Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2022/02212/И |
Дугаар | 181/ШШ2024/02042 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02042
2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 181/ШШ2024/02042 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, хороо, гудамж, байр, тоотод оршин суух, М овогт Б С/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, хороо, гудамж, Ж, байр, тоотод оршин суух, У овогт У Б/РД: /-д холбогдох,
249,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч өмгөөлөгч Ж.Б, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х Н нар оролцов. Хариуцагч У.Б эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.С би иргэн У.Б төлбөр барагдуулах тухай хэлцлийн үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 249,000,000 төгрөг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна.
Хариуцагч У.Б нь Банк бус санхүүгийн байгууллага байгуулах санаатай байгаа юм дүрмийн санг бүрдүүлэх мөнгө байдаггүй тиймээс ахдаа туслаач гэж нэг хэсэг иргэн надаас мөнгө зээлээч хэмээн гуйдаг байсан. Би тухайн үед өөрийн гэсэн бизнестэй боломжийн орлоготой байсан учир хуурай ах болох У.Б тус болъё гэдэг үүднээс 400,000,000 /Дөрвөн зуун сая/ төгрөгийг зээлүүлсэн.
Хувийн бизнес гэдэг зүйл хөл дээр нь босгох амаргүй байдаг учир миний бие хариуцагч У.Б хуурай ах гэдэг үүднээс маш олон удаа бодомж бололцоо гуйх болгонд нь хугацаа өгсөөр ирсэн. Заасан хугацаандаа мэдээж төлбөр мөнгөө өгөлгүй цувуулж увуулсаар маш их чирэгдэл учруулсан.
2010 оны 08-р сарын 11-ний өдөр хариуцагч У.Б Төлбөр барагдуулах тухай хэлцэл хийсэн байдаг. 2010 оны 08-р сарын 11-ний өдрийн байдлаар У.Б нь 283,000,000 /Хоёр зуун наян гурван сая/ төгрөгний үлдэгдэл өртэй байснаас 34,000,000 /Гучин дөрвөн сая/ төгрөгөнд 40-99УБЗ улсын дугаартай, Volvo XC90 маркийн автомашиныг шилжүүлж өгсөн. Бизнес хийдэг хүнд бэлэн мөнгө маш их хэрэгтэй зүйл байдаг аргаа бариад автомашин хүртэл бартераар авч байсан.
Үлдэгдэл төлбөр болох 249,000,000 /Хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Би төлбөр мөнгөө өгөөч хэмээн байнга нэхэх болгонд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрээд байна. Бид хамгийн сүүлд 2022 оны 04-р сард хариуцагч У.Б гэрт нь уулзсан. Уулзаад төлбөр мөнгөө нэхтэл ахынх нъ нөгөө ажил тун бүтэмжтэй байгаа удахгүй үлдэгдэл төлбөр мөнгийг өгөх болно түр хүлээчих гэх мэтээр нөгөө л хэлдэг шалтаг шалтгаанаа ярьсаар байсан. Тухайн үед гэрт нь уулзчхаад би ахынх нь 11-р хороололд байрлах оффист нь хүргэж өгсөн.
Хуурай ах юм гэж олон жил гуйж гувшсаар өдийг хүргэл хүлээцтэй хүлээсээр ирсэн. Тус хугацаанд бол бид байнгын харилцаа холбоотой байсан бөгөөд байнгын хэлдэг зүйл нь удахгүй ажил бүтнэ зээлсэн мөнгөний үлдэгдэлийг удахгүй өгнөө л гэдэг хоосон үг үлдсэнд миний бие их гомдолтой явдаг.
Иймд хариуцагч У.Б төлбөр барагдуулах тухай хэлцэлийн үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 249,000,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,402,950 төгрөгийн хамт гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч У.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.С гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б.С 2006 оноос таньдаг болсон. Түүнээс хойш бид хамтран бизнес хийх зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар хоёр талаасаа хөрөнгө нийлүүлж байсан. Энэ нэхэмжлэлд байгаа дөрвөн зуун сая төгрөг гэдэг асуудал огт байхгүй бөгөөд харин ч би Б.С өрийг төлөхөд туслан машин (Volvo марк) шилжүүлж өгч байсан.
Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Энэ хэлцэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Бидны хооронд ийм хэлцэл хийгдэж байгаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.
Хариуцагч У.Б өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд байгуулсан Төлбөр барагдуулах хэлцлийг үндэслэж нэхэмжлэл гаргасан байна. Энэ хэлцлийг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Машин шилжүүлсэнтэй л холбоотой хэлцэл байгаа болов уу гэж миний зүгээс харсан. Хавтаст хэрэгт эрүүгийн журмаар*******той холбоотой өөр тусдаа шалгагдсан асуудал байгаа. Мэдүүлгийг харахаар яг төлбөр барагдуулах хэлцэлтэй холбоотой ач холбогдолтой мэдүүлгүүд байхгүй. Эцэст нь хэлэхэд эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн шийдвэр байхгүй. Хоёрдугаарт энэ хэлцэл хийгдсэнээс хойш 14 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч У.Б өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Төлбөр барагдуулах тухай хэлцэл 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн байдаг. Үнэхээр энэ хүний эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал гэрээ хэлцэл гэж үзэж байвал 3 жил байх ёстой байдаг. Гэтэл энэ хүний эрх нь зөрчигдсөн гэсэн үндэслэлээр ямар нэгэн байдлаар шүүхэд хандсан асуудал байдаггүй. Тэгэхээр энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай хүсэлт байхгүй. Өнөөдөр 2022 оны 04 дүгээр сард уулзсан гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт авагдаагүй. Тэгэхээр хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан байна гэж болохоор байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Төлбөр барагдуулах тухай хэлцэл байдаг. Энэ хэлцлийг үндсэндээ төгрөгийн зээлийн гэрээний асуудал ерөөсөө яригддаггүй, машинд шилжүүлэх тухай л яригдсан байдаг. 400 сая төгрөг авсан гэж байгаа боловч яг У.Б гэдэг хүн хүлээн авсан тухай баримт байхгүй. Харин ч өөр У.Б ахын тухай яригддаг. Тэгвэл энэ мөнгийг хэн авсан юм бэ гэсэн мөрдөн байцаалтын асуултад н.Б билүү, н.Б гэдэг хүн авсан гэж Б.С мөрдөн байцаалтын тухай мэдүүлсэн байдаг. Сая ч гэсэн өөрөө нэхэмжлэлийн шаардлагадаа хэллээ шүү дээ. Миний эрх зүйн байдал дордох гээд байна энийг бичиж өг гэсэн. Тэгэхээр ямар байдлыг үндэслээд энэ бичигдсэн юм бэ гэдэг талаар 400 сая төгрөг хэзээ авсан талаар ямар нэгэн Зээлийн гэрээ буюу хэрэгт заавал авагдах ёстой байх гэж үзэж байна. Тэгэхээр энэ нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлэх ёстой бүрдүүлбэрээ хангаж ирээгүй учир хангах боломжгүй гэж харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох үндэстэй гэж үзэж байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийн хуулбар, 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэлийн хуулбар, 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх Б.С хохирогчоор байцаасан тэмдэглэлийн хуулбар/хх-25-35/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 3410 дугаар албан бичгийн хуулбар, Б.С 20730360 дугаарт эрүүгийн хэргийн Сэжигтнээр байцаасан тэмдэглэлийн хуулбар/хх-42-46/, У.Б яллагдагчийг байцаасан тэмдэглэлийн хуулбар/хх-47-61/, У Б урд ял сонсгосон ял дээр нэмж ял сонсгож байцаасан тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Х ХК-ийн 6/12295 дугаар Албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн З ХК дахь банкны эрх хүлээн авагчийн 13 дугаар Албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн М Б-10/137 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг болон түүний хавсралт, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Х ХХК-ийн 6/2265 дугаар Албан бичиг болон түүний хавсралт, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаар Тодорхойлолт гаргах тухай албан бичиг болон түүний хавсралт, Т ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримтын хуулбар/хх-144-159/, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/70 дугаар Т ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын протокол, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн баримт, 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/71 дугаар Т ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын протокол, Т ХХК-ийн Нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.С хариуцагч У.Б холбогдуулан үлдэгдэл төлбөр 249,000,000/хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч У.Б нь бидний хооронд ийм хэлцэл хийгдэж байгаагүй, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл хийсэн болох нь 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-р тогтоогдож байна.
Хариуцагч нь уг хэлцэл дээрх гарын үсэг миний гарын биш гэх тайлбар гаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон шинжээчид гарын үсгийн харьцангүй чөлөөт загваруудыг эх хувиар гаргаж өгөөгүй болно.
2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийн 1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 283,000,000/хоёр зуун наян гурван сая/ төгрөгийг төлөхөөс 34,000,000/гучин дөрвөн сая/ төгрөгт улсын дугаартай Вольво Си Икс 90 маркийн тээврийн хэрэгслийг төлбөртэй тооцож өгсөн болох нь 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 249,000,000/283,000,000-34,000,000=249,000,000/ /хоёр зуун дөчин есөн сая/ төгрөг нь хариуцагчид зээлүүлсэн 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөгийн үдэгдэл төлбөр гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Х ХХК-ийн 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дансны хуулга, 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-р тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ , 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохигчийн хооронд Зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Хариуцагч нь бид хамтран бизнес хийхээр хөрөнгө нийлүүлж байсан гэх тайлбар гаргасан байх боловч зохигчид хамтран ажиллахаар тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Х ХХК-ийн 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Дансны хуулга, 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-р тогтоогдож байна.
Тус Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул тус гэрээг Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Зохигчид 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээнд хүү тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагагүй байна.
Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчид Гэрээнд мөнгийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй болох нь 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч нь зээлсэн 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөгийг буцаан төлөхгүй байгаа тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллага уг маргааныг 2007 оноос 2010 он хүртэл шалгасан болох нь Б.С хохирогчоор байцаасан тэмдэглэл/хх-25-35/-ийн хуулбар, У.Б сэжигтнээр байцаасан тэмдэглэл/хх-42-46/-ийн болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл/хх-47-61/-ийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасан.
Хариуцагчийн өмгөөлөгч нар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан 3/гурав/ жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.
Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр 249,000,000/хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг удахгүй өгнө гэх тайлбар өгсөөр 2022 оны 4 дүгээр сар хүргэсэн болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар, 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн 34,000,000/гучин дөрвөн сая/ төгрөгийн төлбөрт улсын дугаартай Вольво Си Икс 90 маркийн тээврийн хэрэгслийг тооцож өгсөн үйлдэл болон 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-р тогтоогдож байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн гомдлын шаардлага гаргах үүснэ. гэж заасан.
Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг удахгүй өгнө гэх тайлбар өгсөөр 2022 оны 4 дүгээр сар хүргэсэн болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар, 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-р тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сард хариуцагчтай уулзаж эрх зөрчигдсөн гэж үзэж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн үлдэгдэл төлбөр 249,000,000/хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг буцаан төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөрт 249,000,000/хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Б нийт 249,000,000/хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б улсын тэмдэгтийн хураамжид 1,402,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С олгох үндэслэлтэй.
И 115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус
:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Б нийт 249,000,000/хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б улсын тэмдэгтийн хураамжид 1,402,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ