Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 04

 

 Архангай аймгийн НДХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00732 дугаар шийдвэртэй

Архангай аймгийн НДХ-ийн  нэхэмжлэлтэй

Ж.Д-д холбогдох

хохирол 16 404 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Ж.Д, түүний төлөөлөгч Б.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  төлөөлөгч Б.Б, прокурор Н.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Архангай аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Д-д нь 15 жил ажилласан гээд хөдөлмөрийн дэвтрээрээ тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байх үедээ ажилласан жилээ шүүхээр тогтоолгохоор хөдөлмөрийн дэвтрээ авч явсан гэсэн мэдээллийг тухайн үеийн нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан хүнээс авсан. Тэгээд 2011.09.26-ны өдөр материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд өндөр насныхаа тэтгэврийг 21 жил ажилласнаар тооцуулан 180 300 төгрөгөөр тогтоолгож 2011.10.01-ний өдрөөс эхлэн авсан байдаг. Тэтгэвэр тогтоолгохоор хандаж байгаа хүмүүс өргөдлөө өөрсдөө бичиж чадахгүй ихэвчлэн хүнээр бичүүлдэг. Гэр бүлийн гишүүдээрээ бичүүл гэсэн шаардлагыг бид нар тавьдаг. Ж.Д-д гуайн тэтгэврийн материалыг өгсөн О  гэдэг хүн бол түүний хүүхэд нь юм. Ж.Д хөдөлмөрийн дэвтрээрээ өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. Гэтэл түүний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаар шийдвэр нь хуурамч байсан тул 2017 онд тэтгэврийг нь зогсоож, одоо Ж.Д-аас 2011-2017 оныг хүртэл олгосон тэтгэвэр 16 404 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Ж.Д-д нь шүүхийн хуурамч шийдвэрээр тэтгэвэр тогтоолгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь аймгийн шүүхийн тамгын газрын 2018 оны 08, 2019 оны 136 тоот албан бичгүүдээр нотлогдож байна.” гэжээ. 

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймгийн НДХ-ээс гаргасан 16 404 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхэд өгч байгаагүй. Өдий 60 нас гартлаа үнэнчээр явсан хүн би төрд өртэй үхмээргүй байна. Энэ асуудал намайг хэлмэгдүүлж байгаа тул нэр төрийг минь сэргээж өгнө үү. Би улс нийгэмдээ саальчин, төлчин, мужаан, бичээч зэргээр 20 гаруй жил тасралтгүй ажилласан. Би 29 жил ажилласан, 2 ч хөдөлмөрийн дэвтэртэй бөгөөд дэвтрээрээ тэтгэвэрт орох боломжтой хүн юм. Би төр улсаа хуурах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх хүн бишээ. Намайг нутгийн засаг захиргаа болон ард түмэн мэднэ. Надад бичиг баримт хуурамчаар бүрдүүлэх шаардлага байхгүй. Иймээс 16 404 500 төгрөгийг төлөхгүй.” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00732 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Д-аас 16 404 500 /арван зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Архангай аймгийн НДХ- олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 239 973 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Ж.Д-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Ж.Д миний бие эрүүл мэндийн шалтгаанаар 2005 онд тахир дутуугийн группт орохдоо сумын нийгмийн даатгалын байцаагч Ө-т 15 жилийн ажлын тушаал бичсэн дэвтрээ бусад бичиг баримтын хамт өгсөн. Би 2011 онд 55 нас хүрч, өөрт байсан хийсэн ажлыг он, сар, өдрөөр, авсан хөлс цалингийн тоо хэмжээг бичиж, тамга тэмдэг дарсан 6 жилийн бичилттэй нэгдлийн гишүүний улаан хавтастай том дэвтрээ /тэр үед нэгдлийн боловсон хүчний эрхлэгч хийж байсан Ч.Б 70 дугаар данстай тулгаж, гарын үсгээ зурж, оны доод талд нь нэгдлийн дугуй улаан тамгыг дарж баталгажуулсан байсан/ сумын нийгмийн даатгалын байцаагч О-д өөрөө өгсөн. Хоёр дэвтрийн ажилласан нийт жил 21 жил байсан. Улсад тасралтгүй төлчин, саальчин, мужаан, бичээчээр 1992.08 дугаар сарыг хүртэл ажилласан. Улсаас өгсөн 1990-2000 оны  хоорондох 8 жил 4 сар 2014.12.01-нд нэмэгдэн орж нийт 29 жилтэй болсон. Энэ ажилласан жилүүдийг надтай хамт ажиллаж байсан өндөр настан Д.Ч, Ч.И, Л.Б, Т.О, Н.Д, С.Л зэрэг настангууд гэрчилсэн. Би шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Шүүх хуралдаан суманд болоогүй. Би шүүх хуралдаанд оролцоогүй. О гэдэг шүүгчийг танихгүй бөгөөд тэр хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Утсаар ярьсан тохиолдол ч байхгүй. Миний ажилласан жил хангалттай бөгөөд хүнээс тусламж авах шаардлага надад байгаагүй. Харин сумын нийгмийн даатгалын байцаагч О манай хүүхдийг хувийн ажлаар аймаг орсон явахад “аймагт ээжийн чинь тэтгэврийг шүүхээр тогтоолгох гэсэн юм, чи хоёр гэрч аваад ир” гэсний дагуу намайг сайн мэдэх хоёр хүн аваачсан бөгөөд өөрөө гадаа сууж байгаад тэр хоёр хүнийг гарч ирэхээр нь хүргэж өгсөн гэсэн. Би тэр үед ажиласан жил гүйцэд, хоёр дэвтэр байсаар байхад тэгж шүүхээр оруулдаг юм байхдаа гэж гайхаад өнгөрсөн. Оролцсон бол ядаж хийж байсан ажлуудаа зөв хэлэх байсан байх. Шүүхийн тэр бичгийн хувь надад ирээгүй. Шүүхийн тэр бичгийг тэтгэвэр зогсоосны дараа 2018 онд хувийн хэргээсээ анх удаа үзсэн. Шүүхийн шийдвэрт “хөдөлмөрийн дэвтрүүд” гэсэн үг байсан. Би шүүхийн баланк, тамга, гарын үсэг зэргийг ашиглаж, тэр хүнтэй үгсэн хуйвалдсан асуудал огт байхгүйг хариуцлагатайгаар хэлье. Мөн сумын нийгмийн даатгалын байцаагч О-аас хөдөлмөрийн хоёр дэвтрээ эгүүлэн аваагүйг дахин дахин хэлье. Сумын нийгмийн даатгалын байцаагч О-д хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтаа бүрдүүлж өгснөөс өөр илүү холбоо байхгүй. Тэр “шүүхийн шийдвэрээр” гэж бичсэн өргөдлийг О-аас асууж бичсэн. Шүүхийн тэр шийдвэрийг О авч хувийн хэрэгт хийсэн байдаг. О нь 2019.10.23-ны өдрийн 11 цагт манай хүүхэдтэй утсаар ярихдаа /би тэр хоёр дэвтрийг яасныг асууж ярь гэсэн юм/ “Хоёр дэвтрийг би шүүгчид өгсөн. Шүүхийн бичгийг Ц авч өгсөн” гэж ярьсан байсан. Намайг дэвтрээ аваад алга хийсэн гэж гүтгэж байгаад би гомдолтой байна. Намайг нотлох гол баримт хөдөлмөрийн дэвтэр шүү дээ. Мөн аймгийн нийгмийн даатгалын байцаагчтай уулзаагүй биш уулзаж энэ байдлыг ярьсаар байтал ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Би 2018-2019.06 дугаар сар хүртэл тэтгэвэр аваагүй хохирсон. Тэтгэвэр аваагүй 1 жил 5 сарын хугацаанд өвчтэй зовлонтой байсан. Миний бие болоод сэтгэл санаанд хүнд цохилт болсон. 1973 оны саальчнаар ажиллаж байсныг бичсэн тушаал нэгдлийн дарга П гэсэн гарын үсэгтэй байсан бөгөөд урьд өдөр нь үзээд маргааш нь хуулбарыг хийлгэж авах гэтэл алга болсон. Нийгмийн даатгалд хандаж бичсэн хүсэлтээ өмгөөлөгчдөө өгч байсан. Өмгөөлөгч нийгмийн даатгалын байгууллагын ажилтантай ярилцсан. Намайг дэвтрээ аваагүй байхад авсан гээд гүтгээд байгаа үйлдэл нь хөдөлмөрийн дэвтрүүдийг алга болгочихоод тэр үйлдлээ цайруулахын тулд шүүхийн шийдвэр гаргуулан тэтгэвэр тогтоолгоход ашигласан юм болов уу гэж бодож байна. Би хэнд ч хэзээ ч хууль бус шүүхийн шийдвэр гаргуулан тэтгэвэр аваагүй. Харин хууль бус шүүхийн шийдвэр гаргасан, гаргуулсан хариуцлагагүй улсад би гомдолтой байна. Миний бие тааруу байдаг. 05 дугаар сарын сүүлээр болсон шүүх хуралдаанд зүтгэж очсон бөгөөд шүүх танхимд харвалт өгч, эмнэлэгт хүргэгдсэнээс хойш бие сайнгүй /зүрх, элэг муу, даралт их/, байнга эмчилгээтэй, эмнэлгийн хяналтанд байгаа учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр очиж чадахгүй байна. Иймд миний хэлмэгдэж байгаа учир байдлыг ойлгож, цаашид үнэн зөвөөр  шийдэж өгөхийг та бүхнээс хүсье” гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 732 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч Ж.Д нь 2005.11 дүгээр сард тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээд 2011.10 дугаар сар хүртэл тахир дутуугийн тэтгэвэр авсан байдаг. 2011 онд 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул өөртөө байсан нэгдлийн гишүүний улаан хавтастай хөдөлмөрийн том дэвтрээ сумын нийгмийн даатгалын байцаагчид өөрийн биеэр өгсөн ба эдгээр хөдөлмөрийн дэвтрийн бичилт, тамга, тэмдэг бүгд бүрэн, нэгдлийн боловсон хүчний эрхлэгч Ч.Б цалин хөлсний 70 дугаар данстай тулгаж баталгаажуулсан дэвтрүүд байсан болно. Ж.Д нь улс нийгэмдээ саальчин, малчин, мужаан, бичээч зэрэг ажлуудыг 20 гаруй жил тасралтгүй хийж байсан. Ж.Д нь нийт 29 жил ажилласан ба өндөр насны тэтгэвэр 16 404 500 төгрөг авсан нь түүний буруутай үйл ажиллагаа биш юм. Нийгмийн даатгалын байгууллагын нэхэмжлэлд дурдсанчлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг прокурорын байгууллага тогтоогоогүй. Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж үзээд Ж.Д-ыг хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан болох нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад Ж.Д-аас 16 404 500 төгрөг гаргуулан Архангай аймгийн НДХ-т олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 732 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон байна. 

Нэхэмжлэгч Архангай аймгийн НДХ нь хариуцагч Ж.Д-аас нийгмийн даатгалын санд учирсан хохирол 16 404 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, гэм буруугүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ. 

Хариуцагч Ж.Д нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр ажилласан жил тогтоолгож, уг шийдвэрийг үндэслэн 2011.10.01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Тэтгэврийн даатгалын сангаас Ж.Д 2011.10-2017.12 сар хүртэл нийт 16 404 500 төгрөгийн тэтгэвэр авсан байна. 

Хариуцагч Ж.Д-ын ажилласан жилийг тогтоосон шүүхийн дээрх шийдвэр хуурамч болох нь Архангай аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоол болон тус аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаар албан бичгээр тогтоогджээ. 

Ж.Д нь ажилласан жил тогтоолгосон шүүхийн хууль бус шийдвэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авсан үйлдлээ өөрийн буруугаас болоогүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж шүүх үзсэн байна. 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийжээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан зохицуулалтад нийцжээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч, түүний төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШШ2019/00732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 239 973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.              

 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Т.ДАВААСҮРЭН

                                                                   ШҮҮГЧИД             В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                 Д.БЯМБАСҮРЭН