| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00244/И |
| Дугаар | 156/ШШ2024/00307 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2024/00307
2024 06 12 156/ШШ2024/00307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00246/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.*******,
Нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.******* нь 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
2. Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15-421 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 4 тал),
3. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5-7 тал),
4. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-9 тал),
5 . Нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),
6. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн зөвлөлийн талархлал, баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),
7. Хүсэлт гаргагчийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),
8. Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн засаг даргын тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал),
9. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 16 тал)
10. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1976 оноос 1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчин, тоо бүртгэгч, аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан. Ж.******* нь 1984 оны 6 дугаар сард илгээлтээр гарч мал малласан. 1984 оноос 1991 оны хугацаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн Баянцагаан бргиадад малчнаар ажиллаж байсан. Нэгдэл хувьчлагдах үе хүртэл ажиллаж байсан. Бид 1984-1991 оныг хүртэл хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 21 тал),
11. Гэрч ******* шүүхэд өгсөн ...Би 1980 оны 6 дугаар сараас 1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ж.******* нь 1984, 1985 оны үед байхаа илгээлтээр гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд Нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1991 оныг хүртэл малч 1980 оноос 1991 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 28 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ж.******* нь 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байна. Харин түүний 1990 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Тайж овогт ******* *******ыг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА