| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2021/0268/Э |
| Дугаар | 0042 |
| Огноо | 2022-05-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 0042
Д.Аид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаярын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.Аид холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Д-н А,
Д.А нь 2021 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Гал түймэр унтраах аврах дугаар ангийн арын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.Д-н толгойн тус газарт автомашины данхрад төмрөөр цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б овогт Д-н Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн 1 ширхэг данхрадыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх “шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэдий ч шүүгдэгч нь хохирогчийн биед хүнд хохирол учруулахдаа тухайн данхрадыг тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан, ирлэж үзүүрлэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчийн толгойн тус газарт цохисон үйл баримт тогтоогдсон тул Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж” гэж дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж зодолдсон ба гэрч нар тэдгээрийг салгах цаг хугацаанд Д.А нь тээврийн хэрэгслийн тээшний хэсгийг онгойлгож тээврийн хэрэгслийг өргөх зориулалт бүхий данхрад төмрийг авч хохирогчийг 2 удаа цохисон үйлдэл хийсэн ба энэ нь шүүгдэгч өөртөө хүч нэмсэн, хүсэж хийсэн шууд санаатай үйлдэл тул зэвсгийн чанартай зүйл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Харин зодолдож байх хооронд буюу зодоон салаагүй байх үед гарт гэнэт баригдсан зүйлээр цохисон тохиолдолд зэвсгийн чанартай зүйл ашигласан гэж үзэхгүй ба дээр дурдсанчлан зодоон түр зогссон үед өөртөө хүч нэмсэн, зориуд өөрийн тээврийн хэрэгслийн тээшний хэсгийг онгойлгож данхрад төмөр авч хохирогчийг 2 удаа цохиж байгаа нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцуулах, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилсэн байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж юуг ойлгохыг тайлбарласан ба уг тайлбарт “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж "Хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ. Шүүгдэгч хохирогчийн биед гэмтэл учруулахаар авто машины данхрад төмрийг авто машины тээшнээс очиж авч байгаа үйлдэл, авч ирээд толгойн тус газарт нь цохихоор тооцоолж үүнийгээ хэрэгжүүлж толгойн тус газарт нь 2 удаа цохиж байгаа нь өөрөө бэлтгэж байгаа үйл баримт юм. Тусгайлан бэлтгэн гэдэг нь заавал буюу зөвхөн засаж тохируулсан /ирлэж, хурцалж, үндсэн бүтцийг өөрчлөх/ байхыг хууль шаардаагүй байна.
Мөн хуулийн тайлбарт “хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан ба данхрад төмөр нь тээврийн хэрэгслийг өргөх зориулалттай эд зүйлд тооцогдох юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа:
... Прокурорын тогтоолоор Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Шүүгдэгч Д.А нь хохирогч Н.Д-н биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, тийм учраас ч хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заахдаа “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн,” гэж заасан бөгөөд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг хуульд тайлбарлахдаа “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд, зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг,эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэжээ.
Яллагдагч Д.Аийн хохирогчид хүнд гэмтэл учруулсан автомашины данхрат нь зэвсэг биш, хүний биед гэмтэл учруулахаар, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан...эд зүйл, хэрэгсэл биш бөгөөд хэрэв ийнхүү засаж тохируулсан, тусгайлан бэлтгэсэн бол ямар байдлаар зассан, бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй ба энэхүү автомашины данхрат нь анхныхаа зориулалтаар байгаа, зориулалтыг өөрчлөн зассан зүйл байхгүй байна.
Анхан шатны шүүх нь тодорхойлох хэсэгтээ: “... данхратыг тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан, ирлэж үзүүрлэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчийн толгойн тус газарт цохисон үйл баримт тогтоогдсон тул Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болсон. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Аид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э нь “Б” овогт Д-н Аийг 2021 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Гал түймэр унтраах, аврах дугаар ангийн арын талбайд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Д-н толгойн тус газарт автомашины данхрат төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан аливаа хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянах үүрэгтэй.
Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Д-н толгойн тус газарт автомашины данхрад төмрөөр цохиж эрүүл мэндэд нь гавал тархины ил гэмтэл, гавлын хүнхрээ ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал 1 дүгээр зэрэг, хуйханд нэг тооны няцарсан шарх, зүүн гарт нэг тооны няцарсан шарх бүхий хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Н.Д, гэрч Л.Ш, гэрч Э. О нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 480 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт хүндрүүлэх шинжид заасан ... “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” ... гэдэгт ердийн хэрэглээний зориулалт бүхий эд зүйл хамаарахгүй ба тухайн эд зүйлийн бүтэц, хэлбэр, зориулалтыг аливаа биетийг устгах, гэмтээх, хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зорилгоор өөрчлөн тусгайлан бэлтгэж засаж тохируулсан тохиолдолд ... тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамааруулан ойлгох юм.
Харин шүүгдэгч Д.А нь өөрийн эзэмшлийн машины ар тээшинд байсан данхрадыг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэх зорилгоор тусгайлан бэлтгэж, засаж тохируулан зэвсгийн чанартай зүйл болгосон үйл баримт хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх ба анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний доторх ялыг сонгон авч эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирол нөхөн төлсөн байдал, хохирогчийн гомдол саналгүй зэрэг байдалд дүгнэлт хийж шийдвэрлэснийг өөрчлөх эсхүл буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Э-н ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР