| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2017/0111/э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2017-11-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 108
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.ЭрдэнэБ,
Шүүгдэгч Н.Г, Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Н.Г, Ц.А нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000490012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн харьяат, 1985 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Г.
Хоёр. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 37 настай,эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд оршин суух иргэн Б.А-гийн гэрт нэвтэрч Самсунг маркийн зурагтыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Г, Ц.А нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 01.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд оршин суух иргэн Х.Ч-ийн гэрийн тооноор нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гар утсыг хулгайлж нийт 706.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: гурван мөнгөн аяга, хоёр гар утсыг нь аваагүй, цагдаа өөрөө мэдүүлэг бичээд надаар гарын үсэг зуруулсан. Зурагтыг байрнаас нь хөдөлгөж орхичхоод Б ахынхаас зурагт тавья гэж орсон. Та нар зурагт тавих гээд яваад байсан болохоор хулгайлсан гэж хэлсэн гэв.
- Шүүгдэгч Н.Г мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 08-р сарын 13-ны өдөр Ц.А-ийн хамт хулгай хийхээр хоорондоо ярилцаад шөнө 01 цагийн орчим Хайлаастын гудамжуудаар явж байгаад үүдний том хаалга нь онгорхой хашааг сонгож дотогш ороход гэр нь цоожтой байхаар нь би тооноор нь ороод асаагуурын гэрэл тусгаж байгаад гэрийн зүүн хойд талд байх толины өмнөх модон жижиг авдар дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гар утсыг авсан юм. Тэр үед зурагтыг нь авах гэсэн боловч дийлэхгүй шалан дээр тавьж орхисон. Тэгээд буцаад тооноор гараад Ц.А-ийнд очиж унтсан.Тэгэхэд тэдний гэрт Т.Б, Б.А нар согтуу унтаж байсан. Өглөө нь босоод Т.Б, Б.А, Ц.А нарын дөрвүүлээ У.И гэдэг айлынд очиж жижиг мөнгөн аяга болон самсунг маркийн гар утсыг нь 50.000 төгрөгөөр дараа авъя гээд барьцаанд тавиад, 2 дунд гарын мөнгөн аягыг нь Дижитал фото төвийн урд талын ломбарданд Т.Б, Б.А хоёр 60.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан юм.Ломбарданд Т.Б, Б.А хоёр 2 мөнгөн аягыг барьцаанд тавьсан”
...2017 оны 08 дугаар сарын 09-ний орчим төвд архи ууж байгаад тасарсан байсан. Шөнө 22 цагийн орчим Хайлаастад байдаг Б ахын гэр рүү унтах гэж яваад тэдний урд талын эгнээний хамгийн баруун захын хашаа руу орж хашаанд байсан гэрийн цоожийг хөшиж онгойлгоод гэрийн хойморт нь байсан зурагтыг авч гарсан. Б-ын ахын руу очсон гэр нь цоожтой байсан би телевизороо тэднийхээс зүүн хойш гэрлийн шонгийн хажуу талын жалганд хийчихээд Б ахынд буцаж ирээд хаалгыг нь балбахад Э эгч тайлж өгсөн. Тэр шөнө бороотой байсан тул Б ахынд орхих гэтэл Б ах загнаад намайг гэртээ оруулаагүй, би тэр шөнөдөө Б гэх айлынд очиж хоносон. Маргааш өдөр нь авах гээд очиход байхгүй байсан. Согтуудаа замын хажуу талын жалганд хийчихсэн байна. Замаар явж байгаа хүмүүс л олоод авчихсан байх. Би бол зарж худалдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-н 79 х /,
- Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Зурагтыг нь аваагүй, мөнгөн аяга, 2 гар утсыг нь авсан.Би зурагт аваагүй... гэв.
- Шүүгдэгч Ц.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Н.Г бид 2 хулгай хийхээр ярилцаад мөнгөтэй больё гэсэн. Шөнө нь 01 цагийн үед гадуур гарч Хайлаастын гудамжаар явж байгаад хаалга нь онгорхой нэг хашаа руу орсон. Хашаанд нэг гэр байсан бөгөөд Г гэрийн тооноор орж би гадаа хүн хараад зогсож байсан. Тэгээд Гантулгыг удаад байхаар “хүн ирж байна шүү” гээд худлаа хэлчихсэн чинь тэрээр гялс гараад ирсэн. Г тэр айлаас 3 мөнгөн аяга, 2 ширхэг гар утас авсан байсан. Бид хоёр шууд Б-аа ахынд очиход Б ах, Б, Б.А нар унтаж байсан. Тэгтэл Б бид хоёрыг ирэхийг мэдчихээд сэрчихсэн.Тэгээд та хоёр хаагуур юу хийж явсан юм гэхэд айлаас юм авсан гээд авсан юмаа үзүүлсэн. Тэгэхэд Б наад мөнгөн аягыг чинь ах нь зарж өгнө гээд унтацгаасан. Өглөө нь босож ирээд Г, Б, Б.А бид дөрөв мөнгөн аяга, гар утсаа зарахаар гарахад Б У.И ахын руу очьё гээд У.И ахад бага гарын мөнгөн аяга, самсунг маркын гар утсыг 50.000 төгрөгний барьцаанд тавиад архи, тамхи, сүү, бэлэн хоол зэрэг аваад хэрэглээд дууссан. Өдөр нь дахиад дөрвүүлээ үлдсэн 2 аягаа Хадатын булаг ломбарданд Б орж хоёр аягаа 60.000 төгрөгний барьцаанд тавьсан. Тэгээд дэлгүүрээс нэг шил архи аваад хувааж уусан. Айфоне маркын гар утас байсныг Г, Б, Б.А нар аваад такси бариад явцгаасан... гэх мэдүүлэг / хх-н 41 х /,
- Хохирогч Х.Чийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед манай гэрийнхэн хөдөө аймгийн төвөөс урагшаа 13 километрт аавындаа хоночихоод маргааш өдөр нь 14 цагийн үед ирцгээсэн юм. Тэгсэн чинь манай гэрийн тооноор хулгай орж зүүн хойд талын толины өмнө тавьсан жижиг авдар дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, миний Айфоне 5 маркийн гар утас, Самсунг С5 маркийн гар утас хулгайд алдагдсан байна, хулгайд алдсан зүйлээ нэхэмжилнэ... гэх мэдүүлэг,
- Хохирогч Б.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 23-10 тоотод байдаг юм. Би охинтойгоо хамт амьдардаг, өглөө 8 цагт ажилдаа яваад шөнө 23 цагт ирдэг юм. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа яваад 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрсэн, цүүнд нь зүүгээд орхисон байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн хойд талын тавиур дээр байсан зурагт хулгайд алдсан байсан. 2017 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос 550.000 төгрөгөөр худалдаж авсан шинэвтэр, хар өнгийн, 42 инчийн Самсунг маркын Лед зурагт байсан. Дэлгэц нь гялгар ууттайгаа байсан, алдсан зурагтаа нэхэмжилнэ” ...гэх мэдүүлэг / хх-н 92 х /,
- Гэрч Н.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 8, 9-ний үед Б гэдэг айлд шөнө унтаж байхад Г хаалга нүдэж орж ирээд танайд телевизор орхиод явья гэхээр нь Б ах бид хоёр авахгүй гээд хөөгөөд явуулсан. Барагцаагаар шөнийн 01 цагийн орчим ирсэн юм. Би бол телевизорыг хараагүй, гэрээр оруулж ирээгүй. Тэр шөнө их бороо орж хоносон тэрийг сайн санаж байна. Гарагийн 3, 4 дэх өдөр байсан гэж санаж байна. Манайд телевизор тавина гэж ирснээс хойш 4 хоногийн дараа цагдаад баригдсан гэж байсан. Дахин уулзалдаагүй, эд зүйл зарна гэж яваагүй, сүүлд нь цагдаад баригдаж хоригдсон гэхээр нь мэдсэн ... гэх мэдүүлэг, / хх-н 98 х /
- Гэрч Я.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг 2017 оны 8 сарын 9-ны өдөр гэртээ Э-ын хамт унтаж байхад Сүхбаатар сумын харьяат залуу хаалга балбаад байхаар нь Э-аар хаалга тавиулсан юм. Тэрээр ахаа танайд зурагт тавьчихья, зарах гэж байгаа юм гэхээр нь би уурлаж та нарын хог новшийг цуглуулдаг айл биш гээд хөөгөөд гаргасан... гэх мэдүүлэг, / хх-н 99 х /
- Гэрч Ч.У-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 14-ний өглөө Б С, гүзээ улаан хочтой Г, Ц.А нар манайд ирээд шартаж үхлээ ахаа гар утас, мөнгөн аяга тавъя гээд надаас 50.000 төгрөг аваад явсан. Шартаад архи авах гэсэн гэж л надад хэлсэн. Хулгайн эд зүйл гэдгийг нь би мэдээгүй надад хэлээгүй. Удахгүй л авна л гэж байсан. Дунд гарын цулгай мөнгөн аяга хээгүй, гар утас нь С-5 маркийн цагаан өнгийн утас байсан, барьцаанд тавьсан мөнгөн аяга,гар утсыг Г өөрөө 50000 төгрөг өгөөд аваад явсан ” гэх мэдүүлэг, / хх-н 17 х /
- Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Бага дөрвөлжид байдаг А гэдэг айлынд Т.Б-ын хамт очиж унтсан, яг хэдэн цагт очсоноо мэдээгүй, Тэжээлд архи ууж байгаад тасраад, тэндээс яг юу болсныг мэдээгүй өглөө үүрээр сэрсэн. Миний хажууд Н.Г, А нар мөнгөн аяга хулгайлсан талаараа хоорондоо ярьж байсан. Би сэрээд ямар мөнгөн аяга хаанаас хулгайлсан талаар нь асуухад надад тэр хоёр 3 мөнгөн аяга байгаа гэж ярьсан. Би өглөө босоод Т.Бд- энэ хоёрт 3 ширхэг мөнгөн аяга байгаа гэнэ гэж хэлсэн. Т.Б, Н.Г, Аптансүх хоёрыг загнаж байгаад мөнгөн аягыг нь гаргаж үзээд архинд явуулж 2 шил 0.75 гр архи авчруулсан. Мөн айлын тооноор телевизор хулгайлаад гаргах гэсэн багтаагүй гэж ярьж байсан. Хаанаас хэзээ хулгай хийсэн талаар нь би лавлаж асуугаагүй... гэх мэдүүлэг / хх-н 18-19 х /,
- Гэрч Х.Ж-ы мөрдөн байцааланд өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдөр намайг 12 цагийн үед Хадатын булаг ломбарданд ажлаа хийгээд сууж байхад 2 хүн орж ирээд шинэ үеийн дунд гарын 2 мөнгөн аяга тавьчихья гэхээр нь би 60.000 төгрөгний барьцаанд авна гэж хэлсэн. Тэгсэн чинь “за тэгье” гээд бичиг баримт байдаггүй, нэрээ хэлээд тавьчихья гээд Г нэрээр мөнгөн аягаа барьцаанд тавьсан. Барьцаанд тавьсан 2 мөнгөн аяга надад байгаа...гэх мэдүүлэг / хх-н 23 х /,
- Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Б-ийн А-ийн хамт архи ууж явж байгаад Б гэдэг айлд очиж унтсан. Тэгтэл үүрээр 05 цагийн үед гаднаас Ц.А, Н.Г нар орж ирж унтсан. Өглөө 06 цаг өнгөрөөж бүгдээрээ босоод яаж шараа тайлах уу гэсэн чинь Г нь 3 мөнгөн аяга, 2 гар утас гаргаж ирэхээр нь юун аяга хаанаас авсан гэсэн чинь А гэрийнхэнтэйгээ муудаад аягаа аваад ирлээ гэсэн. Тэгэхээр нь хэдүүлээ наад аягыг чинь архины барьцаанд тавья гээд бүгдээрээ гарч яваад У.И гэдэг таньдаг ахад 50000 төгрөгний барьцаанд нэг жижиг аяга, нэг цагаан өнгийн самсунг маркын гар утастай хамт тавьсан.Тэр мөнгөөрөө бүгдээрээ 2 шил архи авч уугаад дахиад дунд гарын 2 мөнгөн аягыг бүгдээрээ төв рүү орж 36 дугаар байрны ломбарданд би Аийн хамт орж 60000 төгрөгний барьцаанд тавьсан.Тухайн үед Гантулгын нэр дээр 2 мөнгөн аягыг барьцаанд тавьсан гэх мэдүүлэг, / хх-н 24 х /
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургууд / хх-н 3-7 х /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2017 оны 08 сарын 14-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ, / хх-н 8 х /,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 5/04 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 9-12 х /
- Ц.А, Н.Г нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45, 47 х /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн Засаг даргын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 9/401 дугаартай албан тоот, / хх-н 46 х /
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн засаг даргын 2017 оны 08 сарын 28-ны өдрийн албан тоот, / хх-н 49 х /
- Ц.А, Н.Г нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 49-50 х /
- Зээлийн гэрээ, гэрэл зураг / хх-н 71-72 х /
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 84-87 х /
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2017 оны 08 сарын 11-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ / хх-н 88 х / зэрэг болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний оройн 21.00 цагийн үед иргэн Б.А-гийн байшинд нэвтэрч 42 инчийн Самсунг маркын лед зурагтыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Г, Ц.А нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 01.00 цагийн орчимд иргэн Х.Ч-ийн гэрийн тооноор нэвтрэн орж 100.000 төгрөгийн үнэтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 140.000 төгрөгийн үнэтэй дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 100.000 төгрөгийн үнэтэй Айфоне 5/Iphone/ маркийн гар утас, 3000 төгрөгийн үнэтэй Мобикомын дугаар, 220.000 төгрөгийн үнэтэй самсунг С5 маркийн гар утас, 3000 төгрөгийн үнэтэй Скайтелийн дугаар зэргийг тус тус хулгайлж, нийт 706.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.А, Х.Ч, гэрч Н.Э, Я.Б, Ч.У, Б.А, О.Б, Х.Ж нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. 2017.08.10 /хх- 84- 86/, Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ/ хх- 88/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. 2017.08.14. / хх- 3- 8/, Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ/ хх- 08/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 5/04 дугаартай Прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, гэрэл зураг/хх 11-12/, Зээлийн гэрээ, гэрэл зураг./хх- 71-72/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Г-ын иргэн Б.А-гийн гэрт нэвтэрч Самсунг маркийн лед зурагт, Н.Г, Ц.А нарын бүлэглэн иргэн Х.Ч-ийн гэрийн тооноор нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гар утсыг авсан үйлдлүүд нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Дээрх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судалбал, Н.Г нь ганцаараа иргэн Б.А-гийн амьдрах байшингийн цоожийг эвдэж, шөнийн цагаар, нууцаар, хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн лед зурагтыг, мөн Ц.А-тэй бүлэглэн шөнийн цагт иргэн Х.Ч-ийн амьдрах гэрийн тооноор нууцаар, хууль бусаар гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гар утас зэргийг зарж борлуулан ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлсан байх бөгөөд энэ нь хохирогч Б.А-гийн “ - 2017 оны 08 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа яваад 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрсэн, цүүнд нь зүүгээд орхисон байсан. Гэрийн хойд талын тавиур дээр байсан шинэвтэр, хар өнгийн, 42 инчийн Самсунг маркын Лед зурагт хулгайд алдсан байсан “ гэх,
хохирогч Х.Ч-ийн “ 2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед манай гэрийнхэн хөдөө аймгийн төвөөс урагшаа 13 километрт аавындаа хоночихоод маргааш өдөр нь 14 цагийн үед ирцгээсэн юм. Тэгсэн чинь манай гэрийн тооноор хулгай орж зүүн хойд талын толины өмнө тавьсан жижиг авдар дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, миний Айфоне 5 маркийн гар утас, Самсунг С5 маркийн гар утас хулгайд алдагдсан байна “ гэх,
гэрч Ч.У-ийн “ 2017.08.14-ний өглөө Б, С, гүзээ улаан хочтой Г, Ц.А нар манайд ирээд шартаж үхлээ ахаа гар утас, мөнгөн аяга тавъя гээд надаас 50.000 төгрөг аваад явсан. Дунд гарын цулгай мөнгөн аяга хээгүй, гар утас нь С-5 маркийн цагаан өнгийн утас байсан, барьцаанд тавьсан мөнгөн аяга,гар утсыг Г өөрөө 50.000 төгрөг өгөөд аваад явсан” гэх,
гэрч О.Б-ын “ 2017 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Б.А-ийн хамт архи ууж явж байгаад Б гэдэг айлд очиж унтсан. Үүрээр 05 цагийн үед гаднаас Ц.А, Н.Г нар орж ирж унтсан. Өглөө бүгдээрээ босоод яаж шараа тайлах уу гэсэн чинь Г нь 3 мөнгөн аяга, 2 гар утас гаргаж ирсэн. Наад аягыг чинь архины барьцаанд тавья гээд бүгдээрээ гарч яваад У.И гэдэг таньдаг ахад 50000 төгрөгний барьцаанд нэг жижиг аяга, нэг цагаан өнгийн самсунг маркын гар утастай хамт тавьсан.Тэр мөнгөөрөө бүгдээрээ 2 шил архи авч уугаад дахиад дунд гарын 2 мөнгөн аягыг бүгдээрээ төв рүү орж 36 дугаар байрны ломбарданд би Аийн хамт орж 60000 төгрөгний барьцаанд тавьсан.Тухайн үед Г нэр дээр 2 мөнгөн аягыг барьцаанд тавьсан” гэх мэдүүлгүүд,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг / Самсунг С- 5 маркийн 352558/ 06/82602/0 имей кодтой цагаан өнгийн гар утас, бага гарын ямар нэгэн хээ болон бичиггүй, шинэвтэр мөнгөн аяга/- хх 11-12/ зэргээр хэрэгт нотлогдоно.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эд хөрөнгөнд хууль бусаар халдаж болохгүй, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа зарж борлуулах, ашиг олох зорилгоор хүн байнга амьдардаг гэр, байшинд шөнийн цагаар нууцаар, цоожийг нь эвдэх зэргээр хууль бусаар нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлан, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээний хохирол тус тус учруулсан байна.
Харин шүүгдэгч Н.Г “ би Б.А-гийн зурагтыг хулгайлаагүй “ гэж гэм буруугийн талаар маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь түүний Б.А-гийн зурагтыг хулгайлсан үйлдэл нь гэрч Я.Б-ын “ Намайг 2017 оны 8 сарын 9-ны өдөр гэртээ Э-ын хамт унтаж байхад Сүхбаатар сумын харьяат залуу хаалга балбаад байхаар нь Э-аар хаалга тавиулсан юм. Тэрээр ахаа танайд зурагт тавьчихья, зарах гэж байгаа юм гэхээр нь би уурлаж та нарын хог новшийг цуглуулдаг айл биш гээд хөөгөөд гаргасан” гэх мэдүүлэг, гэрч Н.Э-ын “ Би 2017 оны 08 дугаар сарын 8, 9-ний үед Б гэдэг айлд шөнө унтаж байхад Г хаалга нүдэж орж ирээд танайд телевизор орхиод явья гэхээр нь Б ах бид хоёр авахгүй гээд хөөгөөд явуулсан. Барагцаагаар шөнийн 01 цагийн орчим ирсэн юм. Тэр шөнө их бороо орж хоносон тэрийг сайн санаж байна. Гарагийн 3, 4 дэх өдөр байсан гэж санаж байна” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай нотлогдох бөгөөд үүнийгээ ч тэрээр мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн “ 2017 оны 08 дугаар сарын 09-ний орчим төвд архи ууж байгаад тасарсан байсан. Шөнө 22 цагийн орчим Хайлаастад байдаг Б ахын гэр рүү унтах гэж яваад тэдний урд талын эгнээний хамгийн баруун захын хашаа руу орж хашаанд байсан гэрийн цоожийг хөшиж онгойлгоод гэрийн хойморт нь байсан зурагтыг авч гарсан. Бын ахын руу очсон гэр нь цоожтой байсан би телевизороо тэднийхээс зүүн хойш гэрлийн шонгийн хажуу талын жалганд хийчихээд Б ахынд буцаж ирээд хаалгыг нь балбахад Э эгч тайлж өгсөн. Тэр шөнө бороотой байсан тул Б ахынд орхих гэтэл Б ах загнаад намайг гэртээ оруулаагүй, би тэр шөнөдөө Б гэх айлынд очиж хоносон. Маргааш өдөр нь авах гээд очиход байхгүй байсан. Согтуудаа замын хажуу талын жалганд хийчихсэн байна. Замаар явж байгаа хүмүүс л олоод авчихсан байх. Би бол зарж худалдсан зүйл байхгүй ” гэх мэдүүлгээрээ үгүйсгээгүй байна.
Тодруулбал, хохирогч Б.А-гийн гэрт 2017.08.09-ний шөнө хулгай орж зурагт алдагдсан цаг хугацаа нь шүүгдэгч Н.Г-ын мөн өдрийн шөнийн 01 цагийн орчимд Я.Б-ын гэрт очиж “ телевизор орхиж явах ” талаар хэлсэн цаг хугацаатай таарах бөгөөд уг хэрэг ойролцоо нэг гудамжинд үйлдэгджээ.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба прокуророос ирүүлсэн шүүгдэгч Ц.А, Н.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.А, Н.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Н.Г, Ц.А нарыг хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г-ын дангаар болон бусадтай бүлэглэн үйлдсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тусад нь зүйлчилж ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “ энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”-т гэж заасныг үндэслэвэл Н.Г-ын орон байранд нэвтэрч хулгай хийсэн хоёр удаагийн үйлдлийг нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг удаа ял оногдуулах нь дээрх хуулийн зохицуулалт, агууллагад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д учирсан “ 42 инчийн Самсунг маркын лед зурагт”-ын хохирол арилаагүй тул Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ/хх-88/-г үндэслэн шүүгдэгч Н.Г-аас 500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.А-д олгоно.
Хохирогч Х.Ч-т учирсан хохирлоос 100.000 төгрөгийн үнэтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 220.000 төгрөгийн үнэтэй Самсунг С5 маркийн гар утасыг шүүгдэгч Н.Г-аас хураан авч, хохирогч Х.Ч-т олгон хэрэгт битүүмжилсэн тул эдгээр эд зүйлсийг битүүмжилсэн Прокурорын 5/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Харин Х.Ч-ийн 100.000 төгрөгийн үнэтэй айфоне 5 /Iphone / маркийн гар утас, 3000 төгрөгийн үнэтэй Мобикомын дугаар, 3000 төгрөгийн үнэтэй Скайтелийн дугаар, ломбардаас 60.000 төгрөгөөр авсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяганы хохирол, нийт 166.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Ц.А, Н.Г тус бүрээс 83.000 төгрөгийг тэнцүү гаргуулан хохирогч Х.Чт олгоно.
Шүүгдэгч Н.Г-ын 2017.08.15-наас 2017.08.17-ныг дуустал баривчлагдсан 3 хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох ба шүүгдэгч Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Г, Ц.А нарыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Г-ыг 2 / хоёр/ жил 3 / гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч А-ийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Г-д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, ялтан Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ялтан Н.Г-ын баривчлагдсан 3 хоногийн 1 хоногийг хорих ялын нэг хоногт тооцон эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.А, Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан ялтан Н.Г-аас 500.000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 9 дүгээр багийн иргэн Б.А-д, ялтан Н.Г, Ц.А тус бүрээс 83.000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 9 дүгээр багийн иргэн Х.Ч нарт тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан 100.000 төгрөгийн үнэтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 220.000 төгрөгийн үнэтэй Самсунг С5 маркийн гар утасыг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.09.07-ны өдрийн 5/04 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Ялтан Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчин төгөлдөр болно.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН