| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 102/2015/0748/и |
| Дугаар | 001/ХТ2016/00654 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2016/00654
Э.Цогхүүгийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00785 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 571 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Э.Цогхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ариг банкид холбогдох,
206.150.350 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
172.111.659 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Цогхүү, түүний өмгөөлөгч Д.Нараа, хариуцагчийн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012.04.27-ны өдөр Ариг банктай түрээсийн зээлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоот, 411 м.кв хувийн орон сууцыг гарааш, гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв газрын хамт 72.000.000 төгрөг урьдчилгаанд төлж, 240.000.000 төгрөгөөр худалдан авсан. Зээлийн гэрээний 1.1-д заасны дагуу тус объектын орлогоор зээлийн эргэн төлөлтийг барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл уг объектыг миний өмчлөлд шилжүүлээгүйгээс орлого хумигдаж, зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй болоод байна. Объектыг түрээслэх иргэд нь өмчлөгчтэй гэрээ байгуулах шаардлага тавьж, эрсдэлтэй түрээсийн гэрээ байгуулахаас татгалзаж байна. Би зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 16.268.742 төгрөг, хүү 117.881.607 төгрөг, урьдчилгаанд өгсөн 72 000 000 төгрөг нийт 206 150 350 төгрөгийг банкинд төлсөн. Ариг банктай гэрээ хийсэн зорилго нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах байсан ч зээлийн гэрээ хийсэн. Сүүлд нь уг объект Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр бүртгэлтэй гэдгийг мэдсэн. Түүнчлэн уг хөрөнгө нь Монгол банкны зээлийн санд бүртгүүлээгүй байсан. Иймд Ариг банкнаас 206.150.350 төгрөг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2012.04.27-ны өдөр зээлийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг тус тус байгуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамж, 61а тоотод байрлах, 411 м.кв хувийн орон сууц, гараажийг банкны эзэмшил ашиглалтад шилжүүлсэн бөгөөд зээлд нийт 168.000.000 төгрөгийн төлбөрийг жилийн 5.2 хувийн хүүтэйгээр 2022.04.27-ны өдөр хүртэл төлөхөөр гэрээ байгуулсан. Уг объект нь 240.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулах бүртгэлтэй байсан бөгөөд Э.Цогхүү хүсэлт гаргасны дагуу 72.000.000 төгрөгийн урьдчилгааг объектын хуучин өмчлөгч Ш.Оюунцэрэнд төлж, үлдэх 168.000.000 төгрөгийг Ариг банкнаас зээлэн Ш.Оюунцэрэнд шилжүүлсэн. Э.Цогхүү нь объектыг бусдад түрээслүүлсэн мөнгөөрөө манай банкинд төлөх санхүүгийн түрээсийн төлбөрийг төлж байсан. Урьдчилгаанд төлсөн 72.000.000 төгрөг нь банкинд төлсөн мөнгө биш бөгөөд Ш.Оюунцэрэнд объектыг худалдан авахад төлсөн мөнгө юм. Харин Э.Цогхүү уг объектыг бусдад дамжуулан түрээсэлж, олсон ашгийн зохих хэсгээр санхүүгийн түрээсийн төлбөрийг төлж, үлдэх хэсэг нь өөрт нь ашиг болж байсан. Нэхэмжлэлд заасан үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш тул 206.150.350 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Уг объект нь Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгийн нэр дээр байсан гэдгийг гэрээ байгуулагдах үед болон түүнээс хойш ч нэхэмжлэгч мэдэж байсан. Уг эд хөрөнгө нь Ариг банкны өмч юм. Талуудын хооронд байгуулсан гэрээг Э.Цогхүү нь хуульч хүн учир хүчин төгөлдөр бус эсэхийг мэдэх байсан. Иймд уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Харин бид сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Э.Цогхүү нь зээлийн төлбөрийг сүүлийн саруудад төлөхгүй талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учир гэрээг цуцална. 172.096.659 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Төмөрхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Ариг Банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай ажилладаг. Манай банк аливаа өмчлөлийн зүйлс болох газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэх захирлынхаа нэр дээр гаргуулан бүртгэдэг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу “хуулийн этгээд нь газар өмчлөх боломжгүй” байдаг тул гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарахаас бусад асуудлыг “...ганцаараа захирах ...бие даан шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу хуулийн этгээдийн нэр дээр бүртгэгдэх боломжгүй, зарим үл хөдлөх хөрөнгүүд миний нэр шилжүүлэн бүртгэсэн. Тиймээс уг бүртгэгдэж буй объектууд нь миний хувийн өмч биш бөгөөд “Ариг Банк”-ны өмчлөлийн зүйл юм. Тухайн үед Э.Цогхүүгийн хүсэлтээр “Ариг Банк” ХХК Э.Цогхүү нарын хооронд харилцан тохиролцож 168.000.000 төгрөгийн гэрээ байгуулагдаж уг дүнгийн 40 хувийг буюу 96.000.000 төгрөгийг “Ариг Банк”-нд төлснөөр уг объектыг Э.Цогхүүгийн өмчлөлд шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэхээр шийдвэрлэсэн. Э.Цогхүү нь уг гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар ирж уулзсан ба миний зүгээс гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар хүлээн авахад бэлэн байна гэж хариу өгсөн болно. Би маргаанд хариуцагч талыг дэмжин оролцож байгаа гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00785 дугаар шийдвэртэй Иргэний хуулийн 56.1.1, 58.1, 58.7-г баримтлан 2012.04.27-ны өдрийн 12/17 гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Ариг банкнаас 206 150 350 төгрөг гаргуулж Э.Цогхүүд олгож, Иргэний хуулийн 56.1.10, 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн Нарангийн 18-р гудамжны 61а тоотод байрлах, 411 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн орон сууц, гарааш, гэр бүлийн хэрэгцээний 142 м.кв өмчлөлийн газрын эзэмшил ашиглалт Ариг банкны мэдэлд үлдэхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-г баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Э.Цогхүүгээс 4.861.350 төгрөг, хариуцагчаас төлсөн 2.017.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ариг банкнаас 4.861.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 571 дүгээр магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Магадлалд банк зээлдэгчийн данс руу мөнгийг шилжүүлээд өөрийн дураар дансаар нь дамжуулан авсан мэтээр худал дүгнэлт хийсэн байна. Банк нь харилцагчийн дансанд байгаа мөнгийг Э.Цогхүүгийн өөрийнх нь гарын үсэгтэй хууль ёсны төлбөрийн баримтаар Ч.Энхбатын данс руу шилжүүлсэн байгаа. Э.Цогхүү нь объектын үнэлгээ 240.000.000 төгрөгний урьдчилгаанд 30 хувь буюу 72.000.000 төгрөгийг банкинд шилжүүлж, үлдэх 168.000.000 төгрөгийг Ариг Банкнаас зээлэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн гэж шүүх зөв дүгнэн үзсэн. Э.Цогхүү нь Ч.Энхбаттай харилцан тохиролцож объектын үнийг банкан дахь дансаараа бүрэн төлж мөн объектыг бодит эзэмшил ашиглалтандаа шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцдэг. Объектын үнийг Э.Цогхүү төлж, нөгөө талаас Ч.Энхбат нь объектыг хүлээлгэн өгсөн байгаа нь талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй ч Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэлтэй. Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарыг гуравдагч этгээдээр татаж оролцуулах хүсэлтийг гаргаж байсан боловч авч үзэлгүй орхисон. Харин Ариг Банкны хувьд 168.000.000 төгрөгийг Э.Цогхүүд шилжүүлж Зээлийн гэрээ байгуулсан байтал гэрээг хүчин төгөлдөр бусад тооцлоо. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. “...гэрээнд объектын үнийн дүнгийн 40 хувийг төлснөөр банк объектын нэрийг шилжүүлэн өгнө..” гэсэн нь Э.Цогхүү нь тухайн үед түрээсийн орлогоор банкны зээлийг төлнө гэж авсан бөгөөд орлого болон бусад шалгуур үзүүлэлтийн хувьд эрсдэлтэй байсан учир талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд уг заалтыг оруулсан. 168.000.000 төгрөгийн хүү болон хугацаа гэрээний гол нөхцөл юм. Зээлдэгч Э.Цогхүүтэй харилцан тохиролцож өөрийнх нь гараар бичиж гаргасан хүсэлтийнх нь дагуу 2012.04.27-ны өдөр харилцан тохиролцож 12/17 тоот Зээлийн гэрээ байгуулж 2012.05.01-ний өдөр уг Зээлийн гэрээний 3.1 дэх зүйл заалт зэргийг удирдлага болгон Э.Цогхүүгийн зээлийн дансанд 168 сая төгрөгийн зээлийг олгосон бөгөөд энэ нь хуулийн дагуу олгогдсон зээл юм. Зээл олгосон нь дансны хуулга, меморалны баримтаар нотлогдоно. Мөн зээлдэгч нь зээлийг зээлийн төлөлт гэсэн утга доор 4 жил төлж байсан нь ноцтой төөрөгдсөн хууран мэхлэгдсэн гэж үзэх боломжгүй юм гэжээ.
ХЯНАВАЛ:
Э.Цогхүү нь үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаанд 72 сая төгрөг, банкны үндсэн зээл 16.268.742 төгрөг, хүүд 117.881.607 төгрөг нийт 206.150.350 төгрөг төлсөн гэж уг мөнгийг Ариг банкнаас шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа Э.Цогхүүтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172.111.659 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нь Эрэл банктай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг Ариг банкнаас шаардсан үндэслэл тодорхойгүй байгаагаас гадна Э.Цогхүү нь маргааны зүйл болсон гэрээний дагуу мөнгийг хэнд шилжүүлэн өгсөн буюу төлсөн нь тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт нь шаардлага хангаж байгаа эсэхийг Э.Цогхүүгийн нэхэмжлэлийн шаардлагын хамт тодруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 571 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг Хан-уул дүүргийн шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа 2016.04.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.207.211 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ