Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

                                                Л.Тайванбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2019/00689 дүгээр шийдвэртэй 

Л.Т-ын нэхэмжлэлтэй 

Архангай аймаг дахь ШШГГ, Н.М нарт холбогдох 

2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

хариуцагч Н.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. 

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Л.Т нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн дагуу төлбөр авагч Н.М-ийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаад барьцаанд үлдээсэн хөөрөг, зурагт хоёроо буцааж авах гэсэн чинь “зурагт чинь байгаа, хөөргийг чинь хулгайд алдчихсан” гээд хөөрөг өгсөнгүй. Нэгэнт миний хөөргийг өгөхгүй гэж байгаа бол би хөөрөгний үнэ 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг Н.М-аас авах хүсэлттэй байна. Миний хөөрөг авга ахаас үе дамжин ирсэн, шүрэн толгойтой, монетон нуухтай, зааны ясан халбагатай, их цэмцгэр, галбир сайтай, их гарын, ногоон судалтай тархи манан хөөрөг байсан. Тухайн үед ломбарданд 50 хувиар үнэлээд нэг сая төгрөгт тавьдаг байсан. Иймд миний хөөрөгний үнэ 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг Н.М-аас гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Н.М-ийн гаргасан хариу тайлбарт: “2013.03.12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч А.С Sony маркийн 1 ширхэг хуучин зурагт, сүүлийн үеийн пийцүү гэх ногоон өнгөтэй шилэн хөөргийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хурааж авсан юм билээ. Эрдэнэбулган сумын үнэлгээний комисс уг хөөргийг 100 000 төгрөгөөр үнэлсэн. Баримт, тайлбар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалд байгаа. Би 2015 онд 6 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байхдаа энэ хөөргийг алдсан. Тухайн үед цагдаагийн газарт мэдэгдэж дэслэгч Б шалгаж байсан ч олдоогүй. Уг хөөргийг би ямар нэгэн барьцаанд аваагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учир шийдвэр гүйцэтгэгч А.С-ээс хүлээж авсан юм. Тухайн үед 20 000 төгрөгөөр зарах гэхэд авах хүн олддоггүй байсан. Иргэн Л.Т уг хөөргийг 2 000 000 төгрөгөөр нэхэмжилж шүүхэд хандсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан хариу тайлбарт: “Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 тоот шийдвэрээр Л.Т-аас 1 300 000 төгрөгийг гаргуулж Н.М-д олгохоор шийдвэрлэсэн байна. 03 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулж 2013.03.12-ны өдөр төлбөр төлөгч Л.Т-ын шүрэн толгойтой, ногоон өнгөтэй, сүүлийн үеийн пийцүү гэх хөөрөг, Sony маркийн 21 инч зурагтыг мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төлбөр авагч Н.М-г байлцуулан хураан авч төлбөр төлөгчид хугацаатай мэдэгдэл өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Хураах ажиллагааны үед төлбөр төлөгч хөөргийг 1 000 000 төгрөгөөр, зурагтыг 360 000 төгрөгөөр үнэлж байгаагаа хураах актанд тусгуулж үнийн саналаа тэмдэглүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч А.С нь төлбөр төлөх талаар төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн бөгөөд хураагдсан эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Эрдэнэбулган сумын үнэлгээний комиссоор үнэлүүлэхэд хөөргийг 100 000 төгрөгөөр, зурагтыг 60 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. 2013.04.16-ны өдөр төлбөр төлөгч Л.Т нь хураагдсан хөөргийг төлбөртөө тооцож өгөх саналтай байгаа талаархи хүсэлтээ тус албанд бичгээр гаргасан байна. Дээрх хураагдсан хөрөнгүүдийг төлбөр авагч А.М-д 2013.06.19-ний өдөр үнэлгээний комиссын үнэлсэн үнэ болох 160 000 төгрөгөөр тооцон төлбөрт хүлээлгэн өгсөн. Төлбөр авагч А.М-ийн хүсэлтийн дагуу Л.Т-т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/471 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрх нь төлбөр төлөгч Л.Т-т нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй байна. Иймд Л.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2019/00689 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.М-аас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 /нэг сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Н.М-с 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Т-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2019/00689 дүгээр шийдвэрээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн харьяат Н.М надаас хөөрөгний үнэ 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Т-т олгохоор шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 тоот шийдвэрээр Н.М надад 1 334 200 /нэг сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй байсан тул Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж хөөрөг, зурагтыг хурааж авсан боловч төлбөрөө төлөхгүй хугацаа дууссан. Тэгээд хөөрөг, зурагтыг үнэлүүлж төлбөрт олгохоор удаа дараа мэдэгдэж, тэмдэглэл хөтөлж, өөрөөр нь зөвшөөрүүлэн хөөрөг, зурагтыг надад төлбөрийн тооцоонд оруулан өгсөн юм. Гэтэл төлбөр төлөгч Л.Т 2017.09.20-ны өдөр “чи надад хохирлоо бүрэн төлсөн гэсэн бичиг хийж өгөөч, би ажилд орсон тул сар бүр цалингаасаа хохирлыг чинь төлж барагдуулна” гэж хууран мэхэлж бүх төлбөртөө блокны машин  өгсөн гэж бичиг хийлгүүлж авсан. Тухайн үед нь би хөөрөг, зурагтны  үнийг  хасалгүй бичиг хийж өгсөнөөс нэхэмжлэгч Л.Т намайг хуурч мэхэлж хөөргөө хохиролд тооцуулаагүй гэж хөөрөгний үнэ 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэл гаргасаныг хүлээн зөвшөөрөөгүй. Эрдэнэбулган сумын үнэлгээний комисс хөөргийг 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байхад Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Л.Т-т хөөрөгний үнэ 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасаныг эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2019/00689 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Н.М нарыг шүүхийн шийдвэрээр гаргуулсан төлбөрийг нэхэмжлэгчээс давхардуулан авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 2 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч Н.М нь нэхэмжлэгчээс 800 000 төгрөг бэлнээр аваагүй, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хөөргийг төлбөрт тооцон суутгаж шилжүүлэн авсан гэж, хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгч Л.Т-ын хөөргийг хураан авч, тэрээр төлбөрөө төлөөгүй тул төлбөрт тооцон суутгаж төлбөр авагч Н.М-д шилжүүлсэн гэж тус тус нэхэмжлэлийг татгалзжээ. 

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Л.Т нь 1 300 000 төгрөгийг Н.М-д төлөхөөр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагджээ. 

 

Шүүх шийдвэр гаргасан тул гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор хариуцагч Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Л.Т-ын зурагт, хөөргийг хураасан, 2013.06.19-ний өдрийн актаар дээрх хоёр хөрөнгийг төлбөр авагч Н.М-д шилжүүлсэн баримтууд хэрэгт авагджээ. 

 

Н.М төлбөрөө Л.Т-аас бүрэн авсан гэсний дагуу 133 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17/1221 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ “нэхэмжлэгч Л.Т нь блок зуурагч машин, хэвлэгчийг төлбөртөө тооцуулан Н.М-д өгч төлбөрөө төлж дуусгасан нь ...тогтоогддог ба нэхэмжлэгч Л.Т, хариуцагч Н.М нарын хоорондын төлбөрийн тооцоо хөөргийг оролцуулахгүйгээр дуусгавар болсон байх тул Н.М нь хөөргийг төлбөртөө тооцон авах үндэслэл байхгүй байна” гэж үзжээ. 

 

Харин зохигчид энэ талаар төлбөр төлөгч Л.Т төлбөр авагч Н.М-д блок зуурагч машин, хэвлэгчийг төлбөрт тооцон суутгаж шилжүүлээгүй ба шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллыг төлөхгүйн тулд талууд хоорондоо тохиролцон уг бичгийг үйлдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан гэж тайлбар гаргасан байна.

 

Энэ утгаар анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.Т төлбөр авагч Н.М-д төлбөрөө бэлэн мөнгөөр төлсөн нь тогтоогдсон тохиолдолд Л.Т нь Н.М-аас давхардуулан тооцогдсон төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Гагцхүү нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь баримтаар хангалттай тогтоогдсон байх учиртай. 

 

Тухайлбал, нэхэмжлэгч Л.Т хариуцагч Н.М-д бэлнээр 800 000 төгрөг шилжүүлсэн эсэх асуудал тодорхой болсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.Т “Эхнэр Д.Н, хүү Т.У нар нь Н.М-д 800 000 төгрөг өгсөн гэдгийг гэрчлэх учраас гэрчээр асуулгах” хүсэлт гаргасныг шүүх шийдэрлэлгүй шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, улмаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ. 

 

Түүнчлэн нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөөргөө хураалгахдаа 1 000 000 төгрөгөөр, үнэлгээ гаргуулахдаа 1 500 000 төгрөгөөр тус тус үнэлж байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг хөөргийг 2 000 000 төгрөгийн үнэтэй гэж нэхэмжилсэн байх бөгөөд зохигчдын тайлбараас үзэхэд хөөрөгний үнэлгээний тухайд талууд зөрүүтэй тайлбар гаргаж маргажээ. 

Зохигчдын тайлбарт хөөрөгний үнэ зөрүүтэй байхад шүүх хөөргийг 1 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж дүгнэсэн нь тодорхой бус, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар дүгнэх боломжгүй байна. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129/ШШ2019/00689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.М давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Т.ДАВААСҮРЭН

                                                                                  ШҮҮГЧИД                 В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                                    Д.БЯМБАСҮРЭН