Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00004

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

2020        01             23                                             04

 

                                                                             

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Х.Хнарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын  02-ны өдрийн 1051 дүгээр шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Л.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банкны Хөвсгөл салбарт холбогдох хууль бусаар суутгасан 2,542,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банк дахь 5913152779 тоот дансыг чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гарган шийдвэрлүүлсэн билээ. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн зүгээс ХААН банкны миний тэтгэврээ захиран зарцуулах эрхэнд халдан, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр суутгал хийсэн үйлдлийг буруу гэж дүгнэн дансанд барилт хийсэн үйлдлээ таслан зогсоож, тэтгэврээ захиран зарцуулах эрхээр хангахыг ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарт даалган шийдвэрлэсэн. ХААН банкны зүгээс хуульд заасан хугацаанд хяналтын шатанд хандаагүй учраас давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад ХААН банкны зүгээс дансны барилтыг чөлөөлсөн боловч ямар ч шалтгаангүйгээр 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хууль бусаар суутгаж авсан 2,542,000 төгрөгийг өгөхгүй хохироосоор байна. ХААН банк нь миний өөрийн өмчөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж үндэслэлгүйгээр суутгал хийсэн тэтгэврийн мөнгийг бүрэн олгож, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх ёстой гэж үзэж байгаа тул уг асуудлыг шийдвэрлүүлж, тэтгэврийн мөнгөө бүрэн олж авахаар шүүхэд хандаж байна. Иймд ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбараас 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр миний тэтгэврээс суутгаж авсан 2,542,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХААН банкны зүгээс зээлийн гэрээнд заасны дагуу үл маргах журмаар 2,542,000 төгрөгийг төлүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ тайлбар нь тэдний зүгээс зээлдэгч нартай байгуулсан гэрээ нь хуульд нийцээгүй гэдгийг нотолж байна. Мөрөн сумын иргэн Л.Б нь Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэх заалтын дагуу ХААН банкны хууль бус өмчлөлөөс өөрийн хөрөнгөө авахыг шаардаж, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд ХААН банкны зүгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “...төлбөрийг түүний тэтгэвэр буюу тэтгэмжээс нь төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол...”, 29.3-т заасан“...нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 29.4-т заасан “Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг шүүх тогтоон түүний тэтгэврийн мөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээхийг шүүхээс даалгаж шийдвэрлэсэн юм. Иргэн Л.Бгийн дахин нэхэмжлэл гаргасан шалтгаан бол ХААН банкны зүгээс шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхгүй байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл 2018 оны 1 дүгээр сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны хооронд эрх бүхий байгууллгын шийдвэргүйгээр суутгаж авсан 2,542,000 төгрөгийг буцааж өгөх ёстой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б нь өөрийн гэр бүлийн хүн Ч.Төмөрбаатарын хамт ХААН банкны Хөвсгөл салбараас 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 201642699514 тоот зээлийн шугамын болон барьцааны гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн бизнесийн шугамын зээлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ201642834054 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг тус тус авсан билээ. Уг зээлүүдэд нэхэмжлэгч Л.Б нь өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд Зээлийн гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байгаа тул мөн зээлийн гэрээний 3.2, 3.2.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн данснаас 2,542,000 төгрөгийг гаргуулан авч зээлд төлүүлсэн нь холбогдох хууль болон гэрээг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчээс 2,542,000 төгрөгийг банкнаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ гэж заасан байдаг. Мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь Хаан банк дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг барагдуулах гэж заасны дагуу зээлдэгчийн бусад дансанд барилт хийж тухайн зээлийг төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байдаг. Зохигч нарын байгуулсан дээрх хоёр гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-т заасан бичгээр байгуулах, тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэх мэтчилэн хуульд заасан шаардлагыг хангасан. Тухайн гэрээ байгуулахад талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан байдаг. Тухайн гэрээнд оролцогч талууд нь гарын үсэг зурж баталгаажуулснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болж хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байдаг. Хүчин төгөлдөр гэрээний заалтын дагуу хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид өгсөн үйл баримт нотлогдсон тул үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Зохигч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд хуулийн хүрээнд гэрээ чөлөөтэй, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлно гэж заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж сайн дурын үндсэн дээр тухайн гэрээг байгуулсан. Тухайн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б, Хаан банкны хооронд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар ямар нэг ноцтой сөрөг нөлөө үзүүлхүйц аливаа нөхцөл байдал үүссэн гэж банк өөрөө үзсэн тохиолдолд зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансанд барилт хийх бөгөөд зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хувиарын дагуу шууд суутгана гэж заасан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкин дахь данснаас, харилцах данс мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах эдгээр данс нь төлбөр хийх боломжгүй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж банкин дахь хугацаатай дансанд барилт хийж мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах талаар талууд 2016 онд байгуулсан гэрээн дээрээ тохиролцсон байдаг.  Тэгэхээр Хаан банк нь гэрээ болон хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлсэн. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, ойлгомжгүй, тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотлох баримтаар нотлох ёстой юм. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нотолсон баримт авагдаагүй байна. Тухайн үед авагдсан шийдвэрүүд зээлийн гэрээтэй холбоотой хоёр шатны шүүхийн шийдвэр байна. Сүүлд нь Л.Бгийн нэхэмжлэлтэй хууль бус үйлдлийг зогсоож данс барилтаас өөрийн дансыг чөлөөлүүлье гэсэн маргаан дээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ гэхээр Л.Бгийн тэтгэвэрийн дансыг барьсан нь хууль бус үйлдэл гарсан нь тогтоогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлага болох Хаан банкны дугаар дансыг чөлөөлүүлэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Тухайн шийдвэрт нь давж заалдах шатны шүүх нь өөрчлөлт оруулсан байдаг. Тухайн үед хаан банкны төлөөлөгч нь ээлжийн амралттай байсан учраас тухайн магадлалд гомдол гаргаж чадаагүй, хуульд заасан хугацаа нь дууссан байдаг. Дээрх гэрээ болон хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбараа дэмжиж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 1051 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хаан банкны Хөвсгөл салбараас 2.542.000 /хоёр сая таван зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Лувсансодовын Баасанхүү /РД64041505/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Лувсансодовын Баасанхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.622 / тавин таван мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагч Хаан банкны Хөвсгөл салбараас 55.622 / тавин таван мянга зургаан зуун хорин хоёр/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд  олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Ч.Төмөрбаатар, Л.Б нарт холбогдох Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй зээлийн үлдэгдэл төлбөр 81,265,745 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг нь нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага, зүйл, үндэслэлийн талаарх иргэний хэрэгтэй хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь Л.Бгийн дээрх нэхэмжлэл нь Ч.Төмөрбаатар, Л.Б нарт холбогдох Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй зээлийн үлдэгдэл төлбөр 81,265,745 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийн нэхэмжлэлийн маргаж буй зүйл, үндэслэлтэй холбоотой бус, зөвхөн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар явуулсан Хаан банкны Хөвсгөл салбарын үйл ажиллагааны улмаас урган гарсан, өндөр насны тэтгэвэр тэтгэмж буюу Л.Бгийн хувийн байдалтай салшгүй холбоотой эрхийг зөрчсөнөөс үүссэн маргаан байна гэж шүүх дүгнэж маргааныг иргэний журмаар хянан шийдвэрлэхэд Ч.Төмөрбаатар, Л.Б нарт холбогдох Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хэрэг саад болохгүй бөгөөд Хаан банкны Хөвсгөл салбар нь зээлийн төлбөрт Л.Бгийн тэтгэвэрийн данснаас суутган тооцсон 2,542,000 төгрөгийг зохигчдоос гаргуулахаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа болохыг дурдах нь зүйтэй” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасан бөгөөд Л.Б  /Ч.Төмөрбаатар/ нар өөрийн бизнесээ өргөжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон учраас 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийн зээл авах саналаа ХААН банкны Хөвсгөл салбарт зээл авах хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээний бүх нөхцөл шаардлагыг зөвшөөрсний үндсэн дээр хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Гэтэл зээл төлөх хугацаа хэтэрч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Л.Б, Ч.Төмөрбаатар нараас зээлийн гэрэний үүргийн гүйцэтгэлд 81,265,745 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т “Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг... хууль буюу гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээх, дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ” гэж хуульчилсан байна. Харин талууд гэрээний 3.2-т “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь дараах зөвшөөрлийг банкинд энэхүү гэрээгээр олгосон бөгөөд дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно” гээд 3.2.1-т “ХААН банкин дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг суутган авах”, 4.2.5-т “Зээлдэгчид урьдчилан тооцоолох боломжгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн мөнгөн хөрөнгөөс нэн тэргүүнд зээлийн төлбөр, бусад төлбөрийг төлнө”, 5.1.2-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж банк дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах” гэж тохиролцсон.

Мөн Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-д “харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх” гэж, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл ул маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бухий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж тус тус заасан бөгөөд дээрх хуульд заасан үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээг талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр хамтран зээлдэгч Л.Бгийн зөвшөөрлийг авсан. Энэхүү гэрээнд заасан нөхцөл бий болсон буюу зээл эргэн төлөх хугацаа хэтэрсэн тул ХААН банкны Хөвсгөл салбар гэрээний заалтыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд Л.Бгийн данснаас зээлийн төлбөрийг суутган төлүүлсэн. Л.Б гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч 8 сарын туршид зээлийн төлбөр төлсөн байдлыг анхан шатны шүүх харгалзахгүйгээр өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй, зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байгаа болохыг, гэрээнд заасан үүргээ ухамсарлаж дээрх хугацаанд зээлийн төлбөрт суутгуулж төлөлт хийгдсэн гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч зээлийн хугацаа хэтэрч төлбөр төлөөгүй тохиолдолд харилцах, бусад данснаас төлүүлэхийг мэдэж байсан ба банк шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл Л.Б дээрх асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрөөд төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой нотлогдож байна. Түүнчлэн ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй Л.Б, Ч.Төмөрбаатар нарт холбогдох зээлийн гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсч зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрч үүргээ биелүүлээгүй тул харилцах данснаас төлбөр төлөгдөж, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандаж хэргийг хяналтын шатны шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад Л.Бгийн нэхэмжлэлтэй ХААН банкны Хөвсгөл салбарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн байхад хуульд заасан дээрх үндэслэлийг “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар” хуульчилсан гэж буруу тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Б нь Хаан банкны Хөвсгөл салбараас тэтгэврээс хууль бусаар суутгасан 2,542,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Зээлдэгч Ч.Төмөрбаатар нь  ХААН банкны Хөвсгөл салбараас 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 201642699514 тоот зээлийн шугамын болон барьцааны гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн бизнесийн шугамын зээл,  2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ201642834054 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл тус тус авахад нэхэмжлэгч Л.Б хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ. Дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулахдаа зээлдэгч нь Ланд крузер-80 машин, бараа материал, контейнер барьцаалсан байх ба хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б ирээдүйд авах  тэтгэврээ барьцаалаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Б нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалаагүйн дээр тэтгэврээс төлбөр төлүүлэх талаар хуулиар зохицуулсан байхад түүний тэтгэврийн дансанд барилт хийж, тэтгэврийн мөнгөөр төлбөр төлүүлсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч  нь төлбөрт суутгасан 2,542,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Өндөр насны тэтгэвэр нь хуульд заасан болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм.

Тэтгэврээс төлбөр төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд сарын тэтгэврийн 50 хувиас хэтрэхгүй суутгал хийж болох ба бусад тохиолдолд тэтгэврээс суутгал хийхийг хориглох талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулсан.

Гэрээг чөлөөтэй  байгуулах, түүний агуулгыг тодорхойлох  нь талуудын эрх боловч гэрээ нь хуулийн хүрээнд байх ёстой. Тэтгэврээс төлбөр төлүүлэх талаар хуульд өөрөөр заасан тул тэтгэврийн данснаас үл маргах журмаар суутгал хийсэн нь дээрх  хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээ, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд уг гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байгаа нь саад болохгүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын  02-ны өдрийн 1051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

                                        ШҮҮГЧИД                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                                      Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

 

.