Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2016/0063

 

2016 оны 1 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2016/0063

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш******й овогт Б*****агийн Э*****агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О******г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*****г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э*****а шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Б.Э*****а би Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сар хүртэл 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.

Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Дуүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Н.А*********нгийн 7210741 төгрөг гаргуулж "С***й В***д Ф****с" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.А*********нгээс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0007121 дугаарын бэлэн мөнгө хураасан актаар 7210741 төгрөгийг бэлнээр хураан авахад шийдвэр гүйцэтгэгчийн сургалттай байсан ба төлбөр төлөгчөөс орой хичээлээ тараад бэлэн мөнгөөр нь хураан авч, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хичээлийн завсарлагаанаар төлбөр авагч "С***й В***д Ф****с" ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч Б.Н*******рын Төрийн банкны дансанд шилжүүлж, хаах хүсэлтийг тухайн өдөр нь авсан.

Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын б\1115 тоот тушаалаар "...бэлэн мөнгө хураасан акт үйлдэхдээ засварласан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, дуусгавар болгосон тогтоол нь төлбөр төлөгдөхөөс өмнө үйлдэгдэж, бүртгэлээс зөрүүтэй дугаар олгосон..." зөрчил гаргасан гэж ажлаас халсан.

Миний бие Н.А*********нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг үйлдэхдээ хайхрамжгүй хандаж он сарыг алдаатай бичсэн нь миний буруу хэдий ч, хувийн ашиг сонирхол, мөнгө завшсан асуудал байхгүй байхад сануулах арга хэмжээ авалгүй, шууд ажлаас халсанд маш их гомдолтой байна.

Шалгалтын явцад байгууллагын зүгээс "...Э*****а чамд төлбөр төлөгчөөс их зузаан өргөдөл ирсэн ажилтай эсэх асуудал яригдах байх, хэдэн төгрөг нэхэмжлэхийг мэдэхгүй байна..." гэхээр нь төлбөр төлөгч Н.А*********нгийн 99590277 дугаарын утсаар холбогдон өргөдөл өгсөн талаар тодруулахад нь "Шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр ямар нэг гомдол гаргаагүй, танай газраас ярьж байна 88114667 утсаар холбогдон өргөдөлөө өгөө, хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ гээд залгаад байсан, танайхан ямар эвгүй улс вэ гэж ярьж байсан.

Тэгээд дараа нь төлбөр төлөгч Н.А*********н нь миний утасруу залгаад "танай Шийдвэр гүйцэтгэх газарт ямар нэгэн санал гомдол байхгүй гэж бичээд өргөдлөө өгсөн шүү" гэж надад хэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх газраас дуудаад энэ талаар тайлбар авсан бөгөөд төлбөр төлөгчийн гаргасан өргөдөлтэй танилцъя гэхэд чи өргөдөлтэй танилцах шаардлага байхгүй чамд Улсын ерөнхий гүйцэтгэгчийн удирдамжтай шалгалт орсон гэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэмд ажилтны гаргасан зөрчилд ногдуулах сахилгын шийтгэл нь тухайн ажилтны хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан бөгөөд санамсаргүй, ялимгүй зөрчил гаргасан, түүнээс болж хэн нэгэн хохироогүй, уг зөрчлийг санаатай, гэм буруутай гаргаагүй байхад 2 хүүхэдтэй намайг ажлаас халж, амьдралын баталгаагүй болгож байгаа нь үндэслэлгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний б\1115 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О******г шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

“...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч н.Э*****а нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар н.А*********нгээс 7.210.740 төгрөгийг гаргуулж "С***й В***д Ф****с" ХХК-д олгохоор шийдвэр гүйцэтгүүлэх баримт бичиг ажиллагаа явуулсан. Явуулсан ажиллагааны улмаас иргэн н.А**********нгийн хилээр гарах эрх нь сэргээгдээгүй байна гэсэн үндэслэлээр хил дээр саатуулагдсан.

Үүнийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажлыг хэсэг байгуулаад шалгалт хийсэн. Мөн Төрийн албаны салбар зөвлөлөөс шийдвэр гарсан.

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын б/1115 тоот тушаалаар нэхэмжлэгч Э*****аг чөлөөлсөн. Энэ тушаалын үндэслэл нь бэлэн мөнгө хурааж авсан акт үйлдэхдээ засварласан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дуусгавар болсон тогтоол нь төлбөр төлөхөөс өмнө бүртгэлээс үр төлбөргүй олгогдсон, төлбөр төлөгчийн эрхийг түдгүүлсэн сэргээх ажиллагааг 2 сарын хугацаанд хийгдээгүй гэсэн ийм үндэслэлүүдийг зааж өгсөн.

Нэхэмжлэгч Б.Э*****а нь цаг хугацааны болон техникийн алдаа гаргасан. Хамгийн гол нь Хууль зүйн сайдын 2002 оны 205 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сахилгын дүрэм байгаа. Энэ дүрмний 2 дугаар зүйлийн 2.1-т “Сахилгын шийтгэлийг оногдуулахад тухайн ажилтаны хувийн байдал, зөрчлийн хэм хэмжээ болон төлбөр төлөгчид хохирол учирсан эсэхийг харна” гэж зааж өгсөн байгаа. Тэгэхээр энэ дүрэмд заасан заалтыг үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гаргасан.

Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын б/1115 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*****г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжпэгч Б.Э*****а нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/621 дүгээр тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр, 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, шийдвэр гүйцэтгэгчийн эрхийг хүчингүй болгох сахилгын шийтгэл хүлээсэн.

Сахилгын шийтгэл авагдсан шалтгаан нь иргэн Н.А*********нгийн гаргасан гомдолоор Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Э*****агийн ажлыг шалгасан шалгалтын дүн болно.

Уг шалгалтаар Б.Э*****а нь төлбөр төлөгч Н.А*********нгээс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөрт гаргуулсан гэх 7130741 төгрөгийн бэлэн мөнгө хүлээн авсан баримтыг санаатайгаар засварласан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол нь төлбөр төлөгдөхөөс 1 сарын өмнө үйлдэгдсэн, бүртгэлээс зөрүүтэй дугаар олгосон, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг 2 сарын хугацаанд сэргээх ажиллагааг хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрч Б.Э*****а нь хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттгүй биелүүлсэн нь тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах", Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т "хууль тогтоомжид заасны дагуу, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах", 8.4-т "Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, ...", мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т "Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг 2 хувь үйлдэж, үйлдсэн огноог бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид 1 хувийг өгч, 1 хувийг нь хувийн хэрэгт хавсаргана", 72.3-т "Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна", 136 дугаар зүйлийн 136.1.2-т "шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.3.8-д "ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй" гэж заасныг тус тус үндэслэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.    Маргаан бүхий актын талаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар “Б.Э*****аг төрийн албанаас халах тухай”  тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 72 дугаар зүйлийн 72.1, 72.3, 136 дугаар зүйлийн 136.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.    Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

Б.Э*****а нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хандсаныг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2а/3577  дугаар албан бичгээр “таны өргөдлийг 2015 оны дүгээр сарын 28-ны өдрийн Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн 100 хувийн саналаар гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн болно” гэх  хариуг авсны дагуу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш  30  хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.

3.    Маргаан бүхий актын үндэслэлийн талаар

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэмд ажилтны гаргасан зөрчилд ногдуулах сахилгын шийтгэл нь тухайн ажилтны хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан бөгөөд санамсаргүй, ялимгүй зөрчил гаргасан, түүнээс болж хэн нэгэн хохироогүй, уг зөрчлийг санаатай, гэм буруутай гаргаагүй байхад 2 хүүхэдтэй намайг ажлаас халж, амьдралын баталгаагүй болгож байгаа нь үндэслэлгүй...”, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “Б.Э*****а нь төлбөр төлөгч Н.А*********нгээс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлбөрт гаргуулсан гэх 7130741 төгрөгийн бэлэн мөнгө хүлээн авсан баримтыг санаатайгаар засварласан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол нь төлбөр төлөгдөхөөс 1 сарын өмнө үйлдэгдсэн, бүртгэлээс зөрүүтэй дугаар олгосон, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг 2 сарын хугацаанд сэргээх ажиллагааг хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрч Б.Э*****а нь хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттгүй биелүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон” гэж тайлбарлан маргаж байна.

Иргэн Н.А*********нгээс “гадаадад зорчих эрх хөндсөн” гэх гомдлыг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх шийдвэр гүйцэтгэх тасгаар дамжуулан Шийдвэр гүйцэтгэх газарт амаар гаргасныг үндэслэн Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Э*****агийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй гүйцэтгэх баримт бичигт томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалт хийн, дүнг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр илтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийг зөрчсөн, иргэний гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, эрх хөндсөн гэж үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулахаар санал оруулжээ.

Шалгалтын ажлын хэсгийн уг саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ерөнхий газрын дарга 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн албанаас мөн өдрөөр тасалбар болгон халж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа өнгөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Э*****а нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5668 дугаар шүүгчийн захирамжаар Н.А*********нгээс 7.130,741 төгрөг гаргуулж “С***й В***д Ф****с” ХХК-д олгох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа “2015 оны 2 дугаар сард төлбөр төлөгч Н.А*********нгийн гадаадад зорчих эрхийг хязгаарласан бөгөөд 6 дугаар сард төлбөрөө төлсөн байхад 8 дугаар сар хүртэл гадаадад зорчих эрхийг сэргээгээгүй, төлбөр төлөгчөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0007121 дугаартай бэлэн мөнгө хураах квитанцаар 7.210,741 төгрөг хураасан боловч төлбөрийн дансанд төвлөрүүлээгүй, төлбөр авагчид бэлнээр олгосон гэх боловч баримтыг хавсаргаагүй, бэлэн мөнгө хураах тасалбараа ахлах гүйцэтгэгчээр хянуулаагүй, бэлэн мөнгө хураах актаа засвартай үйлдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолын огноо нь төлбөр төлөгдөхөөс 1 сарын өмнөх өдрөөр үйлдэгдсэн” зөрчлийг гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэл дэх нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг зөрчлийг гаргасан эсэх дээр маргаагүй гэдгээ илэрхийлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас шууд халах сахилгын шийтгэлийг ногдуулна. Дор дурдсан зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцно: 10.2.3-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тогтоосон хууль журам, зөрчиж явуулсанаас иргэд, байгууллагад хохирол учирсан” гэж заасан зөрчилд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил хамаарахгүй, энэ зөрчлийн улмаас иргэн Н.А*********нд хохирол учраагүй гэдгийг шүүхэд гэрчээр дуудагдсан Н.А*********н илэрхийлсэн” гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий захиргааны акт нь өмгөөлөгчийн үндэслэл болгож буй журмын уг заалтыг үндэслэж гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн уг журмын 10 дугаар зүйлийн 10.2.7-д “байгууллагын дотоод хяналт, шалгалтаар илрүүлсэн болон хууль тогтоомжоор ажлаас халах, чөлөөлөхөөр заасан бусад зөрчил”-ийг сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажлаас халахаар тусгасан байх ба Б.Э*****агийн зөрчлийг Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулан илрүүлсэн тул уг заалтад хамааруулж тайлбарлах хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 205 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.8-д “2.3 Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд дараах үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулна: 2.3.8 ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй” гэдэг нь Баянзүрх дүүргийн хааж дуусгавар болгосон гүйцэтгэх баримт бичгийн бүртгэлийн дэвтэр, Н.А*********нгээс бэлэн мөнгө хураасан акт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажлыг шалгасан дүнгийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Э*****а нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг 2 хувь үйлдэж, үйлдсэн огноог бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид 1 хувийг өгч, 1 хувийг нь хувийн хэрэгт хавсаргана.”, “Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн б/1115 дугаар тушаалаар түүнийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх зөрчлийн хэр хэмжээнд тохирсон, зорилгодоо нийцсэн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.2-т “136.1.Шийдвэр гүйцэтгэгчид зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна: 136.1.2: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох”-оор заасан тул хуулийн энэ заалтаар хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.3, 136 дугаар зүйлийн 136.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э*****агийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний б\1115 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд  эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА