Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 100

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг

улсын яллагч Б.Ботакөз

шүүгдэгчийн өмгөөлөгч А

орчуулагч А

шүүгдэгч Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман овогт М-гийн Б-д холбогдох 1713000810051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1994 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 01 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Найман овогт М-гийн Б РД:БЛ94090914.

Шүүгдэгч Бийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Бнь 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр 14-15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг Он хад гэдэг газарт бэлчээрийн маргааны улмаас хохирогч Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Бнь 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр 14-15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг Он хад гэдэг газарт бэлчээрийн маргааны улмаас хохирогч Бийн цээжин тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж хавиргыг нь гэмтээж, нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/

- Гэрч Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

- Гэрч С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

- Гэрч Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

- Гэрч Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 356 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б-гийн 2 хавирга цууралттай, 3 хавирга гэмтсэн зэрэг эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 600000 төгрөгний торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Найман овогт М-гийн Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 600 “зургаан зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Бийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, түүний өмчлөлийн мотоцикл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ