Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

                                                                                                          

Л.Г*******, Б.Н*******, Б.Д*******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Л.Г*******, Б.Н*******, Б.Д*******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Цэнгүүн, Ч.Ожаргал

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г*******ийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Г*******, Б.Н*******, Б.Д******* нарт холбогдох 2215000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 С овогт Л Г*******, Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын *** дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Х овогт Б Д*******, Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Булган аймгийн Сайхан * дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Монгол овогт Бямбасүрэнгийн Н*******, Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын ** дүгээр багт оршин суух бүртгэлтэй ял шийтгэлгүй,

   Л.Г*******, Б.Н*******, Б.Д******* нар 2022 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчим бүлэглэн Булган аймгийн Сайхан сумын ** дугаар баг Салхит гэх газар оршин суух иргэн Л.О 96 тооны хонийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймгийн прокурорын газраас Л.Г*******, Б.Н*******, Б.Д******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч С овогт Л Г*******, Х овогт Б Д*******, Монгол овогт Бямбасүрэнгийн Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г*******, Б.Н******* нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д*******д хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г*******, Б.Н******* нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнсэж, хянан хүмүүжүүлсэн хугацаанд шүүгдэгч Б.Д*******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хүмүүжүүлэх үүргийг Булган аймаг дахь Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д*******д сануулж,

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Г*******, Б.Д*******, Б.Н******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Л.Г*******, Б.Н******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Г******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н******* нь ахаа би хүнд өртэй зогсоо зайгүй мөнгө нэхээд залгаад байна, мөнгөний хэрэгтэй байна, хамт яваад өгөөч гээд гуйгаад байсан. Харин би Н*******т чи яах гээд байгаа юм болохгүй шүү дээ, эгчийн чинь бие муу байна, эгчийг чинь орой үдэш орхиж явж болохгүй гэж хэлсэн боловч явахдаа зүгээр хамт ханьтай яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Би О гадаа очсон ба Н******* намайг “Хонины хашаа онгойлгоорой гэхээр нь би ер нь би болилоо гэж хэлээд холдоод явсан ба гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан. Н******* нь хонины хашааны хаалгыг өөрөө онгойлгоход нохой нь хуцаад ирсэн бөгөөд үүнээс болж хонинууд үргээд тараад алга болсон. Тэгэхээр нь Д******* бид 2 хонинуудыг нь буцаад хашаанд нь хийх санаатай нааш нь туусан. Түүнээс О ярьсан шиг 500 м газар туусан асуудал байхгүй. Нохой хуцсанаас болж хонь тарж алга болсон. Би гэмт хэрэг үйлдэхээр хамт явсан боловч очоод сайн дураараа татгалзсан, гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж байна. Миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г*******, Б.Н******* нарын хэлж байгаа үнэн, нэмж тайлбар байхгүй гэв.

            Шүүгдэгч Л.Г*******ийн өмгөөлөгч Э.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Л.Г*******ийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Н*******ын өмгөөлөгч Ч.Ожаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолын Б.Н*******т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Г*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Г*******, Б.Н*******, Б.Д******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

             Шүүгдэгч Л.Г*******, Б.Н*******, Б.Д******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчим бүлэглэн Булган аймгийн Сайхан сумын ** дугаар баг Салхит гэх газар оршин суух иргэн Л.О хоттой хониноос 96 тооны хонийг хулгайлсан болох нь шүүгдэгч Л.Г*******, Б.Н*******, Б.Д******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.О, гэрч О.Баянмөнх, Б.Анхзаяа нарын мөрдөн шалгах ажиллгааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

             Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

             Шүүгдэгч Л.Г******* нь “… би гэмт хэрэг үйлдэхээр хамт явсан боловч очоод сайн дураараа татгалзсан, гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж байна” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл түүнийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаа болон хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд анхан шатны шүүх түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

             Мөн шүүгдэгч Б.Н*******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Д*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүйгээс гадна шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ХҮРЭЛБААТАР

                                       ШҮҮГЧ                                             С.УРАНЧИМЭГ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН