| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2138002510036 |
| Дугаар | 2022/ДШМ/10 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/10
2022 05 18 2022/ДШМ/10
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Л.Отгончимэг,
Яллагдагч Б.Огийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,
Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/178 дүгээр захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Н.Батмөнхийн гаргасан эсэргүүцлээр М.Б, Б.О, М.Бнарт холбогдох 2138002510036 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шарнууд овогт М-н М.Б , …... оны .... дүгээр сарын ….-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ….. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........................./.
2.Улаан хуулар овогт Б-ын О, 1…. оны .... дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар …............./.
3.Б овогт М-ын Б, …... оны ..... дүгээр сарын …..-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, …... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар …................./.
Б.О нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Тоомын ам” гэх газар 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө амгалан тайван байдал алдагдуулсан гэх шалтгаанаар хохирогч М.Л, М.Б нартай маргалдаж улмаар М.Лийн толгой хэсэгт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд сорви бүхий хөнгөн хохирол, М.Бын толгой хэсэгт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,
М.М.Б нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Тоом” гэх газар 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж онц харгис хэрцгийгээр буюу хутгаар толгой тус газарт нь олон удаа зүсэж, халуун цайгаар хүзүүг нь түлж, биед нь олон тооны шарх сорви үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Тоомын гэх” газарт 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.М.Б тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/178 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мархайн М.Б , Баатарын О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Морхын Б нарт холбогдох эрүүгийн 2138002510036 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч М.Б, Б.О, М.Бнарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй эвхмэл хутга 1 ширхэг, 1 ширхэг Сиди-г хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Н.Батмөнх эсэргүүцэлдээ: ...шүүгчийн захирамж үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ алдаа гарган хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаан шийдвэрлэсэн гэж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан М.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-52 дугаар тал/, хохирогч М.Лийн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар тал/, гэрч Х.Нямбаярын мэдүүлэг /хх-ийн 78-90 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 443 дугаартай дүгнэлт /хх-ийн 121 дүгээр тал/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 546 дугаартай дүгнэлт /хх-ийн 141 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн нь бүрэн нотлогдсон. Өөрөөр хэлбэл яллагдагч Б.О М.Б, С.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь 2021 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутаг дэвсгэрт буюу яллагдагч М.Бат-Эрдэнийн гэрт үйлдэгдсэн хэрэгт яллагдагч М.Б, Б.О, М.Бнар, хохирогч, гэрчүүд дээрх хэргийг хаана, хэдийд үйлдэгдсэн талаар хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй, өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлгийг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоосон байна.
2. Яллагдагч М.Б нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг газраас авсан талаараа болон уг хутга хэнийх болохыг мэдээгүй гэж тодорхой мэдүүлсэн, тухайн үед байсан гэрч П.Отгон “...Би тэр хутга хэний хутга болохыг мэдэхгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
3. М.Б нь М.Бат-Эрдэнийн гэрээс гарч явахад араас хатуу юмаар толгойны овоо хэсэгт хага цохисон гэж тодорхой мэдүүлсэн, мөн хохирогч С.Л нь мэдүүлэгтээ “...Б зуух руу унасан зүйл бол болоогүй...” гэж дурдсан, гэрч Х.Нямбаяр нь мэдүүлэгтээ “...О босож ирээд та нар зайлцгаа гэхээр нь бүгдээрээ гараад явсан тэгээд би машинд орсон чинь нагац ах Л, Б нарын толгой руу 1 удаа төмрөөр цохиод байсан...” гэж дурдсан зэрэг байдлуудаас үзэхэд Б нь гэр дотор зуух руу болон бусад зүйл рүү унасан үйл баримт тогтоогдоогүй. Тухайн үед байсан бүх гэрч нараас мэдүүлэг авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийн бодит байдлыг тогтоосон байна.
4. Б.О нь хохирогч М.Б, М.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болсон бөгөөд тухайн өдрөө гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандаагүй, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр М.Б, М.М.Б нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл гарах үед цагдаагийн байгууллагад хандаж шалгагдсан тул 2021 оны 9 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө гарсан асуудалд хэргийн газрын үзлэг хийх, эд мөрийн баримт хурааж авах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.26-д заасан хойшлуулшгүй тохиолдол үүсээгүй, яллагдагч Б.О нь М.Б, М.Л нарыг цохиогүй гэж мэдүүлдэг учир эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх нөхцөл бүрдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 7 сарын хугацаа өнгөрсөн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/178 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “ ...Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ алдаа гарган хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.
Яллагдагч Б.Огийн өмгөөлөгч Б.Манлайбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, ...нотолбол зохих нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.Ог Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Тоомын ам” гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө амгалан тайван байдал алдагдуулсан гэх шалтгаанаар хохирогч М.Л, М.Б нартай маргалдаж улмаар М.Лийн толгой хэсэгт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд сорви бүхий хөнгөн хохирол, М.Бын толгой хэсэгт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Яллагдагч М.Бат-Эрдэнийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Тоом” гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж онц харгис хэрцгийгээр буюу хутгаар толгой тус газарт нь олон удаа зүсэж, халуун цайгаар хүзүүг түлж, биед нь олон тооны шарх сорви үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Яллагдагч М.Быг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Тоомын гэх” газарт 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.М.Б тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг ...яаж үйлдсэн болон болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3 “гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийн талаар тодруулаагүй гэж үзэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл яллагдагч Б.О нь хохирогч М.Б, М.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол ямар эд зүйл, зэвсэг хэрэгсэл ашиглан хохирол, хор уршиг учруулсан болохыг эргэлзээгүй олж тогтоох, гэрч Х.Нямбаяр, хохирогч М.Б, М.Л нараас дахин мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг арилгах, эд мөрийн баримтыг олж тогтоон хураан авч хэргийн бодит байдлыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Нөгөөтэйгүүр яллагдагч Б.О нь хохирогч М.Б, М.Л нарыг “төмрөөр цохиж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг баримтаар нотлоогүй атлаа Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Яллах дүгнэлтэд “төмрөөр цохиж” хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзсэн нь учир дутагдалтай.
Мөн прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч М.М.Б , М.Б нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас нэг цаг хугацаанд бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад гэмт хэрэг үйлдсэн газрын нэрийг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Тоом” гэх газарт, ...“Тоомын гэх” газар гэж хоёр өөр газар гэмт хэрэг үйлдэгдсэн мэтээр зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийг хаана үйлдсэн”-ийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна.
М.Бат-Эрдэнийн гэмтлийн зэргийг тогтоосон 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 466 дугаартай дүгнэлтэд 2021.09.25-нд үүссэн гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
Гэтэл уг дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт 2021-09-25-нд үүссэн гэх гэмтэлд “зүүн шууны дотор дунд хэсэгт 1.0х0.3см улаан хүрэн өнгийн тав тогтсон шархтай, баруун зулайн хуйханд 2.0х0.2см цайвар өнгийн сорвитой” гэж тэмдэглэгдсэн байх ба ямар учраас яллах дүгнэлтэд хохирогч М.Бат-Эрдэнийн “баруун зулайн хуйханд” учруулсан гэмтлийг тусгаагүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.
Мөн Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч М.Бат-Эрдэнийг “хохирогч М.Бын хүзүүг халуун цайгаар түлсэн” үйлдэл нь хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилжээ.
Гэтэл яллах дүгнэлтэд дурдагдсан халуун цайгаар хүзүүг нь түлсэн дээрх үйлдэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоогоогүй байна.
Иймд магадлалд дурдсан болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан дээрх ажиллагааг хийгдсэний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүгчийн захирамжид дурдагдсан “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон хуйтай эвхэгддэг хутга хэнийх эсэх, хаанаас авч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болохыг олж тогтоох” шаардлагатай гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь тухайн хутга хэнийх болохыг мөрдөгч нь яллагдагч нар болон гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчээс мэдүүлэг авч хэнийх болохыг нь тогтоож чадаагүй бөгөөд үүнээс өөр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/178 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Н.БАЯРХҮҮ