Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0846

 

2019 оны 11 сарын 29 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0846

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: И******* ХХК

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Х*******

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0243038 дугаартай Шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П******* нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

И******* ХХК-ийн захирал Б.Г******* шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

Манай ажилтан Ч.Б******* 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр автомашины гаалийн мэдүүлэг бичиж гаалийн байгууллага руу илгээсэн байна. Үүнийг гаалийн байгууллагын бичиг баримтын болон хяналт шалгалтын Гаалийн улсын байцаагч нар шат шатандаа хянаж бүрдүүлэлт хийгдэж дууссан юм байна. Гэтэл Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн албанаас 2018 оны гаалийн мэдээллийг шалгах явцад суудлын автомашины онцгой албан татварын ногдуулалтыг буруу тооцсон зөрчил 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр илэрч Ч.Б******* нь тэр дор нь зөрүү татварыг барагдуулсан байна.

Энэхүү зөрчлийг шалгасан Гаалийн улсын ахлах байцаагч Б******* нь Ч.Б*******гаас гэрчээр мэдүүлэг авч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Мэргэжилтэн Ч.Б******* нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд гэрээний 6.1.7 -д заасны дагуу "Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан ажил мэргэжлийн буруутай үйлдлийн хариуцлагыг өөрөө хүлээнэ" гэсний дагуу өөрийн гаргасан үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж. зохих ёсоор өмгөөллийн туслалцаа авч холбогдох байгууллагад хандсан байна. Улмаар Ч.Б******* нь нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Манай байгууллага ажилтныхаа гаргасан хайхрамжгүй алдааны өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй боловч шийтгэлийн хуудсыг байгууллага руу чиглэсэн гэж шүүх дүгнэсэн байгааг олж мэдлээ.

Хэрэв Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг байгууллага хүлээн зөвшөөрч шийтгэгдвэл, цаашлаад энэ нь 2 дахь удаагаа давтагдах аваас байгууллагын тусгай зөвшөөрөл шууд хүчингүй болох үр дагавартай учир манайх ажилтны өмнөөс хариуцлага тооцуулах үндэслэлгүй гэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Хэрэв шийтгэлийг хуулийн этгээдэд оногдуулж байгаа бол шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд нь гардуулах ёстой. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалттай нийцнэ. Нөгөө талаар төлөөлөл гэдгийг Иргэний хуулийн Долоодугаар бүлэгт тодорхой заасан байдаг ба зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр явагдаж болохыг хуульчилсан байна.

Улсын байцаагч Д.Х******* нь манай байгууллагыг холбогдогчоор огт тогтоогоогүй мэдэгдэлгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн юм байна. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар "...холбогдогч сайн дураараа зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бол гэсний дагуу холбогдогчоор тогтоогдсон этгээд нь зөрчлөө сайн дураараа хүлээсний үндсэн дээр асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх энэ хуулийн заалтыг зөрчсөн байна.

Нөгөө талаар зөрчлийн үйлдлийг гаалийн тухай хууль зөрчсөн гэж ерөнхий бичсэн байгаа ба тодорхой ямар зүйл заалтыг зөрчсөн болох талаар огт дурдаагүй байна.

Зөрчлийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэг. 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж заасан байгаа ба Ч.Б*******гийн хайхрамжгүй үйлдэл нь манай байгууллагад ямар ч ашиггүй харин ч байгууллагын ажил хэрэг нэр хүндэд хортой үйлдэл учраас Ч.Б******* үүнийхээ хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцэх юм. гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И******* ХХК-ийн гаалийн мэдүүлэгч Ч.Б******* хөдөлмөрийн гэрээний дагуу ажиладаг. 2018 оны 12 сарын 20-ны өдөр авто машины гаалийн мэдүүлгийг бичихдээ гаалийн байгууллага руу бичиж илгээсэн. Үүний дараа Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн албанаас 2018 онд шалгалт явуулаад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зөрчил илрүүлсэн. Гаалийн улсын байцаагч Ч.Б*******д мэдэгдэн буруу ногдуулсан татварын зөрүүг төлүүлэн шийтгэлийн хуудас оногдуулж хариуцлага хүлээлгэсэн. Шийтгэлийн хуудас дээр Ч.Б******* биш И******* ХХК-ийн н.С******* гэх ажилчинд оногдсон байсан. Уг компанид ийм нэртэй хүн байгаагүй улмаар ойлгомжгүй шийтгэлийн хуудас байсан. Хэнд хандаж шийдэж байгаа нь ойлгомжгүй байна. Улмаар шүүхэд хандсан. И******* ХХК нь хуулийн этгээдийн хувьд зөрчил үйлдээгүй. Харин зөрчлийг мэдүүлэгч буюу хувь хүн хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа явуулж байгаа этгээд зөрчил үйлдсэн юм. Бүх зөрчлийн маргаанд мэдүүлэгч нар оролцож эрхээ хамгаалж шүүхэд хандсан. Шүүхэд хандаад явж байх дунд шүүхээс маш олон мэдүүлгүүд гарч байсан. Давж заалдах шатны шүүхээс нэг хэрэг дээр хувь мэдүүлэгчид шийтгэл ногдуулаагүй асуудал байна. Хуулийн этгээдэд хандаж шийтгэл ногдуулсан учраас хувь мэдүүлэг гаргаж байгаа этгээдэд хамаарахгүй юм. Ийм учраас хувь этгээд өөрсдөө энэ асуудлыг шийдвэрлэх зүйтэй гэж үзсэн. Шүүхэд хандаж байгаа үндэслэл нь юу вэ? гэхээр хөдөлмөрийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг этгээдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Хувь этгээд хариуцлагаа зохих ёсоор хүлээх ёстой. Зохих ёсоор хүлээхдээ удирдамжийн дагуу зөрчлийн зөрүү мөнгө төлөөд арилгасан байх ёстой асуудал юм. Ийм учраас шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Улаанбаатар хотын дахь гаалийн газрын бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч Д.Х******* нь И******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гаалийн зуучлагч байгууллага Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 0243038 дугаартай шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.

...Гаалийн тухай хуулийн дагуу И******* ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ч.Б*******д шийтгэл ийн хуудсыг гардуулж өгсөн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

...Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын дарга З.Цэрэндуламын гарын үсэг бүхий 2019 оны 02 сарын 15 өдрийн 02-2/520 тоот албан бичгээр автомашины онцгой албан татварын алдаа гаргасан жагсаалтаар И******* ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ч.Б*******гийн гаргасан зөрчил нь илт тодорхой байсан ба Ч.Б******* нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч алдаагаа зассан болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан 3 үндэслэлийн аль нэг хангагдаж байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болох бөгөөд тухайн зөрчлийн хувьд 2 үндэслэл нь бүрэн хангагдсан гэж үзэж байна.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчөөгүй болно.

Нөгөө талаар зөрчлийн үйлдийг Гаалийн тухай хууль зөрчсөн гэж ерөнхий бичсэн байгаа ба тодорхой ямар зүйл заалтыг зөрчсөн болох талаар огт дурдаагүй байна.

... И******* ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ч.Б******* нь гаалийн тухай хуулийн 57.2-д заасан үүргээ биелүүлээгүй болох нь Гаалийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны 02-2/520 тоот албан бичиг, гэрчийн мэдүүлэг гаалийн мэдүүлэг, татвар нөхөн төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Зуучлагч нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжу******* гаалийн харилцаанд оролцохдоо иргэд ААН-ээс үйлчилгээний төлбөр хураамж авч ашиг олдог. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ч.Б******* нь үүрэгт ажлаа хийж байгаад алдаа дутагдал гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээх нь зүйн хэрэг юм.

Иймд дээр заасан хууль эрх зүйн үндэслэлүүд байх тул автомашины онцгой албан татварыг дутуу ногдуулсан зөрчилд гаалийн зуучлагч байгууллага дээр зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан болно. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч И******* ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0243038 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Гаалийн улсын байцаагч И******* ХХК-д шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж заасантай нийцэж байгаа боловч дараах байдлаар хуульд заасан журмыг зөрчжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар уг зөрчилд холбогдогчоор И******* ХХК-ийг татан оролцуулаагүй, тус компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ч.Б*******г Гаалийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.2-т зааснаар татан оролцуулсан гэх боловч мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 11Хууль ёсны төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. гэж заасныг зөрчиж Ч.Б*******г Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан нь мөн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ. гэж заасантай нийцээгүй бөгөөд И******* ХХК болон тус компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ч.Б*******д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3-т заасан эрх, үүрэг үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг; ойлгохоор заасан бөгөөд И******* ХХК болон тус компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ч.Б******* нарын хэн алиныг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч буюу холбогдогчоор оролцуулаагүй.

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т заасан холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, 3.6 дугаар зүйлд заасан гэрчийн мэдүүлэг авах, 4.8 дугаар зүйлд заасан зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гарсан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0243038 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин И******* ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Ч.Б******* зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул тус компанийг холбогдогчоор тогтоон Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж зааснаар дахин шийтгэл оногдуулахад энэхүү шийдвэр саад болохгүй.

Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0243038 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1.2, 4.8, 4.13-д заасныг тус тус баримтлан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0243038 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН