Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/099

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч Х.Ө, 

хохирогч Х.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е,

шүүгдэгч И.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Х-ад холбогдох 1713000000072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч И.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овгийн И-ы Х, 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, С ХХК-д жолооч ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ө сумын **дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:.......... 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч И.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол гэх газарт “Паз” маркийн автобус дотор иргэн Х.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч И.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол гэх газарт “Паз” маркийн автобус дотор иргэн Х.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хохирогч Х.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би зодуулах үед архи уусан халамцуу байсан. Би И.Х тай хэрэлдэж маргалдсан ба И.Х намайг газар унасан байхад гараар нүүр, нүд хамар луу цохиж зодож гэмтэл учруулсан. Мөн сандалд сууж байхад бас гараар нүүр, нүд, хамар луу цохиж зодсон. И.Х миний хамар луу цохиж зодсоноос болж миний хамар гэмтсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай ажлын газрын хамт олон 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Бугат сумын Буга гэх газар зугаалж очсон. Тэндээс буцах үед байгууллагаас хөлсөлж авсан “Паз” маркийн автобусны хойд талд эмэгтэйчүүд сууж явсан ба урд талд эрэгтэйчүүд сууж ирж байсан. Бид автобусанд суугаад хөдөлсний дараа 10-15 минут болоод 20 цагийн үед автобусны урд хэсэгт хэрүүл маргаан үүсэж хүмүүсийн хэрэлдэх дуу чимээ сонсогдсон. Тэр үед автобусанд харанхуй байсан ба урд хэсэгт хэн хэн нь   маргалдаж хэрэлдэж байсан болох нь тодорхой сайн харагдаагүй ч Х хажуудаа ойрхон сууж байсан Т рүү босож очоод гараар цохиж зодсон болохыг харж Х руу “чи боль, хүн алах гээд байна уу” гэж шаардлага тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Гэрч Х.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Зугаалганаас буцаад ирж байх замд Х, Т, Б нар хоорондоо маргалдаж Т Х-ад эцгийн чинь толгой гэж хэлэхэд Х “чи намайг эцгийн толгойгоор дууддаг хэн юм бэ” гэж хэлээд Х нь Т-ийг гараар цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би тэднийг салгахаар дундуур нь орж салгаад суулгасан. Тэр хоёрыг надтай цуг Б салгаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Гэрч К.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Автобус   хөдлөөд гол гатлаад явж байтал Т болон Х нар нь зууралдаж хоорондоо маргалдсан юм. Би автобусны хамгийн арын суудалд суусан ба нэг мэдсэн чинь Т-ийг урд талын суудалд Х унагааж аваад 2 удаа нүүр лүү нь гараараа цохих үед Г бид хоёр салгаж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн ЗО дугаар хуудас/,

- Шүүгдэгч И.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Х.Т-ээс эмнэлэгт хэвтэж байхад 2 удаа уучлалт гуйсан. ... Х.Т бид хоёрын ноцолдож байгааг хараад тэд намайг зодсон гэж хэлсэн байх” гэх мэдүүлэг /ХХ-ийн З6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч И.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна. 

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Х-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е шүүхийн хэлэлцүүлэгт: “... Шүүгдэгч И.Х-ын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хор уршгийг арилгасан байдлыг харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэх санал гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг шүүгдэгч И.Х-ын үйлдсэн хэрэгт холбогдуулан хэрэглэж, түүнийг ялаас чөлөөлөх боломжгүй байна. 

Иймд шүүгдэгч И.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүхээс шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч И.Х-ад урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн 00907859 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч И.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний эзэмшлийн “Samsung” маркын 32 инчийн хавтгай дэлгэцтэй өнгөт зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Х овгийн И-ы Х-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч И.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд түүний эзэмшлийн эзэмшлийн “Samsung” маркын 32 инчийн хавтгай дэлгэцтэй өнгөт зурагтыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох учиртайг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Х-ын 00907859 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д