| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03226/И |
| Дугаар | 182/ШШ2024/02507 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02507
| 2024 06 03 | 182/ШШ2024/02507 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХЛ ХХК -ийн нэхэмжлэлтэй
О.Тийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Иргэн О.Т нь манай компанитай 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4.686.900 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас болон цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч О.Т нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung A52 white 128GB загварын гар утас, Hisense 43B6600 загварын зурагт зэргийг "П” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч О.Т нь тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2.784.718 төгрөг төлөх байснаас зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 539 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч О.Т нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Манай компаний зүгээс О.Тийг, тоот оршин суух хаягаар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь тогтоогдож дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. О.Тийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, О.Т нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч О.Тийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХЛ ХХК нь О.Тийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ХЛ ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2.348.900 төгрөгийн Барьцаат зээлийн гэрээг байгуулж, 3.160.216 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд О.Т нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
О.Т нь тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар, дээрх хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр О.Т нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, О.Тийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Тийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ХЛ ХХК-ийн төлөөлөгч Ц.Ад мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН