Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0459

 

                           

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Говь хангай өрөм” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл зарлагдсан Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг Бурхант нэртэй 69.76 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцохоор манай компаниас гаргасан санал /сонгон шалгаруулалтын материал/-ыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн сонгон шалгаруулалтын комисс хүлээн авч бүртгэхээс татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, Д.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компаниас Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг 69.76 га бүхий Бурхант нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруултанд оролцох саналын материалыг битүүмжлээд Ашигт малтмалын кадастрын хэлтсийн сонгон шалгаруулах комисст 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 50 минутанд өгөхөд, хүлээн авахаас татгалзсан үйлдлийг  хууль бус болохыг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх гэж заасны дагуу манай материалыг Ашигт малтмалын кадастрын хэлтэс хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй байсан. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын урилгад заахдаа тусгай зөвшөөрлын саналыг 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын 207 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө гэсэн боловч 16 цаг 50 минутад материалыг битүүмжлээгүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж 17.00 цагт  хаалгаа барьсан. Манай зүгээс тус материалыг хавтаслаж, скочоор битүүмжилсэн байсан. Дээрх битүүмжлэл болон, материал хүлээн аваагүй асуудалтай холбогдуулан Ашигт малтмалын Кадастрын газарт шат дараалан албан бичгээр гомдол гаргасан боловч манай материалыг битүүмжлээгүй учраас хүлээн авахгүй гэсэн хариуг удаа дараа өгсөн.

        Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 16 дүгээр зүйлийн 11.1.16 дахь хэсэгт Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх гэж заасныг болон бусад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна.

          Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан өргөдлийг хүлээн авч бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу бүртгэж, хянан шийдвэрлэхийг,  сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг тус тус даалгаж, тус тендерийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг 69.76 га бүхий Бурхант нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаргаруулалтанд оролцохоор саналын материалаа манай компани 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 207 тоот өрөөнд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн өгөхөд манай материалыг битүүмжлээгүй байна гэсэн үндэслэлээр хууль бусаар хүлээн авахаас татгалзсан. Манайх сонгон шалгаруулалтын урилгад заасны дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн хавтаслаж хавтасны гадна талд бүрдүүлсэн материалын жагсаалт болон компанийн нэр, хаяг, сонгон шалгаруулалт зарласан талбайн нэр байршил, нэр сонгон шалгаруулалтын саналын хуудасны нийт тоо зэрэг урилгад заасан бусад материалыг бүрдүүлж бичгийн цаасан дээр бичиж наасан байсан. тэгвэл хавтасны гадуур скочдоод өгье гэхэд тэрийг битүүмжилсэнд тооцохгүй заавал битүү цаасаар хавтасласан байх шаардлагатай гээд аваагүй. Сонгон шалгаруулалтын урилга болон бусад журам зааварт сонгон шалгаруулалтын саналыг битүүмжлэнэ гэснийг хэрхэн тодорхойлж тайлбарласан тухай журам, заавар байгаагүй. Иймд тухайн үед 16 цаг 50 минут болж байсан тул саналын материалыг шууд скочдоод өгсөн. Гэтэл авахгүй гэж маргалдсаар 17.00 цаг болоход цаг дууслаа гээд манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самданжамцыг хөөж гаргасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн сонгон шалгаруулалтын комисс манай компаниас өгсөн сонгон шалгаруулалтын саналыг хүлээн аваад хэрэв зөрчил дутагдалтай байсан бол энэ талаарх тэмдэглэл, протоколыг хөтөлж манай итгэмжлэгдсэн төлөөлөгчид гарын үсэг зуруулж буцаан өгөх үүргээ зөрчсөн. Тус Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.8-д заасныг зөрчсөн. Тус журмын 5.8-д Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.5, 5.6-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он сар өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг саналын хамт сонгон шалгаруулалтын санал авч ирсэн этгээдэд буцаан өгнө гэж заасан байдаг. Ингээд дээрх битүүмжлэл болон материал хүлээн аваагүй асуудалтай холбогдуулан Ашигт малтмалын газарт шат дараалан албан бичгээр гомдол гаргасан боловч манай материалыг битүүмжлээгүй учраас хүлээн авахгүй гэсэн үндэслэлгүй хариуг удаа дараа өгсөн. Гэтэл битүүмжилсэн гэдгийг хэрхэн ойлгож, тодорхойлсон тухай ямар заавар, журмыг баримталж манай компаниас өгсөн сонгон шалгаруулалтын саналыг материалыг хүлээн авахаас татгалзсан нь тодорхойгүй байгаа юм. Иймд Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс 2015.10.18-2015.11.18 өдөр хүртэл зарласан “Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг Бурхант нэртэй 69.76 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохоор манай компаниас гаргасан санал /сонгон шалгаруулалтын материал/-ыг Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн сонгон шалгаруулалтын комисс хүлээн авч бүртгэхээс татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9,  49.7, 60.9 дэх заалтыг тус тус үндэслэн нийт 8 талбайд 2015 оны 11 сарын 18-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан. Эдгээрийн 1 талбай нь Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт Бурхант нэртэй 69.76 га  талбайд ашигт малтмалын  тусгай зөвшөөрөлийг  сонгон шалгаруултаар олгохоор зарласан. Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай  зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журмын”-ын 5.6-д “Оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруултанд урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар, хуудас тус бүрийг дугаарлан лацдаж, битүүмжилсэн сонгон шалгаруултын саналыг Төрийн захиргааны байгууллагын кадастрын нэгжийн өргөдөл хүлээн авах ажил хариуцсан ажилтанд биечлэн хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг.

           Мөн журмын 5.10-т “Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц кадастрын нэгжийн өргөдөл хүлээн авах ажил хариуцсан ажилтан сонгон шалгаруулалт санал бүртгэх дэвтэрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулах комиссын даргад акт үйлдэн хүлээлгэн өгнө” гэж заасан.

          Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагm Бурхант нэртэй 69.76 га талбайн сонгон шалгаруултанд оролцогчдын санал /сонгон шалгаруултын материал/-ыг битүүмжлээд Ашигт малтмалын кадастрын хэлтсийн сонгон шалгаруулах комист 2015 оны 10 сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Ашигт малтмалын газрын 207 тоот өрөөнд хүлээн авах болохыг сонгон шалгаруулалтын урилгад тодорхой заасан.

          Нэхэмжлэгч Говь хангай өрөм ХХК- ийн хувьд, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу сонгон шалгаруулалтын санал /материал/ хүлээн авах хугацааны сүүлийн өдөр, материал хүлээн авч дуусах хугацаатай зэрэгцэн /нэхэмжлэлд дурдсанчлан, 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 16 цаг 50 минутад/ Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргын өрөөнд ирсэн.

         Гэвч тухайн компани сонгон шалгаруулалтын материалаа журамд заасны дагуу битүүмжлээгүй, задгайгаар нь уут/ гялгар тор/-нд хийсэн байдалтайгаар авч ирсэн.

          Иймд сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга “сонгон шалгаруулалтад оролцогч нь материалаа битүүмжилж ирүүлэх шаардлагатай” болохыг тухайн компанийн төлөөлөгч тайлбарлаж өгсөн. Сонгон шалгаруулалтын урилгад заасны дагуу 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 17 цаг буюу хугацаа дуусмагц сонгон шалгаруулалтын санал бүртгэх дэвтрийг хааж, ирүүлсэн нийт Комиссын даргад хүлээлгэн өгсөн байна.

         Нэхэмжлэгч “Говь хангай өрөм” ХХК-ийн нэхэмжлэлд 16 цаг 50 минутад материалыг битүүмжлээгүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж 17.00 цагт  хаалгаа барьсан..... гэсэн байна.

          Нэгэнт сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дууссан тул журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын бүртгэлийн дэвтэрийг хааж, уг хугацаанаас хойш материал хүлээн авахгүй байх нь үндэслэлтэй бөгөөд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа  болно.

         Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ   “.....Манай зүгээс тус материалыг хавтаслаж, скочоор битүүмжилсэн байсан....” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тус компани ямар ч битүүмжлээгүй материалыг хугацаа дуусч байхад авчирсан бөгөөд битүүмжлэлгүй материалыг хүлээн авах журам зөрчсөн үйлдэл болно.

        Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Говь хангай өрөм” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл зарлагдсан Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг Бурхант нэртэй 69.76 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцохоор манай компаниас гаргасан санал /сонгон шалгаруулалтын материал/-ыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн сонгон шалгаруулалтын комисс хүлээн авч бүртгэхээс татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуулан дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн а/92 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутаг 69.76 га бүхий Бурхант нэртэй талбайд сонгон шалгаруулт зарлаж, сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох талбайнуудыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон нийтэд зарлаж, ирүүлсэн саналуудыг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Говь хангай өрөм” ХХК нь дээрх сонгон шалгаруулалтад оролцох саналын материалаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 50 минутад сонгон шалгаруулалтын комисст өгсөн боловч материалаа битүүмжлээгүй гэх үндэслэлээр хүлээн аваагүй, улмаар 17:00 цаг болж сонгон шалгаруулалтыг хаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.2.энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах гэж заасны дагуу батлагдсан Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.6-д “Оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд,... хуудас тус бүрийг дугаарлан лацдаж, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг Төрийн захиргааны байгууллагын кадастрын нэгжийн өргөдөл авах ажил хариуцсан ажилтанд биечлэн хүлээлгэн өгнө” гэж заасан байхад нэхэмжлэгч компанийн ажилтан материал хүлээн авах сүүлийн өдрийн 16 цаг 50 минутад битүүмжлээгүй материал авчирсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Сонгон шалгаруулалтын журманд материалыг битүүмжлэн ирүүлэх талаар заасан байхад шаардлага хангаагүй материал авчирсан нь нэхэмжлэгчийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдалтай холбоотой тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д битүүмжлэх гэдэг үгийн утга нь сав зэргийн ам амсар, нүх сүвийг нээлгэхгүйн тул битүүлэх наах ба лацдах; захидал битүүмжлэх гэж тайлбарлажээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “манай компаниас өгсөн материалыг хүлээж аваад зөрчил дутагдал байх юм бол энэ талаар тэмдэглэл протоколыг хөтөлж, манай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж буцаан өгөх үүргээ зөрчсөн” гэж тайлбарлах боловч хариуцагч уг үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтын материалыг хүлээж авах үндэслэл болохгүй юм. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОЮУНГЭРЭЛ