Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 140

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Хохирогч: Н.Ш,

Шүүгдэгч: О.А /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А холбогдох 1728000830066 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

О.А нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Н.Ш бие эрх чөлөөнд халдан бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.А нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Н.Ш бие эрх чөлөөнд халдан бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хэргийг хуульд заасан үндэслэл журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна.

Шүүгдэгч О.А нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт хохирогч Н.Ш өвөлжөөний газарт ойрхон буусан, нүү гэсэн шаардлагыг тавьж маргалдсаны улмаас хохирогчийн бие эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Н.Ш мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...“ 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээсээ гарч хонио эргүүлэх гэж хүүхэдтэйгээ хамт явж байхад Сүх гэдэг хүн манай хонийг туугаад өөдөөс гараад ирсэн. Би хуүхэдтэйгээ хамт зогсож байсан чинь тэр ирээд намайг хаанахын хэн бэ гэсэн. Би Ноён сумын хүн байна гэж хэлсэн. Тэгсэн тэр ирээд миний нүүр лүү 2, 3 удаа цохиод өргөж байгаад газар намайг унагаад ар нуруу руу 2, 3 удаа гараараа тохойлдсон. Тэгэхээр нь би тэр хүний өөдөөс нь жоотуу барьсан чинь тэр миний гараас жоотууг булааж авах гээд хоорондоо булаацалдсан. Би жоотуугаар биеээ хамгаалах гэж байсан юм Тэр миний араас тэврээд хороо руу шахсан. Хоорондоо бэлчээрийн талаар ярьж хэрэлдэж байгаад тэр намайг тавьсан. Би эргүүлээд жоотуугаа хороо давуулаад шидсэн. Тэгээд бэлчээрийн талаар ярьж байгаад гэр лүүгээ явсан. Манайх Ноён сумаас 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед отроор ирээд Баяндалай сумын нутагт зусаж байсан юм. О.Алтансүх намайг малаа манай бэлчээр лүү дээш нь хяраад малаа бэлчээлээ гэж намайг зодсон. Би Алтансүхийн биед нь гар хүрээгүй. Анх тэр нутаг дээр ирэээд манайхыг бууж байхад тэр О.Алтансүх ирээд манай нутаг дэвсгэр дээр та нар хаанахын хэн бэ одоо та нар нүү гэж хэлээд хөөж байсан юм. О.Алтансүх намайг зодож байхад манай 2 настай хүүхэд байсан. Хүүхэд хэлд ороогүй байгаа өөр хүн байгаагүй. Тэр хүн учир зүггүй намайг хаанахын хэн бэ гээд хэлээд байхаар нь би биеэ хамгаапах гээд жоотуу барьсан юм. Гомдолтой байна, одоогоор надад нэхэмжилж байгаа зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бага хүүхэдтэй хамт малынхаа араас явсан. Тэгээд явж байхад манай эхнэр замаараа хөр аваад ир гэсэн. Хөр авах гээд байж байсан чинь Алтансүх гэдэг хүн дээрээс мал туугаад бууж ирж байсан. Тэгээд хүүхэдтэйгээ хөрөө савлаад байж байсан чинь Алтансүх ирээд чи хаанахын хэн бэ? гэхэд нь би Ноёны хүн байна гэж хэлсэн. Тэгсэн Алтансүх намайг 2 ,3 цохиод куртик эргүүлээд дээрээс 2, 3 бас цохисон тэгэхлээр нь хажууд байсан лоомыг аваад биеэ хамгаалах зорилгоор бариад бид 2 булаацалдаж байгаад, тайвширсан би барьж байсан лоомыг хорооны дээгүүр нь давуулаад шидчихээд хоорондоо юм ярьж байгаад салаад гэртээ ирээд Алтансүх гэдэг хүнтэй муудалцсан гэдгээ хэлсэн чинь цагдаад хэл гэсэн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

            Гэрч Г.Энхжаргалын ... “Тэр өдөр үдээс өмнө манай нөхөр Шижир мал руугаа явсан. Би гэртээ үлдсэн. Н.Шижир бага хүүгээ аваад мотоциклиор явсан байсан. Тэгсэн манай мал О.Алтансүхийн өвөлжөө рүү явсан байсан. Тэгээд мал руугаа явсан байсан юм. Н.Шижир мал руугаа явах замдаа Хуягбаатарын өвөлжөөнөөс хөр авах гэж байхад нь Алтансүх ирээд манай нөхрийг зодсон. Манай нөхөр мал pyyгаа яваад 30 минут болоод эргээд гэртээ ирэхдээ О.Алтансүхэд зодуулчихлаа гэж ирсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгөө хамт О.Алтансүхийнд очиж хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг та яагаад манай нөхрийг зодож байгаа юм гэж хэлсэн. Манай нөхөр эрүүл байсан. Харин Алтансүхийг мэдэхгүй. Манай нөхөр Алтансүхэд зодуулаад ирэхдээ баруун нүднийх нь дээд талд нь язраад, нуруун дээр нь шалбарсан толгой нь өвдөөд цусаар бөөлжөөд байсан. Баруун талын нүд баруун чихний ар талд нь бас хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Яллагдагч О.А мэдүүлэхдээ...“2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н.Шижир гэдэг айлынх манай өвөлжөөний ойролцоо нэг км хүрэхгүй газарт Ноён сумаас ирж буусан. Би тэднийхийг гэрээ бариад бууж байхад нь очиж уулзаад та нар айлын өвөлжөөний ойролцоо бууж болохгүй гэж шаардлага тавьсан. Н.Шижирийнхийг буулгасан хүн нь Хуягбаатар, Гэрэлмаа нар юм билээ. Тэгсэн Гэрэлмаа намайг чи хаанаас гарч ирсэн гуйлгачин бэ гэхээр нь би та нар Баяндалайн харъяалалтай хүмүүс биш шүү энэ газар Баяндалай сумын нутаг дэвсгэр, та нар эндээс нүүгээрэй, өвөлжөөний ойролцоо битгий буугаарай гэж шаардлага тавиад мотоциклиосоо буугаагүй байж байгаад тэндээс явсан. Тэгсэн Шижирийнх тэндээс нүүгээгүй 60 гаруй хоноод 9 дүгээр сарын 28-ны өдөр манай өвөлжөөн дээр ирээд буусан дараа Н.Шижирийн мал нь манайхаар байгаад байсан. Тэгэхээр нь би тэр өдөр тэдний гэр лүү очиж уулзах гээд явж байсан тэдний малыг нь гэр лүү нь туучихаад явсан. Тэгсэн өөдөөс Н.Шижир мотоцикльтойгоо гарч ирээд Хуягбаатарын өвөлжөөн дотор очоод зогссон. Тэр түлшний уут үүрсэн жижиг хүүхэд сундалсан явсан. Би наанаас нь очоод Н.Шижирт уурлаад чи өдий болтол эндээс нүүсэнгүй гээд түүнийг заамдаад авахад тэр өөдөөс бас заамдаад авсан. Тэгсэн тэр цаашаагаа эргээд жоотуу бариад зүүн мөрөн дээгүүрээ далайгаад намайг цохих гэхээр нь би гялс түүний хажуу талд нь гараад тэвэрч байгаад жоотууг нь булааж авах гэхэд тэр жоотуугаа тавихгүй байсан. Жоотуугаа тавихгүй байхаар нь түүний нуруу руу хоёр удаа тохойлдоод нүүр, нүд рүү нь хоёр удаа цохиод жоотууг нь булааж аваад хашаан дээгүүр давуулаад шидсэн. Тэгээд би Н.Шижирийг чи доошоогоо суу чи өөрийнхөө оронд өөрийгөө тавиад үз малын бэлчээргүй боллоо ш дээ гээд баахан зүйл хэлсэн. Тэгээд бид хоёр хоёр тийшээгээ салаад явсан. Намайг гэртээ ирсэн дараа 30 минутын дараа Н.Шижир эхнэрээ сундалж ирээд, эхнэр нь чи манай нөхрийг зодсон гээд загнаад байхаар нь би түүнд танай нөхөр чинь жоотуугаар цохиж хүн алах гэхэд нь би болиулсан гэж хэлсэн. Шижир юу ч дуугарахгүй суугаад байсан ийм л зүйл болсон. Хэрэв тэр өөр хаана зусах боломжтой байна гэдгээ надтай хамт суугаад ярилцсан бол ийм зүйл болохгүй байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 460 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. Н.Ш биед тархины доргилт, дух, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтлүүд үүсчээ.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай , агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч О.А холбогдох эрүггийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч О.А мэдүүлэхдээ ...”Би тухайн үед жоотууг салгаж аваагүй байсан бол хүнд гэмтэл авах байсан. Намайг нэг цохисон бол алуулах байсныг мэдэхгүй.  Энэ хүн зүүн мөр нь дээгүүрээ давуулаад хүчтэй саваад далайгаад ирэхээр нь би очиж тэвэрч авсан тэгээд тавиулах гэсэн чинь тавиулахгүй байсан тэгэхлээр нь би нуруу нь 2 удаа цохиод нүүр лүү нь бас 2 цохиод жоотууг нь аваад саравчин дээгүүр давуулаад шидсэн” гэсэн шүүгдэгчийн мэдүүлгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын шинжтэй эсэхийг нягтлан шалгахад хохирогч Н.Шижир шүүгдэгч О.Алтансүхийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бусаар довтолсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч О.Алтансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч О.А холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Алтансүхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч О.Алтансүхийг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Эрүүгийн 1728000830066 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэлийн тэмдэглэлд “О.Алтансүх нь урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 36 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Алтансүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 34 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 24-32 дугаар хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Н.Шижирийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, учирсан хохирлын улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хохирогчийн зүгээс төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч О.Алтансүх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-йг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ