Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/01258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 21 182/ШШ2024/01258

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЭТТ ХК холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч Б.А,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Б, Б.Ц,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А нь 2018 оноос эхлэн ЭТТ ХК-д хөдөлмөр аюулгүй байдлын ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023.04.19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Ажил олгогчийн зүгээс уурхайн Б талбайд 2023.04.03-ны өдөр компанийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан осолд дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулсан, тухайн зөрчилд холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1 дэх заалтыг зөрчсөн, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Б.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажлаас халсан тушаал нь хуульд нийцээгүй, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалыг дурдаагүй байна. Үйлдвэрлэлийн осол гаргахад хүргэсэн гэх боловч яг ямар осол гарсан, ямар үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй, тушаалаас харагдахгүй байна. Тухайн үед буюу 2023.04.03ны өдөр Мөнх-Эрдэнэ гэх тээвэр зохицуулагч залуу миний зөвшөөрөлгүйгээр **** УНЗ улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүй унаж яваад, нүүрс тээврийн автомашинуудыг ачилтад оруулах зохицуулалт хийж байхдаа ухарч байгаад гадны байгууллагын нүүрс, тээврийн хэрэгслийг мөргөсөн тохиолдол гарсан байгаа. Тэр үед би газар дээр нь танилцаад гэрээт замын цагдааг дуудаж, хамтарч үзлэг хийсэн бөгөөд үзлэг хийхэд машины эд хөрөнгө, машин техникт учирсан хохирол байхгүй байсан. Хоёр жолоочийг байлгаж байгаад газар дээр нь үзлэг хийгээд гомдол саналгүй гэж хэлсэн учраас ажлаа хэвийн үргэлжлүүлсэн юм. Тэгээд би 4 цагийн дараа ажлаасаа буусан бөгөөд энэ талаар дараагийн ээлжийн ажилтан Ад утсаар мэдэгдсэн юм. Миний хувьд цааш шуурхай удирдлагад мэдэгдэх үүрэг байхгүй бөгөөд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, нууж дарагдуулсан зүйл байхгүй.

 

Хууль зүйн үндэслэлийн хувьд, 1992 оны Үндсэн хуулийн хавсралт хууль байгаа. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 3т БНМАУын Засгийн газрын бүрэн эрх УИХаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. 1992 оны 07 сард шинэ Засгийн газар байгуулагдсан бөгөөд БНМАУын Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болсон гэсэн үг бөгөөд хуулиар тусгайлан олгосон онцгой эрх мөн адил хүчингүй болно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3т Монгол улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно гэсэн байна. Тийм учраас хариуцагч нь 1991 оны БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хүчингүй болсон хуулийг хүчин төгөлдөр мэтээр ашиглаж, ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, энэ агуулгаар хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны аль нэг үндэслэлийг тушаалд баримтлах учиртай. Улмаар хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны гаргасан зөрчлийн талаар өөрт нь танилцуулах, тайлбар авах зэрэг ажиллагааг огт хийсэнгүй. Зөрчил гарсан гэдэг өдөр байгууллагад тухайн зөрчлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй. Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх хэмжээнд хүрсэн ноцтой зөрчил гаргаагүй, журмыг зөрчөөгүй, ажил саадгүй үргэлжилсэн байгаа. Иймд Б.А намайг урьд эрхэлж байсан Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газраас ЭТТ ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхийг БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гдад даалгасан. БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгосон зүйл байхгүй. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, хууль тогтоомжоор шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тусгайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллах эрхийн хүрээнд зарим тушаалыг гаргасан. Тухайлбал, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022.11.02-ны өдөр хариуцлагыг сайжуруулж ажиллах тухай А/683 дугаар тушаал, 2023.03.22-ны өдрийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дүгээр тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгосон. Энэ тушаалуудыг Б.А танилцсан бөгөөд өөрийн үйл ажиллагаанд удирдлага болгон ажиллах үүрэгтэй.

 

Б.Аг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд компанийн уурхайн Б талбайд 2023.04.03ны өдөр компанийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан осол дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулсан, тухайн зөрчилд холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг судлан бүртгэх журмын 3.1д заасныг зөрчиж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлийг заасан бөгөөд энэ үндэслэл, зөрчил нь баримтаар тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн өдөр компанийн ажилтан МөнхЭрдэнэ нь нэхэмжлэгч Б. ажлын хэрэгцээнд унадаг LV033 маркийн, **** УНЗ улсын дугаартай автомашиныг түүний зөвшөөрөлгүй уурхайн талбайд унаж яваад Их Уран ХХКийн нүүрс тээврийн 7030 УБП улсын дугаартай автомашиныг мөргөж осол дөхсөн тохиолдол гаргасан, үүний улмаас компанийн машинд 100,000 төгрөгийн хохирол учирсан, мөн нөгөө машинд бас хохирол учирсан байгаа. Энэ осол дөхсөн тохиолдлыг Б.А очиж үзсэн, цагдаа дуудаж арга хэмжээ авсан гэх боловч энэ талаарх баримт байдаггүй, шуурхай удирдлагын газарт огт мэдэгдээгүй, журам зөрчсөн байсан. Тухайн үедээ мөргүүлсөн машин дугаараас гарсан учир дугаарыг нь зохицуулж өгөхөөр, мөн хохирлын мөнгийг нь төлөхөөр тохиролцсон юм байна лээ. Гэтэл тухайн машины дугаарыг зохицуулж өгөөгүй, хохирол мөнгийг төлж барагдуулаагүй шалтгаанаар жолооч нь гомдол гаргаж, 2023.04.05ны өдөр манай байгууллага Дотоодын цэргийн 810 дугаар ангийн замын цагдаагийн ахмад Нс мэдсэн байдаг. Ингээд байгууллага дотроо Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг судлан бүртгэх журамд зааснаар судалгааны тайланг 2023.04.08ны өдөр гаргасан байдаг ба, үүнтэй холбоотой зарим хүмүүсээс тайлбар авсан байдаг юм.

 

Эндээс Б.А нь хөдөлмөрийн сахилга хариуцлага алдсан, осол дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулсан, арга хэмжээ аваагүй, журмын 3.1 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа. Иймд түүнийг ажлаас чөлөөлсөн болно. Онцгой дэглэм тогтоосон үед хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримтлахгүй юм. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

 

 

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

 

Иргэний үнэмлэх, 2023.04.18ны өдрийн Б/231 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2023.05.19, 2024.03.18ны өдрүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.05.19ний өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.26ны өдрийн 6752 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2023.06.16ны өдрийн 177 дугаар гомдол хянан шийдвэрлэх тухай шүүхийн тогтоол, 2023.06.07ны өдрийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл зэргийг,

 

 

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирын 2021.10.12ны өдрийн Б/1264 тоот ажилд томилох тухай тушаал, 2023.04.18ны өдрийн Б/231 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2023.04.06ны өдрийн 03/178 тоот албан бичиг, сахилгын зөрчлийн хуудас, 2022.03.01ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Монгол улсын Их хурлын 2023.04.21ний өдрийн 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2023.03.22ны өдрийн А/89 тоот тушаал, 2022.10.21ний өдрийн А/80 тоот тушаал, хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам, хавсралт, 2023.04.08ны өдрийн судалгааны тайлан, хавсралт, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2022.08.31ний өдрийн А/61 тоот тушаал, хавсралт зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

 

 

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

 

Тус шүүхийн 2024.02.29ний өдрийн 3998 дугаар шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9д зааснаар Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол, ЭТТ ХКийн гүйцэтгэх захирлын 2022 оны А/683 дугаар тушаал, тушаалуудыг нэхэмжлэгч Б.Ад танилцуулсан тухай баримт зэргийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч ЭТТ ХКнд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, Үндсэн хуулийн хавсралт хуулиар БНМАУын Засгийн газрын бүрэн эрх нь шинэ Засгийн газар байгуулагдсанаар дуусгавар болох учиртай, улмаар БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болох агуулгатай байна, гэтэл хариуцагч нь хүчингүй болсон хуулийг хүчинтэй мэт үзэж тус хууль болон Засгийн газрын 385 дугаар тогтоолыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм, би 2023.04.03ны өдрийн уурхайн Б бүсэд гарсан осолд дөхсөн тохиолдлын талаар газар дээр нь очиж, цагдаа болон холбогдох хүмүүсийг дуудаж шалгалт, зохицуулалтыг хийсэн, ажил хэвийн үргэлжилсэн, үүнийг ямар нэгэн байдлаар нуун дарагдуулсан зүйл байхгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1д зааснаар надад шуурхай удирдлагын хэлтэст мэдэгдэх үүрэг байхгүй, тийм болохоор журам зөрчөөгүй, ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй, байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй тул ажилдаа эргэн орох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

 

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...1991 оны БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгоогүй, тус хуульд зааснаар чухал шаардлагатай үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоож арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгосны дагуу Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тусгайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэн ажиллаж байгаа, харин нэхэмжлэгч Б.А нь энэ хүрээнд гаргасан А/89, А/683 дугаар тушаалууд, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1д заасныг зөрчиж, уурхайн Б бүсэд гарсан осолд дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулж, хариу арга хэмжээ аваагүй болох нь судалгааны тайлангаар тогтоогдсон учир түүнийг ажлаас нь чөлөөлсөн, энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлагагүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

 

 

3.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.10.12-ны өдрийн Б/1264 дүгээр тушаалаар Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр томилогдон ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд заасан ажилтны эрх үүргийг, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах, аюулгүй ажлын байр бий болгох, аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцлөөр хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлийг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллажээ.

 

 

 

Зохигчид 2023.01.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба, хөдөлмөрийн гэрээний 1.2.6-д заасан 2,504,700 төгрөгийн цалин хөлсний хэмжээг 3,506,580 төгрөг болгон өөрчилж, энэхүү нэмэлт өөрчлөлт нь М/2022/0206 тоот хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болж, үндсэн гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр байхаар тохиролцсон байна.

 

 

 

Улмаар нэхэмжлэгч Б.А нь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.04.18-ны өдрийн Б/231 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, хариуцагч ЭТТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч Б.Ад 2023.04.24-ний өдөр танилцуулж, хүлээлгэн өгсөн, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлсний тооцоог хийсэн талаар зохигчид маргаангүй.

 

 

 

4.Хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаалдаа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6, Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 2022.11.02-ны өдрийн хариуцлагыг сайжруулах тухай А/683 дугаар тушаалын 1, 2023.03.22-ны өдрийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай А/89 дүгээр тушаалын 3.1, 3.3, 3.6, 3.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон,

 

Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.А нь компанийн уурхайн Б талбайд 2023.04.03-ны өдөр компанийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан осол дөхсөн тохиолдлыг нуун дарагдуулсан, тухайн зөрчилд холбогдох хариу арга хэмжээг авч ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3.1 дэх заалтыг зөрчсөн эрэхлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан... гэх үндэслэлийг заажээ.

 

 

 

1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж,

 

2 дугаар зүйлд Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 6/ тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх гэж заасан.

 

 

 

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ЭТТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, уг тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ЭТТ ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож,

 

онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилжээ.

 

 

 

5.Уг тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй осол ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гдад даалгасан, уг онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан ба, энэхүү хугацаа 2023.10.21ний өдөр дуусгавар болсон хэдий ч Засгийн газрын 2023.11.29-ний өрийн 424 дүгээр тогтоолоор ЭТТ ХК-нд дахин 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гдыг томилсон байна. /https://legalinfo.mn/mn сайт/

 

 

 

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гд нь 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6, 2022 оны Засгийн газрын 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаалыг гаргаж хариуцлагыг сайжруулах арга хэмжээ, 2023.03.22-ны өдрийн А/89 дүгээр тушаалыг гаргаж үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах арга хэмжээг тус тус авчээ.

 

 

 

Өөрөөр хэлбэл, 2022 оны А/683 дугаар тушаалын 1-д ...компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний хайгуул, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг компанийн нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудад үүрэг болгосугай гэж,

 

2023 оны А/89 дүгээр тушаалын 3 дугаар зүйлд компанийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор доорх хэм хэмжээг сахин биелүүлэхийг нийт ажилтнуудад үүрэг болгосугай гэж, 3.1-д ажилтнууд ажил үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, заавар, горимтой танилцаж, сайтар судлан, ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээ биелүүлэх,

 

3.3-т компанийн өмч хөрөнгө, техник тоног төхөөрөмж, эд материал, мэдээ мэдээллийг албан бус зорилгоор ашиглахгүй, ажлын цагаар хувийн ажлыг хийхгүй байх,

 

3.6-д уурхайн уулын ажлын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талбай болон нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сахилга хариуцлагыг чангатгаж, үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдол гаргахаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг мөрдөж ажиллах,

 

3.7-д үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлт, хөдөлмөрийн сахилга хариуцлага, зохион байгуулалтын хүрээнд компанийн хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн байнгын бэлэн байдлыг алдагдуулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

 

 

Хариуцагч ЭТТ ХК нь дээрх тушаалуудыг 2022.11.03-ны өдөр нийт ажилтнуудад болон нэхэмжлэгч Б.Ад танилцуулсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, тушаал танилцуулсан тухай сургалтын бүртгэлийн хуудсаар тогтоогдсон ба, нийт ажилтнууд нь А/683, А/89 тоот тушаалуудын дээр дурдсан заалтуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

 

 

 

6.Хариуцагч ЭТТ ХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журамд заасны дагуу 2023.04.05, 06-ны өдрүүдэд уурхайн Б талбайд гарсан осолд дөхсөн тохиолдлын талаар холбогдох хүмүүсээс тайлбар авч, 2023.04.08-ны өдөр судалгааны тайланг гаргасан байх ба, уг судалгааны тайлан, хавсралт баримтуудаар 2023.04.03-ны өдөр буюу шөнийн 01-02 цаг орчмын үед уурхайн тээвэр зохицуулагч Н.Мөнх-Эрдэнэ нь тээврийн байрны гадна зогсоол дээр байсан, ХАБ-ын ажилтан Б.Ан ажлын хэрэгцээнд унаж ашигладаг, LV033 маркийн, **** УНЗ улсын дугаартай автомашиныг түүний зөвшөөрөлгүй унаж явсан. Тэрээр уурхайн Б талбайн 3 дугаар хайрцгаас нүүрс тээврийн автомашинуудыг ачилтад оруулах зохицуулалт хийж байхдаа ухрах үйлдэл хийж Их Уран ХХК-ийн нүүрс тээврийн, Howo маркийн, 7030 УБП улсын дугаартай автомашиныг буруу, урд тал руу ухарч мөргөсөн осолд дөхсөн тохиолдол гаргасныг тогтоожээ.

 

 

 

Үүний улмаас Ноwo маркийн автомашинд гишгүүр ком, баруун урд хаалга, урд буфер, буферийн суурь төмөр, баруун урд багана, баруун урд гэрэл хагарсан зэргээр Хас үнэлгээ ХХК-ийн тайлангаар 1,000,000 төгрөгийн хохирол учирсан, харин хариуцагч байгууллагын автомашинд нэмэлт цацруулагч гэмтэж 100,000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ талаар нэхэмжлэгч Б.А нь шуурхай удирдлагын хэлтэст мэдэгдээгүй байх ба, хариуцагч ЭТТ ХК нь 2023.04.04-ний өдөр Дотоодын цэргийн 810 дугаар ангийн замын цагдаагийн ахмад П.Намчинбатаар дамжуулж, уг ослын талаар буюу дуудлага, мэдээлэл өгөөгүй талаар олж мэдсэн болох нь тус тайлан, хавсралт болох Б.Ан мэдэгдлийн хуудас, ХАББОГ-ын дарга Г.Сэржхоролын тайлбар, ХАБ-ын ахлах мэргэжилтэн Г.Манлайгийн тайлбар, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад П.Начинбатын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

 

 

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.А нь дурдсан осолд дөхсөн тохиолдлын талаар шуурхай удирдлагын хэлтэст мэдэгдээгүйн улмаас судалгааны тайлан тухайн үедээ гараагүй, харин сүүлд буюу 2023.04.08-ны өдөр гарсан байх ба, уг судалгааны тайланд ХАБ-ын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг ХАБ-ын мэргэжилтэн өөрөө зөрчсөн нь маш том эрсдэлтэй тул Б.Аг ХАБ-ын мэргэжилтнээр ажиллуулахгүй байх, арга хэмжээ авах тухай саналыг дурдсан, улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2023.04.06-ны өдрийн 03/178 тоот албан бичиг, ажилтны сахилгын зөрчлийн хуудсаар Б.Ан үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20% бууруулах саналыг Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анунд гаргасан байна.

 

 

 

7.Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т осолд дөхсөн тохиолдол гэж хүн гэмтээгүй, техник тоног төхөөрөмж эвдрэл гараагүй хохирол учруулах дөхсөн тохиолдлыг хэлнэ,

 

3 дугаар зүйлийн 3.1-д ЭТТ ХК-ийн ажилтан, гэрээт компани, тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчид нь үйлдвэрийн осол, хурц хордлого, ОДТ, гэмтэл, ӨЭ, гал түймэр, байгаль орчны хохирлыг өөрийн нэгжийн удирдлагад болон ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэнд, шуурхай удирдлагын хэлтэст нэн даруй радио станц болон гар утсаар мэдэгдэнэ, 3.5-д ЭТТ ХК болон гэрээт компаниудын ХАБ хариуцсан ажилтан нь гуравдугаар хавсралт дахь Сэрэмжлүүлгийн хуудас-ыг 12 цагийн дотор боловсруулан Шуурхай удирдлагын хэлтэст цахим хэлбэрээр мэдээлнэ,

 

4 дүгээр зүйлийн 4.2-т ЭТТ ХК болон гэрээт, түүний туслан гүйцэтгэгч компаниудын шууд удирдах ажилтан, ХАБ хариуцсан ажилтан нар нь дараах тохиолдолд урьдчилсан мэдэгдэл, сэрэмжлүүлгийн хуудсыг хөтөлнө. Үүнд: 4.2.3-т Осолд дөхсөн тохиолдол, 4.2.5-д өмчийн эвдрэл гэж,

 

4.5.1-д осолд дөхсөн тохиолдол/эрсдэлийн үр дагавар маш бага буюу хүний бие эрхтэн гэмтэж бэртээгүй үед сэрэмжлүүлгийн хуудсаар тохиолдлыг хааж болно. Харин бага болон түүнээс дээш үр дагаврын зэрэглэлд хамаарсан тохиолдлыг ХАБЭАХ-ийн шийдвэрээр судалгааны тайлан хийнэ гэж,

 

4.5.2-т Өмчийн эвдрэл/эрсдэлийн үр дагавар маш бага буюу эд материалын хохиролгүй, бүтээлд нөлөөлөөгүй үед сэрэмжлүүлгийн хуудсаар тохиолдлыг хааж болно. Харин бага болон түүний дээш хэмжээний эд хөрөнгийн хохирол гарсан тохиолдолд ХАБЭАХ-ийн шийдвэрээр судалгааны тайлан хийнэ гэж тус тус зохицуулсан.

 

 

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.А нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан осолд дөхсөн тохиолдол буюу 2023.04.08-ны өдөр уурхайн тээвэр зохицуулагч Н.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгчийн ажлын хэрэгцээнд унадаг LV033 маркийн, **** УНЗ улсын дугаартай автомашиныг унаж яваад Б талбайд зохицуулалт хийж байхдаа ухрах үйлдэл хийж Их Уран ХХК-ийн нүүрс тээврийн, Howo маркийн, 7030 УБП улсын дугаартай автомашиныг буруу, урд тал руу ухарч мөргөсөн осолд дөхсөн тохиолдол гарсан талаар тус журмын 3 дугаар зүйлийн 3.1, 4.2.3, 4.2.5, хавсралт болох процессын зураглалын дагуу мэдээллийг хүлээн авч, дуудлагын газар очиж, холбогдох баримтыг цуглуулж, мэдэгдлийн хуудсыг бөглүүлж авах, сэрэмжлүүлгийн хуудсыг бэлтгэж, шуурхай удирдлагын хэлтэст мэдэгдэх үүрэгтэй байх ба, улмаар журмын 4.5.1, 4.5.2-т зааснаар сэрэмжлүүлгийн хуудсаар тохиолдлыг хаах, эсхүл ХАБЭАХ-ийн шийдвэрээр судалгааны тайлан хийж, тухайн тохиолдолтой холбоотой процесс ажиллагааг дуусгах учиртай байжээ.

 

 

 

Харин нэхэмжлэгч Б.А нь энэ үүргээ бүрэн биелүүлээгүй, тэрээр ...ослын газарт очиж, цагдаа дуудаж, холбогдох хүмүүсийг байлцуулж, асуудлыг зохицуулсан, ажил хэвийн үргэлжилсэн, ээлж буусан учраас энэ талаар дараагийн ажилтан болох н.Атарсайханд мэдэгдсэн, байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй... гэж тайлбарлах боловч энэ нь хариуцагч байгууллагын дээр дурдсан судалгааны тайлан, түүний хавсралт болох холбогдох хүмүүсийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

8.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 6, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлийн 3.2 зааснаар онцгой дэглэмийн хугацаанд компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоож, Засгийн газраас олгосон эрх хэмжээний хүрээнд, дээр дурдсан А/683, А/89 тоот тушаалуудыг гаргаж, нийт ажилтнуудад танилцуулан, дагаж мөрдүүлсэн байх ба, нэхэмжлэгч Б.А нь ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг хэсгийн 3 дугаар зорилтын 8, 9-д заасан осолд дөхсөн тохиолдол бүрийг бүртгэх..., осол, зөрчлийг сэрэмжлүүлэх хуудсаар бусад хэсэг нэгжид өгч, шаардлагатай үед сургалт танилцуулах явуулах чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг баримтлаагүй, осолд дөхсөн тохиолдлыг журмын дагуу мэдээлээгүй, 2022 оны А/683 дугаар тушаалын 1, 2023 оны А/89 дүгээр тушаалын 3 дугаар зүйлийн 3.1, 3.6, 3.7-д заасныг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь нэгэнт тогтоогдсон, энэ үндэслэлээр хариуцагч ЭТТ ХК түүнийг 2023.04.18-ны өдрийн Б/231 тоот тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

Учир нь онцгой дэглэм нь тухайн компанид тусад нь тогтоосон онцгой харилцаа байх ба, компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоох, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль буюу нийтлэг баримталдаг хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж үзэхээр байна. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан ... тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, Үндсэн хуулийн хавсралт хуулиар БНМАУын Засгийн газрын бүрэн эрх нь шинэ Засгийн газар байгуулагдсанаар дуусгавар болох учиртай, улмаар БНМАУын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болох агуулгатай байна, гэтэл хариуцагч нь хүчингүй болсон хуулийг хүчинтэй мэт үзэж тушаалд удирдлага болгон ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй... гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй болно.

 

 

 

9.Тодруулбал, 1992 оны Үндсэн хуулийн хавсралт хуулиар БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай асуудлыг зохицуулсан байх ба, тус хуулийн нэгдүгээр зүйлийн 3-т зааснаар БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх Улсын Их хурлаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, тавдугаар зүйлийн 1-д зааснаар Монгол улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө, 3-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно гэжээ. Энэхүү заалтуудаас үзвэл, 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон ямар нэгэн эрхийн акт гараагүй, уг хууль нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир Монгол улсын Засгийн газар уг хуулийн дагуу ЭТТ ХК-нд онцгой дэглэм тогтоосон гэж үзэхээр байна.

 

 

 

Иймд Б.Аг урьд эрхэлж байсан Салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтны ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

 

 

10.Нэхэмжлэгч Б.А нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

11.Хариуцагч талаас гарган өгсөн гүйцэтгэх захирлын 2022.07.01-ний өдрийн А/394 дүгээр тушаал, компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын захирлын 2022.08.31-ний өдрийн А/61 дүгээр тушаал, шуурхай удирдлагын хэлтсийн автомашины үйлчилгээг зохицуулах журам, хавсралт гэсэн баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7д зааснаар ЭТТ ХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.Ан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар нэхэмжлэгч Б.А нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА