Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 59

 

                                         

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

           Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,  

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

        Шүүгдэгч: Б.Барсай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Баттулгын Барсайд холбогдох 201720000156 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 22 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт тус аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт оршин суудаг, Монгол Улсын харьяат, урьд ял шийтгэгдэж байгаагүй. регистрийн дугаар /ОЕ94080117/ Тугчин овогт Баттулгын Барсай.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч: Б.Барсай нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт 08-28 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикль жолоодож явааад Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж улмаар насанд хүрээгүй М.Түвшин-Ундрааг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

             1. Хохирогч Б.Мөнхдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр миний эхнэр Цэрэндаваа над руу утсаар залгаж “Миний хүү Түвшин-Ундраа мотоцикльд шүргүүлчихлээ. Манай сумын Барсай гэдэг залуу мотоцикльтой явж байгаад миний хүүг шүргэж гэмтээсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө Улаанбаатар хотод байсан учраас болсон үйл явдлын талаар тодорхой мэдэхгүй байна. Уг зам тээврийн осол болсоны дараа би өөрийн хүү М.Түвшин-Ундрааг Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Хэрэг гарсаны дараа Б.Барсайгийн аав Баттулга нь  миний хүү Түвшин-Ундраагийн замын зардал болон эмчилгээний зардлын мөнгийг өгсөн. Одоо миний зүгээс гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Барсай нь миний хүү Түвшин-Ундраад учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

            2. Гэрч О.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний хүү М.Түвшин-Ундраа нь 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд би өөрийн хүү М.Түвшин-Ундрааг дагуулаад өөрийн найз Батнямын гэрт очсон. Батнямын гэрт очсоны дараа хүү М.Түвшин-Ундраа, Батнямын хүү Батмөнх нар хашаан дотор тоглоно гээд гараад явсан. Тэгтэл Батням “Манай 2 хүү хашааны хаалгаар гарч байна. Гарч авч ирье, гэж хэлээд зогсож байтал гадаа гудамжинд шороо манарсан. Би шороо манарахыг Батнямын байшингийн цонхоор харсан болохоор болсон үйл явдлыг тодорхой хараагүй. Би тэр дороо гэрээс гарахад Зүүнхангай сумын харьяат Б.Барсай гэдэг залуу миний хүү М.Түвшин-Ундрааг тэвэрчихсэн хашааны хаалгаар орж ирж байсан. Би Барсайгаас юу болсон талаар асуухад Б.Барсай “Би гудамжинд мотоцикльтой явж байгаад танай хүүхдийг шүргэчихлээ. Танай хүүхэд гэнэт урдуур гүйгээд ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хүүг М.Түвшин-Ундрааг сумын эмнэлэгт үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

          3. Гэрч Ш.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн:  “Манайх 2 хүүхэдтэй Б.Барсай манай бага хүүхэд. Барсай нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархаг зантай. Б.Барсай нь архи уудаггүй, тамхи татдаггүй юм. Өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Б.Барсай нь машин, техник их сонирхдог” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

             4. Гэрч Т.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Гэрч Т.Чимэдцэрэн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2 хүүхэдтэй бөгөөд Б.Барсай нь манай бага хүүхэд юм. Миний том охин Б.Энхдөлгөөн нь одоо Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа. Миний нөхөр Ш.Баттулга бид хоёр эрхэлсэн тодорхой ажилгүй. Б.Барсай нь 1994 оны 8 дугаар сарын 01-д Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн бөгөөд 2012 онд Зүүнхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгссөн. Б.Барсай нь сургууль төгсөөд эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад 2015-2016 онд цэргийн алба хаасан. Миний хүү Барсай нь зан аашийн хувьд даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархаг зантай. Б.Барсай нь архи уудаггүй, тамхи татдаггүй юм. Өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Б.Барсай нь машин, техник их сонирхдог” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

           5. Гэрч Б.Лхагвадуламын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай сумын цагдаа Шагдаржав ирээд “М.Түвшин-Ундраа гэдэг хүүхэд мотоцикльд мөргүүлсэн байна. Та биеийг нь үзээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би М.Түвшин-Ундраагийн биеийг үзэхэд биеийн байдал хүнд, толгой руу зааж уйлж байсан. Мөн огиж бөөлжиж байсан. Тэр үед М.Түвшин-Ундраагийн ээж Цэрэндаваа ирчихсэн байсан бөгөөд Цэрэндаваа нь “Миний хүүг гудамжинд тоглож байтал Барсай гэдэг залуу мотоциклоор мөргөж гэмтээсэн байна” гэж хэлж байсан. М.Түвшин-Ундраагийн биеийг үзээд тархины цусан хангамж сайжруулах, бөөлжилтын эсрэг, хаван бууруулах, хордлого тайлах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмчилгээнүүдийг хийсэн. М.Түвшин-Ундраагийн биеийн байдал хүнд байсан учраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө өгөөд, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр М.Түвшин-Ундрааг Улаангом сум руу авч яваад Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

          6. Гэрч Б.Батнямын мөрдөн байцаалтад өгсөн:  “2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11:00 цагийн орчимд би Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багт гэртээ байж байтал манай найз Цэрэндаваа нь өөрийн хүү Түвшин-Ундраагийн хамт ирсэн. Цэрэндаваа бид нар хоорондоо юм ярьж сууж байтал манай хүү Батмөнх /4 настай/, Цэрэндаваагийн хүү Түвшин-Ундраа нар хамт тоглож байсан. Би тэд нарыг гэрээс гарахыг анзаарч хараагүй. Би цонхны дэргэд зогсож байтал Батмөнх, Түвшин-Ундраа нар хашааны хаалгаар гудамж руу гарч байсан. Би тэр 2-ыг харчихаад “Хүүхдүүд хашаанаас гарч байна. Буцааж оруулж ирье” гэж хэлээд гэрээс гарах гэж байтал гэнэт гудамжаар нэг мотоцикль ирээд шороо манараад зогссон. Би тэр мотоциклийг ирж байхыг нүдээр хараагүй учраас хэдэн километр цагийн хурдтай явж байсан болохыг нь мэдэхгүй. Зөвхөн тэр мотоцикль манай хашааны хаалгын ойролцоо ирээд шороо манаргаад зогсохыг харсан. Би тэр дороо Цэрэндаваагийн хамт гэрээс гарахад Б.Барсай нь Түвшин-Ундрааг тэвэрчихсэн урдаас ирж байсан. Б.Барсай нь би мотоцикльтэй ирээд танай хүүхдийг шүргээд гэмтээчихлээ” гэж хэлээд зогсож байсан. Тухайн үед Б.Барсай нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Цэрэндаваа бид нар хоорондоо юм яриад сууж байгаад хүүхэд гэрээс гарахыг анзаараагүй. Би цонхоор харахад Батмөнх, Түвшин-Ундраа нар нь хашааны хаалгаар гудамж руу гарч байсан. Би тэр 2-ыг харчихаад “Хүүхэд хашаанаас гарч байна, буцааж оруулж ирье” гэж хэлээд гарах хооронд дээрх үйл явдал болсон. Тухайн үед Түвшин-Ундраагийн биед ил харагдах шарх, сорви байгаагүй. Толгой руугаа гараараа заагаад уйлаад байсан. Бид нар тэр дороо Түвшин-Ундрааг эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг / хх-ийн 27 тал/,

          7. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаартай Шинжээч эмчийн: “Үзүүлэгч М.Түвшин-Ундраагийн биед гэмтэл учирсан байна. Гавал ясны /дагзны/ цөмөрсөн хугарал, тархины цус хуралт, няцралт, баруун далны доор зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтлүүд нь цөм нэг доор үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн М.Түвшин-Ундраагийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/,

      8. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Буянтогтохын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ¹09 дугаартай “Жолооч Б.Барсай нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2.а-д зааснаар “Замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” мөн энэ дүрмийн 16.2-д заасан Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэх, жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоох, мөн нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашиныг зогсоохыг хориглоно. 2.3.в-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. Явган зорчигч М.Түвшин-Ундраа ЗХАБТХ, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. 4. М.Түвшин-Ундраагийн ээж О.Цэрэндаваа Замын хөдөлгөний дүрэм зөрчөөгүй, ЗХАБТХ зөрчсөн байна. 5. ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д зааснаар эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд орлцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. 6. Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоцикль жолоодож авсан Б.Барсай нь ЗХД-ийн 16.2, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

           9. Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 236 дугаартай “Мотоцикль үнэлсэн тухай тайлан” танилцуулсан тухай тэмдэглэл. / хх-ийн 43-45 тал /,

           10. Шүүгдэгч Б.Барсайгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 55-56, 59-66, 72-75, 78-81 тал /,  

         11. Шүүгдэгч Б.Барсайгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 57-58 тал /,              

       12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхдэмбэрэлийн Увс аймгийн цагдаагийн газарт гаргасан хохиролоо барагдуулж авсан ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй гэх нотариатаар баталгаажуулсан хүсэлт / хх-ийн 83 тал/,

            13. Хохирогч М.Түвшин-Ундраагийн “амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, бусад баримт / хх-ийн 67-71, 76-77, 87-95 тал/,

          14. Шүүгдэгч Б.Барсайгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Би  Түвшин-Ундрааг нэг сумын хүүхэд гэдгээр нь зүс таньдаг байсан. Би хувьдаа 08-28 УВЗ улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Мустанг-5 маркийн мотоцикльтой юм. Би тэр мотоциклийг 2011 оны 4 дүгээр сард Зүүнхангай сумын хаан банкнаас 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан. Би мотоцикль авсаныхаа дараа авто тээврийн газраас мотоцикльдээ 08-28 УВЗ улсын дугаар авсан боловч мотоциклийнхээ номерыг 2012 оны 08 сард хөдөө явж байгаад гээчихсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл миний мотоцикль номергүй байгаа. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11:00 цагийн орчимд би өөрийхөө улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, Мустанг 5 маркийн мотоцикльтэйгээ Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байх Замба нэртэй гэр хорооллын гудамж дундуур ороод явж байтал надаас 200 метр орчимын урд талд, гудамжинд 3 хүүхэд тоглож байгаа харагдсан. Тэр 3 хүүхдийн 2 хүүхэд нь замын баруун талын хашааны үүдний хэсэгт, 1 хүүхэд нь замын зүүн талын хашааны үүдний хэсэгт тоглож байсан. Тэр хүүхүүд автомашины зам дээр биш хашааныхаа үүдэнд тоглож байсан учраас тухайн үед чөлөөтэй, ямар нэгэн саадгүй байсан. Би мотоцикльтэйгээ ойролцоогоор 60 километр цагийн хурдтай явж байсан ба хашааны хаалганы ойролцоо тоглож байгаад хүүхдүүд рүү ойртоод явж байтал гэнэт зүүн гар талын хашааны хаалганы ойролцоо ганцаараа тоглож байсан эрэгтэй хүүхэд миний мотоциклийн урдуур баруун гар тийш гүйсэн. Тэр хүүхэд миний жолоодож явсан мотоциклийн урдуур гүйгээд зам дээр гарч ирэх үед би тэр хүүхэд ойролцоогоор 3 метр орчим зайд ойртсон байсан учраас мотоциклээ тэр дор нь зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Би мотоциклийнхээ тормозыг гишгээд, нөгөө хүүхдээс холдох гээд мотоциклийн рүүлийг зүүн гар тийш нь дараад явах үед нөгөө хүүхэд миний мотоциклийн баруун хойд талын ачааны даруулганы хэсэгт шүргэгдэж газарт унасан. Би тэр дороо мотоциклээ зогсоогоод нөгөө хүүхдийг тэвэрч босгоход М.Түвшин-Ундраа байсан бөгөөд би М.Түвшин-Ундрааг тэврээд хашаа руу орох гээд явж байтал Цэрэндаваа эгч миний урдаас гарч ирсэн. Тэгээд би Цэрэндаваа эгчид М.Түвшин-Ундрааг өгөөд болсон явдлыг хэлсэн. Надад А ангилалын жолооны үнэмлэх байхгүй. Би жолооны курсад суусан боловч жолоочийн үнэмлэх аваагүй байгаа юм. Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Зам тээврийн осол гарсаны дараа манай сумын цагдаа Шагдаржав намайг согтуурал шалгадаг багажаар шалгахад 0,00%-тай байсан. Тухайн үед ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан. Би хохирогч М.Түвшин-Ундраад учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Би хохирогч М.Түвшин-Ундраагийн эмчилгээний зардал, замын унааны зардал болон бусад зардалд нийт 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгний хохирол төлбөр төлж барагдуулсан. Би буруу зүйл хийсэн гэмшиж харамсаж байна. Дахин ийм зүйл гаргахгүй байж чадна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 54 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

            

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд ДҮГНЭВЭЛ:

        Шүүгдэгч Б.Барсай нь 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр “Замба” нэртэй гэр хороололд 08-28 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикль жолоодож яваад зам тээврийн осол гарган, насанд хүрээгүй М.Түвшин-Ундрааг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнхдэмбэрэл, гэрч О.Цэрэндаваа, Б.Лхагвадулам, Б.Батням нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 286 тоот дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогджээ.  

Шүүгдэгч Б.Барсай өөрийн эзэмшлийн 08-28 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан “хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг 20 км-ээс хэтрүүлэхийг... хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь шүүгдэгчийн “...тухайн үед би 40-60 км цагийн хурдтай явж байсан, хүүхэд гэнэт гараад ирсэн тул мотоциклио тэр даруй зогсоох арга хэмжээ авч чадаагүй...” гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот дүгнэлтээр /хх-ийн 37 тал/ нотлогдсон,

            Мөн уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй М.Түвшин-Ундраагийн эрүүл мэндэд хүнд /гавал ясны цөмөрсөн хугарал, тархины цус хуралт, няцралт, баруун далны доор зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл/ хохирол учирсан нь шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 286 тоот дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинж хангагдсан байна. 

            Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Барсайг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирлын талаар хохирогч Б.Мөнхдэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн хүү М.Түвшин-Ундрааг Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн. Хэрэг гарсаны дараа Б.Барсайгийн аав Ш.Баттулга нь миний хүү М.Түвшин-Ундраагийн замын зардал болон эмчилгээний зардлын мөнгийг өгсөн. Одоо гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “...хохиролд /эмчилгээний, зам унааны зардалд/ тооцож 3.500.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг, хэргийн 93 дахь талд авагдсан хохирогчийн гомдолгүй гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь нотлогдож байгаа тул шүүгдэгч Б.Барсайг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

         Шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй тул түүний эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

              Шүүхээс шүүгдэгч Б.Барсайд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийгөө илчилсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Б.Барсай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

            Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Тугчин овогтой Баттулгын Барсайг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Баттулгын Барсайд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Барсайд тэнссэн хугацаанд нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

         4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Барсайд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.   

         5. Шүүгдэгч Б.Барсай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Барсайгийн эзэмшлийн 08-28 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг хураан авч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Барсайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА