Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12-ны өдөр                            2022/ДШМ/30                    Хэрлэн сум

 

О.Б-, О.М-,

Э.Н- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0030

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/122 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор О.Б-, О.М-, Э.Н- нарт холбогдох эрүүгийн 2239000000026 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч О.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Э-ын эзэмшлийн олон тооны мал буюу 53 тооны бог малыг машин механизм болох тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Д.Э-т 4.430.000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Л.М-ын эзэмшлийн адуун сүргээс хязаалан насны хамар цагаан сартай хүрэн зүсмийн 1 тооны адууг хулгайлан О.Б-т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Г.Б-ын эзэмшлийн 56 тооны ишиг, 10 тооны хурга буюу олон тооны малыг машин механизм болох тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Г.Б-д 2.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой М.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны сартай ухаа зүсмийн шүдлэн үхрийг бэлчээрт нь нядлан М.Г-т 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н.Н-ийн эзэмшлийн хүрэн зүсмийн унжмал дэлтэй охин даагыг нууц далд аргаар хулгайлан Н.Н-т 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ч.Ч-ийн эзэмшлийн улаан эрээн зүсмийн 1 тооны бярууг хулгайлан Ч.Ч-т 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч О.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө О.М-ыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр О.Б-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1 тооны сартай ухаа зүсмийн шүдлэн үхрийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад шилжүүлсэн,

- 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  мал хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 1 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авч, хууль бус эх үүсвэрийг нуух замаар тээвэрлэсэн авто машинаас нууцаар арьс толгойг хаяж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан,

 

Шүүгдэгч Э.Н- нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр О.Б-ын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 53 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг авсан, эх үүсвэрийг нь нуун далдалж зөөвөрлөсөн, бусдад зарж борлуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан, шүүгдэгч О.М-, Э.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Б, О.М-, Э.Н- нарт холбогдох 2239000000026 дугаартай  эрүүгийн хэргийг

1. Шүүгдэгч О.М-, Э.Н- нарын мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа тодорхойгүй, яллах дүгнэлтэнд О.М-ын үйлдлийг тусгахдаа гэмт хэрэг үйлдэж олсон үхэр, адууг  амьдаар нь авсан мэтээр бичсэн нь тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй, мөн “П” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад шилжүүлсэн” гэж  тусгасан нь мөнгө угаах гэмт хэргийн ямар шинжийг агуулж байгаа нь тодорхойгүй,

2. Шүүгдэгч О.М-ыг тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж тусгасан байх боловч тээврийн хэрэгслийн лавлагаагаар О.М- нь автомашин эзэмшдэг болох нь тогтоогдсон байх бөгөөд автомашины улсын дугаарыг буруу бичсэн,

3. Шүүгдэгч О.Б-т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны хээр зүсмийн хязаалан насны морийг хурааж улсын орлого болгох хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан байх бөгөөд уг морийг шүүгдэгч ямар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан талаар яллах дүгнэлтэд тусгаагүй,

4. Шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг тодруулах зорилгоор шүүгдэгч нараас энэ тодруулахад шүүгдэгч О.М- нь яллах дүгнэлтэд тусгагдсан 2 гэмт хэргийн нэгийг нь мэднэ, нөгөөг нь мэдэхгүй байна гэж  хариулсан, шүүгдэгч Э.Н- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх гэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг мэдэхгүй гэж хариулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэсэн нөхцөл байдал хангагдаагүй гэх үндэслэлүүдээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Прокурорын газарт очтол шүүгдэгч О.Б-, О.М-, Э.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, автомашин болон 1 тооны хээр зүсмийн хязаалан насны морь битүүмжлэгдсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөр байна. Үүнд:

1. Шүүх хэргийг прокурорт буцаах 1 дүгээр үндэслэлээ прокурорын яллах дүгнэлттэй холбоотойгоор “...шүүгдэгч О.М-, Э.Н- нарын гэмт хэрэг үйлдэж олсон үхэр, адууг амьдаар авсан мэтээр тусгасан. ...машины дугаарыг буруу бичсэн, ...морийг ямар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан талаар яллах дүгнэлтэд тусгаагүй...” гэх үндэслэлүүдийг нэрлэж тодорхойлсон. Уг хэрэгт шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсны үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй” гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт тус хуулийн 33.1-33.4 дүгээр  зүйл заалтууд хамаардаг бөгөөд “яллах дүгнэлтийн алдаанаас” болж хэрэг буцаах талаар заалт 33.3 дугаар зүйл заалтад хамаарна. Гэтэл шүүх уг хэргийг дээрх үндэслэлээр буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “17.4 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд хангагдаагүй байна” гэж үндэслэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлд хамаарна гэж үзэж байна.

2. Шүүх уг хэргийг прокурорт буцаах 2 дугаар үндэслэлээ тодорхойлохдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заагдсан нөхцөл байдлыг хангагдсан эсэхийг тодруулах зорилгоор асуухад шүүгдэгч О.М- нь “яллах дүгнэлтэд дурдсан 2 гэмт хэргийн нэгийг нь л мэднэ, нөгөөг нь мэдэхгүй байна” гэж хариулсан, шүүгдэгч Э.Н- “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах гэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналыг мэдэхгүй” гэж хариулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэсэн нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байна” гэж үндэслэсэн. Шүүгдэгч О.Б-, О.М-, Э.Н- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдний удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд, хохирогч нарын хохирлоо барагдуулж авсан бичгүүд, прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хандаж гаргасан хүсэлт, прокуророос уг хялбаршуулах саналыг танилцуулсан баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн гэм бурууг ойлгож байгаагаа, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг ойлгож байгааг илэрхийлсэн мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдож байна. Гагцхүү шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдон шүүхийн өмнө зогсож, хөдөөний олон хүнтэй харьцаж үзээгүй бүрэг хүмүүс олон хүний өмнө анх удаа үг хэлж байгаа, мөн гэмт хэрэг үйлдэн шүүгдэн зогсож байгаадаа ичиж харамсахдаа сандарч шүүгчийн тодруулга асуултад хагас дутуу хариулсан нөхцөл байдлыг энэ хялбаршуулах ажиллагаа бүхэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.3 дахь заалт хангагдаагүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна /шүүгдэгч О.М- нь анхан шатны шүүх хуралдааны өмнөх өдөр осолд орж тархиндаа цус хуралттай хүнд бэртэлтэй хуралдаанд орсон бөгөөд хурлын маргааш нь Улаанбаатар хотод тархины хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байна/. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.3 дахь заалт хангагдсан эсэхийг шалгах ажиллагаа нь мөрдөн байцаалт, прокурор, шүүх дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааг нийтэд нь хамруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл хангагдсан эсэхийг шалгаж үзнэ гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх зорилгоор урьд мөрдөн байцаалт, прокурорын шатанд хууль ёсны дагуу хийгдсэн ажиллагаануудыг хэргийг бүхэлд нь авч дүгнэлгүйгээр зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын сандарсандаа шүүгчийн асуултад хагас дутуу хариулсан хувийн байдлаар “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсэн заалт хангагдаагүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Мөн нөгөөтэйгүүр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарчмын шинэчлэл хийгдэж олон улсын жишигт нийцүүлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шинэ хуулийн процессыг хуульд оруулж уг ажиллагаа 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг ойлголтын үндсэн эх суурь нь манай улсын нэгдэн орсон НҮБ-ын конвенц байгаа бөгөөд уг конвенцийн 37 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хүмүүс мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт нотолгоог гаргаж өгөх, хохирлыг нөхөн төлөх зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бол эрх бүхий байгууллага хөхүүлэн дэмжих талаар зохих арга хэмжээ авна”, “оролцогч улс бүр энэ конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг мөрдөн шалгах буюу яллахад идэвхтэй хамтран ажиллаж буй яллагдагч этгээдийн ялыг зохих тохиолдолд хөнгөрүүлэх боломжийг олгох асуудлыг авч үзнэ”, “оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийг мөрдөн шалгах буюу яллахад идэвхтэй хамтран ажиллаж буй этгээдэд яллагдахаас чөлөөлөгдөх эрхийг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн олгох асуудлыг авч үзэхийг үүрэг болгосон”. Хохирогч нар хохирлоо төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх процесс удааширч цаг хугацаа эдийн засгийн хувьд нэмж хохирох мөрдөн шалгах хянан шийдвэрлэх урт хугацаа бүхий процесс нь оролцогчдыг залхаадаг байдал бий болсноос улбаалан хэргийг хялбараар шийдвэрлэх, урт процессыг халах зорилготойгоор уг шинэчлэл хийгдсэн. Мөн нөгөөтэйгүүр өөрийн үйлдсэн гэмт хэргийг зөвшөөрөөд, ойлгоод, хохирлоо хугацаанд нь барагдуулж, талууд хоорондоо ойлголцоод хэргээ шийдвэрлүүлэх юм бол хуулийн байгууллагуудын ачаалал хөнгөрч зардал хэмнэгдэнэ. Эндээс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх талуудын хүсэлтийг хэргийг прокурорт буцааж хангахгүй орхиж байгаа нь шинэ Эрүүгийн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн зүйл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтээ: “Шүүгдэгч нарын өмгөөлөгчтэй санал нэг байна. Яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан. уг процессын болон техникийн шинжтэй алдаанууд нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй. Прокурор  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрч үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ хэлсээр байтал цээжээр хэлүүлэх гэж хоёр удаа давтан асууж хариулахгүй болохоор нь “эрүүгийн хариуцлагын талаар мэдэхгүй байна” гэсэн дүгнэлтэд хүрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр О.Б-, О.М-, Э.Н- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, О.М-, Э.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих байдлуудыг хангалттай тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Яллах дүгнэлтэд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой тусгасан, яллагдагч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, хэргийн зүйлчлэл, яллагдагч нарт оногдуулах ялын саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд  шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” автомашины улсын дугаар алдаатай бичигдсэн, яллах дүгнэлтэд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон адуу, үхрийг амьдаар нь авсан мэтээр бичсэн нь нөхцөл байдлаас зөрүүтэй талаар дүгнэсний хувьд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгаж, үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг хэлэлцэж шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлангийн гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/122 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол  О.М-, О.Б-, Э.Н- нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлангийн гаргасан давж заалдах  гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА