| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00157/И |
| Дугаар | 129/ШШ2024/00288 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 129/ШШ2024/00288
|
|
129/ШШ2024/00288 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У хот, Б дүүрэг, . дүгээр хороо, . хотхон, . тоотод оршин суух С овгийн Т.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С /цахимаар/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т.Э А аймгийн Багшийн сургуульд бага ангийн багшаар 1988-1989 оны хооронд суралцаж байсан. Тухайн үед туслах багшийн оронд тоонд түр хугацаагаар ажиллахад сургууль төгссөн диплом шаарддаггүй байсан учраас түр хугацаагаар А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар 1988 оны 9 сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 сарын 01-ний өдөр хүртэл, туслах багшаар 1989 оны 4 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Би дээрх хугацаанд үндсэн орон тоонд ажиллаагүй. Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэгт үндэслэн Т.Э-н А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар 1988 оны 9 сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 сарын 01-ний өдөр хүртэл, туслах багшаар 1989 оны 4 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Т.Э А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар 1988 оны 9 сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 сарын 01-ний өдөр хүртэл, туслах багшаар 1989 оны 4 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. Т.Э-н тухайд 1989 онд сургууль төгссөн диплом хэрэгт авагдсан. Хүсэлт гаргагч Т.Э-н нийгмийн даатгалын дэвтэрт 1991 оны 01 сард 1 дүгээр арван жилд ажилд орсон бичилттэй мөн 1990 оноос нөхөн тооцолт авсан зэргээс үзвэл Т.Э А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт 1989 оны 9 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэж үзэж байна гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 04-ний өдрийн 169 тоот тодорхойлолт
- И.У-н иргэний үнэмлэх
- Т.Э-т холбогдох 3175 дугаар диплом зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагч Т.Э-н хүсэлтээр Ш.Д, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-н хүсэлтээр Т.Ч-с авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 01/215 тоот албан бичиг
- Үндэсний төв архивын 2024 оны 3 сарын 20-ны өдрийн 02/284 тоот албан бичиг
- шилжилт хөдөлгөөний бүртгэл, 1989 оны 6 сарын 27-ны өдрийн паспорт авах өргөдөл ХААТР-21А маягт, паспорт авах өргөдөл ХААТР-21А маягт, 2011 оны 12 сарын 08-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх ХААТР-15 маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 4 сарын 09-ний 02/740 тоот албан бичиг
- Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 147 тоот албан бичгээр ирүүлсэн Т.Э-т холбогдох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэврийн хувийн хэрэг
- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 03-ны өдрийн 03-05/2577 тоот лавлагаа/
- Т.Э-н 566129 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр, 3175 дугаар дипломын хуулбар зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Эр-н А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт туслах багшаар 1989 оны 7 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт туслах багш, биеийн тамирын багшаар 1988 оны 9 сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 04-ний өдрийн 169 тоот тодорхойлолт, И.У-н иргэний үнэмлэх, Т.Э-т холбогдох 3175 дугаар диплом, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 01/215 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 3 сарын 20-ны өдрийн 02/284 тоот албан бичиг, шилжилт хөдөлгөөний бүртгэл, 1989 оны 6 сарын 27-ны өдрийн паспорт авах өргөдөл ХААТР-21А маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт, 2011 оны 12 сарын 08-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, гэрлэсний ХААТР-15 маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 4 сарын 09-ний 02/740 тоот албан бичиг, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 147 тоот албан бичгээр ирүүлсэн Т.Э-т холбогдох хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэврийн хувийн хэрэг, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 5 сарын 03-ны өдрийн 03-05/2577 тоот лавлагаа/, Т.Ууганцэцэгийн иргэниы үнэмлэхний хуулбар, Т.Э-н 566129 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр, 3175 дугаар диплом, гэрч Ш.Д, Т.Ч нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “Тус архивын сан хөмрөгт Хүүхдийн 6-р цэцэрлэгийн 1988-1989 оны баримт шилжиж ирээгүй тул Т.Э-т холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 сарын 04-ний өдрийн 169 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан.
Хүсэлт гаргагч Т.Э нь Архангай аймаг дахь Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр 1989 оны 06 сарын 28-ны өдөр төгссөн нь түүний . дугаар дипломоор тогтоогдож байх ба мөн түүний 1989 оны 06 сарын 27-ны өдрийн паспорт авах өргөдөлд /ХААТР-21А/, эрхэлдэг ажил А Багшийн сургуульд сурагч гэж тэмдэглэгджээ.
Т.Э нь А аймгийн Э сумын Хүүхдийн .-р цэцэрлэгт биеийн тамирын багшаар 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 сарын 01-ний өдөр хүртэл, туслах багшаар 1989 оны 4 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч тэрээр 1985 онд Архангай аймаг дахь Багшийн сургуулийн бага ангийн багшийн ангид элсэн орж, 1989 оны 06 сарын 28-ны өдөр төгссөн, мөн Т.Э-н А аймгийн Ц хотын Хүүхдийн . цэцэрлэгт багшаар 1988 оноос ажиллаж эхэлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Ш.Д, Т.Ч нарын “Э 1988 оноос Хүүхдийн 6 дугаар цэцэрлэгт багшаар хүний оронд түр хугацаанд ажилласан” гэсэн мэдүүлэг нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Д.И, Т.Э нарын гэрлэснийг бүртгэх анкетэд /ХААТР-15А/ Т.Э-г оршин суугаа хаяг А, Ц хот, ажилладаг байгууллага-хүүхдийн .-р цэцэрлэг, эрхэлдэг ажил-багш гэж бичигдсэн, гэрч Ш.Д, Т.Ч нарын “Т.Э нь Хүүхдийн . дугаар цэцэрлэгт туслах багшаар Н-н оронд түр хугацаагаар ажиллаж байгаад 1989 оны 12 сард ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлгээр Т.Э-г Архангай аймаг дахь Багшийн сургуулийг төгссөнөөс хойш буюу 1989 оны 7 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус байгууллагад туслах багшаар ажиллаж байсан гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр Т.Э-н А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт туслах багшаар 1989 оны 7 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт туслах багш, биеийн тамирын багшаар 1988 оны 9 сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овгийн Т.Э-н А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт туслах багшаар 1989 оны 7 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс А аймгийн Ц хотын Хүүхдийн . дугаар цэцэрлэгт туслах багш, биеийн тамирын багшаар 1988 оны 9 сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА