Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12-ны өдөр                        2022/ДШМ/31                            Хэрлэн сум

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0031/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Т.Баярмаа /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Б-д холбогдох эрүүгийн 2140000090032 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч А.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ц.П-ийг “бэлчээрт байсан хонь хөөлөө” гэж гэрээсээ өөрийн тээврийн хэрэгсэлтэй очиж, Ц.П-ийг морьтой явж байхад нь араас нь мөргөснөөс морины буруу талын хойд хөл шилбээрээ хугарч, мөн эмээлийн мод хугарч бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Ц.П-ид 125.000 төгрөг, хохирогч Ц.Б-д бага хэмжээнээс дээш буюу 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Ц.П-ийг мориноос унасны дараа түүнтэй маргалдаж улмаар толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: “Шүүгдэгч А.Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-йг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б-ас 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-д, 125.000 /нэг зуун хорих таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П- нарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Б-ас гаргуулж “Ф” ХХК-нд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Т” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ц.П-ийг морьтой явж байхад нь араас нь очиж мөргөөгүй, машинтайгаа араас нь очоод зогсоход Ц.П- морио машин руу шахаж өшиглүүлснээс болж морины хөл хугарсан. Намайг машинаараа мөргөж мориных нь хөлийг хугалсан гэдгийг бүрэн нотолж тогтоогоогүй.

Мөн хохирогч Ц.Б- нь улс, аймаг, сумын чанартай наадамд нэг ч удаа айрагдаж байр эзэлж байгаагүй морио хурдан морь мэтээр худал хэлж байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй надаас хурдан морины үнэ 6.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн яллах дүгнэлтэд морины хөлийг хугалж гэмтээсэн гэж дурдсан байхад гэмт хэргийн хохиролд бүхэл бүтэн морины үнэ, тэр тусмаа хурдан морины үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөрдөгч, прокурор нь анхнаасаа морины хөл хугарч гэмтсэн бодит хохирлыг шалгаж тогтоогоогүй, надаас бодит бус хохирол гаргуулахаар шаардсан. Үүнийг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүчингүй болгож тус зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Дээрх гэмт хэргийг прокуророос “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Ц.Б-гийн морийг болон Ц.П-ийн эмээлийг устгаж үгүй хийсэн үйл баримт тогтоогдоогүй, А.Б- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлогдоогүй байхад шүүх нөхцөл байдлыг хохирогч нарт ашигтайгаар тайлбарлаж, “гэмтээсэн” гэснийг “устгасан” гэж өөрчлөн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх “бусдын эд хөрөнгийг устгах гэж аливаа материаллаг эд юмсыг бүрэн сүйтгэсэн буюу зориулалтаар нь ашиглах ямарч боломжгүй болгосныг ойлгоно. Морины хөл хугарч гэмтсэн тохиолдолд эмчлэх боломжгүй байдаг талаар гэрч Батдэлгэр мэдүүлсэн, тухайн гэрч нь олон жил адуу маллаж байгаа энэхүү мэдлэг, туршлагадаа тулгуурлан мэдүүлэг өгсөн тул түүнийг мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, мөн хохирогч Ц.П-ийн эмээл эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг тухайн эд хөрөнгийг устгасан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Малчид адууг унаж эдлэхээр гадна мах, түүний эдийг нь ашиглах зорилгоор маллаж өсгөж үржүүлдэг, эмээлийн бүүрэг хугарч гэмтсэнийг нааж, тэмээний үдээрээр бэхэлж дахин ашигладаг тул морины хөл, эмээлийн дүүрэг хугарсан нь тухайн хөрөнгүүд дахин ашиглах боломжгүй болж устсан гэж үзэхгүй.

Мөн морины хөл хугарсан асуудалд мэргэжлийн малын эмчийн шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргуулахгүйгээр малчин мөн эсэх, олон жил адуу малласан эсэх нь тодорхойгүй Батдэлгэр гэх гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлсэн, эмээлийн бүүрэг хугарч гэмтсэн асуудалд тусгай мэдлэг бүхий шинжээч томилж тухайн хугарал нь шинэ, хуучин аль нь болох, дахин засварлагдах боломжтой эсэх зэргийг тогтоогоогүй байхад шүүх “морь болон эмээлийг дахин ашиглах боломжгүйгээр устгасан байна” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэг болсон гэх тухайн үед морины хөл хугарч, эмээлийн мод хугарч гэмтсэн үйл явдал болсон байхад мөрдөгч, прокурор хөл хугарч гэмтсэн, эмээлийн мод хугарснаас үүссэн бодит хохирлыг тогтоох талаар ямарч ажиллагаа хийгээгүй, анхнаасаа хохирлыг бодит бусаар тооцож мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитойгоор нотлогдож, тогтоогдоогүй, шүүх гэмт хэргийн хохиролд морины үнэ 6.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч А.Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Дамдинбазар давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б- нь бусдын эд хөрөнгийг буюу хохирогч Ц.Б-гийн морийг машинаар мөргөж гэмтээж устгасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

 А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж байна.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр А.Б-йн “Ц.П- өөрөө ирээд мориороо өшиглүүлсэн” гэх тайлбар нь няцаагдаж байна.

Морь өшиглөсөн юм бол эмээлийн бүүрэг хугарахгүй байх байсан бөгөөд энэ талаарх анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн морь анх 13.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин шинжээч томилж үнэлгээ гаргуулахад 6.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч А.Б-йн үйлдсэн “2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ц.П-ийг “бэлчээрт байсан хонь хөөлөө” гэж гэрээсээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй очиж, Ц.П-ийг морьтой явж байхад нь араас нь мөргөснөөс морины буруу талын хойд хөл шилбээрээ хугарч, мөн эмээлийн мод хугарч бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч Ц.П-ид 125.000 төгрөг, хохирогч Ц.Б-д бага хэмжээнээс дээш буюу 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 28а дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

А.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим хохирогч Ц.П-ийг бэлчээрт байсан хонь хөөлөө гэх шалтгаанаар өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр Ц.П-ийн унаж явсан морины араас нь мөргөснөөс морины буруу талын хойд хөл шилбээрээ мөн эмээлийн мод хугарч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас хохирогч Ц.П-ид 125,000 төгрөг, хохирогч Ц.Б-д бага хэмжээнээс дээш буюу 6, 300, 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч А.Б- нь хохирогч Ц.П-ийг мориноос унасны дараа  түүнтэй маргалдаж улмаар толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 01 хуудас/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 02-04 хуудас/,

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 18-19 хуудас/,  

 

- Хохирогч Ц.П-ийн өвчний түүх /1 хавтаст хэргийн 41-45 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Дархан сумын Эрүүл мэндийн төвийн амбулаторийн эмчийн үзлэг /1 хавтаст хэргийн 46-47 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай “Ц.П-ийн биед тархи доргилт, дээд уруулын дотор салстын няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...

 

...Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1  хавтаст хэргийн 54-55 хуудас/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 115-117 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №2021.13 дугаартай “...Бамбайн зүүн хажуу хэсэгт байх 49см урт, босоо байрлалтай цуурч хагарсан эвдрэл нь морьтой хүний ар талаас машинаараа мөргөж, дайрах үед үүссэн байж болно...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 139-140 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШД-174 дугаартай “...эмээлийн дан модны үнэлгээ 125000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 199-201 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШД59 дугаартай “...сартай хүрэн зүсмийн 9 настай адууны үнэлгээ 6.300.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /3 хавтаст хэргийн 64-66 хуудас/,

 

- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 226-230 хуудас/,

 

- Шүүгдэгч А.Б-ас хохирогч Ц.П-ид эмчилгээний зардалд төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2 хавтаст хэргийн 128 хуудас/,

 

- Гэрч Ц.Б-н: “...Ц.П- миний төрсөн хүү байгаа юм. ...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 цаг өнгөрч байхад нөхөр Ц утсаар залгаад Ц.П-ийг А-н хонийг гэр рүү нь хөөчхөөд адуу руугаа явж байх үед А-н том хүү А.Б- машинтайгаа ирээд буруу талын хойд талаас морьтой нь мөргөж унагаагаад зодчихоод хаячхаад явсан байна. Цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлсэн. ...Хэрэг болсон гэх газар очих үед харанхуй болчихсон, эмээлийн урд талын бүүрэг хугараад уначихсан, хүрэн морины буруу талын хойд талын хөл шилбээрээ хугараад яс нь гарчихсан цантчихсан байсан. Гэрт ирэхэд миний хүү Ц.П- нүүр нь улаа бутарчихсан толгой эргээд унах гээд байна гэхээр нь сумын эмнэлэгт очиж үзүүлж эмчилгээ хийлгэж хоносон. ...Бэлчээрийн маргаан, хонь хөөснөөс болж гарсан байсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 05-06, 39 хуудас/,

 

- Хохирогч Ц.П-ийн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед  “Э” гэх газрын энгэрт адуугаа татах гээд Ц.Б- гэх хүний хүрэн зүсмийн морьтой явж байх үед манай малын бэлчээр дээр А-н хонинууд бэлчиж байхаар нь цаашаа гэр рүү нь хөөчхөөд урагшаа адуу руугаа явсан. Адуу руугаа явж байх үед А-н гэрээс цэнхэр өнгийн “П” маркийн тээврийн хэрэгсэл намайг чиглэж ирээд морины буруу талын хойд талаас шууд мөргөсөн. Морийг мөргөх үед эмээлийн урд бүүрэг хугарч би толгойгоороо газар унасан. Тухайн үед морь газар унаагүй хөл алдсан. Намайг газарт унахад А.Б- ирээд миний толгой руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 15-17, 187,188 хуудас/,

 

- Гэрч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ...Ц.П- гэртээ ирэхдээ зүүн нүд нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуухад Ц.П- А-н хүү машинтай давхиж ирээд морины буруу талын хойд талаас мөргөж унагаагаад намайг зодчихлоо гэж хэлсэн. ...намайг очих үед хүрэн морины буруу талын хойд талын хөл шилбээрээ хугараад яс нь гарчихсан байсан. Урд бүүрэг нь хугархай миний хүүгийн эмээл хажууд нь хэвтэж байсан. Унасан газрыг нь харахад машин дугуйрч эргэсэн, морь ойчсон мөр байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 37-38 хуудас/,

 

- Гэрч О.Ч-н: “...дуудлагын дагуу “Э” гэх уулын энгэрт очиход буруу талын хойд хөл нь хугарсан хүрэн морь зогсож байсан. Морины хажуу талд улаан хүрэн өнгийн оломцогтой цайвар шар өнгийн будагтай модтой, цагаан өнгийн гөлөмтэй хар төмөр дөрөөтэй эмээл байсан. Тэр эмээлийн  урд талын бүүрэг хугарчихсан, хугархай нь байхгүй байсан. Эмээлийн модыг үзэхэд эмээлийн модны гол хэсэг наалтаараа салчихсан, хойд бүүрэг баруун доод хэсгээрээ хугарсан, баруун доод хэсгийн шир мөн задарсан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 160-161 хуудас/,

 

- Гэрч Н.Б-н: “...энэ хэрэг дүн өвлийн хүйтэнд болсон байна. Морины хөл ингэж хугарсан үед хийх эмчилгээ байхгүй. Морь өөрөө тангарахад хөл нь ингэж хугарахгүй, өөр зүйлээр мөргөх үед хугарсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 235-236 хуудас/,

 

- Яллагдагч А.Б-йн: “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ц.П-ийг морьтой явж байх үед нь машинаар мөргөж унагаагаад зодсон асуудал байхгүй. Бид хоёр машин, мориноосоо бууж байгаад харилцан зодолдон Ц.П-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 153-156 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-йн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч А.Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-йг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б-ас 6.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б-д, 125.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П- нарт тус тус олгож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Б- түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын тухайд: Хохирогчийн унаж явсан морь уяж хурдлуулдаг морь байсан бөгөөд хөл нь  хугарч цаашид уяж хурдлуулах, эмээлийн хувьд бүүрэг нь хугарч зориулалтын дагуу ашиглах тус тус боломжгүй болсон нь гэрч Н.Б, хохирогч нарын мэдүүлэг, уяач Ц.Б-гийн авч байсан өргөмжлөлүүд зэргээр  тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдал, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзээд анхан шатны шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг устгасан гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр 1 дэх хэсгийн  “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн үнэлгээний 59,174 дугаартай дүгнэлтүүдээр  хохирогчийн унаж явсан хүрэн зүсмийн морь, тохож явсан эмээлийн модны үнэлгээг тус тус тогтоосон нь үндэслэлтэй  байна.

 

Харин А.Б-йн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4,  2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч А.Б- болон түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

                                                                

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Б.ДЭНСМАА