Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 00002

 

А.Ц хүсэлттэй

 иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч Б.Болор-Эрдэнэ  даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2019 оны  11 дүгээр сарын 25-ны  өдрийн 131/ШШ2019/00852  дугаар  шийдвэртэй

            Нэхэмжлэгч   А.Цын  нэхэмжлэлтэй              

               Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт прокурор В.Дэлгэрмаагийн давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогоо, прокурор В.Дэлгэрмаа,  нарийн бичгийн дарга   В.Ундрах-Оргил  нар оролцов.

Хүсэлт гаргагч А.Цаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний эцэг С.Гнь 1949 оны 05 сарын 03-ны өдрийн 33-р тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хилсээр ял шийтгүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 10 сарын 12-ны өдрийн 341 тогтоолоор цагаатгасан.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж байна. 40.000.000 төгрөгийн нөхөх олговрыг хуульд заасны дагуу шийдвэр гаргаж өгнө үү  гэжээ. 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогоо анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний эх А.Ц нь 80 настай, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р багт оршин суудаг. Түүний эцэг С.Гнь улс төрийн хилс хэргээр хорих ял шийтгүүлж, 1998 онд цагаатгагдсан юм. Иймд хуульд заасан нөхөх олговор гаргуулахаар хандсан. А.Цаас өөр төрсөн ах, эгч, дүү байхгүй тул миний ээж энэ мөнгийг нэхэмжилж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг удирдлага болгон төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Иргэн А.Ц нь хэлмэгдэгч С.Г төрсөн охин болох нь шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан архивын лавлагаа, Улсын дээд шүүхийн магадлал, цагаатгалын үнэмлэх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д зааснаар нөхөх олговор 40 сая төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэв.

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн тасгаас 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч А.Цд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэсэн саналыг гаргасан хэдий ч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар эүйлийн 13.2-т: Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговорыг олгоно гэж заасан нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан хэлмэгдэгчдэд гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгасан эсэхийг нь харгалзан нөхөх олговор олгох тухай зохицуулалт биш болохыг дурьдах нь зүйтэй байна" гэж дүгнэж шийдвэрлэжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд. хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгохоор заасан байгаа.

Хуулийн 23.1-д Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Ц хувьд түүний эцэг болох С.Гнь 1949 онд хилс хэрэгт хэлмэгдэх явцдаа ямар нэгэн эд, хөрөнгө гэр орон сууцаа хураалгасан баримт байхгүй буюу хураалгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүхээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээд эд хөрөнгөө хураалгаагүй нь түүнд нөхөн олговор олгохоос татгалзах үндэслэл биш буюу хэлмэгдсэн хүн бүрт олгохоор дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь илтэд үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг удирдлага болгон Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2019/00852 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Ц нь Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багт оршин сууж  байсан Сэнгэдорж овогтой Гончигдорж нь  “…нам засгийн удирдагч нар Тариалан нэгдлийг бүрмөсөн мартсан учир нэгдлийн ажил унаж байна.  Таван жилийн төлөвлөгөө нь  хэцүү бөгөөд энэ нь оросын заавар учир бид зовно. Мөн энэ нь эв хамтад орж бидний өмч хөрөнгийг үгүй болгох төлөвлөгөө юм. Автономитын үед торго эдэлж байсан бол одоо цоохор даавуунаас өөр зүйл олдохгүй байна…”  гэж  цуурхан нам засгийн ажил явуулгын эсрэг үг яриа ярьж байсан хэрэгт холбогдож  Баянхонгор аймгийн шүүхийн  1949 оны 5 дугаар сарын  03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор С.Гнь Монгол улсын Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.  

Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр цагаатгах тогтоолоор С.Г  Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлгүй тул Баянхонгор аймгийн шүүхийн  1949 оны 5 дугаар сарын  03-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, С.Г цагаатгасан байна. А.Цд 2019 оны 2 дугаар сарын 22-ний өдөр 837 дугаартай цагаатгалын үнэмлэх олгогджээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2019/00637 дугаар шийдвэрээр А.Цыг  хэлмэгдэгч С.Г төрсөн охин болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Прокурор В.Дэлгэрмаагаас гаргасан гомдолдоо нэхэмжлэгч А.Ц хувьд түүний эцэг болох С.Гнь 1949 онд хилж хэрэгт хэлмэгдэх явцдаа ямар нэгэн эд хөрөнгө, гэр орон сууцаа хураалгасан баримт байхгүй буюу  хураалгаагүй болох нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүхээс улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэж цагаатгагдсан этгээдэд  буюу хэлмэгдсэн хүн бүрт  нөхөх олговор олгож болно гэж үзэж  шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэр илтэд үндэслэлгүй байна  гэж үзэж  гомдол гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох  нөхөх олговорын хэмжээг  тодорхойлохдоо  хуулийн 13 дугаар зүйлийн 13.2- дахь хэсэгт зааснаар “..Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид  дараахь  нөхөх олговрыг  доор дурдсанаар олгоно…”   гэж,  мөн хуулийн  23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар  “…Улс төрийн хилс хэрэгт  шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно…”  гэж тус тус заажээ. 

Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөх олговор 40.000.000  төгрөгийг авах эрх үүсэх үндэслэл нь хэлмэгдэгч болон түүний үлдэж байгаа ар гэр нь  хэлмэгдүүлэлтийн явцад  эзэмшиж байсан гэр, орон сууцаа хураалгуулж,  одоо хүртэл төрөөс болон  орон нутгийн засаг даргаас гэр, орон сууц аваагүй  нөхцөлд хэрэгжих хуулийн зохицуулалт  байтал  хэлмэгдэгчийн  нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй  хүн болгонд   олгоно  гэж   шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл хэлмэгдэгч Сэнгэдоржийн Гончигдорж нь Баянхонгор аймгийн шүүхийн  1949 оны 5 дугаар сарын  03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 7 жилийн хорих ялаар шийтгүүлж  байх явцдаа эзэмшиж байсан гэр, орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл төрөөс болон орон нутгийн засаг даргаас гэр, орон сууц аваагүй талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул дөчин сая төгрөгийг  нэхэмжлэх эрхгүй юм.

Харин С.Гончигдож нь 1949 онд Баянхонгор аймгийн шүүхээр шийтгүүлэх явцдаа эзэмшиж байсан гэр, орон сууцаа хураалгуулж  байсан тухай  баримт нотолгоо байхгүй, тогтоогдохгүй байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар дөчин сая төгрөгийг гаргуулж олгох үндэслэлгүй  байна.  

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокурорын шүүх хуралдаан дээр гаргасан  дүгнэлтийг,  мөн хэрэгт авагдсан сонины зар зэргийг үндэслэж  хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй болохыг анхаарах шаардлагатай. Иймд прокурорын гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Ц нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгох үндэстэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 11 дүгээр сарын 25-ны  өдрийн 131/ШШ2019/00852 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай А.Ц нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.         

2. Прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ                                     

                                  ШҮҮГЧ                                                 Б.БОЛОРЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                           Д.ЭРДЭНЭБИЛЭГ    

                                                                                             Г.УЛАМБАЯР