| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03125/И |
| Дугаар | 182/ШШ2024/02505 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02505
| 2024 06 03 | 182/ШШ2024/02505 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Т ХК -ийн нэхэмжлэлтэй
Н.Зыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Зээлдэгч Н.З нь "Т" ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дугаар тоот Зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн, сарын 1.7 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 19.762.700 төгрөг, үндсэн хүү 11.597.806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.172.360 төгрөг, нийт 32.532.867 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна. Зээлдэгч Н.З нь зээл авах үеийн оршин суугаа хаяг болох Улаанбаатар хот, тоот гэх тус хороонд байдаггүй, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тоот захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан байдаг. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Н.Зыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХК нь Н.Зыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХК нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 25.000.000 төгрөгийн Зээл болон барьцааны гэрээг байгуулж, 28.105.850 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд Н.З нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
Н.З нь тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар, дээрх хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Н.З нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, Н.Зыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Зыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Т ХК-ийн төлөөлөгч Т.Ч-т мэдэгдэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН