Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 05

 

 

 

                                       Ц.Б-ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2020/00032 дугаар шийдвэртэй

Ц.Б-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 

хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтэд: “Ц.Б нь 1963 онд төрсөн. 1978.01.01-ний өдрөөс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Донгой болон Азарга бригадуудад тугалчнаар ажиллаж байгаад үхэр хариулдаг болсон. Үүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 1983.06.26-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, улмаар хугацаат цэргийн албыг хааж ирээд 1986.08.13-ны өдрөөс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд үргэлжлүүлэн барилгачнаар 1990.11.01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан байна. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримт зэргийг үндэслэн Ц.Б-ийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1978.01.01-1983.06.26-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар, 1986.08.13-1990.11.01-ний өдөр хүртэлх хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2020/00032 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хоохор овгийн Ц.Б-ийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд барилгачнаар 1986 оны 08 сараас 1990 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

 

Хүсэлт гаргагчийн  төлөөлөгч Б.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М би Ц.Б-ийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг шүүх хэлэлцээд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ түүний 1978.01.01-1983.06.26-ны өдөр хүртэл 5 жил 6 сар хөдөлмөрлөсөн байдлыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1981.01.29-нд Өндөр-Улаан суманд галч ажилтай гэсэн нотлох баримт нь бусад бүх жилийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Энэ нотлох баримтыг эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй тул хэргийг хянаж өгнө үү. Ц.Б нь цэрэгт татагдахаасаа өмнө сумын төвд огт амьдарч байгаагүй болно. Шүүхийн шийдвэрийг 2020.01.16-нд гардаж авсан” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Б шүүхэд хандаж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1978.01.01-1983.06.26 хүртэл малчнаар, 1986.08.13-1990.11.01 хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. 

 

Давж заалдах шатны шүүхээс хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.М-ийн гомдлыг хянаад дараах дүгнэлтийг хийлээ. 

 

Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заажээ. 

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэл тодорхойгүй, хүсэлтэд ажиллаж байснаа тогтоолгох гэж байгаа зорилгыг заагаагүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ.“ гэж заасан байна.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг 2019.12.26-ны өдөр тайлбарласан, шүүх хуралдааныг 2020.01.03-ны өдөр хийхээр товлосон байх ба хүсэлт гаргагчийн төлөөлөгч хүүхэд төрүүлээд удаагүй, хагалгааны шарх бүрэн гүйцэд эдгээгүй шалтгаанаар өөрийг нь эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасны дагуу шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргажээ. 

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. 

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэл тодорхойгүй, хүсэлтэд ажиллаж байснаа тогтоолгох гэж байгаа зорилгыг заагаагүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй, хүсэлт гаргагчийг 1978 оноос эхлэн мал малласан тухай гэрч Д.В, Ч.Ж нарын мэдүүлгийг маягт №1 /хх-22/-ээр үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. 

 

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ба энэ тохиолдолд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой. 

 

Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримт болох маягт №1 нь Ц.Б гэж хүнийх байхад уг маягтад бичигдсэн Ц.Б хүсэлт гаргагч Ц.Б мөн эсэхийг тодруулахгүйгээр маягт №1 баримт нь гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.  

 

Дээр дурдсанаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2020/00032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                         

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Т.ДАВААСҮРЭН

                                                                  ШҮҮГЧИД             В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                Д.БЯМБАСҮРЭН