Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2016/0044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н****К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон улсын байцаагчид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Ж.Оч******гийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С****д-Э****э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сү******р, хариуцагч П.Н****н-Э***э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*****т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н****н-Э***э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н****К ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ал******г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани нь газрын тосны бүтээгдэхүүн импортлох, нефтийн тоног төхөөрөмж худалдаалах зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд маргаан бүхий акт болох улсын байцаагчийн 2015 оны 0000008 дугаар шийтгэврээр манай компанийг "Зохиомлоор АИ92 автобензин, дизель түлшний хомсдол бий болгосон, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарлаж Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах" гэсэн зөрчлийг гаргасан тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг үндэслэн 2.866.145.220 /хоёр тэрбум найман зуун жаран зургаан сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан гэжээ.

Дээрх шийтгэвэрт дурдсан зөрчил гэх үйл явдал нь 2012 оны 11 дүгээр сард болсон бөгөөд тухайн үед нефть импортлогч нэр бүхий компаниудын шатахууны нөөц багасаж, нийлүүлэлтэд хүндрэл бэрхшээл тулгарч доголдсонг тул хэрэглэгчдийг шатахуунаар таслахгүй байх үүднээс борлуулалтад тодорхой хэмжээгээр зохицуулалт хийсэн болно.

Гэтэл уг үйл явдлыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т "Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэсэн зөрчилд тооцож нэр бүхий нефть импортлогч компаниудыг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгосон ба Н****К ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зөрчилд хамааруулж 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 0000090 дугаар шийтгэврийг үйлдэн 4.965.069.006 төгрөгеөр торгосон.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Н****К ХХК-ийн нэхэмжлэлээр 0000090 дугаар шийтгэвэрийг хянан шалгаад 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 153 дугаар шийдвэрээр маргаан бүхий актыг хүчингүй болгосон.

Улмаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зөрчилд ногдуулсан торгуулийн хэмжээг буруу тодорхойлсон тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг үндэслэн улсын байцаагчаас торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоосон шинэ акт гаргатал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 0000090 дугаар шийтгэвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн магадлалыг Монгол Улсын Дээд шүүх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн юм.

Дээрх магадлал, тогтоолын дагуу улсын байцаагчдаас дахин шийтгэвэр гаргаж байгаагүй ба харин 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэвэр нь торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоосон акт болжээ.

Ийнхүү шүүхийн магадлал, тогтоолын дагуу торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоосон шийтгэвэр гарах ёстой байсныг бид үгүйсгэхгүй бөгөөд гагцхүү торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо дараах нөхцөл байдлыг орхигдуулсан байна. Үүнд:

1.    Н****К ХХК -ийн зөрчлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаар "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай" тогтоолоор "Н****К" ХХК-ийг 90 дээш болон доош октантай автобензин, мөн түүнчлэн дизелийн түлшний импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байсан тул зөрчлийг нь зах зээлдэх давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэх Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хориглосон үйл ажиллагаанд хамааруулж байсан.

Гэтэл торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоох акт гарах энэхүү хугацаанд буюу 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 441 дүгээр шийдвэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 04 дугаар "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай" тогтоолын "Н****К" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн.

Өөрөөр хэлбэл, "Н****К" ХХК-ийн давамгай байдал үгүйсгэгдэж анхнаасаа давамгай байдалтай байгаагүй нь тогтоогдсон тул 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 дугаар шийтгэвэрийг үйлдэх нөхцөл байдал бүрдээгүй буюу давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэх Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зөрчилд хамаарахгүй юм.

2. Торгуулийн хэмжээг дахин буруу тодорхойлсон тухайд.

Торгуулийн хэмжээг шинэчлэн тогтооход шүүхийн шийдвэр, магадлалд зааснаас өөр онцгой нөхцөл байдал болох дээр дурдсан "Н****К" ХХК-ийн давамгай байдлыг үгүйсгэсэн шүүхийн шийдвэр 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон явдал юм.

Энэ нь "Н****К" ХХК-ийн гаргасан гэх зөрчлийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хамааруулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин зөрчил гаргасан гэж үзвэл уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан зөрчилд л хамааруулах юм. Иймд захиргааны хариуцлага хүлээлгэхээр бол Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т Энэ хуулийн 12.1-д заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг 10.000.000 хүртэл төгрөгөөр торгох..." гэж заасныг хэрэглэх нь хууль зүйд нийцнэ гэж үзэж байна.

Гэтэл улсын байцаагч Ж.Оч******г торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо "Н****К" ХХК-ийн зөрчлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлоход шууд нөлөөлөх дээрх нөхцөл байдлуудыг үл тоомсорлож 0000008 дугаар шийтгэвэрийг үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Үүнтэй холбогдуулан бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т тус тус заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр "Гомдол гаргах тухай" 1/989 дугаар албан тоотоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан боловч улсын байцаагчийн 0000008 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсэн тухай хариуг 2015 оны 9 дүгээр сарын 30-нд хүлээн авсан тул ийнхүү шүүхэд хандсан болно.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оч******гийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч "Н****К" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С****д-Э****э болон түүний өмгөөлөгч З.Сү******р нар нь шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Төрийн хяналт шалгалтын хувьд шийтгэвэр буюу эцсийн хууль зүйн хариуцлагыг хүлээхийн тулд магадлан тогтоох ёстой. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэвэр буюу өнөөдрийн маргаж байгаа акт нь Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2-т заасан заалтыг үндэслэл болгосон. Мөн тус хуулийн 7 дугаар зүйлд тодорхой шаардлагад нийцсэн буюу давамгай байдалтай гэсэн зохицуулалт байгаа.

Н****К ХХК нь давамгай байдалтай аж ахуй нэгж мөн эсэхийг шүүхийн шийдвэрээр илэрхий болж тогтоогдсон. Нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тооцогдож байгаа тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэхээр заасан. Зөвхөн нэг шүүхийн шийдвэрийг авч үзэхгүйгээр 3 шатны шүүхийн шийдвэрийг авч үзэх ёстой байсан. Гэтэл маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй гэж үзсэн. гэв.

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Н****н-Э***э болон хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*****т нар нь шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оч******гийн Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгийг баримтлан "Н****К" ХХК-д торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг баримтлан торгууль оногдуулах ёстой байсан гэсэн агуулга бүхий үндэслэлийг нэхэмжлэлдээ дурджээ. Үүнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн буруутгаад буй улсын байцаагчийн дээрх үйлдэл тодруулвал Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгийг баримтлан "Н****К" ХХК-д торгууль оногдуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 болон 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үүргээ биелүүлсэн үйлдэл юм.

Уг маргааныг өмнө нь шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт "Хариуцагч (Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч) нь "Н****К" ХХК-ийн зөвхөн гаргасан зөрчилд холбогдох бараа буюу 92 автобензин, дизель түлшний өмнөх жилийн борлуулалтад төлбөр тогтоох замаар дахин шинэ акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй" гэж заасан байдаг. Уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр гэж үзэж хэвээр үлдээснээр уг магадлал нь хүчин төгөлдөр болсон.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэг болон тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Хэргийн хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл улсын байцаагч Ж.Оч******гийн Өрсөлдөөний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгийг баримтлан торгууль оногдуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ л биелүүлсэн үйлдэл юм. Мөн Улсын дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна. "Н****К" ХХК-ийг давамгай байгууллагаар тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 5 дугаар сарын 04-ний дугаар 4 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь нэгэнт хүчин төгөлдөр болсон Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм. Иймд улсын байцаагчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т заасны дагуу "Н****К" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Н****К" ХХК нь тус шүүхэд хандан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оч******гийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь "Н****К" ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг зөрчин, зах зээл дэх өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан, автобензин, дизелийн түлшний нийлүүлэлт, борлуулалтыг хязгаарласан, зохиомлоор хомсдол үүсгэсэн нь шалгалтаар тогтоогдсон гэж үзэж 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэгдсэн дүгнэлт, 11 дүгээр сарын 28-ны өдөр 5/124 тоот албан шаардлагыг тус тус үйлдэн, 0000090 дугаар шийтгэврээр 4.965,069,006 төгрөгийн торгууль ногдуулсныг нэхэмжлэгч "Н****К" ХХК-аас эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд уг хэргийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 168 дугаар тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч "Н****К" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 дугаар шийтгэврийг түдгэлзүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо өмнөх шийтгэврийг түдгэлзүүлсэн магадлал, тогтоолд заасны дагуу "Н****К" ХХК-ийн АИ92 автобензин, дизель түлшний 2011 оны борлуулалтын орлогыг тодорхойлох, ийнхүү тодорхойлох, ийнхүү тодорхойлохын тулд холбогдох хяналт шалгалт, судалгааг хийх шаардлагатай байсан болно. Гэвч энэхүү ажиллагааг хэрхэн хийсэн тухай огт танилцуулаагүй болно гэж маргажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 168 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газрын улсын байцаагч нь нэхэмжлэгч "Н****К" ХХК-ийн 2011 оны санхүүгийн тайланд тусгагдсан борлуулалтын орлогоос зөрчилтэй бүтээгдэхүүний орлогыг тооцох талаар уг тогтоол гарснаас хойш шат дараатай арга хэмжээ авсан нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 148 дугаар тушаал, хариуцагч байгууллагын зүгээс "Н****К" ХХК-д удаа дараа хүргүүлсэн албан шаардлага, түүний хариу, гэрчийн мэдүүлгээр тогтоогдох боловч нэхэмжлэгч "Н****К" ХХК нь тодорхой шалтгаангүйгээр борлуулалтын орлогын тооцоог хариуцагчид гаргаж өгөөгүй байна.

Улмаар хариуцагчийн зүгээс Н****К ХХК-ийн зөрчил гаргахад холбогдсон 2 бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг нэхэмжлэгч Н****К ХХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2/677 дугаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн албан бичигт тулгуурлан Н****К ХХК-ийн зөвхөн гаргасан зөрчилд холбогдох бараа буюу Аи-92 автобензин, дизель түлшний өмнөх жилийн борлуулалтад төлбөр тогтоосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.                      

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 441 дүгээр шийдвэрээр Н****К ХХК-г давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 04 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн боловч маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 168 тогтоолыг биелүүлж гарсан байх тул нэхэмжлэгчийн Н****К ХХК-ийн давамгай байдал үгүйсгэгдэж, анхнаасаа давамгай байдалтай байгаагүй нь тогтоогдсон гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Монгол Улсын Дээд шүүхэд хандсан боловч тус шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

"Н****К" ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох 2015 оны 441 дүгээр шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оч******гийг заавал мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оч******г нь АИ-92 автобензинийг бөөний 1405 төгрөгийн үнээр 1,146,000 литрийг борлуулж 1,610,130,000 төгрөгийн орлого, жижиглэнгийн 1442 төгрөгийн үнээр 16,274,000 литрийг борлуулж 23.467,108,000 төгрөгийн орлого, дизель түлшийг бөөний 1525 төгрөгийн үнээр 74,007,000 литрийг борлуулж 112,860,675,000 төгрөгийн орлого, жижиглэнгийн 1554 төгрөгийн үнээр 64.955,000 литрийг 100,940,070,000 төгрөгөөр борлуулж нийт орлого нь 238,877,983,000 төгрөгийн орлого олсон байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т энэ хуулийн 6.2, 7.1-д заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрөв хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах гэж заасны дагуу улсын байцаагч өмнө шийтгэвэр ногдуулсан жишгээр борлуулалтын орлогын 1,2 хувиас тооцсонд нэхэмжлэгч уг хувь хэмжээг бууруулах талаар өмнө нь маргаагүй бөгөөд 2011 оны зөрчилтэй бүтээгдэхүүний борлуулалтын нийт орлогоос 1,2 хувиар тооцож 2,866,535,796 төгрөгийн торгуулийг ногдуулах дундаж үнийг дараахь байдлаар тооцож ногдуулсан байна.

Хүснэгтээр дундаж үнийг хэрхэн тогтоосныг харуулав.

Сарууд

АИ-92

 

ДТ

Бөөний үнэ (литр)

Жижиглэнгийн үнэ (литр)

 

Бөөний үнэ (литр)

Жижиглэнгийн үнэ (литр)

1

1310

1300

 

1500

1390

2

1310

1300

 

1500

1390

3

1310

1300

 

1500

1390

4

1310

1300

 

1500

1390

5

1310

1350

 

1500

1440

6

1310

1400

 

1500

1650

7

1500

1500

 

1600

1750

8

1500

1550

 

1500

1650

9

1500

1550

 

1500

1650

10

1500

1550

 

1500

1650

11

1500

1590

 

1600

1650

12

1500

1590

 

1600

1650

Дундаж

1405

1440

 

1525

1554.166667

           

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оч******г 0000008 дугаар шийтгэврийг "Н****К" ХХК-д оногдуулахдаа шүүхийн шийдвэрийг биелүүлж, Н****К ХХК-ийн 2011 оны борлуулалтын нийт үнээс 1,2 хувиар тооцож оногдуулсан нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н****К ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оч******гийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА