Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 63

 

                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

          Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,  

          Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

          Хохирогч: М.Лхагважав,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

         Шүүгдэгч: Х.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт Хөххүүгийн Батцэцэгт холбогдох 201720000158 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 хүүхдийн хамт тус аймгийн Цагаанхайрхан сумын Ар булаг 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /ОС91010149/ Бууч овогт Хөххүүгийн Батцэцэг.

Хэргийн товч утга: Х.Батцэцэг нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ар булаг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Лхагважавыг хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                

       1. Хохирогч М.Лхагважавын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би сумын Хаан банкны дэргэд Төмөрбаатар найзтайгаа таарч бид хоёр 05 литрийн нэг шил архи хувааж уугаад манайд очсон. Тэгээд манайд эхнэр хоол хийчихсэн байсан тул хоол идчихээд дахин гараад явж байтал Төмөрбаатар надад 10000 төгрөг өгөөд архи аваад Хөххүүгийнд хүрээд ир би тэднийд очоод байж байя гээд надаас салаад явсан тул би дэлгүүр орж 0.5 литрийн архи аваад Хөххүүгийн гэрт очиход Хөххүүгийн гэрт Төмөрбаатар Хөххүүгийн охин Батцэцэгийн хамтаар байж байсан. Тэгээд Төмөрбаатар, Батцэцэг бид гурав миний авч ирсэн архийг хувааж уугаад сууж байгаад би Батцэцэгээс аав чинь яасан юм бэ гэхэд Батцэцэг надад хандаж аав өглөө гэрээсээ гараад явсан та яах гэсэн юм гэхээр нь би Батцэцэгт Хөххүү манай хүргэнд ямаан борлон өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан. Би мөнгийг нь авах гэсэн юм гэснээс болж Батцэцэг мөнгийг чинь өгөхгүй гээд над руу уурлаж өмнөөс хэрэлдсэн. Тэгэхээр нь би тэднийхээс гарч хашааны гадна байсан мотоцикль дээрээ суугаад мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл мөрнөөс хүн татахаар нь эргэж харахад Батцэцэг байсан ба намайг мотоциклийнхоо түлхүүрийг буцааж мотоциклоо унтраах гэтэл зүүн талын дал руу нэг удаа хутгалсан. Тэгээд толгой эргээд нүд харанхуйлаад ухаан балартсан ба сэргэхэд би Хөххүүгийн хашааны дотор ороод суучихсан хажууд манай эхнэр хүүхэд болон эмч цагдаа нар ирчихсэн байсан. Тэндээсээ эмнэлэгт хүргэгдсэн. Би Хөххүүгийн гэрээс гараад явахад Батцэцэг миний хойноос дуудаад гэрээс гарч харагдсан. Тэгээд мотоциклоо асаагаад хөдлөх зуур зүүн гараараа миний мөрнөөс татаж баруун гартаа барьсан хутгаараа нуруу руу хутгалсан. Саарал өнгийн хуванцар бариултай 25 орчим см урттай гал тогооны хутгаар хутгалсан. Гэрт байсан Батцэцэг надтай маргалдсан уурандаа миний хойноос хутга барьж гарч ирээд намайг хутгалсан. Би Хар өнгийн куртик улаан өнгийн даавуун цамц, дугуй захтай саарал өнгийн фудволктой байсан. Х.Батцэцэг намайг  хутгалах үед бид хоёр хоёулхнаа байсан. Намайг Батцэцэгт хутгалуулсны дараа Төмөрбаатар хашааны гадна гарч ирсэн. Өөр хүн байгаагүй. Хөххүүгийнх өмнө зүгрүү харсан хаалгатай хашаатай. Би тэднийд очихдоо хашааных нь хаалганы зүүн хэсэгт хаалганаас зүүн тийш 1 метр орчимд зайнд хашааг дагуулж мотоциклоо тавьсан ба уг газарт би Батцэцэгт хутгалуулсан. Би эмчилгээнд одоогоор 1.500.000 төгрөгний зардал гараад байгаа. Би эмчлүүлж дууссаны дараа бүх хохирлыг нэгтгэж Х.Батцэцэгээс нэхэмжилнэ. Аймгийн эмнэлгийн Гэмлийн тасагт 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн. Эмч нар цээжний хөндийд дурангын хагалгаагаар гуурс суулгаж цээжний хөндийд хуралдсан цусыг соруулж авсан. Одоо цээжний хэсгээр зовиуртай байна. Би бүх зүйлийг сайн санаж байна. Надад энэ хүнд зүй бусаар хандсан, муухай муухайгаар хэлсэн зүйл бол байхгүй. Өр нэхэхэд өгөхгүй гээд байхаар нь чамд өгөх юу байх вэ дээ, үсний боолтоо ч авч чадахгүй юм чинь. Би буруу хүнээсээ нэхсэн байна гэж л хэлээд гараад явсан. Тухайн үед би ааваас нь авах ёстой байсан өрний асуудлаа охиноос нь нэхэж буруу зүйл хийсэн байна. Өөр надад хийсэн буруу зүйл гэж байхгүй. Энэ хүүхэд ямар учраас худлаа хэлээд байгааг ойлгохгүй байна. Надад учирсан 1.500.000 төгрөгний хохирол хагалгаанд орсон, эм тариа гаднаас авч хийлгэсэн болон ирж очих унааны зардал байгаа юм. Яг одоогоор надад нэхэмжилтэйгээ холбогдуулаад хэрэгт өгсөн нотлох баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

          2. Гэрч М.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 5 сарын 22-ны өдөр үдээс хойш намайг гэртээ байтал 15 цагийн орчимд манай нөхөр М.Лхагважав өөрийнхөө гар утсаар миний гар утас руу залгаж надтай яриад надад би Хөххүү ахын хашаанд байна тэдний охин Х.Батцэцэг хутгалчихлаа гэхээр нь гэрээс гарч Хөххүү ахын хашаанд ороход М.Лхагважав цээж нүцгэн хашаан дотор суусан ба Төмөрбаатар түүний нурууг алчуураар дарчихсан зогссон. Энэ үед манай охин Сүндэрьяа ирсэн. Тухайн үед М.Лхагважав охин руугаа утсаар ярьж хэлсэн байсан. Ингээд Төмөрбаатар нь алчуураа авахад зүүн далныхан доод хэсэгт миний харсанаас 2 орчим см газрынх нь арьс зүсэгдэж нүх гарч онгойж, онгойсон нүхнээс цус булиглан гарч байсан тул Сүндэрьяа утсаар эмнэлэгт дуудлага өгсөний дагуу эмч ирж Лхагважавыг эмнэлэг рүү авч явсан. Лхагважавын суусан газрынх хажуу газарт 25 орчим см урттай одоо санаж байгаагаар саарал өнгийн бариултай хутга хэвтэж байсныг хэсгийн төлөөлөгч Мөнхбаяр аваад явсан. Тэгээд Лхагважавыг эмнэлэгт хүргэж түүний шарханд 3 оёдол тавьж цусыг тогтоогоод аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл Цагаанхайрхан сумын эмнэлэгт, 2017 оны 5 сарын 23-ны өдрөөс  2017 оны 5 сарын 30-ны хооронд аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед М.Лхагважав надад хэлэхдээ Хөххүү ахаас ямаан борлон дөрвийг авах ёстой түүнийгээ авахаар тэднийх рүү орсон. Тэгээд Хөххүү ахын гэрт Х.Батцэцэг байхаар аавыг нь асуугаад гараад явах үед Батцэцэг миний хойноос хутгалсан гэж хэлсэн. Манай нөхөр бага зэрэг архи уусан бололтой халамцуу, Х.Батцэцэг согтуу байсан. Х.Батцэцэг гэрийнхээ зүүн өмнө хэсэгт зогсож байсан. Би Х.Батцэцэгээс яагаад хүн хутгалж байгаа юм бэ гэхэд яадаг юм гэж хэлсэн. Би тухайн үед Х.Батцэцэгтэй дахин харьцаагүй. Х.Батцэцэг нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байсан боловч нөхрөөсөө салчихсан одоо бага насны 2 хүүхдийнхээ хамтаар аавынхаа гэрт аав ээж нартайгаа хамт амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

         3. Гэрч С.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:  “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би гадуур явж байгаад Лхагважавтай таарч бид хоёр 0.5 литрийн нэг шил архи хувааж уугаад Лхагважавын гэрт очсон. Лхагважавын эхнэр хоол хийчихсэн байсан тул хоол идээд тэднийхээс гарсан. Тэгтэл Лхагважав Хөххүүгийнд очно гэхээр нь би Лхагважаваас салж Хөххүүгийн гэрт очиход Хөххүү байхгүй тэдний охин Батцэцэг гэртээ ганцаараа байсан. Тэгээд тэднийд сууж байтал Лхагважав ирсэн ба надаас авсан 10000 төгрөгөөрөө нэг шил 0.5 литрийн “Цагаан архи” хаягтай архи авч ирсэнийг Батцэцэг, Лхагважав бид 3 хувааж уусан. Архи дуусах үед Лхагважав Батцэцэгт хандан танай аав надаас мөнгө авсан мөнгөө авмаар байна гэснээс болж Батцэцэг, Лхагважав нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Лхагважав Батцэцэгтэй маргалдаж байгаад тэднийхээс гараад явахад Батцэцэг Лхагважавын хойноос гарсан тул би босож шанагаар ус уучихаад гэрээс гарах үед хашааны гадна мотоцикль асаад унтарсан. Тэгээд хойноос нь гарахад Лхагважавыг Батцэцэг хутгалчихсан Лхагважавын нуруунд хутга зоолттой байсан. Тэгээд би Лхагважавын нуруунд зоолттой байсан хутгыг сугалж авсан. Тэгээд Лхагважавын эхнэр лүү утсаар ярьсан. Удалгүй Лхагважавын эхнэр болон эмч, цагдаа нар ирсэн. Хутга хаанаас авсаныг мэдээгүй. Саарал өнгийн хуванцар бариултай гал тогооны хутга байсан. Хөххүү Лхагважаваас ямаан борлон өгнө гээд мөнгө авсан тухай тэр өдөр Лхагважав Батцэцэгт хэлсэнээс Батцэцэг уурлаж Лхагважавтай маргалдсан уг маргааны улмаас уурандаа Лхагважавыг хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

           4. Насанд хүрээгүй гэрч Т.Гэрлээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 22-нд би аав уруугаа утсаар ярихад аав архи уучихсан согтуу юм шиг байхаар нь хаана байгааг нь асуухад Хөххүү ахынд байна гэсэн. Тэгээд би Энхцэцэгийн хамтаар аавыгаа авахаар Хөххүү ахынд очиж явтал Лхагважав ах хашааны гадна байсан мотоцикль дээрээ суусан ба хойноос нь Хөххүү ахын охин болох Батцэцэг гарч ирээд Лхагважав ахын нуруу руу цохих шиг болоход нь Лхагважав ах мотоциклоо унтрааж орхичихоод Батцэцэгийн хойноос хашаа руу нь орсон тул аав хажууд нь зогссон ба Лхагважав ахын нуруунаас цус гарч байсан ба Лхагважав ахын суусан газрын хажууд саарал өнгийн бариултай гал тогооны хутга хэвтэж байсан. Хашаан дотор манай аав Төмөрбаатар мөн Батцэцэг эгч, Лхагважав ах нар байсан ба бүгдээрээ архи уусан бололтой согтуу байсан. Энхцэцэг бид 2-ыг очиход Батцэцэг эгч гэр үрүүгээ орчихсон байсан. Лхагважав ах гар утсаар намайг Хөххүүгийн охин хутгалчихлаа гээд ярьж байсан. Удалгүй Лхагважав ахын эхнэр, охин хоёр ирсэний дараа эмч болон цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

           5. Насанд хүрээгүй гэрч Э.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 05 сарын 22-ны өдөр би Төмөрбаатар ахын охин Гэрлээгийн хамтаар Хөххүү ахынаас Төмөрбаатар ахыг авахаар очиж явтал Лхагважав ах хашааны хаалгаар гарч ирээд хашааны хаалганы хажууд түшүүлж тавьсан мотоцикль дээрээ суухад түүний хойд талаас Хөххүү ахын охин Батцэцэг эгч гарч ирээд түүний нуруулуу гараараа цохих шиг болоход нь Лхагважав мотоциклоо унагааж орхиод хашаа уруу Батцэцэг эгчийн хойноос орсон. Тэгээд Гэрлээ бид 2 хашаа уруу ороход Лхагважав ах хашааны дотор үүдний хэсэгт газарт суусан байсан. Лхагважав ахын нуруунаас цус гарч байсан ба хажууд нь саарал өнгийн хуванцар бариултай хутга газарт хэвтэж байсан. Төмөрбаатар ах Лхагважав ахын фудволкоор нуруунаас нь гарч байгаа цусыг тогтоохоор дарж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

            6. Насанд хүрээгүй гэрч Л.Сэндэръяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр намайг сургууль дээрээ байтал миний гар утас руу аавын гар утасны дугаараас дуудлага хийгдсэн байсан тул би яасан юм бол гэж бодоод ээж үрүү залгахад ээж надад Хөххүү ахын хашаанд аав чинь хутгалуулчихсан байна гэхээр нь би сургуулиас Хөххүү ахын хашаанд очиход Хашааны дотор хаалганы хажууд аав газарт суусан түүний нуруунаас гарч байсан цусыг Төмөрбаатар ах дарчихсан зогссон. Намайг очих үед манай ээж Болормаа мөн очсон ба бид нарыг очиход Төмөрбаатар ахын охин Гэрлээ болон  Энхцэцэг нар оччихсон байсан. Тэгээд би Гэрлээгийн хамтаар эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй эмч цагдаа нар ирсэн. Би хэн хутгалсныг хараагүй. Намайг очиход аав надад намайг Х.Батцэцэг хутгалчихлаа гэж хэлсэн ба аавын суусан газрын хажууд саарал өнгийн бариултай хутга газарт хэвтэж байхыг хэсгийн төлөөлөгч Мөнхбаяр ах аваад явсан. Батцэцэг эгч хашаан дотор зогсож байсан. Батцэцэг эгч болон манай аав Лхагважав мөн Төмөрбаатар ах нар архи уусан бололтой халамцуу байсан” гэх мэдүүлэг” /хх-ийн 36-37 тал/,

          7. Гэрч З.Хөххүү мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 22-ны өглөө би хөдөө явсаны хойгуур манай сумын Лхагважав, Төмөрбаатар нар манайд очиж манай охин Батцэцэгтэй архи уугаад хоорондоо маргалдсаны улмаас Батцэцэг уурлаж Лхагважавыг хутгалсныг нь би маргааш орой гэртээ ирээд мэдсэн. Би 2017 оны 1 сарын орчимд Лхагважавд 4 ямаан борлон өгнө гэж түүнээс 60000 төгрөг авсан. Ямаан борлонгоо өгч амжаагүй байтал тухайн өдөр буюу 2017 оны 05 сарын 22-ны өдөр Лхагважав нь манайд очиж Батцэцэгээс уг мөнгийг нэхэж хоорондоо маргалдах болсон. Лхагважав бид нарын хооронд өс хонзоны зүйл байхгүй. Манайх угаасаа нэг ширхэг хутгатай уг хутгаар Батцэцэг Лхагважавыг хутгалсан тул  хэсгийн төлөөлөгч Мөнхбаяр аваад явчихсан. Манай охин айлын бага охин бөгөөд дээрээ нэг эгчтэй. 2009 онд санагдаж байна. Батцэнгэл гэх хүнтэй сууж 2 хүүхэдтэй болоод 2014 онд Батцэнгэлээс салж 2 хүүхдийн хамтаар манайд амьдарч байгаа төлөв даруу зантай, гэхдээ муу зуршилгүй хүүхэд юм. Би Лхагважавыг яагаад хутгалсаныг ойлгохгүй байна. Би Батцэцэгийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгааг нь харж үзээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

          8. Гэрч Б.Тунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш намайг ажил дээрээ байтал 15 цаг 30 минутын орчимд Ар булаг багт байдаг Хөххүү гэдэг хүний хашаанд бусдад хутгалуулсан хүн байна гэх дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу Хөххүү ахын хашаанд яваад ороход хашаан дотор Лхагважав болон Төмөрбаатар Хөххүүгийн охин Батцэцэг нар байсан ба Лхагважавын эхнэр хүүхэд болон Төмөрбаатарын хүүхэд мөн ирчихсэн байсан. Лхагважавын зүүн далны хэсэгт босоо байрлалтай зүсэгдсэн шарх үүссэн, уг шархнаас нь гарсан цусыг Төмөрбаатар даавуун зүйлээр дарчихсан байсан. Ингээд Лхагважав нь гүйцэт амьсгалж чадахгүй зовиуртай байсан тул би цус тогтоох тариа болон даралт өгөсгөх тариа хийгээд эмнэлгийн машинаар эмнэлэгт хүргэж шархыг цэвэрлэж хэмжилт хийхэд Лхагважавын биед үүссэн шарх нь 3 см урттай, 2см гүнтэй шарх байсан тул шарханд 3 оёдол тавьсан. Тэгээд маргааш нь аймгийн Нэгдсэн эмнэлгийг гэмтлийн тасагт шилжүүлсэн. Намайг очиход Лхагважав нар нь архи уучихсан согтуувтар байсан ба борлонгоос болоод Хөххүүгийн охин Батцэцэг намайг хутгалчихлаа гэж байсан. Лхагважавын хажууд саарал өнгийн хуванцар бариултай гал тогооны хутга газар хэвтэж байсныг хэсгийн төлөөлөгч Мөнхбаяр авсан. Лхагважавын биед үүссэн шарх нь хурц иртэй зүйлд зүсэгдсэнээс үүссэн шарх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

        9. Гэрч П.Амарбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би Батцэцэгийг хамт архи ууж байсан Лхагважав гэх хүнийг ямаан борлонгын талаар маргалдаж байгаад хутгалсан гэж Х.Батцэцэг болон түүний ээжээс сонссон. Х.Батцэцэг манай эхнэрийн эгчийн хүүхэд бөгөөд 3 жилийн өмнө нөхрөөсөө салчихсан одоо 2 хүүхэд болон аав, ээжийнхээ хамтаар аавынхаа гэрт амьдардаг. Батцэцэг нь төлөв даруу зантай, нийтэч харьцаатай, хүнтэй мэнд устай, бусдад тусархуу, хүний үгээр байдаг, найз нөхөдийн дунд нэр хүндтэй, элдэв муу зуршилгүй их л сэргэлэн цовоо хүүхэд юм. Би тухайн өдөр Х.Батцэцэгийг яагаад архи уусаныг мэдэхгүй. Миний хувьд урьд нь Х.Батцэцэгийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсныг хараагүй, уудаг гэж сонсоогүй. Х.Батцэцэгийн аав ээж нар нь амьдралын доогуур түвшинд амьдардаг хүмүүс бөгөөд өөрийн гэсэн эд хөрөнгө мал байхгүй” /хх-ийн 41 тал/,

          10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаартай Шинжээч эмчийн: “Иргэн М.Лхагважавын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Цээжний зүүн талд далны дотор талд босоо байрлалтай 3 см хутгалагдсан шарх үүсэж цээжний хөндийд нэвтэрсэн, нэвтэрсэн шархны улмаас цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны хурц ир үзүүртэй багажийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд нь хууч өвчин бэртэл гэмтэл байхгүй. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал /,

            11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17/32 дугаартай Шинжээч эмчийн: “Хэргийн газраас олдсон саарал өнгийн хуванцар бариултай хутганы ажлын хэсэг дээрээс гарын мөр илэрсэн. Илэрсэн гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна. 2,3,4-р асуултын хариулт: Шинжилгээнд тэнцэхгүй байх тул харьцуулах хийх боломжгүй байна. Гарын сарвуу бүтэн гараагүй тул хүний биеийн онцлогыг тусгасан ямарч дүгнэлт хийх боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-50-р тал /,

            12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 17/33 дугаартай Шинжээч эмчийн: “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн фудволк, хүрэн өнгийн цамц, хар өнгийн куртикт гэмтэл үүссэн байна. Дээрх хувцаснуудын ар нурууны зүүн хэсэгт 2.2-2.4 см хэмжээ бүхий нэг нэг тооны гэмтэл үүссэн байна. Уг гэмтлийн утасны зах ирмэг нь тэгш хэмтэй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Зүсэгдэлт нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Уг гэмтэл нь хуучин үүссэн, шинээр үүссэн аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл үүссэнээс хойш хэдий хугацаа өнгөрч байгааг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь цөм нэг дор үүсгэгдсэн байх боломжтой. Хэргийн газраас олдож шинжилгээнд хүргүүлсэн хутгаар үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-56-р тал /,

            13. Увс финанс-Аудит ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ¹265 дугаартай “Sony загварын 14 инчийн зурагт, DVD тоглуулагч үнэлсэн тухай тайлан”, танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 27-30 тал /,   

            14. Шүүгдэгч Х.Батцэцэгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 70-80, 107-112-р тал /,

            15. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 81-82 тал/,

            16. Хохирогч М.Лхагважавын “амбулаториор эмчлүүлэгсдийн карт” бусад баримтууд /хх-ийн 84-106 тал /,

            17. Шүүгдэгч Х.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байтал 14 цагийн орчимд манай сумын Төмөрбаатар гэх ах орж ирээд сууж байтал түүний хойноос Мөөгийн Лхагважав ах орж ирсэн. Тэгээд Лхагважав ах куртикныхаа халааснаас “Цагаан архи” гэсэн нэртэй 0.5 литрийн нэг шил архи гаргаж задалсныг хувааж уусан. Би архинаас тэд нартай тэнцүү уусан тул нэлээн согтсон. Тэгтэл Лхагважав ах танай аав ямаан борлон өгнө гэж надаас мөнгө авсан түүнийгээ авна гэхээр нь би Лхагважав ахад аав ямаан борлон хүнээс авч өгнө гэж хэлж байна лээ гэхэд та нар худлаа хэлээд мөнгө өгөхгүй байна, муу сайн гуйлгачингууд гэснээс болж би Лхагважав ахтай маргалдахад Төмөрбаатар ах Лхагважав ахыг өмөөрч хоосон юмнууд хүнд юугаа өгдөг юм гэх зэргээр хоёулаа намайг доромжилсон. Ингээд Лхагважав ах намайг муу янхан, гичий гэчихээд гэрээс гараад явахаар нь миний уур хүрч хоолны шүүгээн дээр байсан саарал өнгийн хуванцар бариултай гал тогооны хутгыг авч хойноос нь гарахад Лхагважав ах хашааны хаалгаар гарч явсан. Би түүний хойноос хашааны гадна гарахад Лхагважав ах хашааны зүүн талд хашаа түшүүлээд байрлуулсан мотоцикль дээрээ суугаад явах гэж байхаар нь очиж баруун гартаа барьсан хутгаараа Лхагважав ахын нуруунд нэг удаа хутгалсан. Тэгтэл хойноос Төмөрбаатар ах гарч ирээд миний гарт байсан хутгыг булааж аваад Лхагважав ахыг түшиж хашаанд оруулсан. Би шууд очиж хутгалсан. Манайд гал тогооны нэг ширхэг хутга байдаг. Уг хутгаар би Лхагважав ахыг хутгалсан. Бидний хооронд өш хонзонгийн зүйл байхгүй. Бид нар хамтдаа архи уугаад маргалдсанаас би уурлаж Лхагважав ахыг хутгалсан. Би бусдыг хутгалсан буруутай үйлдлээ ойлгож маш их харамсаж гэмшиж байна. Би Лхагважав ахад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж өгнө. Өмнө нь Лхагважав ах манайхаар орж гараад явахдаа манайхныг байхгүй гэртээ ганцаараа байх үед ах нь орой хүрээд ирье гэж хэлж яваад шөнөөр ирж хаалга цохиж байсан удаатай. Ээжийн бие муу тул ээж Замын-Үүдэд эгчийнд байгаа. Тухайн өдөр аав хөдөө, хүүхдүүд тоглоод явчихсан байсан. Би бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй тул надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна.” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

            Шүүгдэгч Х.Батцэцэг нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Ар булаг” 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогч М.Лхагважавыг хутгалсаны улмаас хохирогчийн бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Лхагважавын “...би тэднийхээс гарч хашааны гадна байсан мотоцикль дээрээ суугаад хөдлөх гэтэл зүүн талын дал руу нэг удаа хутгалсан... Одоо эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг гараад байгаа...”, гэрч М.Болормаагийн “...Хөхүү ахын хашаанд ороход Лхагважав цээж нүцгэн хашаан дотор суусан, зүүн далных нь доод хэсэгт 2 см орчим газрын арьс зүсэгдэж нүх гарч онгойж, онгойсон нүхнээс цус булгилан гарч байсан. Би Х.Батцэцэгээс яагаад хүн хутгалж байгаа юм бэ гэхэд яадаг юм гэж хэлсэн...”, гэрч С.Төмөрбаатарын “...Архи дуусах үед Лхагважав Батцэцэгт хандаж танай аав надаас мөнгө авсан мөнгөө авмаар байна гэснээс болж Батцэцэг, Лхагважав нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Лхагважавыг тэднийхээс гараад явахад Батцэцэг Лхагважавын хойноос гарсан тул би босож ...хойноос гарахад Лхагважавыг Батцэцэг хутгалчихсан, Лхагважавын нуруунд хутга зоолттой байсан...”, насанд хүрээгүй гэрч Т.Гэрлээ, Э.Энхцэцэг нарын “...Хөххүү ахын охин болох Батцэцэг гэгч гарч ирээд Лхагважав ахын нуруу руу гараараа цохих шиг болоход Лхагважав ах мотоциклээ унагааж орхичихоод хойноос нь хашаа руу орсон тул бид 2 хойноос нь орсон ба ...Лхагважав ахын нуруунаас цус гарч байсан. Хашаан дотор Төмөрбаатар, Батцэцэг, Лхагважав нар байсан ба бүгдээрээ архи уусан бололтой байсан”, насанд хүрээгүй гэрч Л.Сэндэрьяагийн “Хөхүү ахын хашаанд очиход хашааны дотор хаалганы хажууд аав газарт суусан нуруунаас гарч байсан цусыг Төмөрбаатар ах дарчихсан зогссон. Аав надад намайг Батцэцэг хутгалчихлаа гэж хэлсэн ба аавын суусан газрын хажууд саарал өнгийн бариултай хутга газарт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгүүдээр болон эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаартай дүгнэлт, хохирогчийн өвчтөний түүх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэртээ Төмөрбаатар, Лхагважав нарын хамтаар нэг шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд ямаан борлонгийн өрний асуудлаас болж Лхагважав ахтай маргалдахад намайг элдэв муу үгээр доромжлоод гэрээс гарч явсан тул би түүний хойноос очиж нуруу руу нь гэрийнхээ гал тогооны хутгаар нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

         Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Лхагважавын биед хүнд гэмтэл учирсан болох нь гэрч Б.Тунгалагийн “...Дуудлагын дагуу Хөххүү гэж хүний хашаанд яваад очиход ...Лхагважавын зүүн далны хэсэгт босоо байрлалтай зүсэгдсэн шарх үүссэн, уг шархнаас нь гарсан цусыг Төмөрбаатар давуун зүйлээр дарчихсан байсан. Лхагважав гүйцэт амьсгалж чадахгүй зовиуртай байсан тул би цус тогтоох тариа болон даралт өсгөх тариа хийгээд эмнэлэгийн машинаар эмнэлэгт хүргэж шархыг цэвэрлэж хэмжилт хийхэд Лхагважавын биед үүссэн шарх нь 3 см урттай 2 см гүнтэй шарх байсан тул шарханд 3 оёдол тавьсан. Тэгээд маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт шилжүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогч М.Лхагважавын биед цээжний зүүн талд далны дотор талд босоо байрлалтай 3 см хутгалагдсан шарх үүсэж цээжний хөндийд нэвтэрсэн, нэвтэрсэн шархны улмаас цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл үүссэн гэх Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрджээ.

        Хэр‎эг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хууль, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчмын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй бөгөөд хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлэх шинжид хамаарч, оногдуулах ялыг хүндрүүлэн хуульчилсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг Х.Батцэцэгийн үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Х.Батцэцэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Хохирогч М.Лхагважав нь мөрдөн байцаалтын шатанд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэж, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Батцэцэгийн хүү Б.Даваабаяр, Б.Даваажаргал нарыг нагац эцэг З.Хөххүүд харгалзан дэмжүүлэх тухай тогтоол гарсан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...миний аав 65 настай, бие муутай, бас архи дарс хэрэглэчихдэг тул хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шүүхээс шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Манай эгч байдаг боловч Замын-Үүдэд амьдардаг, өөрөө ой хүрээгүй хүүхэдтэй. Нөхөр бид хоёр салаад 4 жил болж байгаа, одоо тэр хүн хаана яаж амьдардагийг би мэдэхгүй, тусдаа гэр бүл зохиосон тул хүүхдүүдээ эцэгт нь өгөх боломжгүй...” гэж мэдүүлсэн.

           Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 13 дугаар зүйлийн 1-д зааснаар “эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй... хүүхдийг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж тодорхойлж, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авахаар зохицуулсан байна.

             Мөн Гэр бүлийн тухай хуулийн 63, 64, 67 дугаар зүйлийн 63.1.3, 64.1.3, 67.1.2-д хорих газарт ял эдэлж байгаа зэрэг шалтгааны улмаас хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний хүүхдийг асран хамгаалалтанд авах, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр заасны дагуу шүүгдэгч Х.Батцэцэгийн 2008 оны 5 сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Даваабаяр, 2010 оны 8 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Даваажаргал нарыг асран хамгуулахаар хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэн өгөх нь зүйтэй гэж үзлээ.   

      Шүүхээс шүүгдэгч Х.Батцэцэгт ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байдлуудыг харгалзан үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн куртка 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Х.Батцэцэгийн дундын эзэмшлийн Сони загварын 14 инчийн зурагт, DVD тоглуулагчийг битүүмжилсэн байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэв.  

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Бууч овгийн Хөххүүгийн Батцэцэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөхүүгийн Батцэцэгт 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батцэцэгт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч М.Лхагважав нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           6. Мөрдөн байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжүүлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Батцэцэгийн 2008 оны 5 сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Даваабаяр, 2010 оны 8 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Даваажаргал нарыг эх Х.Батцэцэгийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд асран хамгаалуулахаар хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсүгэй.

               7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн куртка 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, саарал өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Батцэцэгийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Сони загварын 14 инчийн зурагт, DVD тоглуулагчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА