Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2019/0725

 

2019 оны 10 сарын 24 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0725

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С*******х ХХК

Хариуцагч: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Улсын Гуравдугаар Эмнэлгийн Тендерийн Үнэлгээний Хороо

Гуравдагч этгээд: Ч******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 9 дүгээр багцад оролцсон С*******х ХХК болон Ч******* ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын Ч******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаал, Ч******* ХХК-тай байгуулсан ДНТГ201905 тоот гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Батгуа, С*******х ХХК-ийн захирал Б.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, А.Э*******, өмгөөлөгч Л.Б*******, хариуцагч Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, З.Л*******, Улсын Гуравдугаар Эмнэлгийн Тендерийн Үнэлгээний Хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, гуравдагч этгээд Ч******* ХХК-ийн төлөөлөгч Ө.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, өмгөөлөгч Г.Ч, Н.О нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

С*******х ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус компани нь Улсын Гуравдугаар төв Эмнэлгээс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарласан Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах УГТЭ201901001 дугаартай нээлттэй, цахим тендерийн 9 дүгээр багцад оролцсон.

Улмаар захиалагч нь тендерийг хянан үзэж, үнэлгээ хийгээд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № 1/639 дугаартай мэдэгдлээр 9 багцад С*******х ХХК шалгараагүй, харин Ч ХХК шалгарсан гэсэн хариу өгсөн. Бид хуульд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам хянаад Чоногол трейд ХХК-ийн тендерийн санал техникийн тодорхойлолтод нийцээгүй болохыг тогтоож, 2019 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн № 6-1/5232 тоот мэдэгдлээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, 9 дүгээр багцын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн,

Үүний дагуу захиалагч нь дахин үнэлгээ хийж, 2019 оны 8 дугаар сарын 02-ны № 1/694 тоот мэдэгдлээр УГТЭ201902 тендерийн 9 дүгээр багцад Сангийн яамны 6-1/5232 тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээхийж Чоногол трейд ХХК-ийг дахин шалгаруулсан.

Ийнхүү захиалагч буюу Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн удирдлага нь 2017 ба 2018 оны тендерийг будлиулдаг туршлагаараа энэхүү 2019 оны тендерийн 9 дүгээр багцыг будлиулсны улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар зөрчигдөж байна. Үүнд:

  1. Нээлттэй тендерт шударгаар, тэгш өрсөлдөх боломжгүй байна,
  2. Тендерээр шударгаар ажил олж хийж чадсангүй,
  3. Ажилгүй, орлогогүй тул ажилчид цалингүй болж байна, ажлын байраа хаахад хүрч байна,
  4. Ажиллагсдын нийгмийн даатгалыг төлж чадахгүй болж байна,
  5. Орлогогүй тул татвар төлөхгүй болж байна,
  6. Нээлттэй тендер гэж худал хуурмаг зүйлд маш их хүч хөдөлмөр, цаг заваа дэмий үрж байна,
  7. Тендерийн бичиг баримт худалдаж авахаас эхлээд мөнгө төгрөг, материал баялаг, сэтгэл санаа, итгэл үнэмшлээрээ маш их хохирч байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: тендерт шалгаруулсан гэх Чоногол трейд ХХК нь дараах зүйлд заасан шаардлагыг хангахгүй болно. Үүнд:

1.Захиалагч нь тендерийн баримт бичгийн 9 дүгээр багцын техникийн тодорхойлолт, 2019 оны 6 дугаар сарын 19 -ний №1/550 тодруулгад зааснаараа худалдан авахаар шаардсан эмнэлгийн хэрэгсэл нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан жагсаалтад зааснаар Өвчний төрөл нь Зүрхний ишемит өвчин, Эмнэлгийн хэрэгслийн нэршил нь Судасны нүх бөглөгч 6F /Angioseal/ нэртэй, 375375 жишиг төгрөгийн үнэтэй , Хэрэгслийн код нь S0137 байхад Чонопэлтрейд ХХК-ийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгсэл нь Өвчний төрөл нь Тархины судсан дотуур хийгдэх мэс засал, Эмнэлгийн хэрэгслийн нэршил нь Судас оёгч /Аngioseal Exoseal/ нэртэй, 339750 жишиг төгрөгийн үнэтэй, Хэрэгслийн код нь 80218 байхад захиалагч зориуд шалгаруулсан.

2. Захиалагчийн 9 дүгээр багцад шалгаруулсан Чоногол трейд ХХК -ийн эмнэлгийн хэрэгсэл нь иж бүрдэлгүй, ганц бүтэцтэй. Харин С ХХК ийн эмнэлгийн хэрэгслийн иж бүрдэл нь Зангуу, бөглөөс, өөрөө чангардаг утас зэрэг шимэгдэж, хайлдаг олон бүтэцтэй.

3. Захиалагчийн 9 дүгээр багцын эмнэлгийн хэрэгслийн 6Fr-8Fr гэх шаардлагыг С ХХК бүрэн хангасан. Харин шалгаруулсан Чоногол трейд ХХК-ийн эмнэлгийн хэрэгсэл нь 8Fr гэсэн диаметрийн хэмжээ байхгүй,

4. Захиалагчийн 9 дүгээр багцад шалгаруулсан Чоногол трейд ХХК-ийн Exoseal гэх эмнэлгийн хэрэгсэл нь эмнэл зүйн судалгаагаар С ХХК-ийн санал болгосон Апдюзеаl гэх эмнэлгийн хэрэгслээс техникийн болон ашигын олон үзүүлэлт дутуу болохыг тогтоосон баримтууд байна

5. Ийнхүү захиалагч нь 9 дүгээр багцад Чоногол трейд ХХК-ийн тендерийн саналыг үнэлгээнд оруулах ёсгүй, шалгаруулах ёсгүй, харин Ч ХХК-ийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгсэл нь захиалагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцэхгүй учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27дугаар зүйлийн 27.1.2-д заасан техникийн тодорхойлолт-д нийцэхгүй учраас мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар шаардлагад нийцээгүй учраас үнэлгээ хийхгүй, харин хянан үзэх шатнаас хасах ёстой юм.

6. Иймд манай С*******х ХХК-ийн 9 дүгээр багцад өрсөлдсөн тендерийн санал нь чанар ба үнэлгээний харьцууаар өндөр оноо бүхий хамгийн сайн гэж үнэлэгдэх тендер юм.

 

 

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдолд гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Гомдлыг энэ хуулийн 55.2-д заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно, 56.2-д Тендер шалгарууад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэж заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн № 07 дугаартай дүгнэлтийн Захиалагчийн шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн Ч******* ХХК-тай 9 дүгээр багцад хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх" гэсэн 1 дэх заалт, С*******х ХХК-ийн 9 дүгээр багцад ирүүлсэн тендер нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д зааснаар чанар ба үнэлгээний харьцууаар өндөр оноо бүхий тендер гэж үнэлэгдээгүй тул татгалзсан болохыг мэдэгдье гэсэн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, 9 дүгээр багцыг дахин хянах, үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгаж, Захиалагчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн № Б/378 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, захиалагчийн Ч******* ХХК-тай 9 дүгээр багцад байгуулсан Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдах, худалдан авах 2019 оны 8 дугаар сарын 12- ны өдрийн № ДНТГ201905 дугаартай гэрээг хүчингүй болгож өгнө үү.

Үндэслэл нь: Тендерийн Үнэлгээний хороо нь тендерт хамгийн сайн санал ирүүлсэн гэх Ч******* ХХК-ийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан Техникийн тодорхойлолт, хуулийн 27.1.3 тендерийн баримт бичиг заасан бусад нөхцөл, шаардлага зэргийг хангаагүй, өөрөөр хэлбэл, хянан үзэх шатны шаардлагад нийцээгүй Ч******* ХХК-ийг тендерийн үнэлгээний шатанд оруулалгүй шууд хасах ёстой байтал мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчиж, тендерт үнэлгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Ч******* ХХК-ийн тендерийн санал нь Захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй, үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгслийн дээж ирүүлээгүй буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна. гэв.

Хариуцагч Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус эмнэлгээс зарласан Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах дахин нээлттэй УГТЭ201902 тендерийг хуулийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 10.30 цагт нээсэн. Уг тендерийг нийт 14 багцад зарласан ба 8 байгууллага оролцсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, захиалагчийн ТББ-ийн ТОӨЗ, ТШӨХ, бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт зэрэгт заасны дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх үйл ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд зохион байгуулж тендерт оролцогч байгууллагуудад тендер шалгарууын талаарх мэдэгдлийг хүргүүлсэн болно.

Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг ирүүлсний дагуу тендер шалгаруутай холбоотой материалыг хүргүүлж 9 дүгээр багцын тендер шалгарууыг хянуулсан.

Сангийн яамнаас 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/5232 тоот гомдлын хариу албан бичгээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод судас бөглөгч иж бүрдэл, хэмжээ 6-8F гэж заасан үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг дахин нягталж үзэх нь зүйтэй гээд 9 дүгээр багцын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн. Үүний дагуу 9 дүгээр багцын үнэлгээг дахин хийж 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ч******* ХХК болон С*******х ХХК зэрэг байгууллагуудад холбогдох мэдэгдлүүдийг хүргүүлсэн.

Нэхэмжлэлд дурдсан 9 дүгээр багцын тендер шалгарууын талаар дэлгэрэнгүй тайлбарлавал:

Судсан дотуурх оношилгооны хэрэгсэл орсон 9 дүгээр багцад Ч******* ХХК, С*******х ХХК гэсэн 2 оролцогч тендер ирүүлсэн.

  • трейд ХХК - 130 350 000 төгрөг,
  • ХХК - 165 200 000 төгрөгөөс 16.56% хөнгөлөлт үзүүлж 137 840 000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн.

С*******х ХХК-ийн 9 дүгээр багцад ирүүлсэн тендерийг хянан үзэхэд эрх бүхий эсэх, гэрээ хэрэгжүүлэх чадвар, тендерийн баталгаа зэрэг нь ерөнхий шаардлагыг хангасан. Бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт, нийлүүлэлтийн хуваарь зэрэг нь шаардлагад нийцсэн. Багцын бүтээгдэхүүнүүдийн нэгж үнэ ЭМДҮЗ-ийн 17 дугаар тогтоолоор баталсан жишиг үнэд багтсан буюу захиалагчийн ТББ-ийн ТШӨХ-ийн ТОӨ315.Ю-Д заасныг хангасан байна. 9 дүгээр багцад 16.56%-ийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр санал ирүүлсэн үүнийг тооцвол багцын үнийн дүн 137.840.000 төгрөг болж байна.

9 дүгээр багцын бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын улсын Boston scientific Terumo, Япон улсын Asahi үйлдвэрлэгчдээс нийлүүлэхээр санал болгосон. Үйлдвэрлэгчийн итгэмжлэл, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ болон бусад шаардлагатай материалууд ирүүлсэн.

9 дүгээр багцад судас бөглөгчийн 1 ширхэг, 7*19мм, 8*30мм хэмжээтэй 2 ширхэг захын судасны стентийн дээж ирүүлсэн. Дээжүүд шаардлагад нийцсэн.

Ч******* ХХК-ийн 9 дүгээр багцад ирүүлсэн тендерийг хянан үзэхэд эрх бүхий эсэх, гэрээ хэрэгжүүлэх чадвар, тендерийн баталгаа, ижил төрлийн ажлын туршлага зэрэг нь ерөнхий шаардлагыг хангаж байна. Бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт, нийлүүлэлтийн хуваарь зэрэг нь шаардлагад нийцсэн. 9 дүгээр багцын бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын Abott, Cordis зэрэг 2 үйлдвэрлэгчээс нийлүүлэхээр санал болгосон. Cordis үйлдвэрлэгчийн 5-7F, Abott үйлдвэрлэгчийн 8F хэмжээтэй судас бөглөгчийг санал болгосон нь захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан. Оролцогчийн 9 дүгээр багцын ТББ-ийн нотлох баримт хэсэгт ирүүлсэн Abott үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний каталогит Perclose Proglide судас бөглөгч нь 5-8F хэмжээтэй болохыг нотолж байна.

Дээрх 2 үйлдвэрлэгчийн итгэмжлэл, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, дистрибютерийн гэрээ, Эрүүл мэндийн яамнаас олгосон эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз болон бусад шаардлагатай материалууд ирүүлсэн.

9 дүгээр багцад судас бөглөгч, 5.0*59мм хэмжээтэй захын судасны стент зэрэг 2 бүтээгдэхүүний дээж ирүүлсэн. Бүтээгдэхүүний дээж шаардлагад нийцсэн.

Дээрх 2 оролцогчийн 9 дүгээр багцад ирүүлсэн тендерүүд шаардлагад нийцсэн учраас чанарын үнэлгээ хийсэн. Үнэлгээний нийт оноо Ч******* ХХК 85, С*******х ХХК 82.6 байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасны дагуу 9 дүгээр багцад хамгийн өндөр оноо бүхий Ч******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан болно.

Дашрамд дурдахад Ч******* ХХК-ийн нийлүүлж буй судас бөглөгч нь тус эмнэлгийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээнд 2016 оноос хойш хэрэглэгдэж байгаа болно.

Тус эмнэлэг нь аливаа худалдан авах үйл ажиллагааг хууль, журмын дагуу шударгаар зохион байгуулсаар ирснийг дурдах нь зүйтэй юм.

Нэхэмжлэлд дурдсан тендерээр ажил олж чадсангүй, ажилгүй, орлогогүй тул ажилчид цалингүй болж байна, ажлын байраа хаахад хүрч байна, ажиллагсдын нийгмийн даатгалыг төлж чадахгүй болж байна, нээлттэй тендер гэх худал хуурмаг зүйлд маш их хүч хөдөлмөр, цаг заваа дэмий үрж байна, мөнгө төгрөг, материал баялаг, сэтгэл санаа, итгэл үнэмшлээрээ маш их хохирч байна зэргээр уг компаний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна,

Учир нь С*******х ХХК нь тус эмнэлгээс 2019 онд зарласан өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерт оролцон 1, 6, 8 дугаар багцуудад шалгарч нийт 1 024 700 000 (нэг тэрбум хорин дөрвөн сая долоон зуун мянган) төгрөгийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. гэв.

Хариуцагч Улсын Гуравдугаар Эмнэлгийн Тендерийн Үнэлгээний Хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Олон улсын нэршил нь /Vasecular closer divice/  гэж байгаа. Үүнээс 6-8F авъя гэсэн. Тэр нь тархины судсанд тархины судсанд оношлогоо хийх гэж байна уу элэгний хавдар бөглөх гэж байна уу гэдгээс үл хамаараад судсан дотуур оношлогоо эмчилгээ  хийхдээ гуяны цавьний бүдүүн том артерийг цоолдог тэр цоолсон нүхийг бөглөдөг бөглөгчийг авах гэж байгаа.  Хэн хийснээс үл хамаараад, наадаг байна уу хавьчдаг уу гэдгээс үл хамаараад зөвхөн онгойлгосон судсыг бөглөх гэж байгаа. Энэ хэрэгслийг авъя гэсэн. Америк, Япон байх нь хамаагүй. Онгойсон нүх бөглөх бөглөгч авъя гэсэн үндсэн шаардлага бол энэ. Үндсэн шаардлагад  шаардсаны дагуу тухайн 2 компанийн санал болгосон бүтээгдэхүүнийг үнэлсэн. Хоёулаа шаардлага хангаж байсан. Бүх материалууд нь байгаа. Хянан үзэж үнэлсэн 28 хуулийн 28.7.5-т заасны дагуу чанар болон харьцууаар оноо өгдөг. С компани 165,000,000 төгрөг санал болгоод 16,56 хувь хөнгөлөөд 137,800,000 төгрөг болсон. Ч******* компани 130,000,000 төгрөг санал болгосон. 28.7.5-т заасны дагуу үнэлэхээр  хамгийн өндөр оноотой нь Ч******* байгаа. Үйлдвэрлэгчийн итгэмжлэл бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ бусад шаардлагатай бүх материал ирсэн. Судас бөглөгчийг 1 ширхэг дээж, 7:19,8:30-тай 2 ширхэг захын судасны стентийн дээж ирүүлсэн байсан. Дээж шаардлага хангасан байсан. Ч******* компани 9 дүгээр багцад 5:59 мм хэмжээтэй захын судасны стент , судас бөглөгч гэсэн 2 багцын дээж ирүүлсэн бас шаардлага хангаж байсан. Хоёулаа чанарын шаардлага  хангасан тул Сангийн сайдын үнэлгээний заавраар үнэлээд 70 хувь үнийн  дүнг эзэлдэг тул бага үнэ санал болгосон өндөр оноо авсан Ч******* компанийг  шалгаруулсан.

Теникийн тодорхойлолт боловсруулахдаа энэ хуулийн 18 дугаар зүйлийг баримталж өрсөлдөөнийг дэмжих, өрсөлдөх тэгш боломжийг олгох үүднээс янз бүрийн юм заагаагүй. Судасны нүх бөглөдөг хэрэгсэл хэрэгтэй болохоос биш тэрийг энийг авна гэж заагаагүй. Энд өвчний код огт хамаагүй. гэв.

Гуравдагч этгээд Ч******* ХХК-ийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т тендерийн үнэлгээний хорооны чиг үүргийг тодорхойлсон бөгөөд 47.2.2-т заасны дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх нь тендерийн үнэлгээний хорооны чиг үүрэг байна. Захиалагч 2019 оны 01 дүгээр сарын 17 ны өдөр 25 тоот тушаалаар тендерийн үнэлгээний хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, гишүүд нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.3, 47.4 д заасан шаардлага хангасан болох нь хэргийн материалд авагдсан Захиалагчийн 25 тоог тушаал, болон хавсралтаас харах боломжтой байна. Хууль ёсны дагуу байгуулагдсан тендерийн үнэлгээний хорооноос тендерийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэн, Ч******* ХХК ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, С ХХК ий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер биш болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хороо нь хуулиар ногдуулсан чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байна.

Нэхэмжлэгч өөрөө эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Гэхдээ үнэхээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлагатай

Эмнэлгийн даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь 9 р багцад ирүүлсэн тендерүүдэд чанар үнэлгээний харьцууыг хийхдээ Сангийн яамнаас баталсан тендерийн жишиг баримт бичгийн ТОӨЗ ий 35.3 т заасныг баримталсан болох нь хэргийн материалд авагдсан Сангийн яамны 2019 оны 7 дугаар сарын 30 ны өдрийн 6-1/5232 тоот албан бичиг, тендерийн үнэлгээний хорооноос боловсруулсан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн чанарын үнэлгээний хүснэгт, тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

2019 оны 8 дугаар сарын 01 ны өдрийн хурлын тэмдэглэлд ...дээрх 2 оролцогчийн 9 дүгээр багцад ирүүлсэн тендерүүд шаардлагад нийцсэн учраас чанарын үнэлгээ хийсэн. Үнэлгээний нийт оноо Ч******* ХХК 85 оноо, С ХХК 82,6 байна. Иймээс 9 дүгээр багцад хамгийн өндөр оноо бүхий тендерээр үнэлэгдсэн Ч******* ХХК ий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзлээ ..., мөн Сангийн яамны 2019 оны 7 дугаар сарын 30 ны өдрийн 6-1/5232 тоот албан бичигт ...дээрх оролцогчдын тендерийг ТОӨЗ ы 35.6 д заасан чанар ба үнэлгээний харьцууын нийт оноог 35.3 болон 35.4-т заасны дагуу нэгтгэн үзэхэд:

  • ундрах ХХК : 5/35.4.2/+5/35.4.3/+5/35.4.6/=15 оноо
  • трейд ХХК: 5/35.4.2/+5/35.4.3/+5/35,4.6/=15 оноо
  • ундрах ХХК нийт оноо 67,60+15=82.6
  • трейд ХХК нийт оноо 70+15=85 оноо болсон байна гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 д эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцууаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэжээ. Хамгийн өндөр буюу 85 оноо авсан Ч******* ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

С*******х ХХК нь тус шүүхэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 9 дүгээр багцад оролцсон С*******х ХХК болон Ч******* ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын Ч******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаал, Ч******* ХХК-тай байгуулсан ДНТГ201905 тоот гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй УГТЭ201902 тендерийн 9 дүгээр багцад зарлагдсан Судсан дотуурх оношилгооны хэрэгсэл нийлүүлэхээр Ч******* ХХК, С*******х ХХК-иуд тендер ирүүлсэн.

С*******х ХХК-ийн 9 дүгээр багцад ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо хянан үзээд ерөнхий шаардлагыг хангасан, бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт, нийлүүлэлтийн хуваарь зэрэг нь шаардлагад нийцсэн, бүтээгдэхүүнд 16.56%-ийн үнийн хөнгөлөлт бүхий 137.840.000 төгрөг үнийг санал болгосон нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 17 дугаар тогтоолоор баталсан жишиг үнэд багтсан буюу захиалагчийн Тендерийн бичиг баримтын ТШӨХ-ийн ТОӨ315.Ю-Д заасныг хангасан, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч АНУ-ын улсын Boston scientific Terumo, Япон улсын Asahi үйлдвэрээс үйлдвэрлэгчийн итгэмжлэл, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ болон танилцуулга, судас бөглөгчийн 1 ширхэг, 7*19мм, 8*30мм хэмжээтэй 2 ширхэг захын судасны стентийн дээж ирүүлсэн нь шаардлагад нийцсэн гэж,

Ч******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд ерөнхий шаардлага хангасан, бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт, нийлүүлэлтийн хуваарь зэрэг нь шаардлагад нийцсэн, АНУ-ын Cordis үйлдвэрлэгчийн 5-7F, Abott үйлдвэрлэгчийн 5-8F хэмжээтэй судас бөглөгчийг санал болгосон нь захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан, дээрх 2 үйлдвэрлэгчийн итгэмжлэл, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, дистрибютерийн гэрээ, Эрүүл мэндийн яамнаас олгосон эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз болон бусад шаардлагатай материалууд, судас бөглөгч, 5.0*59мм хэмжээтэй захын судасны стент зэрэг 2 бүтээгдэхүүний дээж ирүүлсэн нь шаардлагад нийцсэн гэж үзсэн нь Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дахин үнэлгээ хийсэн 07 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

Үнэлгээний хорооноос С*******х ХХК-д 5/35.4.2/+5/35.4.3/+5/35.4.6/=15 оноо, Ч******* ХХК-д 5/35.4.2/+5/35.4.3/+5/35,4.6/=15 оноо өгч, С*******х ХХК-ийн ирүүлсэн 16.56% хөнгөлөлт бүхий 137.840.000 төгрөгийн, Ч******* ХХК-ийн ирүүлсэн 130.350.000 төгрөгийн үнийн саналийг харьцуулан үзээд Санчир ундрах ХХК-д нийт 67,60+15=82.6 оноо, Ч******* ХХК-д нийт 70+15=85 оноо өгч, Хамгийн өндөр буюу 85 оноо авсан Ч******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно;, 28.7.4хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ., 28.7.5-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцууаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ, 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэсэнтэй нийцсэн бөгөөд тухайн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 35, 36 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлгээ хийгджээ.

Нэхэмжлэгчээс ... хуулийн 27.1.3-т заасан шаардлага хангаагүй, хянан үзэх шатны шаардлагад нийцээгүй Ч******* ХХК-ийг тендерийн үнэлгээний шатанд оруулалгүй шууд хасах ёстой байтал мөн хуулийн 28.1 дэх заалтыг зөрчиж, тендерт үнэлгээ хийсэн. Ч******* ХХК-ийн тендерийн санал нь Захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй, үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгслийн дээж ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй... гэж маргаж байна.

Маргаан бүхий тендерийн 9 дүгээр багцад дахин үнэлгээ хийсэн Үнэлгээний хорооны 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэлд Чоногол трейд ХХК нь АНУ-ын Abott үйлдвэрлэгчийн 8F, Cordis үйлдвэрлэгчийн 5-7F хэмжээтэй судас бөглөгчийг санал болгосон нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, дээрх 2 үйлдвэрлэгчийн итгэмжлэл, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, дистрибютерийн гэрээ, ...судас бөглөгч 5.0*59 мм хэмжээтэй захын судасны стент зэрэг 2 бүтээгдэхүүний дээж ирүүлсэн. гэж дүгнэжээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан Ч******* ХХК-ийн нийлүүлэх Барааны дэлгэрэнгүй техникийн тодорхойлолтод Exoseal хэмжээ 5-7F, Perclose proglidge хэмжээ 8F гэсэн нь Эмнэлгийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт дахь 6-8F хэмжээтэй, ангиографийн оношилгоо, эмчилгээний үед хэрэглэх, нэг удаагийн хэрэглээний, цус тогтоож судас бөглөх хэрэгслийн иж бүрдэл гэж заасантай нийцсэн, Тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн материалын бүртгэлд Ч******* ХХК дээж 2 хайрцаг гэсэн тэмдэглэгээ, Судасны нүх бөглөгч-1, Захын судасны стент-1, судас боох багц-1 гэсэн дээжийг хүлээлгэн өгсөн Ч******* ХХК-ийн Бараа материалын зарлагын падаан зэрэг баримтаар тендерийн үнэлгээний хорооны хийсэн үнэлгээ үнэн зөв бөгөөд үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс ... үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулсан байх шаардлагыг биелүүлээгүй гэж маргасан бөгөөд захиалагчаас Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 18.1.а-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, ... гэрээт борлуулагчийн итгэмжлэл... гэж зааснаас үзэхэд Ч******* ХХК-ийн үйлдвэрлэгчийн дистрибютертай хийсэн гэрээг шаардлага хангаагүй гэх дүгнэх боломжгүй юм.

Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн захиалагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаалаар Ч******* ХХК-тай Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах ДНТГ201905 тоот гэрээг байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ 29.1Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ., 29.2Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна., 29.1.Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ., 29.2Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. гэж заасныг зөрчөөгүй байна.

Иймд С*******х ХХК-ийн гаргасан Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 9 дүгээр багцад оролцсон С*******х ХХК болон Ч******* ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын Ч******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаал, Ч******* ХХК-тай байгуулсан ДНТГ201905 тоот гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгчийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32019/6991 дүгээр захирамж энэхүү захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан С*******х ХХК-ийн гаргасан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хорооны 9 дүгээр багцад оролцсон С*******х ХХК болон Ч******* ХХК-д холбогдох шийдвэр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын Ч******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон эмнэлгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/378 дугаар тушаал, Ч******* ХХК-тай байгуулсан ДНТГ201905 тоот гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН