Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/098

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч М.Ф, 

хохирогч М.Е,

шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Дт холбогдох 1713000360017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ш.Д: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С овгийн Ш-гийн Д, 1994 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж, ахуйн үйлдвэрлэлийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын **дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:…....  

Шүүгдэгч Ш.Д-ын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэгч Ш.Д нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байрлалтай “А” захад үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Е-ийн оёдлын цехэд очиж “би танай урьд байдаг үсчний газарт ажилладаг охин байна. Буйданд бүтээлгэ хийлгэх гэсэн юм. Ямар материалаар хийлгэвэл зүгээр бэ?, би ээжээсээ асууя та гар утсаа өгч байгаач” гэж худал хэлээд М.Е-ээс “Айфоне эс-4” маркийн гар утсыг нь хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ш.Д нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байрлалтай “А” захад үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Е-ийн оёдлын цехэд очиж “би танай урьд байдаг үсчний газарт ажилладаг охин байна. Буйданд бүтээлгэ хийлгэх гэсэн юм. Ямар материалаар хийлгэвэл зүгээр бэ ?, би ээжээсээ асууя та гар утсаа өгч байгаач” гэж худал хэлээд М.Е-с “Айфоне 4” маркийн гар утсыг нь хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хохирогч М.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр оройн үед “А” захад ажил дээрээ сууж байхад гаднаас үл таних 20-22 насны орчмын шар царайтай, үсээ шараар будаж тайрсан, 160 см гаруй өндөр нуруутай туранхай биетэй, улаан алаг өнгийн халаат өмссөн урт юупктай эмэгтэй хүн орж ирэн танд захиалга өгөх гэсэн юм. Би танай урьд байдаг үсчний газарт ажилладаг охин байна. Буйданд бүтээлгэ хийлгэх гэсэн юм. Ямар материалаар хийлгэвэл зүгээр үү?, би ээжээсээ асууя та гар утсаа өгч байгаач гэж хэлээд миний гар утсыг авч гадагшаа гарсан ба би араас нь дагаж гарахад үүдэнд утсаар ярьж байгаа мэт харагдсан. Тэгээд дотогшоо ороод орж ирэхгүй болохоор нь 5 минутын дараа араас нь гарахад нөгөө эмэгтэй алга болсон байсан юм”, “... Тэгээд би манай ажлын газрын урьд байдаг үсчинд очиж нөгөө эмэгтэйг асуухад манайд тийм эмэгтэй ажилладаггүй гэсэн юм. Тэр эмэгтэй ирэхээс өмнө надад 85-аар эхэлсэн нэг дугаараас залгаж манай охин очиж захиалга өгсөн үү ?, наад охинд 10000 мянган төгрөг өгчихөөрэй би одоо захиалга өгөх гэж байна. Би танай урьд ажилладаг үсчин А байна гэж ярьсан юм. Сүүлд нь бодоод байсан чинь тэр эмэгтэй намайг залилсан байгаа юм байна. Утсаар ярьсан эмэгтэй миний утсыг авч явсан эмэгтэй хоёрын хоолойны өнгө ижил байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

- Гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 13-ны оройн 18 цагийн үед ажил дээр М.Е бид хоёр сууж байхад гаднаас үл таних шар царайтай, үсээ тайрсан, дунд зэргийн нуруутай, туранхай улаан алаг өнгийн халаат өмссөн эмэгтэй хүн орж ирж М.Е-тэй юм ярьж байгаад гар утсыг нь авч гадаа гарсан ба тэгээд эргэж ирээгүй 5 орчим минутын дараа М.Е араас нь гарч нөгөө охин миний гар утсыг аваад явсан байна гэж хэлсэн юм. Тэгээд бид тэр охиныг хайж олоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Гар утас хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ш.Д-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ш.Д-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ш.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно. 

Шүүгдэгч Ш.Д-т хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ давхар авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С овогт Ш-гийн Д-ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ыг 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 5. Шүүгдэгч Ш.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүгдэгч Ш.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүйг дурдсугай. 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Ш.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй. 

8. Шүүгдэгч Ш.Д-ын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд газарт шилжүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д