Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00005

 

 

 

 

 

 

 

2020        02             17                                             05

 

                                                                            

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1190 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-нд холбогдох гэрээний үүргийн биелэлт 17,863,000 /арван долоон сая найман зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК, “Д” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №1819 дугаартай гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д” ХХК нь Хөвсгөл Дулааны станц ТӨХК-тай 2018.03.20-ны өдрийн №1819 тоот гэрээ байгуулж 7-р багт байршилтай Ус дулаан дамжуулах төвийг /УДДТ/ ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээний дагуу Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь 2018 оны 9, 10, 11, 12-р сар, 2019 оны 1, 2, 3, 4, 5-р саруудад дулааны төлбөр болох 33,149,014 төгрөгийг айл өрх, аж ахуйн нэгжүүдээс нэхэмжилж авах гэрээний үүргийнхээ дагуу бүрэн гүйцэд мөнгийг нь авсан байдаг. Иймд УДДТөвд шөнийн цагаар 2 ажилтан 2018 оны 09 сарын 01-нээс 2019 оны 06 сарын 01 хүртэл 9 сарын цалин 13,500,000 төгрөг, өдрийн цагаар ажилласан 1 ажилтан 2018 оны 03 сарын 25-наас 2019 оны 06 сарын 01 хүртэл 11 сарын цалин 4,224,000 төгрөг, цахилгааны төлбөр 2,409,000 төгрөг, бүгд зардал 17,863,000 төгрөгийг гэрээний дагуу өгөх үүрэг хүлээсэн учир “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-аас гаргуулж “Д” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Мөнхсайхан захиралтай “Д” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №1819 дугаартай гэрээг Мөрөн сумын 7-р багт байршилтай Ус дулаан дамжуулах төвийг ажлын байрны зориулалтаар түрээслэх зориулалттай байгуулсан байдаг. Тус Ус дулаан дамжуулах төв дээр шөнийн цагаар 2 ажилтан, өдрийн цагаар 1 ажилтан ажилладаг ба цалин болох 17,724,000 төгрөг өгсөн гэсэн байна. Энэ Ус дулаан дамжуулах төв дээр ямар нэгэн хүн ажилладаггүй, манай компанийн инженерүүд очиж засвар үйлчилгээг хянаж хэвийн ажиллаж байгааг нь шалгаж өдийг хүртэл ажилласан болно. Тус Ус дулаан дамжуулах төвийн түлхүүрийг 2019 оны 9 дүгээр сард “Д” ХХК-нд хүлээлгэн өгсөн ба биднийг очих тоолонд байнга цоожтой байдаг ба бид “Д” ХХК-ийн хүн рүү утсаар залгаж дуудан ирүүлж дотор орж хэвийн ажиллагааг шалгадаг байсан болно. Иймд тус Ус дулаан дамжуулах төв дээр хүн ажиллаагүй байхад манайхаас ажилтан ажиллуулсны цалин, цахилгааны төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Дээрх гэрээг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Мөнхсайхан нь өөрийн үүсгэн байгуулсан компаниа өөрийн хүү М.Лхагвасүрэнд шилжүүлж улмаар хүү М.Лхагвасүрэн нь компанийн гүйцэтгэх удирдлагыг Бэгзэдмаагийн Бямбацэрэнд 2018 оны 7 дугаар сард шилжүүлжээ. Гэтэл гэрээг 2018 оны 3 дугаар сард байгуулсан ба гэрээ байгуулах үед эрх шилжигдээгүй байсан байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны акт гаргахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин гэрээ хэлцэл байгуулсан нь хүчин төгөлдөр бус болно.

... Иймд “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК, “Д” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №1819 дугаартай гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Учир нь: “Д” ХХК нь Мөрөн сумын 7-р баг 33-р гудамжинд байрлалтай Ус дулаан дамжуулах төвд ажилласан ажилчдын цалин, цахилгааны үнэ төлбөр зэргийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг нэхэмжлэхэд энд ашиг сонирхлын зөрчил байхгүй юм. Энэ дулаан дамжуулах төвөөр айл өрх, аж ахуйн нэгжүүдэд түгээсэн дулааны үнэ төлбөр болох 33,149,014 төгрөгийг бүгдийг нь “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК авсан учир ажилчдын цалин, цахилгааны төлбөрийн зардлыг зайлшгүй төлөх үндэслэлтэй юм. Монгол улсын иргэн ямар нэгэн ажил, албан тушаалд томилогдвол хувийн үүсгэн байгуулсан компани болон бусад эрхээ өөр хүнд шилжүүлэх үүрэгтэй. Үүний дагуу М.Лхагвасүрэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс №1/49 албан тоотоор “Д” ХХК-ийн захирлын ажлаа Б.Бямбацэрэнд шилжүүлсэн болно. “Д” ХХК нь 2018 оны 3 сарын 30-ны өдрийн №18/19 тоот Ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээгээ захирлын үүрэг хүлээсэн Б.Бямбацэрэнтэй байгуулж нотариатаар батлуулсан. Энэ нь ямар нэгэн ашиг сонирхол байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж тодруулж хэлэхэд “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Бямбацэрэн гэх хүний хийсэн ажил гүйцэтгэх гэрээ байдаг ба 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 5 тоот гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт оршин суух Норжмаа овогтой Батзаяа гэх хүнтэй гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээнд өдрийн цагаар сард 384,000 төгрөгийн цалин олгохоор гэрээнд тусгасан. Мөн 2018 оны 9 дүгээр 01-ний өдрийн 15 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт оршин суух иргэн Оюун-Эрдэнэ овогтой Баярмааг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай гэрээ байгуулж ажиллуулсан байдаг юм. Уг гэрээнд шөнийн цагаар ажиллахдаа сард 750,000 төгрөгийн цалин олгохоор тусгасан. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх 18 тоот гэрээ байдаг. Үүнд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт оршин суух Норжмаа овогтой Батзаяатай 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатайгаар шөнийн цагаар ажиллахаар, сар бүр 750,000 төгрөгийн цалин олгохоор ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан байдаг.

... “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас тухайн хүмүүсийг “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрсдийн зүгээс цалинжуулж, цахилгааны төлбөрийг төлж явсан байдаг юм. ... Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Хариуцагч байгууллагын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компани Мөрөн сумын 7 дугаар баг 32 дугаар гудамжинд байрлалтай Ус дулаан дамжуулах төвд ажилласан ажилчдын цалин, цахилгааны үнэ төлбөр зэргийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ нэхэмжлэлд ашиг сонирхлын зөрчил байхгүй юм. Иймээс хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь Ус дулаан дамжуулах төвд ажилласан ажилчдын цалин, цахилгааны үнэ төлбөрийг өгөхгүй гэсэн нэгэн арга хэлбэр юм гэж бодож байна. Уг Ус дулаан дамжуулах төвөөр айл өрх, аж ахуйн нэгжүүдэд дамжуулсан дулааны үнэ, төлбөр болох 33,149,014 төгрөгийг бүгдийг нь “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани авсан учир ажилчдын цалин, цахилгааны зардлыг зайлшгүй төлөх үндэслэлтэй юм.

... Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ гэрээг өмнө нь “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Мөнхсайхан гэх хүн байгуулсан байдаг юм. Ус дулаан дамжуулах төв дээр “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ямар нэгэн ажилтан ажилладаггүй байсан. Учир нь манай байгууллагын шугам сүлжээний инженерүүд өөрсдийн биеэр очиж хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг байсан ба эдгээр хүмүүс нэн шаардлагатай үед очиход ус дулаан дамжуулах төв байнга цоожтой байдаг байсан ба “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан руу утасдаж хэвийн үйл ажиллагааг нь хангуулдаг байсан. Иймд манай зүгээс дулаан дамжуулах төв дээр “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилчин ажиллаж байгаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн жилийн эцсээр манай байгууллага дээр үндэсний аудитын газраас шалгалт хийгээд албан шаардлага хүргүүлсэн байдаг ба уг албан шаардлагад “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан гэрээнд ус дамжуулах төвөөс гарсан зардлыг түрээслэгч бүрэн хариуцна, олсон ашгаас 70 хувийг түрээслэгч 30 хувийг авна. Төвд ажиллах хүний цалин болох 384,000 төгрөгийг сар бүр түрээслэгч төлнө гэх гэрээ нь хэт нэг талыг барьсан гэрээ хийсэн байна гэж үзэж албан шаардлага хүргүүлж, манай байгууллагад акт тавьсан. Энэ гэрээ нь нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэжээ.  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1190 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас 10,857,000 /арван сая найман зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,006,000 /долоон сая зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Ажлын байрны зориулалтаар Ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.265 /хоёр зуун дөчин долоон мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас 188,662 /нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Хөвсгөл Дулааны станц” ТӨХК давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан /40 дүгээр зүйл/ нотлох баримтыг үнэлэх шаардлагыг ханаагүй хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Тухайлбал,

1. Шүүх зохигчдын хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан нотариатаар батлуулсан 1819 дугаартай ажлын байр түрээслэх гэрээг иргэний хуулийн 476 зүйлд заасан хамтран ажиллах гэрээ гэж үзэж тухайн зохицуулалтаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2. Дээрх гэрээ байгуулсан Б.Мөнхсайхан нь “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дээрх гэрээг байгуулсан байдаг ба Б.Мөнхсайхан нь дээрх гэрээний нэг тал болох “Д” ХХК-ныг үүсгэн байгуулсан бөгөөд “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн захирлаар томилогдох хүртэл “Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад өөрийн төрсөн хүү Мөнхсайхан овогтой Лхагвасүрэндээ шилжүүлсэн байдаг. Гэрээ байгуулах үед тус “Д” ХХК-ийн захирал нь Б.Мөнхсайханы хүү М.Лхагвасүрэн байсан. Гэрээнд “Д” ХХК-ийн өмнөөс Б.Бямбацэрэн төлөөлөн гарын үсэг зурсан байдаг боловч чухам түүний ямар албан тушаалтан болох, тус компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Б.Бямбацэрэн нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс тус “Д” ХХК-ийн захирлаар Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байх тул энэ өдрөөс эхлэн түүний эрх үүрэг хэрэгжиж эхлэх юм. Иймээс Б.Мөнхсайхан нь өөрийн үүсгэн байгуулсан “Д” ХХК-тай буюу өөрийн төрсөн хүү хүүгийн удирдаж буй компанитай гэрээ байгуулснаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг, 11.2 дахь заалт “Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг, 11.3 дахь заалт “Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны акт гаргахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-д хамаарч байгаа тул хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх дээрх хэлцлийн хэлбэр талд өнгөц дүгнэлт хийж ““Д” ХХК" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичигт оруулах бүртгэл дэх Б.Мөнхсайхан нь төрсөн хүү М.Лхагвасүрэнг захирлаар ажиллаж байсан байдлыг нотолсон нотолгоог анхааралгүй орхигдуулсан.

3. Хариуцагч талаас гаргасан тайлбарт гаргасан хэлцэлд олсон ашгаас 70 хувь түрээслүүлэгч, 30 хувь түрээслэгч авна. УДДТөвд ажиллах хүний цалин болох 384,000 төгрөгийг сар бүр түрээслэгч төлнө гэсэн нь хэт нэг талыг барьсан гэрээ байна гэж үзэж Үндэсний аудитын газраас шаардлага хүргүүлж манай компанид акт тавьсан энэ гэрээ нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 00655 дугаартай шийдвэрээр хүчингүйд тооцогдсон гэсэн тайлбарыг анхаараагүй үнэлээгүй шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн нэг талыг хэт барьсан үндэслэл болж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2019/01190 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Д” ХХКомпани нь хариуцагч Хөвсгөл дулаан станц ТӨХКомпанид холбогдуулан “ажилчдын цалин, цахилгааны төлбөр нийт 17 863 000 төгрөг” гаргуулахаар, хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 18/19 дугаартай “Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хэн аль нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Д” ХХКомпани, хариуцагч Хөвсгөл дулаан станц ТӨХКомпанийн хооронд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18/19 дугаартай “Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ” байгуулагджээ. Энэхүү гэрээний 3.1, 3.4-т “УДДТ-11-ээс гарсан зардлууд, ажиллах хүний цалин 384 000 төгрөг”-ийг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Түрээслүүлэгч “Д” ХХКомпани нь О.Баярмааг 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаанд, Н.Батзаяаг  2018 оны 3 сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 14 сарын хугацаанд тус тус ажиллуулж байсан нь тогтоогдсон гэж дүгнэн 8 448 000 төгрөгийн цалин, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2 409 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж шийдвэрлэн, шөнийн цагаар хоёр ажилтныг ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэн 7 006 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл дээрх 2 ажилтныг ажиллуулсны цалин болон УДДТ-11-ийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг түрээслүүлэгч байгууллага төлснийг нотолсон нотлох баримт болох Ажил гүйцэтгэх гэрээ №5, 15, ХААН, Голомт банкуудын 2019.09.04 өдрийн орлогын баримтууд, Хөвсгөл Эрчим Хүч ХХКомпанийн төлбөрийн нэхэмжлэлүүд зэргээр хангалттай нотлогдож байх тул хариуцагчаас 10 857 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн хариуцагч байгууллагын хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд хууль зөрчиж байгуулсан хэлцэл болох нь тогтоогдохгүй байх ба хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт мөн адил үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн атлаа ямар учраас энэхүү гэрээний төрөлд хамаарч байгаа талаар шийдвэрт тодорхой заагаагүй байна. Хамтран ажиллах гэрээний үндсэн шинжид хоёр ба түүнээс дээш тооны этгээд, хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилго хэрэгжүүлэхээр, талууд хамтран үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дээрх шинжүүдийг бүрэн дүүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай. Хамтран ямар үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хэргийн тухайд Ус дулаан дамжуулах төв 11 /цаашидУДДТ-11/-ийг шилжүүлж улмаар түрээслэгч байгууллага нь өөрийн үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд хүргэж аж ахуйн үйл ажиллагаа явуулахын тулд дээрх төвийг түрээсэлсэн байна. Өөрөөр хэлбэл түрээслэгч нь дээрх УДДТ-11-ийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд олсон ашгаас 30 хувийг авахаар тохиролцсон шинжээрээ түрээсийн гэрээний шинжийг хангаж байна гэж үзлээ.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11-т “Өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах эрхтэй” гэж заасан байна.

Иймд анхан шатны шүүх маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1190 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1” гэснийг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                               ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                             Н.БАЯРХҮҮ