Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 10-ны өдөр                            2022/ДШМ/28                        Хэрлэн сум

 

Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0028

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Ц.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000003 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчимд “Э” зочид буудлын өрөөнд хохирогч М.Ц-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгой руу нь аяга шидэж түүний эрүүл мэндэд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие 7 настай охин, 3 настай хоёр ихэр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд цагийн ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Анхан шатны шүүхээс надад 300 цагийн нийтэд тустай ял оногдуулсан нь  миний орлого олох боломжийг хязгаарлаж байх тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй. Ц.Д- нь 7 настай охин, 3 настай хоёр ихэр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд цагийн ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг тул нийтэд тустай ялыг эдлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Бага насны гурван хүүхдийг нь эхээс нь өөр тэжээн тэтгэх хүнгүй, хүүхдүүдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учир Ц.Д-г ажил хөдөлмөр эрхэлж хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломжоор хангаж өгнө үү.

 

Ц.Д- нь нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн боловч нөхөр нь цагдан хоригдож байгаа, нөхрийгөө эргэх зорилгоор Хэнтий аймагт ирээд нөхөртэйгөө маргасны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэж уг гэмт хэрэгт холбогдсон.

Ц.Д- нь урьд адил төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нь үнэн. Гэхдээ урьд гэмт хэрэгт холбогдож байсан гэж үзэж ял шийтгэл халдаах нь буруу гэж үзэж байна. Иймд Ц.Д-гийн бага насны гурван хүүхэдтэй, нөхөр нь хамт амьдрах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Ц.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ........... аймгийн ........сум ................баг ..................тоотод ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэж мэдүүлсэн. Мөн хөдөлмөр эрхлэлтийн хувьд тогтвор сууршилгүй тухайн үед хөдөлмөр эрхэлдэггүй байсан.

 

Анхан шатны шүүхээс Ц.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, урьд энэ хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг дурдаж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор оногдуулсан байна.

 

Шүүгдэгч Ц.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Д-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч  Ц.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн “Э” зочид буудлын өрөөнд хохирогч М.Ц-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгой руу нь аяга шидэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

           

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 01 хуудас/,

 

- Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хавтаст хэргийн 02 хуудас/,

 

- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хавтаст хэргийн 03 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №34 дугаартай: “...М.Ц-ын биед духанд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 хуудас/,

 

- Хохирогч М.Ц-ын биед үзлэг хийсэн тухай эмчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 30 хуудас/,

 

- Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хавтаст хэргийн 47-48 хуудас/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49-57 хуудас/,

 

- 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 62 хуудас/,

 

- Хохирогч М.Ц-ын: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний орой...Ц.Д- бид хоёр маргалдаад Ц.Д- над руу аяга шидэж, шидсэн аяга нь миний толгойг оносон. ...надад санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Д- надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-7, 15-16 хуудас/,

 

Яллагдагч Ц.Д-гийн: “...миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 163 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Д- нь “7 настай охин, 3 настай хоёр ихэр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд цагийн ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

“Өрх толгойлсон эх, эцэг” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсвэл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг ойлгодог.

 

Хавтаст хэргийн 40-41, 162-163 хуудсанд Ц.Д-гийн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн яллагдагчаар өгсөн “...ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 62 хуудсанд багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолт авагдсан байх тул түүнийг өрх толгойлсон эх гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг оногдуулах бөгөөд шүүгдэгч Ц.Д- нь дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилладаг, торгуулийг ялыг эдлэх боломжтой гэх боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнийг ажил хөдөлмөр эрхэлдэг гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-гийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-гийн гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.ДЭНСМАА

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА