Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00002

 

 

 

 

                                                      

Н.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Бямбадорж нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1147 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Н.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Нутгийн Аваргууд” сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2,050,000 /хоёр сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие бага ангийн багш мэргэжилтэй, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Нутгийн аваргууд спортын сургуульд Б/06 захирлын тушаалаар бага боловсролын багшаар томилогдож, багш С.Өнөржаргал нь жирэмсний амралтаа авч түүний оронд ажиллах болсон. Ингээд 4 сар гаруй хугацаагаар ажиллаж байтал ажил олгогч нь багш С.Өнөржаргал ажилдаа орох хүсэлт гаргасан, ажилдаа орох боллоо гэж 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаал гаргаснаар намайг ажлаас чөлөөллөө. Би өөрийгөө ажлаас үндэслэлтэй чөлөөлөгдсөн гэж үзэхгүй байна. Учир нь С.Өнөржаргал нь одоо хүртэл хүүхдээ хараад, ажилдаа ороогүй юм. Иймд багшаар ажиллаж байсан намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 2,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Билгүүн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Б нь тухайн үед ээлжийн амралттай байсан юм. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орох байсан юм. Гэтэл амралттай байхад нь ажлаас чөлөөлсөн байдаг. Н.Б нь ажилдаа хэзээ орох талаар байгууллагын нягтлан бодогчоос асуухад таныг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн байдаг. ... Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Нутгийн аваргууд” сургуулийн захирал М.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бага ангийн багш С.Өнөржаргал нь жирэмсний амралтаа авсан тул Н.Бийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс бага ангийн багшаар түр хугацаатай томилон ажиллуулсан. Ингээд жирэмсний амралттай байсан багш С.Өнөржаргал нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орох хүсэлтийг бичгээр өгсөн тул Н.Бийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалттай байдаг. Би Н.Бт ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэх шаардлага байхгүй. Энэ хүмүүсийг ажилд авч, ажлаас чөлөөлж байхад ямар учраас тушаал гаргаагүй вэ? гэхээр С.Өнөржаргал нь тухайн жилдээ ээлжийн амралтаа аваагүй байсан. Үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа багш нь жилд 35 хоног амрах ёстой байдаг. Ингээд С.Өнөржаргал нь ажилдаа орсны дараа хуулийн дагуу ээлжийн амралтаа авч 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орох байсан. ...Ямар шалтгааны улмаас ажилдаа орох боломжгүй болсон гэхээр хадам аав нь Улаанбаатар хотод хагалгаанд орох болж хүүхэд харах хүн байхгүй байна гэсэн асуудал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1147 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Нямсайханы Батцэцэгийг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,050,000 /хоёр тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,271 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Нутгийн-Аваргууд ерөнхий боловсролын сургуулиас 117,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн аваргууд сургуулийн захирал М.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж дүгнэлт хийгээгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг нь илтэд хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул гомдол гаргаж байгаа болно.

Нэгдүгээрт: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй байхаар хуульчилсан. Энэхүү хуулиар олгосон эрхийнхээ дагуу хариуцагч байгууллагын зүгээс тухайн хэрэг маргааныг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх зорилгоор 120 дугаартай албан бичгээр хэд хэдэн хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нь С.Өнөржаргалыг ажилдаа эргэж орсон эсэх, орох хүсэлтээ илэрхийлсэн эсэхэд, хоорондоо /С.Өнөржаргалтай/ месенжерээр холбогдоход ажилдаа эргэж орохгүй гэсэн хэмээн маргаж буй тул гэрчээс эдгээр зүйлийг тодруулах зорилгоор гэрч асуулгах зайлшгүй шаардлагатай тухай, хариуцагч байгууллагын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийлгэх, тухайн хэрэгт өөрийн өмгөөлөгчтэйгээ оролцох тухай хүсэлтийг гаргахад 155шз/2019/03481 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. ... Мөн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан. Энэхүү шийдвэр нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор хязгаарласан үйлдэл юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” хэмээн хуульчилсан атал хүсэлт ойлгомжгүй гэх үндэслэлээр хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаагүй нь хуульд нийцээгүй. Мөн шүүгчийн захирамжид хүсэлт гаргагч тал гомдол гаргана гэсээр байтал гомдол гаргах эрхгүй байдлаар захирамжилж шийдвэрлэн тус хэргийг эцэслэн шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан заалтыг зөрчсөн бөгөөд тус захирамжид гомдол гаргах эрхтэй байхаар байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэн хариу тайлбараа дэмжин С.Өнөржаргал багш нь хэзээ ээлжийн амралтаа авсан, хэзээ тухайн ажлын байранд томилогдсон, нэхэмжлэгч Н.Бийг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байсан эсэхийг тодруулах зорилго бүхий хүсэлтүүдийг гаргахад хангахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн мэтгэлцэх боломжийг олгоогүй нь ИХШХШТХ-ийн 6.1 дэх заалтыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан, хариу тайлбараа дэмжих боломж олгоогүй тул ийнхүү гомдож байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй хэмээн хуульчилсан. Гэтэл тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараагаар гэрч асуулгах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг хоёр удаа хүргүүлэхэд шүүхээс шүүх хуралдаан зарласан байгаа тул шүүх хуралдаан дээр өг, одоо авах боломжгүй хэмээн хүсэлтүүдийг маань хүлээн авахгүй байснаа шүүх хурал дээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгч урьдаас энэ хэрэгт өөртөө дотоод итгэлийг бий болгосон байсан байна хэмээн ойлгоход хүргэж байна.

Хоёрдугаарт: ...Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Н.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1, 35.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн үндсэн ажилтан болох С.Өнөржаргал нь ажилдаа эргэж орох болсон шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл шүүх ажлаас чөлөөлсөн тушаалыг ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн, нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хөндсөн талаар шийдвэртээ огт дурдаагүй хэрнээ шал өөр заалт болох хуулийн 37.1.3 дахь заалттай нийцээгүй талаар дүгнэлт хийж, С.Өнөржаргал нь ажилдаа эргэж ороогүй гэх үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж, оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр нь ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлд заасан “Шийдвэрийн агуулга” тодорхой байх шаардлагыг хангаагүй, хууль бус юм.

Гуравдугаарт: ...Хэдийгээр нэхэмжлэгч нь урд шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг гаргасан байх боловч тэрхүү нотлох баримтад тулгуурлан уг хугацааг сэргээн тогтоох ёстой. Гэтэл гомдол гаргах хугацааг сэргээн тогтоогоогүй байгааг анхаарна уу. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б нь “Нутгийн аваргууд” спортын сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2,050,000 төгрөг гаргуулах тухай шаардахдаа тус сургуулийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  Б/09 дугаар тушаалыг үндэслэл болгожээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн-аваргууд” спортын сургуулийн захирал М.Бат-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа “...Бага ангийн багш С.Өнөржаргал нь жирэмсний амралтаа авсан тул Н.Бийг бага ангийн багшаар түр томилсон. Багш С.Өнөржаргал ажилдаа орох хүсэлтээ бичгээр өгсөн тул Н.Бийг ажлаас чөлөөлсөн”  гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Н.Б нь тус сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар бага боловсролын багшаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түр хугацаатай томилогдож,  2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  Б/09 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн-аваргууд” спортын сургуулийн захирлын тушаалаар “...С.Өнөржаргал нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн ажилдаа эргэж орохыг хүссэн” гэсэн үндэслэлээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 35 дугаар зүйлийн 35.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Н.Бийг бага боловсролын багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалтан ажилдаа эргэж орсон талаар  эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргасан  нь түүний ажлын байранд ажиллаж байгаа албан тушаалтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох боловч багш С.Өнөржаргал ажилдаа эргэж орох тухай шийдвэр /тушаал, тогтоол, захирамж г.м/ гарсан эсэх, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч нь тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь шаардлага ба  татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйн дээр ээлжийн амралттай  /2019 оны 07 дугаар сарын 05-ний өдөр хүртэл амралттай/ байгаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах ажилтныг ажлаас чөлөөлсөн нь ажилтныг  ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж үндэслэл болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Анхан шатны шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд  заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх ба зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай болон холбогдох  хуулийн заалтыг зөв  баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах учиртай. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно., мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2.ээлжийн амралттай байгаа” гэсэн заалт баримталсан нь тушаалын үндэслэлд тохироогүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Шийдвэрийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дах заалтыг баримтлах боломжтой юм.

3.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “...шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор”  шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул  нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “115 дугаар зүйлийн 115.2.2. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох”  заалт баримталсныг зөвтгөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1147 дугаар шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн “115.2.2,” гэснийг “115.2.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Нутгийн-аваргууд” сургууль давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

 ШҮҮГЧИД                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                        Б.СОСОРБАРАМ