Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 58

 

                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

          Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,  

          Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Ариунаа,

          Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

        Шүүгдэгч: Ж.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Жамбалийн Батсүхэд холбогдох 201720000072 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Увс аймгийн Давст сумын 2-р багийн 1-20 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй РД:ОВ75061213, Борлууд овогт Жамбалын Батсүх.

           Хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/ Шүүгдэгч Ж.Батсүх нь Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр А/87 дугаартай захирамж гаргаж “ Сум хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгө”-нөөс хуурамч баримт бүрдүүлэн иргэн С.Анхбаярт 25.000.000 төгрөгний зээл олгож, уг 25.000.000 төгрөгийг Давст сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зарцуулсаны улмаас “Сум хөгжүүлэх сан”-гийн эргэлтийн хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

       1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Давст сумын Засаг даргын орлогчоор ажилладаг. Засаг даргын орлогчоор 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн одоог хүртэл ажиллаж байна. 2016 оны 12 сарын эхээр Улаангом суманд сургалтанд ирэх үед Аймгийн Аудитын Газрын Зундуй гэх хүн надтай уулзаад 2016 оны 4 сард танай сум хөгжүүлэх сангийн мөнгөн дээр 25 сая төгрөг акт тогтоосон байгаа. 11 сарын шалгалтаар тухайн мөнгө төлөгдөөгүй байна. Хууль бусаар сум хөгжүүлэх сангаас авсан энэхүү мөнгийг төлөх арга хэмжээ яагаад авахгүй байна, сумын удирдлагууд хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Ингээд буцаж сумандаа очиж жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтэн Б.Оюунчимэгээс энэ талаар асуухад акт тогтоосон байна гээд гаргаж үзүүлж байсан. Энэ 25 сая төгрөгийг юунд зарцуулсан талаар тухайн үед мэдэхгүй байсан. Харин хэргийн материалтай танилцаад мэдэж авсан. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг өөр хүнд зээл нэрийдлээр гаргаж өгөөд нөгөө хүнээсээ авч тэр мөнгөөрөө сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зарцуулж суманд их хэмжээний хохирол учруулсан гэдгийг мэдэж авсан. Давст сумын 90 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 7 дугаар сарын 18-19-ний хооронд зохион байгуулагдсан. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс сумын ойн арга хэмжээнд зарцуулж болохгүй. 25 сая төгрөгийг сум хөгжүүлэх санд буцаан төвлөрүүлж авах шаардлагыг тавьж байна. Одоогийн байдлаар Ж.Батсүх нь 6.700.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд хийж хохирлоос төлж барагдуулсан, сая шүүх хуралдаанд 1.000.000 төгрөг төлсөн баримт гаргаж өгч байна. Иймд үлдэгдэл 17.300.000 төгрөгийг Ж.Батсүхээс гаргуулж хохирлыг бүрэн төлүүлэх шаардлагыг тавьж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-6 тал/,

             2. Гэрч С.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2015 онд ЗДТГ-т төсөл бичиж өгөөгүй. Би энэхүү зээлийг аваагүй хувьдаа авч ашигласан ямар нэг зүйл байхгүй. Би 2015 оны 07 сарын 17-ны өдөр сумын төвд байх гэртээ ирээд байж байтал сумын ЗДТГ-н төсөл хариуцсан ажилтан Оюунчимэг манай гэрт ирж надаар цаасан дээр гарын үсэг зуруулсан түүнийг би ямар учиртай цаасан дээр зуруулж байгааг мэдээгүй. Гэхдээ урьд нь засаг дарга Ж.Батсүх надруу утсаар яриад чиний нэр дээр 25 сая төгрөгний зээл гаргаж авна учир нь сумын ойн арга хэмжээнд зарцуулагдах мөнгө хүрэлцэхгүй байна буцаагаад 7 хоногийн дараа хандивын мөнгө орж ирэхээр нь хийчихнэ гэхээр нь би сум орон нутагт ойн арга хэмжээ болж байгаа юм чинь болох байх гэж бодоод зөвшөөрсөн. Зээлийн гэрээ болоод зээл олгох бичиг баримтуудыг хэрхэн бүрдүүлсэн болохыг мэдэхгүй бэлэн болчихсон байсан. Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн. Миний дансанд шилжиж орсон 25 сая төгрөгийг миний эхнэр Батжаргал сумын төвийн банкнаас бэлнээр аваад сумын ЗДТГ-ын ажилтан Майцэцэг гэдэг хүнд өгсөн гэж хэлсэн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг манайх аваагүй. Майцэцэг нь сумын нягтлан бөгөөд ойд зарцуулсан гэж байсан. Тухайн мөнгийг надад буцааж өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

           3. Б.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Сонгон шалгаруулалт албан ёсоор хуралдаагүй, сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүдтэй засаг дарга ярилцаад гарын үсгийг сүүлд зуруулсан. Баримт материал гэрээг 2015 оны 07 сарын 17-ны өдөр засаг дарга өөрөө өгсөн. Тухайн үед засаг дарга захирамж өгөөд С.Анхбаяртай гэрээ байгуул гэсэн. С.Анхбаяр, Засаг дарга Ж.Батсүх нар гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Би тухайн үед ойлгохдоо зочид буудал, зоогийн газрын зориулалтай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгож байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг” /хх-ийн 66 тал/,

            Б.Оюунчимэгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: “2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр намайг манай сумын засаг дарга хүнээр дуудуулахаар нь яваад очтол Засаг дарга надад С.Анхбаярт 25 сая төгрөгний зээлийг олгуулахаар гэрээ байгуулах тухай захирамж өгөөд гэрээгээ байгуулаад гарын үсэг зуруулаад ир гэж үүрэг болгосон. Тэгэхээр нь би Засаг даргын энэ үүргийн дагуу уг захирамжийг аваад С.Анхбаярын гэрт нь очиж гэрээгээ байгуулаад С.Анхбаярыг уг гэрээнд гарын үсэг зуруулаад засаг дарга Ж.Батсүхэд уг гэрээг аваачиж өгсөн. Анх надад засаг дарга гэрээг өгөх үед нь би зээл олгох талаар Төсөл шалгаруулах хороо хуралдсан юм уу ингэж болох юм уу би үүнийг чинь зөвшөөрөхгүй байна гэж хэлэхэд Засаг дарга над руу уурлаад наад төсвийг чинь захиран зарцуулах эрх нь надад байдаг юм чамд хамаагүй захирамж гарсны дагуу гэрээгээ байгуулаад ир гэж хэлээд явуулсан юм. Засаг дарга захирамж өгөхдөө захирамжтай хамт гарын үсэг зурахад бэлэн гэрээг надад өгсний дагуу гэрээнд С.Анхбаяраар гарын үсэг зуруулаад буцаж засаг даргад аваачиж өгсөн. Ингээд сумын 90-н жилийн ойн арга хэмжээ дууссаны дараа засаг дарга Ж.Батсүх намайг дуудаад хурлын тэмдэглэл бич гэхээр нь ямар хурлын тэмдэглэл бичих юм гэхэд 2015 оны 06 дугаар сард орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнээр Дарамбазарт зээл олгох тухай шийдвэр дээр С.Анхбаярт зээл олгох тухай хурал хийсэн гэдэг тэмдэглэлийг бичээд оруулчих чамайг байхгүй байхад С.Анхбаярт зээл олгох шийдвэрийг орон тооны бус зөвлөлийнхөө гишүүдтэй ярьчихсан юм гэж хэлээд надаар бичүүлэх гэхээр нь би өөрийнхөө оролцоогүй хурлын тэмдэглэлийг би бичихгүйээ гэж хэлэхэд засаг дарга Ж.Батсүх нь надад: чи энэ орон тооны бус зөвлөлийн бичиг хэргийн ажилтан болохоор чи бичихгүй бол болохгүй гээд аргагүйн эрхэнд би бичихээр болоод ямар утгатай юм бичих юм бэ гэхэд би өөрөө хуралд суусан учраас ийм асуудлыг ингэж шийдсэн гэж өөрөө надад бичих зүйлийг нь хэлээд би хэлсэн зүйлийг нь тэмдэглэл болгож бичсэн. Би тухайн үед засаг дарга Ж.Батсүхийн өгсөн үүрэг даалгаварыг буруу гэж өөрт нь хэлсэн боловч надад үүнийг үүрэг болгосон болохоор биелүүлсэн. Намайг байхгүй байхад ч гэсэн зөвлөлийн ирц бүрдсэн тохиолдолд зөвлөл хуралдах бүрэн боломжтой. Тийм болохоор би энэ хэрэгт хамтран оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-18 тал/,

            4. М.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “Тухайн үед би Давст сумын ЗДТГ-т санхүү албаны даргаар ажиллаж байсан. 2015 оны 07 сарын 17-ны өдөр Засаг дарга Ж.Батсүх намайг өрөөндөө дуудаад надад хандаж: Чи С.Анхбаярын зочид буудал, зоогийн газрын зээлийг одоо гаргаж өг гэж хэлээд надад захирамж болон С.Анхбаярын нэр дээр 25 сая төгрөгийг гаргах зөвшөөрөл өгсөн. Ер нь бол С.Анхбаярын нэрээр зээл олгочихоод сумын ойн арга хэмжээнд зарцуулж болохгүй. 2013 оны 12 сард сонгон шалгаруулалт болж байхад С.Анхбаярын зочид буудлын материал орж ирж байсан тэр үедээ дэмжигдээгүй түр хойшлуулсан байсан. Би сум хөгжүүлэх сангийн сонгон шалгаруулалтын зөвлөлд байдаг. 2015 оны хавар зөвлөл хуралдаж байхад нь би сууж байгаад гараад явчихсан байсан түүний хойно С.Анхбаярт 25 сая төгрөг олгох талаар ярилцсан байсан. Би гарын үсэг зурсан гэхдээ сүүлд нөхөж зурсан. Тэр үедээ хурлаар ярилцсан асуудлын талаар тэмдэглэлтэй танилцаагүйгээр гарын үсэг зурчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67 тал/

             М.Буяндэлгэрийн сэжигтнээр өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын засаг дарга Ж.Батсүх өрөөндөө өглөөний 10 цагийн үед дуудсан яваад ортол С.Анхбаярын зоогийн газрын зээлийг гарга гэж хэлсэн. Би яагаад С.Анхбаярын нэр дээр зээл гарч байгаа юм “Сум хөгжүүлэх сан”-гийн орон тооны бус зөвлөлийн хурлаар орсон юм уу гэж асуухад засаг дарга Ж.Батсүх сая 6 сарын хурлаар орсон энэ захирамж, гэрээ нь байна гээд надад өгсөн. Би өөрөө “Сум хөгжүүлэх сан”-гийн орон тооны бус зөвлөлд ордог би 6 сарын үед дундуур нь гараад явчихсан байсан болхоор намайг гарснаас хойш л хэлэлцээд шийдвэрлэсэн байна гэж бодсон. Тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг мэргэжилтэн Б.Оюунчимэг хөтөлж байсан ба хурлын дараа протоколоо комьпютерээр бичээд зөвлөлийн гишүүдээр гарын үсэг зуруулдаг юм тэрхүү протокол дээр нь би гарын үсэг зурсан. Гэхдээ протоколыг уншиж танилцалгүйгээр зурсан. Ингээд сумын засаг дарга Ж.Батсүхээс С.Анхбаярт 25 төгрөгийн зээл олгох тухай захирамж зээлийн гэрээ зэргийг аваад Төлбөрийн хүсэлтээ үйлдээд засаг дарга Ж.Батсүхээр төлбөрийн хүсэлтэнд нэгдүгээр гарын үсэг зуруулсан. 2 дугаар гарын үсгийг би зурдаг боловч тухайн баримтанд би гарын үсгээ зураагүй. Энэхүү баримтаа төсвийн мэргэжилтэн Б.Өнөрзаяад өгөөд гүйлгээг хийлгэсэн. Хэрэв хурал дээр би С.Анхбаярт өгөх зээлийн талаар хэлэлцэхэд сууж байсан бол энэ зээлийг дэмжихгүй байсан тэгээд л гарын үсгээ зураагүй юм. Ойн арга хэмжээнд төсвөөс баяр наадмын зардал гэж 5 сая төгрөгийг л зарцуулсан. Үүнээс өөр мөнгө гаргаагүй. Санхүүжилт зарцуулалтыг би мэдэхгүй. Би өөрийгөө засаг дарга Ж.Батсүхтэй хамтраад үгсэн хуйвалдаад С.Анхбаярын нэр дээр зээл гаргасан гэж үзэхгүй байна. Энэ маань ч төлбөрийн хүсэлтэнд гарыг үсэг зураагүй гэдгээрээ нотлож байна. Миний буруу гэвэл тухайн үед сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийн хурлаас гарч явсан, дараа нь хурлын тэмдэглэлийг уншиж танилцалгүй гарын үсэг зурсан маань буруу үүнийгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-14 тал/,

          5. Гэрч Б.Майцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 7 сарын 17-ны өдөр Батжаргал эгчтэй цуг Давст сумын Хаан банк, Төрийн банк хоёрын салбараас хувааж нийт 25 сая төгрөгийг Батжаргал эгчээс бэлнээр авсан. Тухайн мөнгийг засаг дарга Ж.Батсүх гэдэг хүн очиж ав гэж хэлсэн. Ойн арга хэмжээ болох гэж байсан бөгөөд мөнгө дутаж байгаа тул С.Анхбаяраас зээлж байгаа гэж хэлсэн. Тухайн мөнгийг дор дурдсан байдлаар зарцуулсан. Үүнд: Соёл урлагийн комиссын дарга С.Батмагнайд 10.551.000 төгрөг, Дуу бүжгийн найруулагч У.Пүрэвсүрэн гэдэг хүнд найруулагчийн хөлсний дутуу 1.500.000 төгрөг, Ойн модел хариуцсан Ганболор гэх хүнд 6.000.000, энэ хүнд засаг дарга Улаанбаатар хот руу явахдаа дутуу 2.014.000 төгрөгийг аваачиж өгсөн нийт 8.014.000 төгрөг өгсөн. Ойтой холбоотой татварт, татварын байцаагч Б.Туулд 2.080.000 төгрөг, Бэлгийн моринд мөнгө гэж Т.Батнасанд 150.000 төгрөг, Цорготой савны дутуу гэж Цагаанхүү гэдэг хүнд 400.000 төгрөг, эмээлний дутуу гэж Ядамсүрэн гэдэг хүнд 1 сая төгрөг, хүлээн авалтанд мал авсан Баттогтох гэдэг малчинд 500.000 төгрөг, Улаангом сумын ойтой гэж Н.Нямсүрэнд 200.000 төгрөг, морины комиссын ахлагч Б.Ганболдод 405.000 төгрөг, наадмаар үйлчилсэн Наранцэцэг, Ариунзаяа нарт үйлчилгээны хөлс 90000 төгрөг, Сур харвааны комиссын ахлагч Б.Ганболдод 110.000 төгрөг тус тус өгч тухайн үедээ авсан гэх хүмүүсээс гарын үсэг зуруулсан. Баримтуудыг би хэрэг болно гэж бодоод өөртөө хадгалж явсан. Өөрөөр хэлбэл энэ 25 сая төгрөгийг бэлнээр нь би өөрөө хүлээн авсан учраас буцаад өөрийгөө хамгаалах үүднээс энэ баримтуудыг аваад ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69, 2-р 9 тал/,

            6. Гэрч Т.Төрбатын мөрдөн байцаалтад өгсөн:  “Би 2012 оноос хойш одоог хүртэл сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлд хяналтын үүрэг гүйцэтгэж оролцдог. Миний гол үүрэг бол төслийг зөв хүндээ олгож байгаа эсэхэд хөндлөнгөөс хяналт тавин оролцдог. Зөвлөл нь тодорхой хуралдана гэсэн хугацаа хоног бол байхгүй. Тендер зарлаж хуралдах шаардлага бий болсон тохиолдолд л хурлаа зарлаж хуралддаг. Зөвлөлийн гишүүнд Засаг дарга Ж.Батсүх, орлогч дарга Лхагважав, жижиг дунд үйлдвэрлэл төсөл хариуцсан ажилтан Б.Оюунчимэг, багийн засаг дарга Ганболд, төрийн сангийн төлөөлөгч М.Буяндэлгэр гэсэн хүмүүс байдаг. Хөндлөнгөөс хяналт тавьж оролцдог  хүмүүс гэвэл Төрбат миний бие, Ш.Мөнхбат, Т.Батсүх гэдэг хүмүүс байдаг. Зөвлөлийн гишүүд хурлын ажиллагааг Засаг даргын тамгын газарт байдаг хурлын танхимд зохион байгуулж явуулдаг. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зөвлөлийн хуралд оролцоогүй төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэг гэдэг охин сүүлд надаар гарын үсэг зуруулсан гарын үсэг зуруулахдаа С.Анхбаярт зээл олгож байна энэ хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зураад өгөөч. Энэ хурал Дарамбазарын төсөл шийдвэрлэхэд цуг болсон шүү гэж хэлээд нөхөж гарын үсэг зуруулсан. 2015 онд гарын үсэг зурсан яг хэдэн сард гэдгийг нь үнэхээр мэдэхгүй байна. Би гарын үсгээ засаг даргын тамгын газарт зурсан. Өөр төсөл хэлэлцэх гэж байсан тэр үед хуралд суухаар тамгын газар дээр явж байхад гарын үсэг зуруулсан юм. Би хуралд оролцоогүй учраас С.Анхбаярт 25 сая төгрөгийн зээл олгохыг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 107 тал/,

        7. Гэрч Т.Батсүхийн  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2014 оны хавар нэг удаа төсөл сонгон шлагаруулах зөвлөлийн хуралд оролцсон. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралд суугаагүй, оролцоогүй. Уг тэмдэглэлд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Хэн гарын үсэг зурсаныг мэдэхгүй. Би хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Би 2012 оноос төсөл сонгон шалгаруулах зөвлөлд ажиллаж байгаа. Би зөвлөлд ажилласнаас хойш 2013, 2014 онд тус бүр 1 удаа нийт 2 удаа л хуралд суусан. Хурлын ажиллагаа сумын төвд Засаг даргын тамгын газрын иргэний тэнхимийн өрөөнд явагддаг. Би бол хөндлөнгөөс хяналт тавьж оролцдог. Зөв хүнд өгч байгаа эсэхийг хянаж зөвлөлд оролцдог. Би С.Анхбаярт 25 сая төгрөгний зээл олгосныг мэдэхгүй. Би хуралд нь суугаагүй. Би анх удаа сонсож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 тал/,

         8. Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Жамбалын Батсүхийг нэг нутаг усны хүн гэдгээр нь багаасаа мэднэ. Надтай садан төрлийн холбоо байхгүй. С.Анхбаярын аав ээж нь Ж.Батсүхийн эхнэр Баясгалангийн аав, ээжтэй үй зайгүй найз нөхдийн холбоотой явсан нэг нэгнийхээ гэрээр байнга л орж гарч явдаг байсан түүнээс биш ойрхон садан төрөл, худ ургийн холбоо байхгүй. Миний нөхөр С.Анхбаяр нь морь уяж уралдуулдаг бөгөөд тухайн үед морь уяад Увс нуурын хөвөөнд явж байтал 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тухайн үед засаг дарга байсан Ж.Батсүх нь С.Анхбаяр луу залгаж ойн санхүүжилт дутлаа хүмүүс хандив өгнө гэсэн өгөхгүй байна. Иймд танай нэр дээр зээл гаргаж аваад 7 хоногийн дараа буцааж төлнө гэж ярихаар нь С.Анхбаяр өөрийн биеэр 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр сумын төв рүү орж ирсэн. Тэгээд гэртээ байж байтал Ж.Батсүх миний утас руу залгаад С.Анхбаяр хөдөөнөөс ирсэн үү та хоёртой ярьж тохирох зүйл байна та хоёрын нэр дээр зээл гаргаж ойн арга хэмжээнд зарцуулах гэсэн юм. Хандив цугларахаар нь буцаагаад төлчихье гэсэн. Бид хоёр гэртээ байж байтал төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэг манай гэрт ирээд бичгийн цаасан дээр хэвлэсэн материал дээр гарын үсэг зуруулсан тухайн үед Б.Оюунчимэгийн авч ирсэн материалтай танилцаагүй. Учир нь манайд Улаанбаатар хотоос зочид ирчихсэн байсан болохоор тэр материалтай танилцах ямарч зав боломж байгаагүй. Тэгээд байж байтал тэр өдрөө буюу 2015 оны 7 дугаар сарын 17-ны 15 цаг 30 минутын үед Засаг дарын тамгын газрын нягтлан Майцэцэг утсаар залгаад Батжаргал эгчээ Анхбаяр ах байна уу, Анхбаяр ахын данс руу мөнгө орчихсон байна тэр мөнгийг маргааш хэрэглэх гэж байгаа юмаа байхгүй бол та ирээд аваад өгөөч би банкин дээр байна гэж хэлсэн. Сумын ой болж өнгөрөөд 7 хоногийн дараа би Засаг дарга дээр очиж таны авсан зээл юу болсон бэ буцааж төлсөн үү гэхэд ойн тайлан нэгдээгүй байна зочид төлөөлөгчид явсны дараа тооцоо гаргаж байгаад өгнө гэж хэлсэн. Манайх 2013 онд хувийн гуанзаа өргөжүүлэх зорилгоор 10 сая төгрөгний төсөл бичиж засаг даргын тамгын газарт өгсөн боловч тэр үедээ дэмжигдээгүй түүнээс хойш манайх сумын засаг даргын тамгын газарт төсөл авах талаар ганц ч төсөл өгөөгүй. Гэтэл  2016 оны ойн тайлангийн хурал дээр миний нөхөр С.Анхбаярын нэр дээр зочид буудал зоогийн газрын төсөл гэж 25 сая төгрөгийн зээл гаргасан гэсэн. Манайх уг нь зоогийн газар биш гуанзтай байсан боловч тус гуанзаа 2014 онд зарчихсан байсан. Хаан банкны 5803032955 дугаартай дансыг бид хоёр хамтран эзэмшдэг нэгдүгээр гарын үсгийг С.Анхбаяр зурсан, хоёрдугаар гарын үсгийг би зурсан болохоор би тус данснаас мөнгө гарган авах эрхтэй юм. Дээрх данснаас 10 сая төгрөг авахаар зарлагын баримтан дээр гарын үсэг зурсан. Хаан банкнаас 10 сая төгрөгийг бэлнээр гарган үлдэгдэл 15 сая төгрөгийг авах гэсэн боловч банкны санхүүжилт хүрээгүй тул Төрийн банкны миний эзэмшилд байх 16030004370 гэсэн данс руу 15 сая төгрөг шилжүүлэх мөнгөн шилжүүлэг дээр гарын үсэг зурсан, мөн Төрийн банкны зарлагын баримтан дээр гарын үсэг зурчихаад гэрлүүгээ явсан. Миний гар дээр бэлнээр ганц ч төгрөг ирээгүй, тэр мөнгийг сумын тамгын газрын нягтлан Майцэцэг бүгдийг авсан. Засаг дарга хэлэхдээ 25 сая төгрөгийг морины бай шагнал, бөхийн бай шагнал, бүжгийн багш, сумын ойг найруулсан хүмүүсийн цалин гэх мэт зүйлд зарцуулна гэж хэлж байсан. Түүндээ зарцуулсан эсэхийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 110-111-р тал/,

          9. Гэрч Ш.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралд оролцсон. Тухайн үед иргэн Дарамбазарын суран эдлэлийн төсөл иргэн С.Анхбаярын Зочид буудлын төсөл хэлэлцэгдсэн. Тэгээд Дарамбазарын суран эдлэлийн төслийг дэмжээд С.Анхбаярын төслийг дэмжээгүй. Тухайн үед олон төсөл зээлүүд орж ирсэн. Тэр үедээ дэмжихыг нь дэмжээд татгалзахыг нь татгалзсан. С.Анхбаярын зээл 2013 онд орж ирсэн боловч дэмжилгүй буцаасан. Тэгтэл тэр зээл дахин 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдсэн. Тэр үед би дэмжихгүй гэдэг саналтай байсан боловч олонх дэмжсэн байсан учраас би хурлын тэмдэглэл дээр гарын үсгээ зурсан. Тухайн үед Дарамбазарын зээл дэмжигдсэн цуг Анхбаярын зээл хэлэлцэгдсэн учраас нэг дор гарын үсэг зурагдсан. Бид нар засаг даргын тамгын газрын хурлын өрөө, засаг даргын өрөө хоёрын аль нэгэнд нь хуралдсан яг алинд нь болохыг одоо санахгүй байна. Гарын үсгээ тэр даруйдаа зурсан” гэх мэдүүлэг / хх-ийн 112 тал/,

           10. Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Ж.Батсүхийг танина. Ж.Батсүх нь миний нагац ах юм. Сумын 90 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 7 дугаар сарын 18-19-ний хооронд зохион байгуулагдсан. Би сумын ойн арга хэмжээ зохион байгуулах комисст байсан. Тухайн үед Хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссыг ахлаж байсан. Хурдан морины бай шагналын мөнгө сумын төсвөөс төсөвлөгдөөгүй эхний таван морины шагналыг хүмүүс дааж аваад шагнал гардуулахад олгосон. 6-30-д ирсэн морины шагналыг Улсын Их хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн бие төлөөлөгч ирж шагнасан. Сумын 90 жилийн ойд 6 насны морьд уралдсан бөгөөд эхний 5 байрыг хүмүүс дааж авсан боловч зарим нэг хүмүүс морины бай шагнал амлаж аваагүй тул түүнийг сумаас гаргаж өгсөн хэрхэн яаж гаргасныг мэдэхгүй төсөвөөсөө гаргасан уу хандиваасаа гаргасан уу гэдгийг мэдэхгүй. Хурдан морины салбар хороо 3 удаа хуралдаад хандив өргөсөн хүмүүсээс бай шагналаа олгоё гэж санхүүжилтийг зохицуулсан. Харин хурдан морийг уралдуулахад тугтай машин болон морины комиссын машины шатах, тослох материал, хоол ундыг сумаас авсан. Яг хэдэн төгрөг сумаас авсныг мэдэхгүй байна. Би Давст сумын Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан энэ ажил дээрээ 16 дахь жилдээ ажиллаж байна. Ж.Батсүх сум орны ард иргэдийн дунд нэр хүндтэй, бусадтай зөв боловсон харьцаатай, хамт олныг манлайлан удирдах чадвартай, гэр бүлдээ халамж анхааралтай, элэгсэг дотно зантай. Одоогоор Увс аймгийн Давст сумын 2-р багт эхнэр /Баясгалан/, 6-17 насны 3 хүүхдийн хамт амьдардаг” гэх мэдүүлэг / хх-ийн 115-116 тал/,

         11. Гэрч Э.Бат-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн: “Ж.Батсүхийг нэг нутагт байсан, мөн засаг даргын орлогч байсан гэдгээр нь танина, садан төрлийн холбоо байхгүй. Сумын 90 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 7 дугаар сарын 18-19-ний хооронд зохион байгуулагдсан. Аж ахуйн салбар хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үед 14 сая төгрөг төсөвлөгдсөн. Энэ мөнгийг ойн хандивын мөнгөөр санхүүжүүлсэн. 14 сая төгрөгийг баяр наадам зохион байгуулах, Асар наадмын талбай чимэглэх, наадмын талбай, морин үйлчилгээ, Улаанбаатар хот өөр аймгаас ирсэн зочидыг хүлээн авч угталт үдэлтийн ажлыг зохион байгуулахад зарцуулсан зарцуулалтын тайлан байгаа. Сумын баяр наадам зохион байгуулахад 5 сая төгрөг төсөвлөгдсөн. Үлдсэн мөнгийг нь хандив өргөсөн аж ахуй нэгж байгууллагын мөнгөөр санхүүжүүлж зохион байгуулсан. С.Анхбаяраас авсан 25 сая төгрөгийг яаж зарцуулсаныг мэдэхгүй.  Би 25 сая төгрөг авсныг мэдээгүй. Манай хороо 25 сая төгрөгөөс мөнгө авсныг мэдэхгүй, хэрэгцээ гарахаар нягтлангаас бага багаар нь авч, нийт 14 сая төгрөг болсон” гэх мэдүүлэг / хх-ийн 118-119 тал/,

           12. Гэрч М.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Увс аймгийн Давст сумын 90 жилийн ойн арга хэмжээ 2016 оны 7 дугаар сард болсон юм. Тухайн үед эцэг маань амьд байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар нутагдаа очиж чадаагүй юм. Харин би өөрөө гэр бүл дүү нараа дагуулаад энэ арга хэмжээнд очиж оролцсон. Энэ ойн арга хэмжээнд оролцохоос өмнө Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэдээс хандивын арга хэмжээг 2016 оны 2 дугаар сард зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээнд би оролцсон гэхдээ би бэлэн мөнгө өгөөгүй юм. Учир нь аав маань надад хэлэхдээ аавыгаа дурсах нүдэнд харагдах зүйл бүтээ гэсэн тэгээд Давст сумын хүндэтгэлийн өргөө барьж өг гэсэн юм. Ингээд би энэхүү өргөөний зураг төслийг нь аваад 20 сая төгрөгийн өртөг бүхий барилга барих гээд ажил төрлөө хөөцөлдөж байтал тухайн үед Давст сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсүхээс өргөөгөө болихоор шийдсэн тул мөнгийг нь өгчих гэсэн санал гаргасан. Аав маань энэ саналыг хүлээн аваагүй тэгээд л тэр өргөөг нь манай компани барьж өгөөгүй. Ойн арга хэмжээ ч дууссан. Тэгсэн Засаг дарга Ж.Батсүх ойн арга хэмжээнд илүү төсөв зарцуулагдаад өр төлбөрт орж байна. Та 10 сая төгрөг бэлнээр өгөөч гэсэн санал гаргасан юм. Ингээд би манай компаны үйл ажиллагаа явагдаагүй санхүү хүндрэлтэй байна, үйл ажиллагаа жигдрээд ирэх үед буюу 2017 оны 8 дугаар сар гэхэд 10 сая төгрөгийн хандиваа өгье гэсэн албан бичгийг өгсөн. Давст сумын ойн арга хэмжээ үнэхээр сайхан болсон. Очсон зочид гийчид сэтгэл өндөр байсан. Би л гэхэд гэр бүл, дүү нараа дагуулаад 4-н машин хүнтэй ойдоо оролцоод буцаж ирсэн. Уг нь одоо ингээд бие биенээ эвгүй байдалд оруулаад байх шаардлага байхгүй л юм. Нам эвсэл болоод хуваалцаж болохгүй. Нэг нутгийн хүмүүс шүү дээ. Сонгуулиар нэг нь авч нөгөө нь өгч байдаг л ажил албан тушаал. Хэн байгаа нь ойн арга хэмжээгээ хийгээд л явдаг. Миний хувьд ойн арга хэмжээ үнэхээр сайхан зохион байгуулсан сэтгэгдэл өндөр байсан. Тухайн үеийн засаг дарга Ж.Батсүх бол ойгоо сайн удирдаж зохион байгуулсан. Олон хүн очсон тэр болгоныг байр орон сууц гэрээр хангаад л буцаасан. Энэ хүн хувьдаа мөнгө төгрөг авч завшаагүй л байх. Би өгнө гэсэн хандиваа өгөх л болно. Хандив цуглуулах арга хэмжээний үеэр Улаанбаатар хотод байгаа сумын уугуул иргэд зөндөө хандив амлаж байсан. Тэр болгон нь өгөөгүй гэсэн. Ойн арга хэмжээг хандиваар л зохион байгуулна шүү дээ. Тийм болохоор ойн арга хэмжээг зохион байгуулсан тухайн үеийн сумын удирдлага хамт олон хэцүү байдалд ажилласан байхаа” гэх мэдүүлэг / хх-ийн 140 тал/,

            13. Шүүгдэгч Ж.Батсүхийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 155-163 тал/,

            14. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 152 тал /,           

            15. Увс аймгийн Аудитын газрын 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хугацаа хэтэрсэн буюу зориулалт бусаар зарцуулсан зээл төлүүлэх тухай” акт     /хх-ийн 174-176 тал/,

            16. Шүүгдэгч Ж.Батсүхийн хохирол төлсөн баримтууд /хх-ийн 235-239 тал/,

            17. 25 сая төгрөгийн зарцуулалттай холбоотой баримтууд /2-р хх-ийн 47-112 тал/,

         18. Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/87 тоот “Зээл олгох тухай” захирамж, төлбөрийн хүсэлт баримт /2-р хх-ийн 113-114 тал/,

          19. Увс аймгийн Давст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/66 тоот “Зөвлөл байгуулах тухай” тогтоол /2-р хх-ийн 115 тал/,

            20. Увс аймгийн Давст сумын төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүдийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 118 тал/,

            21. Иргэн С.Анхбаярын “Зочид буудал зоогийн газар өргөжүүлэх” төслийн хуулбар /2-р хх-ийн 119-122 тал/,

               22. Сум хөгжүүлэх сангаас олгох Зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь /2-р хх-ийн 123-127 тал/,  

            23. Увс аймгийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 09 тоот прокурорын тогтоол. /2-р хх-ийн 140 тал/,

              24. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн хохиролд 1 сая төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт,

            25. Шүүгдэгч Ж.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний бие 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Засаг даргаар ажиллаж байсан. Ингэж ажиллаж байх хугацаанд 2015 оны 7 дугаар сард манай сумын 90 жилийн ойн арга хэмжээ болох гээд уг арга хэмжээг зохион байгуулах комиссыг 2015 оны эхээр би захирамж гарган байгуулж байсан юм. Энэ комиссын өмнө ойн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангах комиссыг 2014 онд байгуулж байсан юм. Би өөрөө сумын 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын даргаар ажиллах сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол байдаг юм. Сумын ИТХ-ийн дарга Ганбаатар болон миний бие ойн арга хэмжээнд хандив цуглуулах арга хэмжээг 2015 оны 2 сараас л эхлэн удирдаж байсан. Ингэж хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулахад манай сумын харьяат болон сумтай холбоотой олон иргэд, аж ахуй нэгжүүд сумынхаа 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад хандив мөнгө өгнө гэж амлаж байсан. Ингэж хандив мөнгө өгнө гэсэн бүх иргэн, аж ахуй нэгжийн нэрсийг Давст сумын 90-н жилийн ойд зориулан гаргасан Давст сумын алтан шаштир нэртэй номонд бичиж алдаршуулсан юм. Гэвч зарим нэг аж ахуй нэгж хүмүүс амласан хандиваа өгөөгүйгээс сумын 90-н жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад хүндрэл гарсан юм. Төчнөөн төгрөгийн хандив босож түүнийг ийм ийм арга хэмжээнд зарцуулна гээд тооцоо гаргасан байсан. Ингээд тооцсон хандив цуглараагүй сумын ойн арга хэмжээ болох гээд байсан тул сумын иргэн С.Анхбаяртай уулзаж түүний 2013 онд өгч байсан зээлийн материалыг үндэслэн “Сум хөгжүүлэх сан”-гаас түүний нэр дээр 25 сая төгрөгийн зээлийг олгож, улмаар энэхүү 25 сая төгрөгийг С.Анхбаяраас буцаан авч сумын ойн арга хэмжээнд зарцуулах, хандив өгнө гэсэн иргэд аж ахуйн нэгжүүдэээс орж ирсэн хандивыг цуглуулан 25 сая төгрөг болгон буцаан С.Анхбаярт өгөхөөр тохирсон юм. С.Анхбаяр өөрөө данснаасаа мөнгийг гарган өгсөн. Буцааж өгч чадаагүй нь бидний буруу болоод байна” /хх-ийн 144-145 тал/, М.Буяндэлгэр, Б.Оюунчимэг нар нь энэ хэрэгт надтай хамтран оролцсон зүйл байхгүй. Миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн л төдий хүмүүс. Түүнээс өөрсдийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд энэ хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй тийм болохоор би өөрийнхөө хийсэн гэм буруутай үйлдлийг 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа би энэ хэргээ шүүхээр шийдүүлэхэд эсэргүүцээд татгалзаад байх зүйл байхгүй. Би сум хөгжүүлэх сангаас авсан 25 сая төгрөгийг буцааж Давст сумынхаа сум хөгжүүлэх санд төлөөд байгаа цаашид ойрын хугацаад төлж дуусгахаа ч сумын удирдлагуудад мэдэгдэж албан хүсэлтээ өгснийг хүлээн авч шийдвэрлэсэн байгаа. Би 6 сая төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд хийсэн харин нэг найз 500.000 төгрөгийг надад туслах зорилгоор сум хөгжүүлэх сангийн дансанд хийсэн, 200.000 төгрөгийг дансанд хийсэн баримт нь ойн арга хэмжээ болох үед амласан мөнгөө өгөөгүй байж байгаад өгсөн” гэх /2-р хх-ийн 39-40 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Жамбал овогтой Батсүх миний 2012-2016 оны хооронд Давст сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд Давст сумын 90 жилийн арга хэмжээ 2015 оны 7 дугаар сарын 18-19-ний өдөр зохион байгуулагдсан. Ой арга хэмжээ бол хандивлагчдын амласан мөнгөөр зохион байгууллагдаг бөгөөд тодорхой хэмжээний хандивыг амлаж байсан хандивлагч нөхөд маань ойн баярын өдөр ард түмэн иргэдийн нүдэн дээр өгнө гэдэг асуудал ярьсан учраас аргагүйн эрхэнд мөнгөний шаардлагааар ийм зүйл хийсэн. Хэдийгээр би тухайн үед зөвлөлийн гишүүдтэйгээ ярилцаж байгаад энэ шийдвэрийг гаргасан боловч нэгэнт дүрэм журам процессоо зөрчсөн учир гэм буруугийн асуудал маргахгүй байгаа. Сумын Засаг даргад төлбөрөө боломжоороо төлөх өргөдөл хүсэлт гаргасан. Урьд нь 6.700.000 төгрөг төлсөн байсан. Өнөөдөр 1.000.000 төгрөгийг төлсөн. Надад энэ мөнгийг нэг доор төлөх боломж үнэхээр хэцүү байна. Учир нь би одоо ажилгүй байгаа. Иймд би энэ он дуусахад ямартай ч гэсэн 7 сая төгрөгийг нь төлж барагдуулна гэж бодож байна. Мөн манай нутгийн ах Ган хийц компаний захирал Даваасүрэн хандивт 10.000.000 төгрөг өгнө гэдгээ сумын засаг даргын тамгын газарт албан бичгээр ирүүлсэн, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ч гэсэн 8 сард багтааж өгнө гэдгээ хэлсэн байгаа. Энэ хүн үнэхээр энэ мөнгөө өгөхгүй гэвэл би 2018 оны 1 дүгээр улиралд багтаан төлөх арга хэмжээ авна. Иймд надад шүүхээс боломж олгохыг хүсэж байна” гэх мэдүүлгүүд болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд ДҮГНЭВЭЛ:

            Шүүгдэгч Ж.Батсүх нь Увс аймгийн Давст сумын засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэгдээгүй асуудлаар буюу иргэн С.Анхбаярын 2013 онд бичиж өгч байсан зочид буудал, зоогийн газар өргөжүүлэх нэртэй төслийг ашиглан түүний нэр дээр 25 сая төгрөгний зээл олгох тухай 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/87 дугаартай захирамж гаргаж, улмаар уг 25 сая төгрөгийг Давст Сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зарцуулсаны улмаас Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунаа, гэрч С.Анхбаяр, Б.Майцэцэг, Т.Төрбат, Т.Батсүх, Б.Батжаргал, Ш.Мөнхбат, Ю.Ганболд, Э.Бат-Орших нарын мэдүүлэг, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/87 дугаартай “Зээл олгох тухай” захирамж, 16 тоот төлбөрийн хүсэлтийн хуулбар, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогджээ.  

         Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ж.Батсүхэд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулснаар бүрдэл төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг юм.

          Хэрэгт авагдсан гэрч С.Анхбаярын “...Би 2015 онд ЗДТГ-т төсөл бичиж өгөөгүй. Би энэхүү зээлийг аваагүй хувьдаа авч ашигласан ямар нэг зүйл байхгүй. Би 2015 оны 07 сарын 17-ны өдөр сумын төвд байх гэртээ ирээд байж байтал сумын ЗДТГ-н төсөл хариуцсан ажилтан Оюунчимэг манай гэрт ирж надаар цаасан дээр гарын үсэг зуруулсан түүнийг би ямар учиртай цаасан дээр зуруулж байгааг мэдээгүй. Гэхдээ урьд нь засаг дарга Ж.Батсүх над уруу утсаар яриад чиний нэр дээр 25 сая төгрөгний зээл гаргаж авна учир нь сумын ойн арга хэмжээнд зарцуулагдах мөнгө хүрэлцэхгүй байна буцаагаад 7 хоногийн дараа хандивын мөнгө орж ирэхээр нь хийчихнэ гэсэн...” гэх, гэрч Б.Батжаргалын “...2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тухайн үед засаг дарга байсан Ж.Батсүх нь С.Анхбаяр уруу залгаж ойн санхүүжилт дутлаа хүмүүс хандив өгнө гэсэн өгөхгүй байна. Иймд танай нэр дээр зээл гаргаж аваад 7 хоногийн дараа буцааж төлнө гэж ярьсан. Тэгээд тэр өдрөө буюу 2015 оны 7 дугаар сарын 17-ны 15 цаг 30 минутын үед Засаг дарын тамгын газрын нягтлан Майцэцэг утсаар залгаад Батжаргал эгчээ Анхбаяр ах байна уу, Анхбаяр ахын данс руу мөнгө орчихсон байна тэр мөнгийг маргааш хэрэглэх гэж байгаа юмаа байхгүй бол та ирээд аваад өгөөч би банкин дээр байна гэж хэлсэн. Миний гар дээр бэлнээр ганц ч төгрөг ирээгүй, тэр 25 сая төгрөгийг сумын тамгын газрын нягтлан Майцэцэг бүгдийг авсан. Засаг дарга хэлэхдээ 25 сая төгрөгийг морины бай шагнал, бөхийн бай шагнал, бүжгийн багш, сумын ойг найруулсан хүмүүсийн цалин гэх мэт зүйлд зарцуулна гэж хэлж байсан...” гэх, гэрч Б.Майцэцэгийн “...2015 оны 7 сарын 17-ны өдөр Батжаргал эгчтэй цуг Давст сумын Хаан банк, Төрийн банк хоёрын салбараас хувааж нийт 25 сая төгрөгийг Батжаргал эгчээс бэлнээр авсан. Тухайн мөнгийг засаг дарга Ж.Батсүх гэдэг хүн очиж ав гэж хэлсэн. Ойн арга хэмжээ болох гэж байсан бөгөөд мөнгө дутаж байгаа тул С.Анхбаяраас зээлж байгаа гэж хэлсэн...” гэх, гэрч Б.Оюунчимэгийн “төсөл сонгон шалгаруулах зөвлөл албан ёсоор хуралдаагүй, сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүдтэй засаг дарга ярилцаад гарын үсгийг сүүлд зуруулсан. Баримт материал гэрээг 2015 оны 7 сарын 17-ны өдөр засаг дарга өөрөө өгсөн. Тухайн үед засаг дарга захирамж өгөөд С.Анхбаяртай гэрээ байгуул гэсэн. С.Анхбаяр, Засаг дарга Ж.Батсүх нар гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан...” гэх, гэрч М.Буяндэлгэрийн сэжигтнээр өгсөн: “...сумын засаг дарга Ж.Батсүх өрөөндөө өглөөний 10 цагийн үед дуудсан яваад ортол С.Анхбаярын зоогийн газрын зээлийг гарга гэж хэлсэн. Би яагаад С.Анхбаярын нэр дээр зээл гарч байгаа юм “Сум хөгжүүлэх сан”-гийн орон тооны бус зөвлөлийн хурлаар орсон юм уу гэж асуухад засаг дарга Ж.Батсүх сая 6 сарын хурлаар орсон энэ захирамж, гэрээ нь байна гээд надад өгсөн. Хэрэв хурал дээр би С.Анхбаярт өгөх зээлийн талаар хэлэлцэхэд сууж байсан бол энэ зээлийг дэмжихгүй байсан тэгээд л төлбөрийн баримтанд гарын үсгээ зураагүй, 1-р гарын үсгийг засаг даргаар өөрөөр нь зуруулсан. Энэхүү баримтаа төсвийн мэргэжилтэн Б.Өнөрзаяад өгөөд гүйлгээг хийлгэсэн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ж.Батсүх нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д заасан зориулалтаар төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр зарцуулдаг болохыг мэдсээр байж 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар иргэн С.Анхбаярт 25 сая төгрөгийн зээл олгох нэрийдлээр А/87 тоот “Зээл олгох тухай” захирамж гаргаж, улмаар уг 25 сая төгрөгийг Давст сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зарцуулан сум хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийн бүрдэлийг хангасан байна.

            Харин 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус тус хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулах шаардлага үүссэн болно.

           Хэдийгээр тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Батсүхийн үйлдсэн гэмт хэрэг, түүний үйлдэлд 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

        Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хамаарч байх ба ялын санкц нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоо мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан ялаас хөнгөрсөн байна.

            Тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ шүүгдэгч Ж.Батсүх нь Увс аймгийн Давст сумын Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байсан, мөн Увс аймгийн Давст сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Зөвлөл байгуулах тухай” А/66 дугаартай тогтоолоор сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-д зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.  

         Иймд шүүгдэгч Ж.Батсүхийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газарт нийт 25.000.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь 7.700.000 төгрөг төлсөн, одоо 17.300.000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Батсүхээс 17.300.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

              Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсгийн “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боломжит хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хохирол 17.300.000 төгрөгийг төлөх, оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд буюу сар бүр 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа тус тус тогтоов.   

             Шүүхээс шүүгдэгч Ж.Батсүхэд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Шүүгдэгч Ж.Батсүх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                1. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Борлууд овогтой Жамбалын Батсүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн / тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

           2. Шүүгдэгч Борлууд овгийн Жамбалын Батсүхийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батсүхэд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         4. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Батсүхэд оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          5. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Батсүх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Батсүхээс хохиролд 17.300.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан гаргуулж, хохирогч Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

       7. Эрүүгийн 201720000072 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батсүхэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА