Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/498

 

 

П.Т, П.Энарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч/хохирогч П.Т, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч П.Э,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч С.Сэржмядаг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Тын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Т, П.Энарт холбогдох эрүүгийн 47 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. П.Т, 

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дахь хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-н 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан.

2. П.Э, 

Шүүгдэгч П.Т нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Алтайн  дугаар гудамжны тоотод байрлах өөрийн эцэг П. гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ах П.Эдээ хандаж “би танаас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргаж барьцалдаж авах үед П.Л “та яахаараа ах руу дайрч, янз бүрээр хэлдэг юм, ах танд ямар гэм хийсэн юм бэ” хэмээн П.Тын нүүрийг самардаж маажих үед зөрүүлээд толгойн тус газарт нь гараараа цохиж гавал, тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулж хүнийг санаатай алах гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.Энь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн дугаар гудамжны  тоотод өөрийн эцэг П. гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүү П.Т нь “би танаас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргалдаж ноцолдох явцдаа түүний биед “зулайн хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, цээж хэвлий, баруун шилбэнд зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч П.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Алаг адуут овогт П. П.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Э цагаатгаж, шүүгдэгч П.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Тт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Тын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 128 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч талаас хүүхдийн тэтгэмж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хохирогчийн 10 хурууны хумс, амь хохирогчийн өмсөж байсан хар өнгийн өмд, шар өнгийн фудболк, шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн дотоож, ягаан өнгийн оймс, хар өнгийн гутал, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан марленд шингээн авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд П.Энь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Энь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч П.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэргийг прокурорт буцаах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх саналтай оролцсон боловч уг хэргийг үнэн зөвөөр тогтоогоогүйн улмаас хийгээгүй хэрэгт ял авсандаа маш их гомдолтой байна. Тухайн үед болсон үйл явдлын талаар:

Миний бие 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед унтаж байгаад сэрэхэд эхнэр болох Б.Нминий урд талд хамт унтаж байсан. Талийгаач Л нөхөр Т.Цогтсайханы хамт гэрийн баруун талд ширээний хажууд сууж байсан. Аав П. зүүн орон дээр Болдоо, Баярцэцэг нартай хамт сууж байсан. Баруун орны хөлд ах П.Э, дүү П.Бүүвэй, миний бие орны дээд толгой хэсэгт сууж байсан. Унтаад сэрэхэд миний уусан архи гарчихсан байсан. Би босоод талийгаач дүү Л нөхөр Цогтсайхан хоёртой яриад сууж байхад П.Э ах над руу “чи миний өмнөөс шоронд орсон юм уу” гэж хэлээд дайрч давшилж, миний нүүр рүү 1 удаа цохиж хиймэл шүдийг минь унагаасан. Мөн толгойны ар руу цохиход хүргэн Цогтсайхан, дүү Бүүвэй нар салгаж, ах П.Эг татаж авсан. Энэ үед талийгаач дүү Л миний өмнө ирээд “ахаа та зүгээр үү” гэж надад хэлсэн. Дахин ах П.Э дайрж “чаддаг юм бол хоёулаа үзье, гараад ир” гэж хэлээд өмнөө байгаа дүү Бүүвэйг түлхэж зүүн гараар миний баруун гарын булчин дээрээс атгаж аваад татаж баруун гараар дүү Бүүвэйгийн зүүн мөрөн дээгүүр цохиход талийгаач дүү Л миний өмнүүр орж толгойн арын хэсэгтээ цохиулан цээжээрээ намайг түлхэж орны булан хэсэгт суулгасан. Талийгаач дүү Л намайг хамгаалж миний өмнө зогсож байсныг нөхөр болох Цо ирж Лг дагуулаад гэрийн хойморт очсон. Би орон дээр суусан чигээрээ орны доороос гутлаа аваад өмсөөд босоход дүү Бүүвэй над дээр ирээд “та одоо яах гэсэн юм” гэж хэлсэн. Би намайг зүгээр байхад П.Э над руу дайраад байгаа биз дээ гэж хэлээд гэрийн зүүн талаар гэрээс гарах гэхэд гэрийн хойморт байсан хүргэн Цогтсайхан надад “одоо болио, хэрэггүй” гэж хэлсэн. Би яагаачгүй та хоёртой юм ярьж байхад П.Э ах эхэлсэн биздээ гэж хэлээд зогсож байхад Бүүвэйгийн найз Болдоо намайг “манай гэр рүү явъя” гэж хэлээд дагуулаад гэрээс гарахад дүү Бүүвэй араас гарч ирсэн. Бид 3 хамт яваад Болдоогийн машинд сууж байхад удалгүй Болдоогийн эхнэр Баярцэцэг гарч ирсэн. Болдоо, Бүүвэй хоёртой хамт гэрээс гарахад гэрт аавын сууж байсан орны хөлний хажууд Болормаа дүү зогсож байсан. Миний бие Болдоо, Баярцэцэгийн хамт машинтай гэр рүү нь явсан. Дүү Бүүвэй гэрийн гадаа үлдсэн. Би Болдоо, Баярцэцэг нартаа  хамт гэрт нь очиж хоол унд идэж ярилцаж байгаад хэдэн цагийн дараа аавынд бид 3 буцаж ирээд аавын гэрт ороход хүн байхгүй байсан. Би аавын орон дээр хэвтээд унтсан. Унтаж байхад 2 цагдаа намайг сэрээгээд П.Т мөн үү гэж асуугаад мөн гэхэд дагаад яв гээд дагуулаад явсан. Тухайн үед болсон үйл явдал үнэн зөвөөрөө энэ байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг бүгд зөрүүтэй, үгсэн нийлж болоогүй зүйлийг болсон мэтээр худал мэдүүлсэн байгаа нь мэдүүлгүүд дээр байр байршил үйл явдал нь зөрүүтэй байна. Иймд болсон үйл явдлын талаар мэдүүлгүүдийн зөрүүтэй байгааг нягтлан шалгуулж үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Цогтсайхан, П.Э, Б.Баярцэцэг, П.Бүүвэй, Э.Болормаа, Э.Азжаргал нарын өгсөн мэдүүлгүүдийн зөрүүтэй байгааг дахин шалгах шаардлагатай байна. Мөн аав Г.П., эхнэр Б.Нандинцэцэг, дүү П.Бүүвэйн найз Болдоо нарыг гэрчээр тус тус татан оролцуулж нэмэлтээр мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байна. Иймд миний бие хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсч найдаж байна.” гэв.

Шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Т нь анхнаасаа “би энэ хэргийг хийгээгүй” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баярцэцэг, н.Болдбаатар нарын өгсөн мэдүүлэг зөрүүтэй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баярцэцэг нь “П.Т нь хохирогч П.Лг гараа зангидаж байгаад 2 удаа цохисон” гэж мэдүүлдэг. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “Шүүгдэгч П.Т нь огт цохиогүй. Бурхан, тахилын ширээг налаад унасан. Унахдаа н.Гүррагчаа буюу манай хадам аавын хөлөн дээр унасан. Унаад босоод ирэхэд нь хадам аав П.Лг 2 удаа алгадсан” гэж мэдүүлдэг. н.Болдбаатар нь сонсголын бэрхшээлтэй хүн учраас анхан шатны шүүх хуралдаанд н.Болдбаатараас мэдүүлэг авч чадаагүй байсан. н.Болдбаатараас мэдүүлэг авсан бол хэлэх үг нь хэрэгт ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Б.Баярцэцэг гэх гэрч “П.Т цохиогүй” гэдэг мэдүүлгүүдийг өгөөд байгаа. Мэдүүлгүүд нь зөрүүтэй байгаа учраас энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч П.Этус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Т худал ярьж байна. Бид нар гэрт байж байхад амь хохирогч орилсон. Орилохоор нь бид нар гүйгээд орсон. Бид гүйгээд ороход талийгаач П.Тыг барьчихсан цээжээ баруун гараараа цохиод байж байсан. Би голоор нь яваад ороход П.Т надтай барьцалдаад “хоёулаа гараад үзчихье” гэхээр нь бид хоёр гарсан. Тэгээд гадаа байж байтал П.Бүүвэй ирээд П.Тыг аваад үлдсэн. Би гэрт орсон болохоос П.Тт “хоёулаа зодолдъё” гэж хэлээгүй.” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж, нотлон тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчигдөөгүй. Шүүгдэгч П.Т болон түүний өмгөөлөгч нар гэрч Б.Баярцэцэг, П.Бүүвэй, Э.Азжаргал, Э.Болормаа нарыг оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд тэдгээр гэрч нарыг оролцуулсан. Б.Баярцэцэг шүүхийн хэлэлцүүлгийн явцад “П.Т, П.Л нар нь хоорондоо ноцолдож байгаад П.Л унах үед н.Гүррагчаа 2 удаа алгадсан” гэх мэдүүлэг өгсөн. Бусад гэрч нарын өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдтэй нь тохирсон. Шүүгдэгчийн буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цогтсайхан, гэрч П.Э, П.Бүүвэй, насанд хүрээгүй гэрч Э.Азжаргал, Э.Болормаа нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогддог. Б.Баярцэцэгийн “П.Т, П.Л нар нь хоорондоо ноцолдож байгаад П.Л унах үед н.Гүррагчаа 2 удаа алгадсан” гэх мэдүүлэг шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр няцаагддаг. Шүүгдэгч П.Т нь хугацаанаасаа өмнө хорих ангиас суллагдсан бөгөөд дахин хүн амины гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд 13 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Тухайн үед П.Э, П.Т нар хоорондоо муудалцсан нь амь хохирогчийн биед халдах гол шалтгаан болсон гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч П.Э гэрчээр оролцуулсан байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Тын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Т нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 7 дугаар гудамжны 779 тоотод байрлах өөрийн эцэг П. гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ах П.Эдээ хандаж “би танаас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргаж барьцалдаж авах үед П.Л “та яахаараа ах руу дайрч, янз бүрээр хэлдэг юм, ах танд ямар гэм хийсэн юм бэ” хэмээн П.Тын нүүрийг самардаж маажих үед зөрүүлээд толгойн тус газарт нь гараараа цохиж гавал, тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулж хүнийг санаатай алах гэмт хэрэгт,

шүүгдэгч П.Энь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 7 дугаар гудамжны 779 тоотод өөрийн эцэг П. гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүү П.Т нь “би танаас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргалдаж ноцолдох явцдаа түүний биед “зулайн хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, цээж хэвлий, баруун шилбэнд зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цогтсайханы “...Архи аваад хадам аав П. гэрт ороход хадам ах П.Т, П.Э, Нандинцэцэг эгч манай эхнэр Л, хадам аав П., Болдоогийн эхнэр Баярцэцэг нар бүгд байцгааж байсан. Бид нар бөөнөөрөө хадам аавын гэрт нөгөө архиа ууцгаасан. Бид нар бүгдээрээ архиа уугаад сууцгааж байтал П.Э ах руу П.Т ах “би таниас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэх зүйл яриад П.Т ах, П.Э ах хоёр маргаж муудалцаад бие биетэйгээ барьцалдаад авахаар нь бид нар тэр хоёрыг салгаж П.Э ахыг Бүүвэй бид 2 хадам аавын гэрээс авч гарч өөрийнх нь гэрт оруулаад байж байсан чинь хадам аавын гэрт манай эхнэр “ёо ёо” гэж чанга хашгирч орилоод уйлах чимээ гарсан. Тэгтэл П.Э ах түрүүлж гүйгээд хадам аавын гэр рүү орсон. Араас нь Бүүвэй бид 2 орох үед П.Э ах П.Т ахтай хадам аавын гэрийн зүүн талын хоймор хэсэгт барьцалдаад авсан. Наана нь манай эхнэр Л үүд рүү харсан байдалтай 2 хөлөө нугалж газар сууж нэг гараараа газар тулчихсан нөгөө гараараа цээжээ дэлдээд дуу нь гарахгүй 2 нүднээс нь нулимс асгарч зүүн талын нүд хэсэгт хөхөрчихсөн байсан. П.Т ах П.Э ахад хандаж “би таниас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргаж барьцалдаж авч маргаан эхэлсэн. Харин манай эхнэр Л тэр хоёрыг барьцалдаад авах үед та хоёр болиоч гэж хэлсэн байсан. Манай эхнэрийг П.Т ах цохьж зодсон. Яагаад гэхээр П.Э ахыг хадам аавын гэрээс Бүүвэй бид хоёр авч гарах үед П.Т ах, хадам аав, болон Болдоо, Баярцэцэг нарын хүмүүс үлдсэн. Нандинцэцэг эгч хадам аавын баруун талын орон дээр унтаж байсан...” /1хх 25-29/,

гэрч П.Эийн “...П.Т над руу “би чамаас болж шоронд явсан, чи миний амьдралд гай болсон, одоо үзэх үү, чи намайг барах уу” гэх зэргээр дайрч давшилж эхэлсэн. Намайг ална шудна гээд дайраад байхаар нь манай эмэгтэй дүү Л намайг өмөөрөөд “та яахаараа ах руу дайрч, янз бүрээр хэлдэг юм, ах танд ямар гэм хийсэн юм бэ” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Л П.Тын нүүрийг самардаж маажсан. П.Т зөрүүлээд нүүр рүү нь гараараа зангидаад цохьж байгаа харагдсан. Би тэгэхээр нь дүүгээ П.Таас салгасан, энэ үед намайг Бүүвэй, Цогтсайхан хоёр гаргах үед П.Т хамт гарсан. Би гэр рүүгээ орох үед эргэж харахад П.Т аавын гэр рүү эргээд орж байсан. Гэрт ороод удаагүй байтал аавын гэрт эмэгтэй дүү Лгийн ёолох, орилох дуу гарсан. Тэгэхээр нь гүйгээд очтол П.Т, Л 2 хоёр зодолдоод байж байсан. Бүгд л согтуу байцгаасан. Л бол намайг өмөөрөөд П.Т руу дайрч нүүр, ам руу нь цохиж зодож байгаа харагдсан. Намайг гараад явснаас хойш нэмж яаж цохьж зодсоныг би мэдэхгүй...” /1хх 38-41/,

гэрч Б.Байн “...Тухайн үед бөөнөөрөө архи ууж байтал П.Т ах П.Э ах руу агсараад “чи надад гай болоо биз дээ, одоо хоёулаа үзэх үү” гэх зэргээр хэрүүлийн чанартай үг хаяад байсан ба тэгээд байж байгаад П.Т нь П.Э ахыг гаръя гээд энгэрээс нь татаад байсан ба тухайн үед Л дундуур нь орж ирээд П.Э ахыг өмөөрөөд П.Тт хандаж “та яахаараа дандаа ингэж ах руу дайрч байдаг юм бэ, ах танд ямар гэм хийчихээд байгаа юм” гээд Л нь П.Тын нүүр хэсэгт хумсаараа урсан ба түүний дараа П.Т зөрүүлээд нүүр рүү нь гараараа зангидаж байгаад нэг, хоёр удаа цохисон байх. Тухайн үед салчихаад П.Эг Бүүвэй, Цогтсайхан хоёр гаргасан ба түүний араас П.Т нь гараад явчихсан байсан ба тэгээд байж байтал төд удалгүй П.Т буцаж орж ирээд Лтэй дахин хэрүүл маргаан үүсгэсэн. П.Т талийгаачаас салах гэж байгаад 2-3 удаа гараараа цохисон, аль гараараа гэдгийг мэдэхгүй байна. Намайг гэрээс нь гараад явах гэж байхад талийгаачийн зүүн нүд хөхөрсөн байсан.." /1хх 46-48/,

гэрч П.Б “...Өдөр 15 цагийн үед дахин дэлгүүрээс 3 шил архи аваад бид нар бүгдээрээ хувааж уусан. П.Э ах, П.Т ах 2 хоорондоо нэг мэдсэн чинь муудалцаад байхаар нь би П.Э ахын гэр рүү орсон. Намайг П.Э ахын гэрт байхад аавын гэрт П.Э ах, П.Т ах 2 чанга, чанга дуугараад байхаар нь аавын гэр рүү орох гэж байхад П.Э ахын гэрийн баруун талд Л эгч уйлаад сууж байхаар нь юу болсон талаар асуусан чинь юм дуугарахгүй байсан. Тэгээд эгчийг Цогтсайхан ах бид 2 хоёр талаас нь сугадаад хажуу П.Э ахын гэр рүү оруулаад орон дээр хэвтүүлсэн. Гэрийн гадна уйлаад сууж байхад би харахад эгчийн зүүн нүд нь хөхөрчихсөн байсан..” /хх 56-57/,

гэрч Б.ийн “...намайг унтаж байхад Бүүвэй татаж сэрээгээд “Л эгч нэг сонин болчихоод байна, та сэрээрэй” гэхээр нь би унтаж байсан орноос босох үед манай нөхөр П.Т миний урдуур хадам аавын баруун орон дээр унтаад өгсөн байсан. ...” /1хх 62-64/,

насанд хүрээгүй гэрч Э.Бн ”... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... хажуу гэрт хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байгаа дуу чимээ гарахаар нь би П.Э ахын гэрээс гараад яваад ортол /цагийг нь санахгүй байна/ Л эгч орон дээр зүүн нүд нь хавдаж хөхөрчихсөн уйлсан байдалтай, Баяраа эгч тэвэрчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би аниа яасан бэ? гэж асуусан чинь юм хэлж чадахгүй гараараа өөрийнхөө цээж рүү цохиод толгойгоо бариад уйлаад байсан. Энэ үед гэрт П.Т, Болдоо ах, өвөө П., Цогтсайхан ах нар байсан. Тэгтэл Цогтсайхан ах П.Т ахад хандаж “яагаад чи зүгээр байгаа хүнийг цохьж зодож байгаа юм бэ” гэж хэлсэн чинь П.Т ах Цогтсайхан ах руу дайраад “та нар намайг барахгүй шүү” гэж хэлж байсан. Цогтсайхан ах Л эгчийг түшээд гэрээс гаргасан чинь зогсож ч чадахгүй толгойгоо бариад уйлаад байсан чинь өвөөгийн гэрийн үүдний амбаарын хажууд газар суулгаж байгаад Бүүвэй ахын хамтаар хоёр талаас нь сугадаж өргөж П.Э ахын гэр рүү оруулж орон дээр нь хэвтүүлсэн юм. Энэ үед би хоол хийгээд байж байтал ойролцоогоор 20-30 минутын дараа П.Э ах гэрээсээ гарч орж ирээд Л эгчийг эвгүй болчихсон байна гэж хэлэхээр нь би яваад ортол царай нь цонхийж цайрсан, хөдлөхгүй байдалтай дээшээ харчихсан орон дээр хэвтэж байсан. Энэ үед П.Т ахын эхнэр Нандинцэцэг хэлэхдээ цагдаа нарыг ирэхээр нь гэрт зодоон болсон талаар хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Талийгаач эгчийг П.Т ах цохих болсон талаар би мэдэхгүй байна. Эдгээр хүмүүсийн ярианаас П.Т ах талийгаачийг цохих үед П.Э ах талийгаачийг өмөөрч П.Т ахтай маргалдаж зодолдсон гэж би ойлгосон...” /1хх 73-75/,

насанд хүрээгүй гэрч Э.Аз2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай аавын ах, дүү нар аавын төрсөн дүү П.Тыг шоронгоос суллагдсан гээд өвөөгийнд ирцгээсэн юм. Тэгээд тэд нар өвөө П. гэрт цуглараад хоол идэж, архи ууж, хөзөр тоглож найрлацгаасан. Галиндав эгч нөхөртэйгөө шөнө явсан ба хэдэн цагт явсныг нь би мэдэхгүй байна. Бусад нь тэндээ найрлаж хоносон. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний санаж байгаагаар өдөр өвөөгийн гэрт хүмүүс орилолдоод, зодолдоод байгаа бололтой чимээ гарахаар нь би баруун гэрт орж харсан чинь баруун гэрт манай аав П.Э, аавын дүү П.Т нар муудалцаад бие бие рүүгээ дайраад зодолдох гээд хэрэлдэж байсан. Аав, П.Т ах хоёрыг Бүүвэй ах, Авираа /Цогтсайхан/ ах, бид нар салгаад аавыг гэр лүүгээ ор гээд гэрт нь Авираа ах, Бүүвэй ах бид гурав оруулсан. Тэгээд байж байсан чинь удалгүй Л эгчийн уйлах дуу өвөөгийн гэрт чанга сонсогдсон, аав гэрээсээ буцаж гарч өвөөгийн гэр рүү түрүүлж ороод араас нь Авираа /Цогтсайхан/ ах, Бүүвэй ах бид гурав орсон чинь П.Т ах өвөөгийн гэрийн баруун талын орон дээр дээш хараад хэвтсэн, Л /маамаа/ эгч, П.Т ахын дээрээс дараад орны хөлний хэсэгт давхардаж хоорондоо зууралдсан байдалтай байж байсан. Аав П.Т ахыг “чи яахаараа хүүхэд зоддог юм” гэж Л эгчийг өмөөрч П.Т ахтай ахиад хэрэлдэж маргаад эхэлсэн. Энэ үед Авираа ах, Бүүвэй ах хоёр Л эгчийг өвөөгийн гэрээс авч гарсан ба Л эгчийн бие их зовуурьтай байгаа бололтой хоёр гэрийн дунд сонин бахирч орилох дуу гаргаж, хоёр талд нь Авираа /Цогтсайхан/ ах, Бүүвэй ах хоёр зогсож байгаад манай гэр рүү Л /маамаа/ эгчийг оруулж баруун талын орон дээр хэвтүүлсэн Л эгч орон дээр хэвтсэн даруйдаа бөөлжсөн ба тэр бөөлжсийг Авираа /Цогтсайхан/ ах цэвэрлэж байгаа харагдсан. Тэгээд Л эгч баруун талын орон дээр ямар нэг чимээ гаргаагүй унтаад өгөх шиг болсон. Тухайн үед тэнд байсан хүмүүс Л эгчийг Төмөрбаяр ах зодчихлоо гэж ярьж байсан...” /1хх 77-78/,

гэрч Г.П. “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө бүгдээрээ хоол цай идэж ууцгаагаад манай гэрт архи ууцгааж байгаа харагдсан. Тэгтэл П.Т, Л 2 хоорондоо маргалдаад барьцалдаж аваад зодолдоод байсан. Энэ үед П.Э болон Цогтсайхан нар салгасан юм. Тэгээд Лг Цогтсайхан, Бүүвэй 2 2 талаас нь түшээд гэрээс аваад гарсан. Хэрхэн юунаас болж маргалдаад зодолдсон талаар би сайн мэдэхгүй байна. Учир нь би өөрөө чих хатуу хүн учраас сонсоогүй.  Нэг нэгнийхээ хувцаснаас зулгаагаад зууралдаад байсан...” /хх 83-84/,

шинжээч эмч Б.Дйн “...Талийгаачийн биед уүссэн гавал тархины гэмтэл нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Зүүн зулайгаас, зүүн чамархай, суурь ясны дунд хонхор хүрсэн шугаман хугарлын улмаас алдаж байгаа цусны хэмжээнээс хамаарч тархи дарагдах хүртэл тодорхой үйлдэл хийх болон амьд явах боломжтой. Зүүн зулайн хуйханд үүссэн цус хуралт гэмтэл нь зүүн нүдний дээд, доод зовхи руу буусан учраас дээд доод зовхинд цус хуралт үүссэн. Өөрөөр хэлбэл зүүн нүдний дээд доод зовхинд үүссэн цус хуралт нь зүүн зулайн хуйханд үүссэн цус хуралт гэмтлээс болж үүссэн цус хуралт юм. ...” /хх 98-99/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2348 дугаартай шинжээчийн “..Талийгаачийн цогцост зүүн зулайгаас, зүүн чамархай, суурь ясны дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн зулай, чамархай, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн зулайн дэлбэн дэх няцрал, тархи дарагдал, зүүн зулайн хуйханд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 87-95/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5041 дугаартай биологийн шинжилгээний шинжээчийн “...Шар өнгийн футболкан дээр илэрсэн цус нь О/1/ бүлгийн харьяалалтай байна. Шар өнгийн футболкан дээр илэрсэн цусны бүлгийн харьяалал нь амь хохирогч Лгийн цусны бүлгийн харьяаллаас өөр төрлийн харьяалалтай, П.Тын цусны бүлгийн харьяалалтай нэг төрлийн бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 101-105/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10641 дугаартай шинжээчийн “...П.Тын биед зулайн хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, цээж хэвлий, баруун шилбэнд зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмт хэрэг гарах болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /1хх 115-116/,

гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг бүртгэсэн тэмдэглэл /1хх 3-4/, хэргийн газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-18/, эд мөрийн баримтыг тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 20/, П.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 183-187/, П.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 227/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Э цагаатгаж, шүүгдэгч П.Тыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял дээр, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон мөн өмнөх шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон нь хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Шүүгдэгч П.Т нь “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг бүгд зөрүүтэй, үгсэн нийлж болоогүй зүйлийг болсон мэтээр худал мэдүүлсэн байгаа нь мэдүүлгүүд дээр байр байршил үйл явдал нь зөрүүтэй байна. Иймд болсон үйл явдлын талаар мэдүүлгүүдийн зөрүүтэй байгааг нягтлан шалгуулж үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Цогтсайхан, П.Э, Б.Баярцэцэг, П.Бүүвэй, Э.Болормаа, Э.Азжаргал нарын өгсөн мэдүүлгүүдийн зөрүүтэй байгааг дахин шалгах шаардлагатай байна. Мөн аав Г.П., эхнэр Б.Нандинцэцэг, дүү П.Бүүвэйн найз Болдоо нарыг гэрчээр тус тус татан оролцуулж нэмэлтээр мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж дахин шалгуулж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Тыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч П.Т нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эцэг П. гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ах П.Эдээ хандаж “би танаас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргаж барьцалдаж авах үед талийгаач П.Л “та яахаараа ах руу дайрч, янз бүрээр хэлдэг юм, ах танд ямар гэм хийсэн юм бэ” хэмээн П.Тын нүүрийг самардаж маажих үед зөрүүлээд толгойн тус газарт нь гараараа цохиж гавал, тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цогтсайханы “...П.Т ах, П.Э ах хоёр маргаж муудалцаад бие биетэйгээ барьцалдаад авахаар нь бид нар тэр хоёрыг салгаж П.Э ахыг Бүүвэй бид 2 хадам аавын гэрээс авч гарч өөрийнх нь гэрт оруулаад байж байсан чинь хадам аавын гэрт манай эхнэр “ёо ёо” гэж чанга хашгирч орилоод уйлах чимээ гарсан. Тэгтэл П.Э ах түрүүлж гүйгээд хадам аавын гэр рүү орсон. Араас нь Бүүвэй бид 2 орох үед П.Э ах П.Т ахтай хадам аавын гэрийн зүүн талын хоймор хэсэгт барьцалдаад авсан. Наана нь манай эхнэр Л үүд рүү харсан байдалтай 2 хөлөө нугалж газар сууж нэг гараараа газар тулчихсан нөгөө гараараа цээжээ дэлдээд дуу нь гарахгүй 2 нүднээс нь нулимс асгарч зүүн талын нүд хэсэгт хөхөрчихсөн байсан.” /1хх 25-29/,  гэрч П.Эийн “...Гэрт ороод удаагүй байтал аавын гэрт эмэгтэй дүү Лгийн ёолох, орилох дуу гарсан. Тэгэхээр нь гүйгээд очтол П.Т, Л 2 хоёр зодолдоод байж байсан. Л бол намайг өмөөрөөд П.Т руу дайрч нүүр, ам руу нь цохиж зодож байгаа харагдсан. Намайг гараад явснаас хойш нэмж яаж цохиж зодсоныг би мэдэхгүй...” /1хх 38-41/, гэрч Б.Баярцэцэгийн “...Л нь П.Тын нүүр хэсэгт хумсаараа урсан ба түүний дараа П.Т зөрүүлээд нүүр рүү нь гараараа зангидаж байгаад нэг, хоёр удаа цохисон байх. П.Т талийгаачаас салах гэж байгаад 2-3 удаа гараараа цохисон, аль гараараа гэдгийг мэдэхгүй байна. Намайг гэрээс нь гараад явах гэж байхад талийгаачийн зүүн нүд хөхөрсөн байсан.." /1хх 46-48/, гэрч П.Бүүвэйн “...П.Э ахын гэрийн баруун талд Л эгч уйлаад сууж байхаар нь юу болсон талаар асуусан чинь юм дуугарахгүй байсан. Гэрийн гадна уйлаад сууж байхад эгчийн зүүн нүд нь хөхөрчихсөн байсан..” /хх 56-57/, насанд хүрээгүй гэрч Э.Азжаргалын “...Тэгээд байж байсан чинь удалгүй Л эгчийн уйлах дуу өвөөгийн гэрт чанга сонсогдсон. Аав гэрээсээ буцаж гарч өвөөгийн гэр рүү түрүүлж ороод араас нь Авираа /Цогтсайхан/ ах, Бүүвэй ах бид гурав орсон чинь П.Т ах өвөөгийн гэрийн баруун талын орон дээр дээш хараад хэвтсэн, Л /маамаа/ эгч, П.Т ахын дээрээс дараад орны хөлний хэсэгт давхардаж хоорондоо зууралдсан байдалтай байж байсан. ...” /1хх 77-78/ нарын гэсэн мэдүүлгүүд зөрүүгүй, гэрч П.Бүүвэй, Б.Баярцэцэг, Ц.Болдбаатар, насанд хүрээгүй гэрч Э.Болормаа нарын шүүх хуралдаанд өгч буй мэдүүлгүүд болсон үйл явдлын талаар агуулгын хувьд мөн зөрүүгүй мэдүүлсэн байх бөгөөд хэргийн оролцогч нар өөр өөрсдийн харсан байдлаар мэдүүлгийг гаргасан байх тул шүүгдэгч П.Тын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч П.Т нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 62 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ               

           

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ