| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/01545/И |
| Дугаар | 182/ШШ2024/02196 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/02196
| 2024 05 16 | 182/ШШ2024/02196 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Б.Г -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГт холбогдох,
Албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.Гд миний бие тоот хаягт байрлах 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр "Т" ХХК-аас худалдан авсан бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" гэж заасны дагуу үнийг бүрэн төлж өмчлөх эрхийг олж авсан. Гэтэл төлбөр авагч н.А нь тус шүүхэд " талд байрлах албаны албан хаагчдын орон сууцны А дүгээр байрны 9 давхар 30 тоот орон сууцыг хүлээлгэн өгөхийг Т ХХК-д даалгах шаардлага гаргаж улмаар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр 2024.02.29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг 8-10 орчим тооны албан хаагч, нүүлгэлтийн компанийн олон тооны хүмүүс дагуулан хүч түрж гэнэт манай гэрт ирсэн ба “Танайхыг уг орон сууцнаас албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан, байраа чөлөөлж өг" гэж зандарсан ба би машид цочирдон "манай эхнэр дөнгөж өчигдөр хүнд хагалгаанаас гарсан, та нар ядаж өвлийн хүйтэнд албадан чөлөөлөх гэж байгаа бол эхлээд мэдэгдэж болдоггүй юм уу, би өвчтэй эхнэр, хүүхдүүдээ аваад өвлийн хүйтэнд хаачих юм бэ" гэж учирлаад ойлгохгүй байсан тул арга буюу цагдаа дуудсан ба ирсэн цагдаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т "Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгнө" гэсний зөрчсөн байна, Та нар өвлийн хүйтэнд айлыг хөөж гаргах гэж байгаа бол эхлээд мэдэгдэл өгөх ёстой гээд ажиллагааг зогсоосон. Ингээд тус шүүхийн шийдвэрийг хариуцагч буюу төлбөр төлөгчөөс авч үзэхэд дараах байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн болохыг олж мэдсэн болно. Тодруулбал, Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...талд байрлах албаны албан хаагчдын орон сууцны 1 дүгээр байрны 9 давхар 30 тоот орон сууцыг хүлээлгэн өгөхийг Т ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. Гэвч төлбөр төлөгч биш миний эрхийг ноцтой зөрчиж, ямар нэг албадан чөлөөлөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр, намайг орон сууцнаас албадан чөлөөлөх тухай огт мэдэгдэл өгөөгүй байж гэнэт өвлийн хүйтэнд хүнд өвчтэй эхнэр, болон хүүхдүүдтэй маань хамт гудамжинд хөөж байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага атал уг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй мэт хандаж, шүүхийн шийдвэрт “Т" ХХК-д 1 дүгээр байрны 9 давхар 30 тоот орон сууцыг хүлээлгэн өгөхөөр Даалгахаар заасан байхад манай 286А байрны 30 тоотыг албадан чөлөөлөхөөр дайрч байгаад харамсахын зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1- д "Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна", мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна.", 54.2-т "Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ" гэж заасныг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч Гд намайг дээрх орон сууцнаас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар албадан чөлөөлөх хуулийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр албадан чөлөөлөх ажиллагааг хууль бусаар гүйцэтгэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гуравдагч этгээд болох Г миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож, Иргэний хууль болон Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хууль, цаашлаад шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг зөрчиж гүйцэтгэсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д "Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч, албадан чөлөөлөх ажиллагаа хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. .
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцыг чөлөөлж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч НШШГГт холбогдуулан албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Г нь татгалзсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35.100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН