| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2140000440073 |
| Дугаар | 2022/ДШМ/29 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/29
2022 оны 05 сарын 10-ны өдөр 2022/ДШМ/29 Хэрлэн сум
Н.Г-, Б.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн талаар
226/2022/0029/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор Н.Амаржаргал /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат /цахимаар/,
Хохирогч Ц.Г-, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Г.Сумъяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Г-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2140000440073 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Г-, Б.Б- нар нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Ц.Г- гэрт очиж, архи ууж согтуурсан үедээ Ц.Г- үгээр хатгаж, өдөж маргаан үүсгэн улмаар түүний толгой, нүүр, баруун нүд, цээжинд 3-4 удаа гараараа цохиж, газар унасан хойно нь хөлөөрөө цээжин тус газар өшиглөж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт холбогджээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Н.Г-, шүүгдэгч Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Г-, Б.Б- нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-, Б.Б- нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-, Б.Б- нараас 7.556.513 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж хохирогч Ц.Г-д олгож, 4.175.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 11.244.839 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Г.Сумъяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Шүүгдэгч нарын хувьд гэм буруу болон ял шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэртэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохиролтой холбоотой дараах тооцооллыг гаргаж, хохирогч Г-н нэхэмжилсэн 24.753.352 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 1.777.000 төгрөгийг хасч, үлдэх 22.976.352 төгрөгөөс 4.175.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 11.244.839 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж дор дурдсан нэхэмжлэлийг шүүх хэсэгчлэн хангаж нийт 7.556.513 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:
1. НЭ хэвтэж эмчлүүлсэн ор, хоногийн төлбөр 1.586.665 төгрөг,
2. “О” эмийн сангаас авсан нүдний дусаалга 3800 төгрөг,
3. Томографт харуулсан төлбөр 120.000 төгрөг,
4. “О” эмийн сангаас 84.000 төгрөгөөр эм авснаас “дистрептаза” эмэгтэйчүүдийн үрэвслийн лааны 57.000 төгрөгийг хасч 27.000 төгрөг,
5. Ковидийн шинжилгээний төлбөр 50.000 төгрөг,
6. “Л” эмнэлэгт хийлгэсэн оношилгооны төлбөр 120.000 төгрөг,
7. “М” эмнэлгийн сахиурын ПСР шинжилгээний төлбөр 92.000 төгрөг,
8. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсний төлбөр 37.500 төгрөг,
9. “М” эмийн сангаас авсан эмийн үнэ 501.167 төгрөгөөс “дистрептаза”, “фунгинов” зэрэг эмэгтэйчүүдийн лааны үнэ 109.125 төгрөгийг хасаад 387.174 төгрөг,
10. “О” ӨЭМТ-ийн эмчилгээний төлбөр 50.000 төгрөг,
11. “О” эмийн сангаас авсан эм 96.900 төгрөг,
12. Х.О-д мал маллуулсны төлбөрт өгсөн 165.200 төгрөг,
13. “Б” массажны төвд бариа хийлгэсний төлбөр 1.050.000 төгрөг,
14. “М” эмнэлгийн төлбөр 150.000 төгрөг,
15. “О” эмийн сангаас авсан эмийн 16.200 төгрөгөөс жирэмснээс хамгаалах эмийн үнэ 4.200 төгрөгийг хасч 12.000 төгрөг,
16. “О” эмийн сангаас 9800 төгрөг,
17. Шатахууны зардлын баримтууд 1.404.514 төгрөг,
18. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан 555.950 төгрөгийн хохирлын баримтаас 5 ширхэг Е-баримттай шатахууны зардал 367.000 төгрөг,
19. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан 41.920 төгрөгийн хохирлын баримтаас 5 ширхэг Е-баримттай шатахууны зардал 31.950 төгрөг,
20. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан 377.000 төгрөгийн хохирлын баримтаас 2 ширхэг Е-баримттай шатахууны зардал 199.000 төгрөг,
21. Өмгөөлөгчид төлсөн болон өмгөөллийн төлбөр 1.300.000 төгрөг зэрэг болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.
Нэг. Гэмт хэргийн улмаас учирсан баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээг буруу тооцоолсон тухайд: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарын төлсөн 1.777.000 төгрөгийг нийт нэхэмжилсэн 24.753.352 төгрөгөөс хасч, үлдэх 22.976.352 төгрөгөөс, 7.556.513 төгрөгийг баримтаар тогтоогдож байна гэж үзэж хангаж, 4.175.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 11.244.839 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.
Хавтаст хэргээс харахад хохирогчийн нэхэмжилсэн 24.753.352 төгрөгөөс 7.731.706 төгрөгт тооцогдох баримт байгаа, үүнээс эмийн сангаас авсан эмэгтэйчүүдийн эм, лаа авсан мөнгөн дүн 175.193 төгрөгийг /шийдвэр дээр хассан дүн/ хасвал 7.556.513 төгрөг болно. Харин баримтгүйгээр шүүгдэгч нараас нэхэмжилсэн мөнгөн дүн нь 17.021.646 төгрөг болно. Анхан шатны шүүх баримтгүйгээр нэхэмжилсэн мөнгөн дүн болох 17.021.646 төгрөгөөс ГССҮТ-д эмчлүүлсэн гэж илүү нэхэмжилсэн 375.000 төгрөг, алдсан адууны 3.800.000 төгрөг, нийт 4.175.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 11.244.839 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 4.175.000 төгрөг баримттай хэдий ч хохирогчийн хэрэглэх боломжгүй эм, тарианы мөнгө болох шийдвэр дээр хасагдсан 175.193 төгрөг давхар орох ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх оруулаагүй орхигдуулсан.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхисон 11.244.839, хэрэгсэхгүй болгосон 4.175.000, хангаж шийдвэрлэсэн 7.556.513 төгрөгийг тус тус нэмэхэд нийт 22.976.352 төгрөг болох бөгөөд баримттай хэдий ч хохирогч хэрэглэх боломжгүй гэж хасагдсан 175.193 төгрөг шүүхийн тооцоолол хийсэн хохирлын хэмжээнд ороогүй тул шүүгдэгч нарын төлсөн 1.777.000 төгрөгөөс шууд хасагдсан байна.
Түүнчлэн анхан шатны шүүх 7.556.513 төгрөгийн нэхэмжлэл нь баримтаар тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн.
Ингэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын хохирогчид төлсөн 1.777.000 төгрөгийг тэдний төлөх төлбөрөөс хасч тооцоогүй алдаа гаргасан.
Учир нь хохирогч нарын нэхэмжилсэн нийт мөнгөн дүн болон 24.753.352 төгрөгт баримттай, баримтгүй, хамааралгүй хохирлын мөнгөн дүн бүгд багтсан.
Гэтэл анхан шатны шүүх нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс шүүгдэгч нарын төлсөн 1.777.000 төгрөгийн хасч, хэрэгт авагдсан баримттай хохирлыг ханган шийдвэрлэж байгаа нь шүүгдэгч нарын хохиролд төлсөн мөнгөн дүнг баримтгүй нэхэмжилсэн хохирлоос хассан гэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар нь хохирогчийн Хэнтий аймагт хэвтэн эмчлүүлсэн, оношлуулсан зардал болон Галшар сумаас ирэхэд гарсан шатахууны зардал зэрэг хохирогчийн эмчилгээний явцад гарсан эхний зардлуудыг тухай бүр төлж барагдуулсан.
Тухайлбал анхан шатны шүүхийн баримтаар тооцогдсон гэж дүгнэсэн 7.556.513 төгрөгийн хохирлын баримтад шүүгдэгч нарын төлсөн Хэнтий аймгийн НЭ хэвтэж эмчлүүлсэн ор, хоногийн төлбөр 1.586.665, Галшар сумаас Хэнтий аймаг руу явахад гаргасан шатахууны зардал 44.020, Хэнтий аймгийн НЭ оношилгооны зардал 120.000 төгрөгийн баримтууд тус тус орж тооцогдсон.
Өөрөөр хэлбэл хохирогчийн нэхэмжилсэн хохирлын нийт төлбөрөөс биш харин баримтаар тогтоогдож байгаа хохирлын хэмжээнээс шүүгдэгч нарын төлсөн 1.777.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй юм.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй зардлыг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн тухайд: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Г-н биед учирсан “зүүн 2, 3, 4-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүсэлхийн зүүн талд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Өөрөөр хэлбэл “бусдын эрх амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон зайлшгүй гарсан зардлыг хохирогчид төлөх, үүрэг бүхий тэгээд эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Харин хохирогчийн өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 1.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд хохирогч нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.
Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн хөлс гэж төлсөн 1.300.000 төгрөгийг хангах үндэслэлгүй, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 7.556.513 төгрөгөөс хасагдах нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 1. Шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 7.556.513 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлс 1.300.000 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгох,
2. Шүүгдэгч нарын төлсөн 1.777.000 төгрөгийг баримтаар тогтоогдож байгаа хохирлын хэмжээнээс хасч тооцож өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ц.Г- нь нийт 24.753.352 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нар эмнэлгийн ор, хоногийн мөнгийг төлсөн. Шүүхээс эмчилгээний зардал, бусад төлбөрийг нотлох баримтын хүрээнд үнэлэн зарим хэсгийг хангаж, баримтгүй зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Өмгөөлөгчийн хөлсний хувьд 1.500.000 төгрөгөөр тохиролцсон боловч надад 500.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нараас хохирол төлбөрөө гаргуулж авсны дараа үлдсэн мөнгийг өгнө гэсэн. Ц.Г- хууль зүйн мэдлэггүй учир өмгөөлөгч авсан. Хэрэв эдгээр хүмүүс Ц.Г-д хохирол учруулаагүй байсан бол өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч Ц.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү” гэв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын зүгээс анхан шатны шүүх 7.556.513 төгрөгийн хохирлыг нотлох баримтад тулгуурлан үнэн зөв тооцоолон гаргасан гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн хөлс 1.300.000 мянган төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд Н.Г-, Б.Б- нар нь халдаж Ц.Г-д хохирол учруулаагүй байсан бол Ц.Г- өмгөөлөгч авахгүй, мөн эмчилгээний зардал нэхэмжлэхгүй байсан.
Иймд хохирогчид төлөх зардлыг бүрэн төлүүлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-, түүний өмгөөлөгч Г.Сумъяа нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Г-, Б.Б- нар нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Ц.Г- гэрт очиж, архи ууж согтуурсан үедээ Ц.Г- үгээр хатгаж, өдөж маргаан үүсгэн улмаар түүний толгой, нүүр, баруун нүд, цээжинд 3-4 удаа гараараа цохиж, газар унасан хойно нь хөлөөрөө цээжин тус газар өшиглөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 02 хуудас/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 738 дугаартай шинжээчийн “...Ц.Г- биед зүүн 2,3,4-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зовхи унжилт 1 зэрэг, зүүн нүдний дээд доод зовхи, цээжний зүүн хэсэгт цус хуралт, бүсэлхийн зүүн талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж-н 2021.06.16-ны өдрийн 270 дугаартай, 2021.08.18-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 111-115 хуудас/,
- Хэнтий аймгийн НЭ-н Онош зүйн тасгийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн толгойн тодосгогчгүй компьютер томографын шинжилгээний хариу /1 хавтаст хэргийн 125 хуудас/,
- “Л” эмнэлгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн компьютер томографын шинжилгээний хариу /1 хавтаст хэргийн 126 хуудас/,
- ГССҮТөвийн хэвлийн хэт авиан оношилгооны хариу, өвчний түүх /1 хавтаст хэргийн 130-137 хуудас/,
- Хохирогчоос гаргасан хохирлын задаргаа, хохирлын баримтууд /1 хавтаст хэргийн 225-234 хуудас/,
- Шүүгдэгч Н.Г-, Б.Б- нарын “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /2 хавтаст хэргийн 7, 8 хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэлүүд /2 хавтаст хэргийн 63-65, 68-70 хуудас/
- Хохирогч Ц.Г- “...2021 оны 05 сарын 21-ний орой ...Н.Г-, Т, Т нар ...хамт архи ууж байхдаа гурвуулаа намайг өдөж, үгээр хатгаад байсан. Тэгээд уух юм дуусахад Т надад хандан “дүүгээ та мэднэ биз дээ” гэж босч ирээд “гараад ир, гадаа чамайг ална” гэж агсран цээж хэсэгт цохиход манай эхнэр Т-г салгаж түлхэхэд Н.Г- дайрч орж ирээд зууралдаж байхад Т араас татаж унагаад тэр 3 дээрээс өшиглөж цохисон. Хэн хэн яаж цохисныг хараагүй, харах сөхөө ч байгаагүй. Тэгээд эхнэртээ хандан цагдаа дууд гэж орилоход манай эхнэр цагдаа дуудахаар явсан хойгуур гэрт орон дээр зодож байгаад гарч байшингаас гаргаад дээшээ харж унаад тэр гуравт зодуулж байгаад хэвтээд доошоо хараад нүүр, толгой, цээж хавирга хэсэгт өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 06-07 хуудас/,
- Гэрч Г.Н-н “...2021 оны 05 дугаар сарын 21-ний орой ...Н.Г-, Т, Т нар ...манайд архи, пиво ууцгаасан. Т нилээн согтож “би таван ахтай хүн, надад бол алдах юм байхгүй” гэх зэргээр агсраад байхаар нь би “та нарын авч ирсэн архи дууссан бол зайлцгаа, та нар ямар санаа бодолтой ирсэн юм бэ, архи уугаад зодолдож муудалцах санаатай ирсэн юм уу” гэх зэргээр хөөж туухад Т босч ирээд манай нөхрийн цээж хэсэг рүү цохихоор нь би Т-г түлхэж салгаж холдуулсан. ...Н.Г- босч ирээд “Ц.Г- ах аа миний бага насыг мэдэх үү, би танд мэдүүлээд өгнө” гээд манай нөхөр рүү дайрахаар нь би голоор нь ороод “та нар яв, зайл, яах гэж ирсэн юм бэ” гэхэд Н.Г- над руу хандан “чи өөрөө зайл, Г-г чинь алах гэж ирсэн юм” гээд гичий, янханаар нь харааж доромжилж миний өөдөөс нулимж миний бугалга хэсэгт цохихоор нь манай нөхөр намайг өмөөрөөд босч ирэхэд Н.Г- шууд манай нөхрийг толгой нүүрний хэсэгт цохиж унагаагаад Н.Г- дээр нь гарч суугаад цохиж ноцолдсон.
Манай нөхрийг босч ирэх гэтэл Т цамцных нь захаас боож арагшаа татаж унагаагаад Т, Н.Г-, Т нар дээр нь гарч ноцолдож зодож байгаад Н.Г- нь манай нөхрийн зүүн талын нүд хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөхөөр нь би шүүгээнээс гурилын элдүүр авч ирээд Н.Г-ын хөл, гар хэсэг рүү цохиход Тоогий намайг салгаж цааш түлхсэн. ...манай нөхөр “цагдаа дууд” гэж орилохоор нь би сүлжээтэй газар очиж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 09-11 хуудас/,
- Гэрч Ц:Т-н: “...2021 оны 05 сарын 21-ний орой ...Ц.Г- ах, Н.Г-, Б.Б- бид дөрөв архи, пиво хувааж уусан. ...юунаас болсныг мэдэхгүй Б.Б-, Ц.Г- ах нар хоорондоо муудалцаж зодолдохоор нь би салгах гэтэл Ч босож ирээд Н.Г-ын нуруу, толгой хэсэгт гурилын элдүүрээр цохиод хөөхөөр нь бүгдээрээ байшингаас нь гарсан. ....байшингийн зүүн урд талд Ц.Г- ах, Н.Г-, Б.Б- нар хоорондоо муудалцаж зодолдоод байсан. ...Ц.Г- эхнэртээ “цагдаа дууд” гэхэд эхнэр нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 21-23 хуудас/,
- Гэрч М.З-н “...манай нөхөр 2021 оны 05 дугаар сарын 22-ны орой 01 цагийн орчимд гэртээ ирсэн байх, цагийг нь сайн анзаараагүй. Орой ирээд юм дуугаралгүй нилээн согтуу унтсан. Тэгээд Б.Б-ын хамар нүд хэсэгт хавдсан байхаар нь би хүйтэн жин тавьж өгсөн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 05 дугаар сарын 22-ны өглөө би нөхөртөө хандан "чиний хамар нүд чинь яагаад хавдсан юм. Хэнтэйгээ муудалцсан юм бэ" гэж асуухад Н.Г-, Ц.Г- ах хоёр хоорондоо муудалцахаар нь салгах гээд Ц.Г- ахад цохиулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 25-26 хуудас/,
- Гэрч Б.О-н: “...2021 оны 05 дугаар сарын 22-ны орой 02 цаг 10 минутын орчимд “Ц.Г- гэх хүн хүнд зодуулж цус алдсан" гэх дуудлагад очиж Г-г үзэхэд ...зүүн талын 3-4 дүгээр хавирга гэмтсэн байх магадлалтай, зүүн цээжинд хавдсан, 2 нүдний орчимд хөхөрсөн, баруун нүдний дээд хэсэгт язарсан шархтай байсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 28-29 хуудас/,
- Шинжээч Г.Э-н: “...Хохирогч Г-н 2021 оны 05 дугаар сарын 27-ны болон 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн цээжний компьютерын зургийг дүрс оношилгооны эмчээр дахин уншуулахад зүүн талын 2,3,4-р хавирга хугарсан байна гэсэн тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан. ...Г-н дүрс оношилгооны буюу компьютерын зурагны хариу хугаралттай, хугаралтгүй гэсэн 2 өөр янзаар гарсан байна. Энэ нь цээжний компьютерын зураг дутуу хуулагдсан байсан. Мөн уг зургийг Улаанбаатар хот руу тусгай програмаар уншуулахад зурагны тодрол нь муудаж бүдгэрсэн зэрэгтэй холбоотой зурагны хариу өөр өөр уншигдсан байна. Тийм учраас тухайн үедээ хугаралгүй гэсэн учраас хөнгөн гэмтэл гэж гаргасан нь тухайн үедээ үндэслэлтэй гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 118, 213 хуудас/,
- Яллагдагч Б.Б-ын: “..Бид нарыг Г- гэрт архи уугаад сууж байхад эхлээд малын бэлчээрээс болж Ц.Г-, Н.Г- хоёр хоорондоо муудаж байсныг мэдэж байна. Миний санаж байгаагаар хоорондоо муудаад байхаар нь Н.Г-, Т хоёрыг тэдний гэрээс авч гараад явах гэж байхад Ц.Г- гэрээсээ гарч ирээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би эргэж очоод уулзахад миний нүүр рүү цохиод, тонгорч газар унагаад хоолой дээр нэг гараараа дараад нөгөө гараараа цохиод байхаар нь ноцолдож байгаад босоод Гантулгын толгой руу 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 173 хуудас/,
- Яллагдагч Н.Г-ын: “..Би 2021 оны 05 сарын 21-ний орой ...архи ууж байгаад Ц.Г- бид хоёр эхлээд малын бэлчээрээс болж хоорондоо маргалдсан. Би Ц.Г-тай маргалдаж байгаад цаашаа юу болсныг санахгүй байгаа, уусан архиндаа согтсон байсан. ...би Г-г яаж зодсоноо санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан архи уугаад согтсон үедээ Г-г зодож гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 179 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Н.Г-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Г-, Б.Б- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-, Б.Б- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээг буруу тооцоолсон тул шүүгдэгч нарын хохирогчид төлсөн 1.777.000, өмгөөлөгчийн хөлс 1.300.000 төгрөгийг хасч тооцож өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлын тухайд:
Хохирогч Ц.Г- нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй билээ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээг “7.556.513“ гэж зөв тогтоосон хэрнээ шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед хохиролд төлсөн 1.777.00 төгрөгийг хасч тооцоогүй нь буруу байна.
Иймд нэхэмжлэлээс:
1. “О” эмийн сангаас авсан эмэгтэйчүүдийн үрэвслийн лааны үнэ 57,000 төгрөг,
2. “М” эмийн сангаас авсан “дистрептаза”, “фунгинов” зэрэг эмэгтэйчүүдийн лааны 109,125 төгрөг, 4868 төгрөг,
3. “О” эмийн сангаас авсан эмийн авсан жирэмнээс хамгаалах эмийн үнэ 4,200 төгрөг,
4. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан шатахууны зардал 179.950 төгрөг,
5. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан шатахууны зардал 99.970 төгрөг,
6. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан шатахууны зардал 178.000 төгрөг,
7.Өмгөөлөгчид төлсөн болон төлөх өмгөөллийн төлбөр 1,300,000 төгрөг,
8. Алдсан адууны үнэ 3.800.000 төгрөг, нийт 5.733.113 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4.479.513 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж, 12.763.726 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгдэгч Н.Г- 500.000 төгрөгийн, шүүгдэгч Б.Б- нь 1.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч Ц.Г-д тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...7.556.513...” гэснийг “...4.479.513...” гэж, “...4.175.000...” гэснийг “...5.733.113...” гэж, “...11.244.839...” гэснийг “...12.763.726...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогч Ц.Г-д шүүгдэгч Н.Г- нь 500.000 төгрөгийн, шүүгдэгч Б.Б- нь 1.000.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Б.ДЭНСМАА