Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 57

 

                                         

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

         Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,  

         Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

        Шүүгдэгч: Н.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Нямаагийн Баттөмөрт холбогдох 201720000161 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1961 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тус аймгийн Улаангом сумын 3 дугаар 7-9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй. Регистрийн дугаар /ОЮ61050471/ Борлууд овогт Нямаагийн Баттөмөр.

             Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Н.Баттөмөр нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг “Өнгөт” гэх газарт Т.Нямжавыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

            1. Хохирогч Т.Нямжавын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 3 дугаар сард би Увс аймгийн Тэс сумаас Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Би Улаанбаатар хотод очоод ажил хийж байгаад Увс аймаг руу буцаж явахаар болоод 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 09:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төв дээр очиж Увс аймаг руу явах унаа хайсан. Би Увс аймаг руу явах унаа, машин хайж яваад Увс аймгийн харъяат Улаанаа гэх залуутай таарсан бөгөөд тэр залуу 2017 оны 5 дугаар сарын 11-ний орой Ланд крузер маркийн автомашинаар Увс аймаг руу явна гэж зарлал гаргасан байсан. Би Улаанаа гэх залуугийн машинд суугаад Увс аймаг руу явахаар ярьж тохирчихоод гадуур явж байтал өдөр 15:00 цагийн орчимд Улаанаа над руу утсаар залгаж “Увс аймаг руу явах нэг том машин байна. Жолооч нь ганцаараа ачаа ачаад явах гэж байгаа юм шиг байна. Та энэ ахтай хамт хань болоод явах уу. Би Увс аймаг руу ачаа ачдаг машины зогсоол дээр байна. Та энд хүрээд ир” гэж хэлэхээр нь би Нарантуул захын автомашины зогсоол дээр очиж Улаанаатай уулзахад “Та энэ машинтай явчих гэж хэлээд ачааны машинтай нэг ах руу заасан. Би тэр ахтай уулзаж танилцахад Баттөмөр гэдэг жолооч байсан. Баттөмөр ах бид 2 оройны 22:00 цагийн орчимд Улаанбаатар хотод байдаг нэг гурилын үйлдвэрийн хашаанд очоод хоорондоо юм яриад сууж байтал Баттөмөр ах “Чи шивэртэй юу” гэж асуухаар нь би “Шивэртэй” гэж хэлэхэд Баттөмөр ах “Чи тэгвэл Баянмөнхийн машинд ороод унтчих” гэж хэлсэн. Тухайн үед тэр гурилын хашаанд манай Увс аймгийн харъяат Баянмөнх гэдэг жолооч бас машинтайгаа хамт хонож байсан. Тэгээд би Баттөмөр ахын машинаас буугаад Баянмөнхийн машинд сууж унтсан. Маргааш өдөр нь буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би 10:00 цагийн орчимд сэрэхэд Баттөмөр, Баянмөнх нар өөрсдийнхөө машинд гурил ачиж байсан. Тэгээд би тэр 2-той хамт ачаа ачсан бөгөөд бид нар ачаагаа ачиж дуусаад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 15:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос гараад Увс аймаг руу явсан. Улаанбаатар хотоос гарсан цагаас хойш 3 өдөр яваад 2017 оны 5 сарын 15-ны орой 23:00 цагийн орчимд Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Өнгөт гэх нэртэй газарт байрлах гэр гуанз дээр ирсэн. Тухайн үед Баттөмөр бид 2 архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд гуанз дээр ирж цай, унд уусны дараа Баттөмөр “Би машиндаа унтана” гэж хэлээд гараад явсан. Харин би гуанзны гэрт унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 06:00 цагийн орчимд Баттөмөр намайг дуудаж сэрээсэн. Баттөмөр нь нөмөрч унтаж байсан хөнжлийг хуу татаж аваад “Одоо явъя” гэж хэлэхээр нь би боссон бөгөөд намайг босоход тухайн гуанзан дээр танихгүй 2 жолооч бас ирсэн байсан. Намайг боссоны дараа шөнө ирсэн 2 жолооч 0,5 летрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг задлаад Баттөмөр бид хоёрт өгсөн. Баттөмөр бид 2 тухайн 2 хүнтэй хамт тэр 2-ын задалсан 1 шил архийг хувааж ууж дуусгасан. Эхний 1 шил архи дууссаны дараа нөгөө 2 жолооч дахин 0.5 летрийн Улаанбаатар нэртэй архи нэг шилийг задалсан. Бид 4 тэр архийг хувааж уугаад сууж байтал Баттөмөр надад “Чи архи уудаг хэн бэ” гэж хэлэхээр нь би “Чи мэддэг юмуу. Эргүү пизда” гэж хэлээд сууж байтал Баттөмөр баруун гараараа миний баруун нүдний хэсэг рүү 1 удаа цохисон. Баттөмөрт цохиулаад миний баруун нүдний хөмсөгний хэсгээс цус гарсан бөгөөд би Баттөмөрт “Муу алуурчин пизда” гэж хэлсэн. Тэрнээс болж Баттөмөр бид 2 хоорондоо маргаад гэрээс гарсан. Гэрээс гарсаны дараа Баттөмөр намайг цохих гээд дайраад байхаар нь би Баттөмөрөөс зугтсан. Баттөмөр миний араас хөөгөөд ойролцоогоор 200 метр орчим газар яваад буцсан бөгөөд би гуанзны гадна буцаж ирээд баруун хөмсөгний хэсгээс гарч байгаа цусыг угааж байтал Баттөмөр нь газарт хэвтэж байсан нарийн приүсс модыг аваад миний нуруу руу 2 удаа цохисон. Баттөмөр намайг модоор цохисны дараа би Баттөмөрөөс зугтаад хол очиж суусан. Гэтэл Баттөмөр машин руугаа яваад ойролцоогоор 50 сантиметр орчим урттай нарийн төмөр аваад над руу ирсэн. Би сууж байсан газраасаа босоод Баттөмөрөөс зугтах гээд цаашаа эргэх үед Баттөмөр нь гартаа барьж ирсэн төмрөөрөө миний зүүн гарын богтос ясны хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би Баттөмөрөөс зугтаж холдсон. Тэрнээс хойш Баттөмөр намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Баттөмөр нь намайг мод, төмрөөр цохиж, зодоод байхаар нь би Баттөмөрийг айлгая гэж бодоод “Би чамайг ална” гэж хэлчихээд гуанзны гэр лүү орсон. Би гуанзны гэрт ороод “Баттөмөр намайг төмрөөр цохиж гар гэмтээлээ. Би Баттөмөрийг  ална” гэж хэлээд хоолны тавиур дээр байсан хутгыг авсан. Гэтэл нэг хүн надад “Та хол замд явж байж хэрүүл, маргаан хийгээд хэрэггүй шүү дээ” гэж хэлэхээр нь би барьж авсан хутгаа тавиур дээр буцааж тавьсан. Би тэр хутгыг авч гэрээс гарсан, Баттөмөр лүү дайрсан зүйл огт байхгүй. Баттөмөр нь намайг цохиж, зодчихоод өөрийхөө машинд суугаад явчихсан. Харин би зам тосч байгаад замын машинд сууж Увс аймгийн Улаангом суманд ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би бага зэрэг архи уусан байсан. Гэхдээ би өөрийнхөө хэлж байгаа үг хийж байгаа үйлдэлээ бүрэн хянах чадвартай байсан би болсон үйл явдлыг тодорхой санаж байна. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баттөмөр нь мөн л бага зэрэг архи уусан байсан. Гэхдээ Баттөмөр нь өөрийнхөө хэлж байгаа үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан. Энэ хэргийн улмаас миний зүүн гарын богтос яс хугарч гэмтсэн. Мөн баруун хөмсөгний хэсэг задарч сорви тогтсон. Бас миний нуруугаар чилж өвддөг болсон. Би биедээ гэмтэл авсаны дараа албан ёсоор эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Гэхдээ өвчин намдаах зорилгоор эмийн сангаас эм тан худалдаж авч хэрэглэсэн мөн толгой болон гар нүүрний зураг авахуулсан. Миний баруун гарын богтос яс зөрүүтэй эдгэж байгаа. Хэрэв Н.Баттөмөр нь надад учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулах юм бол би эмчилгээ хийлгэмээр байна. Бас би гараа гэмтээсэнээс болж хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаагаар алдсан. Би эмчилгээний зардал болон бусад зардалд Н.Баттөмөрөөс нийт 1500000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ одоо надад ямар нэгэн хохирлын баримт байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

        2. Гэрч Н.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баттөмөрийг хот хооронд тээвэр хийдэг жолооч гэдгээр нь зүс танина. Харин Т.Нямжав гэдэг хүнийг огт танихгүй. 2017 оны 5 дугаар сарын 15-ны орой 23:00 цагийн орчимд Баттөмөр, Нямжав нар манай гуанз дээр ирсэн. Баттөмөр, Нямжав нар нь цай, унд уучихаад Баттөмөр нь өөрийнхөө машинд унтахаар гарсан. Харин Нямжав нь манай гуанзны гэрт унтсан. Жолооч Баттөмөр, Нямжав нарыг унтсаны дараа Хүдрээ гэдэг жолооч мөн манай гуанз дээр ирээд цай, унд уучихаад машиндаа унтахаар гарсан. Тэр шөнө би шөнийн 04:00 цаг хүртэл хоол бэлдэж байгаад унтсан. Намайг унтах хүртэл хугацаанд манай гуанзны гэрт ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Мөн архи, согтууруулах ундааны зүйл ууж, хэрэглэсэн хүн байхгүй. Маргааш өглөө нь би 09:00 цагийн орчимд босоход гэрийин гадна хүмүүс шуугиад байхаар тэр дороо гэрээс гарахад Баттөмөр гэдэг хүн гартаа прүсс мод барьчихсан явж байсан бөгөөд Баттөмөр нь барьж байсан модоороо Нямжав гэдэг хүний нуруу руу 1 удаа цохичихоод барьж явсан модоо газарт хаясан. Би буцаад гэртээ ороод байж байтал гэрийн гадна хүмүүс орилохоор нь гэрээс гарахад Нямжав гэдэг хүн нь зүүн гараа барьчихсан зогсож байсан. Харин Баттөмөр гэдэг хүн нь гартаа 50 сантиметр орчим урттай нарийн төмөр барьчихсан машин руугаа явж байсан. Тэгтэл Нямжав гэдэг хүн нь манай гэрт орж ирээд “Баттөмөр миний гар луу төмрөөр цохилоо. Би тэрийг ална” гээд хоолны тавиур дээр ил тавьсан байсан манай гэрийн хоолны хутгыг барьж авахад нэг танихгүй хүн орж ирээд “Чи  одоо боль л доо. Замд явж байтал хэрүүл маргаан хийгээд” гэж хэлэхэд Нямжав барьж байсан хутгаа тавиур дээр буцааж тавьсан. Нямжав тэр хутгыг барьж хүн рүү дайрсан зүйл огт байхгүй. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Т.Нямжав, Н.Баттөмөр нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны орой манай гуанз дээр ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин маргааш өглөө нь намайг босоход Нямжав, Баттөмөр нарыг хаана, хэнтэй архи уусан болохыг мэдээгүй. Гэхдээ Нямжав, Баттөмөр нар нь ухаанаа алдтал согтоогүй, өөрийгөө хянах чадвартай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

3. Гэрч Н.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Болдоо бид 2 гуанзны гадаа очиж зогсоод машинаасаа буухад тэнд Баттөмөр, Нямжав, Хараа нар гуанзны гадна зогсож байсан. Мөн гуанзны ажилчид бас гараад ирчихсэн зогсож байсан бөгөөд Баттөмөр, Нямжав нар хэл амаар маргаж байсан. Болдоо бид 2-ыг очих үед Т.Нямжав нь гуанзны гадаа гараа угаагаад зогсож байсан бөгөөд Баттөмөр, Нямжав нар нь хоорондоо хэл, амаар маргаж байсан. Яг юу гэж маргаж, хэрэлдэж байсан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Би Баттөмөр бид 2-ыг гуанзны гаднаас хөдлөх үед Нямжав “Би хүзүүг хэрчиж ална” гэж Баттөмөр лүү уурлахад Баттөмөр “Улаанбаатар хотоос энэ хүртэл чамайг суулгаж ирчихээд чамаар хүзүүгээ хэрчүүлнэ гэж юу байдаг юм. Би чамайг одоо авч явахгүй” гэж хэлсэн. Баттөмөр бид 2-ын гуанзны гаднаас хөдлөх үед Т.Нямжав нь машин зам руу ганцаараа, явган алхаад явчихсан. Улаангом сум руу явж байх замд Баттөмөр “Т.Нямжав “Би хүзүүг чинь хэрчиж ална” гэж хэлээд над руу хутга барьж дайрсан. Би Т.Нямжавын хутгыг нь булааж авсан. Хутгыг нь салгах гэтэл Нямжавын гар дээр жаахан эвгүй цохичих шиг боллоо” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг  /хх-ийн 28-29-р тал/,

4. Гэрч М.Мөнхтуул мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 сарын дундуур миний зүс таних жолооч Баттөмөр гэдэг жолооч хажуудаа Нямжав гэдэг хүнтэй хамт манай гуанзанд дээр ирж хоносон. Баттөмөр, Нямжав нар ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Бас хоорондоо маргаж хэрэлдсэн зүйл байгаагүй. Маргааш нь 07:00 цагийн үед Баттөмөр, Нямжав нар хажуудаа 2 хүнтэй хамт манай гуанзны гэр дотор 0.5 летрийн Улаанбаатар нэртэй архи нэг шилийг хувааж ууж байсан. ...Нямжав нь архи уугаад сууж байхдаа “Та нар бол удмаараа алуурчид. Би чамайг алж чадна шүү дээ” гэж Баттөмөр рүү уурлаж агсам тавьсан. Гэтэл Баттөмөр жолооч “Чи юу гээд байгаа” гэж хэлээд Нямжавын баруун нүдний хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Энэ үед Нямжав нь суудлаасаа босч ирээд Баттөмөрийн хувцасны энгэрээс барьж аваад “Чи яагаад намайг цохиж байгаа” гэж маргалдаад байсан. ...Баттөмөр нь манай гэрийн гадна хэвтэж байсан нарийн модыг аваад Нямжавын нуруу руу 1 удаа цохиж байгаа харагдсан. ...Хэсэг хугацааны дараа миний нөхөр Нямбаяр гаднаас орж ирээд “Баттөмөр ах Нямжавын гар руу төмрөөр цохьчихлоо. Нямжавын гар “таг” гээд эвгүй дуугараад явчихлаа гэж хэлж орж ирсэн. Би гадаа гарч хараагүй учраас яг юу болсныг мэдэхгүй байна. Баттөмөр Нямжав нарын гарт зэвсгийн чанартай зүйл байгаагүй. Удаагүй байтал Нямжав гэдэг хүн нь манай гэрт орж ирээд “Баттөмөр миний гар луу төмрөөр цохилоо. Би тэрийг ална” гэж хоолны тавиур дээр ил тавьсан байсан манай гэрийн хоолны хутгыг барьж авахад нэг танихгүй хүн орж ирээд “Чи  одоо боль л доо. Замд явж байтал хэрүүл маргаан хийгээд” гэж хэлэхэд Нямжав барьж байсан хутгаа тавиур дээр буцааж тавьсан. Нямжав тэр хутгыг барьж гэрээс гарч хүн рүү дайрсан зүйл огт байхгүй. Харин Баттөмөр Нямжавыг цохисон модоо манай гадаа хаясан хэрэг гарсны дараа тэр модыг хугалж шатаасан тул тэр мод одоо байхгүй. Би гэрт байсан болохоор Баттөмөрийн Нямжавыг цохисон гэх төмөрийг огт хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

            5. Гэрч Н.Нямбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  “Баттөмөр, Нямжав нар манай гуазанд ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Маргааш нь 07:00 цагийн үед Баттөмөр, Нямжав нар хажуудаа 2 хүнтэй хамт манай гуанзны гэр дотор 0.5 летрийн Улаанбаатар нэртэй архи нэг шилийг хувааж ууж байсан.  ...Нямжав нь архи уугаад сууж байхдаа “Та нар бол удмаараа алуурчид” гэх мэтээр уурлаж харааж байсан. Энэ үед Нямжав, Баттөмөр нар нь бага зэргийн согтолтой байсан. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ бүрэн хянах чадвартай байсан.  Нямжав нь Баттөмөрийг элдвээр хэлж, хараал хэлж байтал Баттөмөр нь босч ирээд Нямжавын баруун талын нүдний хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон. Нямжав нь Баттөмөрт цохиулаад сууж байсан сандал дээрээсээ босч ирээд Баттөмөрийн хувцасны энгэрээс барьж аваад маргасан. ...Нямжав нь гэрийн гадна баруун хөмсөгний орчмоосоо гарч байгаа цусыг угаагаад доошоо тонгойж байтал Баттөмөр нь манай гэрийн ойролцоо гадаа хэвтэж байсан нарийн прүсс модыг аваад Нямжавын нуруу руу 1 удаа цохьсон. Нямжав нь Баттөмөрөөр цохиулаад цаашаа зугтаж гүйгээд нуруугаа дараад газарт суусан. Энэ үед Нямжав нь “Чи муу алуурчин” гэж Баттөмөрийг харааж байсан. Гэтэл Баттөмөр өөрийнхөө машин руу очоод ойролцоогоор 50 сантиметр орчим урттай нарийн төмөр аваад Нямжав руу очиход Нямжав сууж байсан газраасаа босоод цаашаа эргээд зугтаах гэтэл Баттөмөр нь барьж байсан төмрөөрөө Нямжавын зүүн гарын шууны хэсэг рүү 1 удаа цохисон. Би Нямжавын гар “пад” гээд эвгүй дугарсан. Тухайн үед би Нямжавын гарны яс гэмтсэн байх гэж бодсон. Тэрнээс хойш дахин ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Нямжав хутгыг барьж гэрээс гарч хүн рүү дайрсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/,

           6. Гэрч С.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2017 оны 5 сарын нэг орой Баттөмөр Нямжав гэдэг 2 хүн  хамт манай гуанзанд дээр ирж хоносон. Маргааш нь 07:00 цагийн үед Баттөмөр, Нямжав нар хажуудаа 2 хүнтэй хамт архи уугаад сууж байсан. Баттөмөр, Нямжав нар хоорондоо маргаж байсан бөгөөд юунаас болж, юу гэж маргасан болохыг нь би мэдэхгүй байна. Тэд хоорондоо маргаад сууж байтал Баттөмөр гэх өндөр нуруутай хүн ирээд Нямжав гэдэг хүний баруун нүдний орчимд гараараа 1 удаа цохисон. Харин Нямжав нь Баттөмөрийг цохиж, зодсон зүйл байхгүй. Баттөмөр, Нямжав нар хоорондоо маргаж, хэрэлдээд манай гуанзнаас гарсан. Би дагаж гараагүй учраас гэрийн гадна юу болсоныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа Нямбаяр ах гаднаас орж ирээд “Баттөмөр ах нөгөө хүнийхээ гар луу нь төмрөөр цохисон гар нь так гээд эвгүй дугарлаа” гэж хэлсэн. Нямбаяр ахыг орж ирээд удаагүй байтал Нямжав гаднаас манай гэрт орж ирээд “Баттөмөр миний гар луу төмрөөр цохилоо. Би тэрийг ална” гэж хоолны тавиур дээр ил тавьсан байсан манай гэрийн хоолны хутгыг барьж авахад нэг танихгүй хүн орж ирээд “Чи  одоо боль л доо. Замд явж байтал хэрүүл маргаан хийгээд” гэж хэлэхэд Нямжав барьж байсан хутгаа тавиур дээр буцааж тавьсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36-р тал/,

           7. Гэрч Ц.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нөхөр Н.Баттөмөр бид 2 гэр болоод 31 жил болж байгаа бөгөөд одоо Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт амьдарч байна. Манайх 4 хүүхэдтэй. Миний нөхөр Н.Баттөмөр нь хувиараа тээвэр хийдэг. Н.Баттөмөр хувьдаа 22-84 УВХ улсын дугаартай ачааны машинтай тэр машинаараа тээвэр хийж амьдралаа залгуулдаг. Миний нөхөр Н.Баттөмөр нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, хүнд тусархаг, гэр бүлдээ анхаарал, халамж сайн тавьдаг, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө байнга тус дэм болж явдаг, тусархаг, цагаан цайлган зантай хүн юм. Н.Баттөмөр нь хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаггүй бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавиад, хүнтэй маргаж муудалцаад байдаггүй. Н.Баттөмөр нь машин, техник жолоодох их сонирхолтой бөгөөд 30 гаруй жил тээврийн тэрэгний жолооч хийж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

       8. Гэрч Н.Лхагвын мөрдөн байцаалтад өгсөн: “Нямаа овогтой Баттөмөр бид 2 найз нөхдийн холбоотой. Би Баттөмөрийн 1983 оноос хойш таньдаг болсон. Н.Баттөмөр нь одоо эхнэрийнхээ хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт амьдардаг. Н.Баттөмөр нь хувьдаа ачааны том машинтай бөгөөд машинаараа хот хооронд тээвэр хийдэг. Н.Баттөмөр нь зан аашийн хувьд төлөв даруу, хүнд тусархаг, бусадтай нийтэч зантай. Би Баттөмөрийг архи уучихсан байхыг огт харж байгаагүй бөгөөд тамхи татдаггүй юм. Н.Баттөмөрт өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Том машинаараа тээвэр хийдэг байсан учраас Н.Баттөмөр бид 2 нэг нэгнийгээ сайн таньдаг” гэх мэдүүлэг / хх-ийн 38-р тал/,

            9. Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би хувьдаа 24-42 УВХ улсын дугаартай Исузу маркийн ачааны автомашинтай юм. Би өөрийнхөө машинаар Улаанбаатар хот, Увс аймаг 2-ын хооронд ачаа тээвэр хийдэг. Одоогоос 2 сар орчимын өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 06-07-ны үед би өөрийнхөө машинтай Улаанбаатар хот орсон бөгөөд Улаанбаатао хотод очоод Нарантуул худалдааны төвийн зогсоол дээр машинтайгаа зогсоод ачаа ачсан. Намайг ачаа ачиж байхад Увс аймгийн Улаангом сумын харъяат, жолооч Н.Баттөмөр нь өөрийнхөө машинтай мөн ачаа ачиж байсан. Би Нарантуул захаас ачаа ачиж байгаад 2017 оны 5 сарын 12-13-ны үед Улаанбаатар хотын Гурвалжингийн гүүрний ойролцоо байдаг “Од” гэдэг нэртэй гурилын үйлдвэрээс гурил ачихаар очсон. Тэр үед жолооч Н.Баттөмөр нь өөрийн машинтай “Од” ХХК-ний гурилын үйлдвэрийн гурил ачсан. Тэр үед Н.Баттөмөр нь хажуудаа Увс аймгийн Тэс сумын харъяат Т.Нямжав гэдэг залуутай хамт явж байсан. Т.Нямжав нь тэр шөнө миний машинд хоносон бөгөөд Т.Нямжав надад “Би Баттөмөр ахтай Увс аймаг руу явахаар болсон” гэж хэлсэн. Бид нар Од компаний хашаанд хоноод маргааш нь өдөр нь Баттөмөр бид 2 өөр, өөрсдийнхөө машинд гурил ачаад Улаанбаатар хотоос гараад Увс аймаг руу явсан. Тухайн үед Т.Нямжав нь Н.Баттөмөрийн машинд сууж явсан. Би машиндаа ганцаараа явж байсан бөгөөд шууд яваад Архангай аймгийн Цэцэрлэг суманд ирэхэд Н.Баттөмөр, Т.Нямжав нар тэнд ирчихсэн байсан. Тухайн үед цаг орой болсон байсан бөгөөд Т.Нямжав гадаа зогсож байгаад мөн л миний машины кабинд орж ирж унтсан. Би Т.Нямжаваас “Чи яагаад хамт байгаа хүнийхээ машинд унтаж амрахгүй байгаа” гэж асуухад Т.Нямжав “Би таны машины кабинд хононо” гэж хэлээд миний машины кабинд унтсан. Тухайн үед Т.Нямжав нь надад өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Маргааш өглөө нь Т.Нямжав миний машины кабинаас буугаад Н.Баттөмөрийн машинд орж суусан бөгөөд би тэр 2-оос түрүүлж хөдлөөд Увс аймаг руу явсан. Тэрнээс хойш би Т.Нямжав, Н.Баттөмөр нартай дахин таарч уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

        10. Гэрч Д.Болдын мөрдөн байцаалтад өгсөн: “Би хувьдаа 53-39 УВХ улсын дугаартай КЕНО ренжер маркийн ачааны автомашинтай юм. 2017 оны 5 сарын дундуур би өөрийхөө машинтай Улаанбаатар хот руу ноолуур ачиж явахаар болсон. Тухайн үед надтай хамт явах хүн байхгүй байсан учир би өөрийн танил Эрдэнэбаатар хүн дээр очиж “Би өөрийнхөө машинтай Улаанбаатар хот руу ноолуур ачаад явж байна. Та надтай хамт яваад, миний машиныг жолоодоод Завхан аймгийн Сонгино суманд хүргээд өгөөч. Надад ээлжийн жолооч байхгүй болохоор би энэ шөнө нойргүй явчих юм бол маргааш өдрөөс эхлээд машин жолоодож явж чадахгүй” гэж гуйхаар нь Эрдэнэбаатар ах зөвшөөрсөн. Эрдэнэбаатар ах бид 2 миний машинтай Увс аймгийн Улаангом сумаас гараад Завхан аймгийн Сонгино сум руу явсан. Яг хэдий өдөр гарч явсан гэдгээ одоо тодорхой санахгүй байна. Эрдэнэбаатар ах бид 2 шөнийн 01:00 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумаас гарч явсан бөгөөд өглөөний 08:00-09:00 цагийн орчимд Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Өнгөт гэх нэртэй газарт байрлах гэр гуанзнууд дээр очсон. Баттөмөр, Нямжав нар гуанзны гадна зогсож байсан. Тухайн үед би машиныхаа кабинаас буугаагүй учраас тэнд юу болсон талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. Би Эрдэнэбаатар ахыг буулгачихаад шууд хөдлөөд явчихсан учраас намайг очихоос өмнө болон намайг явсаны дараа юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 41-42-р тал/,

         11. Гэрч С.Төрбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Би хувьдаа 50-72 УВХ улсын дугаартай Норд бэнз маркийн ачааны машинтай бөгөөд машинаараа Улаанбаатар хот Увс аймгийн хооронд тээвэр хийдэг. Би 2017 оны 05 дугаар сарын дундуур Улаанбаатар хотоос ачаа ачаад Увс аймаг руу явсан. Тэгээд чигжийн гуанзанд дээр шөнө ирээд машиндаа унтаад маргааш өглөө нь 08:00-09:00 цагийн хооронд босоод гуанзны гэрт ороход Баттөмөр, Нямжав нар нь дундаа 0,5 летрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг тавьчихсан, уугаад сууж байсан. Тухайн үед Т.Нямжав нэлээд согтуу байсан бөгөөд архи тойруулж байхдаа Т.Нямжав нь “Би юм үзэж нүд тайлсан хүн. Та нар яах гээд байгаа” гээд Н.Баттөмөр ах руу уурлаж байсан. Н.Баттөмөр ах бага зэрэг архи уусан боловч тэгж их согтоогүй байсан. Н.Баттөмөр, Т.Нямжав нар хоорондоо маргаж, хэрэлдэж байтал Н.Баттөмөр “Чи дуугүй бай” гэж хэлээд Т.Нямжавын цээжний хэсэг рүү гараараа түлхэхэд Т.Нямжав хойшоо газарт суусан. Т.Нямжав, Н.Баттөмөр нар хоорондоо маргаж, хэрэлдээд байхаар нь би тэд нарыг орхиод гуанзнаас гараад, машинаа асаагаад шууд явсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 43-44-р тал/,

         12. Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 285 дугаартай Шинжээч эмчийн:  “Үзүүлэгч Т.Нямжавын биед гэмтэл учирсан байна. Зүүн шууны богтос ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовинд цус хуралт, зулгаралт, баруун хөмсөг, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт, цээжний зүүн ар доод болон ууцны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 47-р тал /,

           13. Увс аймгийн шүүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын сарын 29-ний өдрийн 376 дугаартай Шинжээч эмчийн: “Үзүүлэгч Н.Баттөмөрийн биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хх-ийн 51-р тал /,

           14. Н.Баттөмөрийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 70-77, 80-86-р тал /,          

          15. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 78-79 тал/,        

          16. Хохирогч Т.Нямжавын Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан шүүгдэгч Н.Баттөмөрт “гомдол тэмцэлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт / хх-ийн 100-104-р тал/,

        17. Шүүгдэгч Н.Баттөмөрийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Би хувьдаа 22-84 УВХ улсын дугаартай Хиундай Олд маркийн ачааны автомашинтай. Би өөрийнхөө машинаар Улаанбаатар хот, Увс аймаг 2-ын хооронд тээвэр хийдэг. 2017 оны 5 дугаар сарын 10-ны үед би өөрийнхөө машинтай Улаанбаатар хот орсон бөгөөд Улаанбаатар хотод очоод Нарантуул худалдааны төвийн зогсоол дээр машинтайгаа зогсоод ачаа ачсан. Намайг Нарантуул зах дээр машинтайгаа зогсож байтал Т.Нямжав гэдэг залуу ирж надтай уулзсан. Тухайн үед Т.Нямжав надад “Та намайг аваад яваач. Надад зардал, мөнгө байхгүй. Би очиж байгаад зардлыг чинь өгье” гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Тэр өдрийн орой нь Улаанбаатар хотын Гурвалжингийн гүүрний ойролцоо байдаг “ОД” гэдэг нэртэй гурилын үйлдвэр дээр очиж машиндаа хоносон. Тэр үед манай аймгийн харъяат Батмөнх гэдэг залуу бас гурил ачихаар ирсэн байсан. Од ХХК-ний хашаанд очсоны дараа би Нямжавд “Чи гадаа байгаа амбаарт ороод амарчих” гэж хэлээд Баянмөнхийн машин руу суулгасан. Учир нь би Нямжавыг шивэртэй, хулгай хийдэг гэдгийг ойлгосон учраас ямар нэгэн зүйл хулгай хийж магадгүй гэж сэжиглээд гадаа байгаа амбаарт унтаж, амар гэж хэлсэн. Гэтэл Нямжав нь өөрөө Баянмөнхийн машины кабинд орж унтсан байсан. Бид нар Од компаний хашаанд хоноод маргааш өдөр нь Баянмөнх бид 2 өөр өөрсдийн машинд гурил ачаад Улаанбаатар хотоос гараад Увс аймаг руу явсан. Тухайн үед Т.Нямжав нь миний машинд сууж явсан бөгөөд Нямжав бид 2 шууд яваад Архангай аймгийн Цэцэрлэг суманд ирсэн бөгөөд тэр үед би Нямжавд “Чи Баянмөнхийн машинд ороод амарчих” гэж хэлээд машинаас буулгасан бөгөөд Нямжав нь Батмөнхийн машины кабинд унтаж амарсан. Маргааш өглөө нь Нямжав миний машинд суугаад Нямжав бид хоёр хамт яваад Архангай аймгийн Ихтамир сум орсон. Замд миний машины туслах нум хугарсан бөгөөд Их тамир суманд очсоны дараа би эвдэрсэн нумыг янзалсан. Намайг машины нум янзалж байх хооронд Нямжав яваад архи уугаад ирсэн  байсан. Хэнтэй, хаана архи уусан болохыг нь би мэдээгүй. Нямжав бид 2 Их тамир сумаас гараад явж байх замд Т.Нямжав нь 0.5 летрийн пиво гаргаж ууж байсан. Би “Чи яагаад архи, пиво уугаад байгаа” гэж Нямжаваас асуухад “Миний гар, хөл өвдөөд байна” гэж хэлсэн. Нямжав бид 2 шууд яваад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Дөрвөн зам гэдэг нэртэй газарт ирээд унтаж амарсан. Тэр газарт гуанз байсан бөгөөд би Нямжавд “Чи гуанзны байшинд ороод унтчих” гэж хэлээд Нямжавыг гуанзанд оруулж өгчихөөд өөрөө машиныхаа кабинд унтсан. Маргааш өглөө нь Нямжав бид 2 цай, унд уучихаад Дөрвөн замаас наашаа яваад Завхан аймгийн Нөмрөг сумын төвд ирсэн. Нөмрөг суманд ирсэний дараа би машиныхаа нумны боолтуудыг чангалсан. Би машинаа янзалж дуусаад Нямжавтай хамт гуанзанд орсон. Би өөрийнхөө мөнгөөр Нямжавд хоол авч өгсөн. Нямжав бид 2 хоолоо идчихээд Нөмрөг сумаас гараад явж байтал Нямжав нь 0,5 летрийн 1 шил архи гаргаж ирээд ганцаараа уугаад яваад байсан. Нямжав бид 2 Нөмрөг сумын нутаг Агуйт гэх газарт явж байхдаа би машиныхаа эвдэрсэн нумны боолтыг чангалах гээд зогссон. Би нумны боолт чангалах гээд “Түлхүүр аваад өг” гэж Нямжавд хэлэхэд Нямжав “Чи намайг танихгүй байна уу. Би 2 удаа хутганы хэргээр шоронд явсан хулгайч байна. Ганц гарын баа даахгүй муу хөгшин пизда. Хүзүүг чинь хэрчиж ална” гэж хэлээд гартаа хутга бариад намайг хөөсөн. Би машин тойроод Нямжаваас зугтсан бөгөөд зугтаж байхдаа “Чи наад хутгаа хая. Битгий маяглаад бай” гэж хэлээд машиныхаа кабинаас төмөр түлхүүр авсан. Тэгтэл Нямжав хутгаа далд хийсэн. Машинд суугаад явж байхдаа Нямжав “4 хүүхэд дагуулсан муу гичий, ал минь чамайг хэн тоох юм бэ. Чиний малтай баян миний ядуу 2 адилхан муу ал минь” гэж амандаа үглээд машины урд талын салоны хэсгийг гараараа цохиод, машины шил хагалчих гээд байсан. Гэхдээ над руу уурласан, дайрсан зүйл байхгүй. Замд явж байтал Нямжав “Би шээмээр байна. Машинаа зогсоо” гэж хэлээд намайг 2-3 удаа зогсоосон. Нэг удаа зогсоход Нямжав машинаас буух гэж байгаад машины шатан дээрээс газар луу унасан. Унахдаа нүүрний хэсгээрээ газар цохиж унасан. Нямжав шээчихээд буцаж орж ирээд “Би шатнаас унаад гараа жаахан эвгүй болгочихлоо” гэж хэлсэн. Нямжав нь архи уугаад яваад байсан учраас нэлээд согтсон байсан. Нямжав бид 2 наашаа яваад ойролцоогоор 2017 оны 5 сарын 15-ны шөнө 01:00 цагийн орчимд Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг Өнгөт гэх нэртэй газар байрлах гэр гуанзан дээр ирсэн. Гуанз дээр ирсэний дараа Нямжав унтахаар үлдсэн. Би машиндаа унтаж байгаад өглөө 06:00-07:00 цагийн хооронд босоод гуанз руу ороход Нямжав нь хажуудаа 2-3 танихгүй хүнтэй хамт архи ууж байсан. Би Нямжавд “Чи яагаад архи уугаад байгаа. Одоо 2-уулаа явъя” гэж хэлэхэд Нямжав “Чи муу пизда намайг мэддэг юмуу” гээд миний баруун хөл рүү 1 удаа өшиглөсөн. Би цээжний хэсэг рүү гараараа түлхэхэд Нямжав гуанзны гэр дотор унасан. Нямжав босч ирээд гэрээс гараад явсан бөгөөд би араас нь гадаа гараад машиныхаа масло, тосыг шалгаад зогсож байтал Нямжав баруун гартаа жижиг тонгорог хутга барьчихсан над руу хүрч ирсэн. Нямжав “Би чамайг ална” гэж орилоод, гартаа хутга бариад ирж байхаар нь би машины кабин онгойлгоод азусын шланк авсан. Би Нямжавыг хүрээд ирэнгүүт нь барьж байсан шланкаараа Нямжавын баруун гарт байгаа хутга руу цохисон боловч хутгаа алдаагүй. Тэгэхээр нь би Нямжавын баруун гарыг эргүүлж, өчиж байгаад хутгыг нь булааж авсан. Нямжав баруун гартаа барьж дайрсан хутга нь хүрэн иштэй, жижиг тонгорог байсан. Нямжав тэр хутгыг хаанаас авсан болохыг би мэдэхгүй. Би тэр хутгыг булааж аваад өөрийнхөө машины кабинд хийсэн. Одоо тэр хутга миний машины кабинд байгаа. Тэр үед Нямжав “Чи муу алуурчин, пизда, лалар” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Тэгэхээр нь Нямжавыг кабиндаа суулгаж аваад явъя гэж бодоод Нямжавын араас хөөсөн. Би Нямжавыг хөөгөөд гүйцээгүй. Энэ үед тэр гуанз дээр Эрдэнэбаатар, Болдоо нар ирчихсэн байсан. Би Нямжавыг хаячихаад Эрдэнэбаатараар өөрийнхөө машиныг бариулаад Улаангом сум руу явсан. Тэрнээс хойш ямар нэгэн хэрүүл зодоон болоогүй. Би Т.Нямжавын нуруу руу модоор цохиж, зүүн гарын шууны хэсэг рүү төмрөөр цохисон зүйл огт байхгүй. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Т.Нямжав нь намайг байнга айлгаж, дарамталж байгаа нь надад маш хүндрэлтэй байна. Би машинаа банкны зээлээр авсан. Би тээвэр хийж явж чадахгүй болохоор надад их хүндрэлтэй, сэтгэл санааны дарамттай байна. Би Т.Нямжавд эмчилгээний зардалд 600000 мянган төгрөг өгсөн.” гэх мэдүүлгүүд болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд ДҮГНЭВЭЛ:

            Шүүгдэгч Т.Баттөмөр нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг “Өнгөт” гэх газарт хохирогч Т.Нямжавтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун нүдний хэсэг рүү гараараа 1 удаа, нарийн прусс модоор нуруу хэсэгт 1 удаа, 50 см урттай цагаан өнгийн хатуу шланкаар гар луу нь нэг удаа тус тус цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Т.Нямжав, гэрч Н.Нямбаяр, С.Аззаяа, М.Мөнхтуул, Н.Эрдэнэбаатар, Н.Энхбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 285 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.  

            Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр /эрүү, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт/ гэмтэл, шүүгдэгчийн бие махбодид хөнгөн /хамрын ясны цуурсан хугарал, муруйлт, хоёр нүдний дотно буланд цус хуралт/ хохирол учирсан нь шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 285 тоот дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан байна.  

            Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах үндэслэлтэй гэж дүгнэв.

        Хохирогч Т.Нямжавд хохиролд тооцож 700.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг, хохирогчийн Цагдаагийн газарт гаргаж өгсөн “Нямаа овогтой Баттөмөр  надад учирсан хохирлыг бүрэн гүйцэд төлж барагдуулсан учир надад одоо ямар нэгэн гэмтэл, тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн тодорхойлолтоор нотлогдож байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэж үзлээ.

           Шүүхээс шүүгдэгч Т.Баттөмөрт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

              Шүүгдэгч Т.Баттөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгч Т.Баттөмөрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгөтэй 34.8 см урттай, 3 см диаметртэй хатуу шланкийг устгах нь зүйтэй байна.

              Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Борлууд овогтой Нямаагийн Баттөмөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Баттөмөрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Баттөмөрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Баттөмөр нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

      5. Шүүгдэгч Н.Баттөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгөтэй, 34.8 см урттай, 3 см диаметртэй хатуу шланк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баттөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА