Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00001

 

 

 

 

 

 

 

2020        01             23                                             01

 

                                                                            

 

Б.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын  06-ны өдрийн 910 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Б.Мы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хөвсгөл дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00/ХТ2019/00526 дугаар тогтоолыг үл тоомсорлон 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ажилд томилж дүр эсгэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлж хууль зөрчиж байна. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 5 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн ба тогтоолыг гар дээрээ 5 дугаар сарын сүүлээр авсан санагдаж байна. 2017 оны тайланг би 2018 оны 3 сард дүгнүүлэхэд хангалттай гэж дүгнэгдсэн байхад намайг 2018 оны аудитын тайланг муу дүгнүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас дахин чөлөөлсөн. Энэ нь үндэслэлгүй юм. Дээрх аудитын тайланг надад огт танилцуулж байгаагүй. Мөн дээд шатны байгууллагын удирдамжгүй дураараа хурал хийж хууль зөрчиж байгаа учир Б.М намайг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Нямдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 09 дугаартай шийдвэрээр Батаа овогтой Мөнхсайханыг ажлаас чөлөөлж 06 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 төгрөгийг олгосон байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоолын дагуу 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажилд авсан боловч Б.М нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгууллагыг өмч хөрөнгө, санхүүгийн алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн болно. Компанийн тухай хуулиар Төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн өмнө гаргасан шийдвэрийн дагуу бүрэн хариуцлагаа хүлээдэг. Төлөөлөн удирдах зөвлөлийн эзгүйд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын баг хэрэгжүүлдэг. Гэтэл Б.М нь ажлаа хангалтгүй гүйцэтгэж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, арга хэмжээ авахыг зөвлөмж болгосон байдаг. Тиймээс Төлөөлөн удирдах зөвлөл нэхэмжлэгчид итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж заасны дагуу Б.М нь 60 нас хүрсэн тул тэтгэвэрт гаргах шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 910 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох урьд ажиллаж байсан Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М давж заалдах гомдолдоо: Б.М намайг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоохоор Улсын Дээд Шүүхийн 2019 он 4 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн юм.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл нь 2019 он 5 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж намайг 15 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн томилж, мөн өдрийн 16 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлсөн тогтоол гаргасан. Намайг ажилд эгүүлэн томилсон дүр эсгэж, шүүхийн тогтоол шийдвэрүүдийг үл тоомсорлож хууран мэхэлсэн, доромжилсон, хууль зөрчсөн шийдвэр гэж би үзэж байна. 2019 он 5 сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн томилохдоо ажил хүлээлцэх ажлын хэсэг томилоогүй, ажлыг хүлээлцээгүй, ажил хүлээлцсэн акт байхгүй зэрэг нь хууль зөрчсөн үйлдлийг нотолж байна. Б.Мыг ажлаас чөлөөлсөн 2019 он 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Пүрэвдорж нь надад гардуулж өгсөн. Би 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээ гаргасан юм. Гэтэл шүүгч Г.Даваахүү нь миний өргөдөл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж тайлбарласан. Би шүүх хурал дээр ажлаас чөлөөлсөн тогтоолоо 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан баримт нь байгаа гэж тайлбарласан. Би нэг сарын дотор шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээ гаргах хуультай гэж мэдэхгүй байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, өмнө нь гарсан шүүхийн тогтоол шийдвэрүүд бодитой биелсэн эсэх талаар шүүн тунгааж нэхэмжлэлийг хангах хуультай гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 11 дүгээр сарын 06-ны өдрийн 910 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.М нь “Хөвсгөл дулааны станц” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч Б.М нь “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр ажилдаа  эгүүлэн тогтоогджээ /хх-ийн 33,40–р тал/.

“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шүүхийн шийдвэрийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Мыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж /хх-ийн –р тал/, мөн өдрийн 16 дугаар тогтоолоор “... 2018 оны санхүүгийн аудитын тайлан болон нийцлийн аудитын тайлангаар илэрсэн зөрчил, зөвлөмж, эрх бүхий байгууллагын удирдамжийн дагуу” гэх  үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00526 дугаар тогтоолыг  бодит байдлаар биелүүлсэн мэт дүр үзүүлсэн ажиллагаа болжээ.

 “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэж  заасныг тус тус зөрчсөн байна.

“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйн дээр Б.Мд ажлаас чөлөөлсөн тогтоолын хувь гардуулснаа баримтаар нотлоогүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байхад анхан шатны шүүх “...гомдлоо хугацаа хэтрүүлэн гаргасан” үндэслэлээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Б.Мыг “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын  06-ны өдрийн 910 дугаар шийдвэрийн “Тогтоох нь:” хэсгийн 1 дэх заалтыг “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мыг “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтын “дурьдсугай.” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ы давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг  дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

   ШҮҮГЧИД                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                                     Б.СОСОРБАРАМ