноён нуруу болсон хүн юм. Д.Пүрэвдаваа нь зүрхний өвчнөөр эмчийн хяналтанд байдаг ба хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаа. Бидний зүгээс иргэн П.Октябрийн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Бидний амьдрал байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна. Дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна” гэх мэдүүлэг / хх-ийн 15-р тал/,

         7. Гэрч О.Энхманлайгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “Би Даржаа овогтой Пүрэвдавааг танина. Бид нар хооронд төрөл садны холбоо бол байхгүй. Манай аавтай төрөл садан шиг дотно харьцаатай байдаг хүн юм. 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой аав Октябрь болон Пүрэвдаваа ах нар хамт архи уугаад хоорондоо маргалдаж Пүрэвдаваа ах манай аав Октябрийг зодсон байсан. Ингээд аавыг аймгийн эмнэлэгт болон Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын эмнэлэг мөн рашаан сувлалд тус тус хэвтүүлэн эмчлүүлсэн. Сүүлд  би ааваас Д.Пүрэвдаваа ах яагаад таныг зодох болсон юм бэ гэж асуухад аав надад Д.Пүрэвдаваа, Алимаа нар манайд золголт хийлгүүгээр Балжинням гэх айлд орж золголт хийсэн тул би уурандаа уг байдлыг Д.Пүрэвдаваад хэлж Пүрэвдаваатай маргалдсан. Тэгээд Пүрэвдаваа намайг зодчихлоо гэж хэлсэн. Манай аав Октябрь нь миний ах болох хөгжлийн бэрхшээлтэй хүү Амарынхаа хамтаар хоёулахнаа амьдардаг. Амар мэдүүлэг өгч чадахгүй тархины саажилт оюуны хомсдол өвчтэй ба хүний 100 хувь асаргаанд байдаг. Тухайн үед аав хэлэхдээ Д.Пүрэвдаваа нь гараараа цохиж хөлөөрөө өшиглөж миний биед гэмтэл учруулсан гэж хэлсэн. Энэ хэрэг нь аав болон Д.Пүрэвдаваа ах нарын хоорондын таарамжгүй харьцааны улмаас болсон тул цаашид гаргах санал хүсэлт алга.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

        8. Гэрч О.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай аав Октябрь нь Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 03 тоот 1 өрөө орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй хүү Амарынхаа хамтаар хоёулахнаа амьдардаг. 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой манай аав Октябрь над руу утсаар яриад намайг Д.Пүрэвдаваа хамт архи уугаад хоорондоо маргалдаж зодож биед нь гэмтэл учрууллаа гэж хэлж байсан. Ингээд Цэцэнбилэг бид хоёр аймгийн эмнэлэгт хандсаны дагуу эмч ирээд аавыг эмнэлэг рүү аваад явсан. Шүүх эмчийн дүгнэлтээр манай аавын зүүн талын 4 хавирга, хамар яс руу тус тус хугарч уушиг гэмтсэн байсан тул аавыг аймгийн эмнэлэгт болон Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын эмнэлэгт тус тус хэвтүүлэн эмчлүүлж мөн Энх-Ундарга гэх рашаан сувлалд хэвтүүлэн сувилуулсан. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрт нь очиж эргэж тойрчихоод явсан ямар нэгэн гэмтэл согог байгаагүй. О.Амар мэдүүлэг өгөх чадваргүй. Учир нь багаасаа тархины гэмтэл, оюуны хомсдол өвчтэй. Тухайн үед аав хэлэхдээ Д.Пүрэвдаваа миний нүүр лүү цохиж хамар гэмтээсэн, хөлөөрөө өшиглөж миний хавирга гэмтээсэн гэж хэлж байсан. Аав надад Пүрэвдаваа, Алимаа нар манайд золголт хийлгүйгээр манай дээд давхарт байдаг Балжинням гэх айлд орж золголт хийсэн тул би уг байдлыг Пүрэвдаваад хэлсэнээс Пүрэвдаваатай маргалдсан. Тэгээд Д.Пүрэвдаваа намайг зодчихлоо гэж хэлсэн. Цаашид гаргах санал хүсэлт алга. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 17-р тал/,

        9. Гэрч О.Цэцэнбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай аав Октябрь нь Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 03 тоот 1 өрөө орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй хүү Амарынхаа хамтаар хоёулахнаа амьдардаг. 2017 оны 3 дугаар сарын  27-ны орой манай дүү Ариунаа надтай утсаар яриад ... аав утсаар яриад аавыг гэрт нь хүн зодсон байна гэхээр нь Ариунаагийн хамтаар гэрт очиход Д.Пүрэвдаваа ах аавтай гэрт нь архи ууж байгаад зодчихоод явчихсан байсан. Ингээд аавыг эмнэлэгт хүргэж хэвтүүлэхэд манай аавын зүүн талын 4 хавирга, хамар яс тус тус хугарч уушиг нь гэмтсэн байсан тул аавыг аймгийн эмнэлгийн Гэмтлийн тасаг, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын цээж хавсарсан мэс заслын тасагт тус тус хэвтүүлэн эмчлүүлж мөн Улаанбаатар хотын Энх-Ундрага  Рашаан сувиллын газарт сувилуулсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 18-р тал/,

         10. Гэрч Ж.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Д.Пүрэвдаваагийн холбогдсон хэргийнх нь талаар нарийн сайн мэдэхгүй. 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой танил ахтайгаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож түүний биед гэмтэл учруулсан гэж өөрөө надад хэлсэн. Манай найз Д.Пүрэвдаваа нь эхнэр 3 хүүхэдтэй ба хүүхдүүд нь бүгд дээд боловсрол эзэмшиж тус бүрдээ гэр бүл болж өрх тусгаарлагдсан. Д.Пүрэвдаваа нь төлөв даруу зантай, бусдад тусархуу, хүнийг хүндэлж харьцдаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй, элдэв муу зуршилгүй, хүний гэсэн сэтгэлтэй, бусдад үгүй гэж хэлж үзээгүй, сэтгэл сайтай эр хүний ноён нуруутай хүн юм. Миний хувьд Д.Пүрэвдавааг гэмт хэрэгт холбогдох хүн биш гэж боддог” гэх мэдүүлэг / хх-ийн 19-р тал/,

         11. Гэрч Б.Пүрэвжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Даржаа овогтой Д.Пүрэвдавааг эртнээс танина. Бид нар хажуу хашаанд олон жил болсон хүмүүс юм. Д.Пүрэвдаваа ах надад 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой Октябрь гэх танил ахтайгаа архи ууж байтал Октябрь ах намайг үгээр малтаад надтай маргалдаж зодолдсон Октябрь ахын биед гэмтэл учирсан гэж хэлсэн. Д.Пүрэвдаваа ахын холбогдсон хэргийнх нь талаар өөр мэдэх зүйл байхгүй.  Д.Пүрэвдаваа нь эхнэр 3 хүүхэдтэй. Д.Пүрэвдаваа ах одоо эхнэрийнхээ хамт амьдардаг. Д.Пүрэвдаваа нь төлөв даруу зантай, бусдад тусархуу, хүнийг хүндэлж харьцдаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй, элдэв муу зуршилгүй хүн юм” гэх мэдүүлэг / хх-ийн 20-р тал/,

         12. Шинжээч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн үед үзүүлэгч иргэн П.Октябрийн биед зүүн 3,7,8,9 дүгээр хавирны битүү хугарал, цээжний зүүн талын хөндийд цус, агаар хуралт, зүүн уушигны авчилт, цээжний зүүн талын арьсан доор хий хуралт, хамар ясны хугарал, муруйлт, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун тохойн үений дотно хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл учирсан байдаг ба эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмйн 3.1,12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамааруулж үзсэн. Октябрийн биед гэмтлийн улмаас 3,7,8,9 дүгээр хавирга битүү хугарч цээжний хөндийд цус, агаар хуралдсагы улмаас зүүн уушиг авчилт буюу зүүн уушиг унасан байдаг. Мөн цээжний зүүн талын арьсан доор хий хурсан байсан. Цээжний зүүн хөндий болон арьсан доор хий хуралт нь уушиг цоорох буюу задарсаны улмаас үүсдэг. Октябрийн цээжний гадна хэсэгт ямар нэгэн ил шарх байгаагүй. Дээрхи зүүн уушигны цоорол, задрал нь компьютер Томографийн оношлогоогоор илрэхгүй боловч бодит үзлэгт уушиг задарсан, цоорсон шинж тэмдэг илэрч байсан болно. Өөрөөр хэлбэл цээжний зүүн хөндийд болон арьсан доор хурсан агаар нь цээжний гадна талаас бус уушгаар дамжиж цээжний хөндийд орсон гэсэн үг юм” гэх мэдүүлэг / хх-ийн 21-р тал/,

        13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 177 дугаартай Шинжээч эмчийн: “Үзүүлэгч П.Октябрийн биед гэмтэл учирсан байна. Зүүн 3,7,8,9 дүгээр хавирны битүү хугарал, цээжний зүүн талын хөндийд цус, агаар хуралт, зүүн уушигны авчилт, цээжний зүүн талын арьсан доор хий хуралт, хамар ясны хугарал, муруйлт, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун тохойн үений дотно хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь цөм нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал /,

           14. Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын “Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Даржаа овогтой Пүрэвдаваа нь ам бүл 2 эхнэрийн хамт тус багийн 15-06 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой тахир дутуугийн груптэй зүрхний шигдээс өвчтэй. Пүрэвдаваа нь төлөв даруу бусдад тусархуу нийтэч зан чанартай иргэн мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 36-р тал /,      

            15. Шүүгдэгчийн хувийн байдал нотолсон баримт /хх-ийн 41-56, 76-92, 98-101 тал/,

            16. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 39-р тал /,

            17. Хохирогч П.Октябрийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 57-75-р тал /,

           18. Шүүгдэгч Д.Пүрэвдаваа хохирогч П.Октябрь нарын хооронд байгуулсан гомдол тэмцэлгүй гэх эвлэрсэн баталгаа” / хх-ийн 10-р тал/,

            19. Шүүгдэгч Д.Пүрэвдаваагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Би 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд эхнэрийнхээ хамтаар Улаангом сумын 3 дугаар багт байдаг Балжинням гэх ахындаа золголт хийж очсон. Миний өмнө талд Гүрбадар гэх зүс таних хөгшин эхнэрийнхээ хамтаар ирсэн байсан. Ингээд тэднийд золголт хийж цай унд уугаад сууж байтал манай эхнэр Алимааг сургуулиас нь дуудсан тул би машинаараа Алимааг хүргэж өгөхөөр Балжинням ахын гэрээс гарахад Гүрбадар ах Октябрь ахыг дагуулаад Балжинням ахын гэр лүү орж яваад хаалганы дэргэд таарсан. Би Октябрь ахтай мэндлээд зөрсөн. Алимаа бид хоёрыг явах үед Балжинням ах Туяа эгч нар хоол хийж байгаа эргэж ирээд хоолоо идээрэй гэхээр нь би Алимааг хүргэчихээд ганцаараа буцаж очсон. Тэгээд Балжинням ахын задалсан нэг шил архийг хувааж ууцгаагаад дахин хагас шил Болор архи уусан. Ингээд архи дуусахаар нь Октябрь ахын хамтаар тэднийхээс гарч харих гэтэл Октябрь ах манайд ор гэхээр нь би тэднийх рүү Октябрь ахын хамтаар орсон. Октябрь ахын гэрт түүний бие муутай хүүхэд нь байсан ба өөр хүн байгаагүй. Октябрь ах хагас шил архи гаргахаар нь уг архийг Октябрь ахтай хувааж уугаад сууж байтал Октябрь ах надруу хандаж ... чи их том болжээ, угаадсандаа цаджээ, баян хүн зугуйддаг болоо юу гээд намайг элдэв бусаар хэлээд байсан тул би Октябрь ахтай маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Октябрь ах намайг цохих гээд босоод ирэхээр нь би гараараа түүний нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгтэл Октябрь ах газраас юм авах гээд тонгойхоор нь би цээжнийх нь зүүн хэсэг рүү 2-3 удаа өшиглөчихөөд тэднийхээс гараад явсан. Шар өнгийн будагтай модон түшлэг болон суудалтай саарал өнгийн төмөр сандал байхаар нь би ингээд үх гээд уг сандлыг өшиглөчихөөд гараад явсан. Сандал ширээтэй мөргөлдөөд чанга дуугарсан. Миний хувьд Октябрийг сандлаар цохиогүй. Уг сандал төмөр сандал байсан тул Октябрь ах гараараа хаасан бол гарыг нь хугалах байсан. Би тухайн өдөр сандлаар Октябрь ахыг цохиогүй харин сандлыг нь өшиглөчихөөд гарсан. Намайг анчин гээд ярихаар үгүйсгээд байсан тул бид нар инээдэм хийгээд өнгөрч байсан. П.Октябрь ах бид нарын хооронл хувийн таарамжгүй харьцаа бол байхгүй Октябрь ахынх манайх хоёр маш олон жил айл хөрш явсан ба ах дүүс шиг болсон хүмүүс юм. Тухайн өдөр намайг энхэрийнхээ хамтаар Октябрь ахынд оролгүй Балжинням гэх айлд орсонд Октябрь ах гомдож над руу ууралсанаас анх маргаан үүсэж уг хэрэг гарсан. Тухайн өдөр архи уусан байсан боловч болсон үйл явдлаа сайн санаж байна. Миний ярьсан зүйл үнэн. Би П.Октябрь ахыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан буруугаа ойлгож маш их харамсаж байна. Би Октябрь ахаас уучлалт гуйж хохирол бүрэн  барагдуулсан. Би хийсэн хэрэгтэй маш их харамсаж гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй байж чадна надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх /хх-ийн 33 тал/ мэдүүлгүүд болно.

 

            Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Д.Пүрэвдаваа нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 29 дүгээр байрны 1-03 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч П.Октябрыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч П.Октябрь, гэрч Б.Балжинням, Н.Туяа, Ч.Гүрбадар, У.Нордог, Ц.Алимаа, О.Энхманлай, О.Ариунаа, О.Цэцэнбилэг, Ж.Алтангэрэл, Б.Пүрэвжав, шинжээч Н.Одбаяр нарын мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 177 дугаартай  шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлахад хохирогч, шүүгдэгч нар өмнө нь бие биеэ таньдаг байсан байх бөгөөд хохирогч  нь “...эхлээд манайд золгосонгүй, ...чи их том болжээ, угаадсандаа цаджээ, баян хүн зугуйддаг болоо юу...” гэж хэлснээс маргаан эхэлж, улмаар шүүгдэгч нь хохирогчийг нүүр лүү 2-3 удаа, цээжнийх нь зүүн хэсэг рүү 2-3 удаа өшиглөж зодсон, эрүүл мэндэд нь хүнд /зүүн 3,7,8,9 дүгээр хавирны битүү хугарал, цээжний зүүн талын хөндийд цус, агаар хуралт, зүүн уушигны авчилт, цээжний зүүн талын арьсан доор хий хуралт, хамар ясны хугарал, муруйлт, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун тохойн үений дотно хэсэгт цус хуралт/ гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ. 

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Пүрэвдаваагийн бусдын бие махбодид хүнд гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

            2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус тус хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулах шаардлага үүссэн болно.

            2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байх ба ялын санкц нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр өмнөх хуулиас хөнгөрсөн байх тул 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Д.Пүрэвдаваагийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Иймд шүүгдэгч Д.Пүрэвдааг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

            Хохирогч П.Октябрт хохиролд тооцож 2.100.000 төгрөг төлсөн болох нь хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч П.Октябрын гаргаж өгсөн “Пүрэвдаваа нь надаас уучлалт гуйж миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, цаашид нэхэмжлэх хохирол байхгүй. Бид хоёр бүрэн эвлэрсэн тул Пүрэвдаваад гомдолгүй” гэсэн тодорхойлолтоор нотлогдож байгаа тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзлээ.

              Шүүгдэгч Д.Пүрэвдаваа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Шүүхээс шүүгдэгч Д.Пүрэвдаваад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...учруулсан хохирлыг төлсөн”, гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан үзээд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу хуульд заасан ялыг хөнгөрүүлөх боломжтой гэж дүгнэсэн болно.  

        Шүүгдэгч Д.Пүрэвдаваад хорих ял оногдуулсантай холбогдуулан түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пүрэвдаваад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

          2. Шүүгдэгч Шавгууд овгийн Даржаагийн Пүрэвдавааг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         3. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдаваад 1 /нэг/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй. 

          4. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдаваад оногдуулсан 1 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

      5. Эрүүгийн 201720000100 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдаваад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА