Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00073/И |
Дугаар | 141/ШШ2024/00117 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2024/00117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж
Нарийн бичгийн даргаар О.Отгонжаргалыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар багт оршин суух хаягтай Х овогт Б.Т ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие Завхан аймгийн Тэлмэн сумд 1966 онд төрсөн бөгөөд Тэлмэн сумын 8 жилийн дунд сургуулиа 1982 онд төгсөөд Жаргалын зам нэгдлийн тэжээлийн цэгт ажиллаж байгаад 1984 онд цэрэгт явж 1987 онд халагдаж байсан юм. Цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам нэгдэлд 1987 оны 8 сарын 20-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, Завхан аймгийн Тэлмэн сумын НААУТөвд 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл галч, машинистаар тус тус ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох болоход ажилд орсон гарсан тушаал бүрэн бус байдлаас болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд холбогдох баримтыг үндэслэн намайг Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам нэгдэлд галчаар 1987 оны 8 сарын 20-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, Завхан аймгийн Тэлмэн сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд галчаар 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3. Нэхэмжлэгч Б.Т нь Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам нэгдэлд галчаар 1987 оны 8 сарын 20-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, Завхан аймгийн Тэлмэн сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд галчаар 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь:
Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 41 дугаартай “...Уурын зуух галлахтай холбогдуулж ажилчид авах тухай тушаах нь: 1. Уурын зууханд гачигараар доорх хүмүүсийг авах. Слесерь Сүхбаатарын ээлжид гээд Б.Э, Б.Т, ...нарыг 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэсэн ажилд авах тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 45 дугаартай “...Сумын намын хороо, ҮЭ-ийн зөвлөлийн зөвшөөрөл, өөрсдийн өргөдөл хүсэлтийг үндэслэн тушаах нь: ...2. Уурын зуухны гачегарь хийж байсан Б.Т ...нарыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж АҮ-н мэдэлд шилжүүлсүгэй...” гэсэн ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын хуулбар,
Тэлмэн сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай “...БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 142-р тогтоолын дагуу дулаацуулгын зуух, станц эрчим хүчинд шилжин очиж байгаатай холбогдуулан тушаах нь: 1. Дулаацуулгын зуухны механик, слесерь, машинист, жолооч зэрэг нэр бүхий 11 хүнийг ...1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хавсралт ёсоор тухайн албан тушаалын ажлаас чөлөөлж эрчим хүчний мэдэлд шилжүүлсүгэй. Тушаалын хавсралтын 13-р *******...” гэсэн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Тосонцэнгэл хотын цахилгаан станцын даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 111 дугаартай “...Тэлмэн сумын Ардын хурлын тэргүүлэгчдийн 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 9-р протокол, өөрсдийн өргөдлийг үндэслэн тушаах нь: ...2. Уурын зуухны слесерээр ...Б.Т, ...нарыг 1990 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс тус тус ажиллуулсугай...” гэсэн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаартай “...Сумын засаг даргын Тамгын газрын контороос ХАА-н банкны салбар өөр байранд шилжин орсон учир засаг даргын тамгын газрын сахиул, туслах ажилчнаар Б овогт Т 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлээс Б.Т нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, эрхэлсэн ажлын мэдээлэлд 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн тэжээлийн цехэд ажилчнаар ажиллуулав, ажилласан хоног авсан цалин хөлсийг 1983 онд 1-5 сарыг дуустал бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлээс Ба Т 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдөрт нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд
1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн уурын зуухад машинистаар авч ажиллуулав,
1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Тэлмэн сумын төвийн ААҮ-ийн мэдэлд шилжсэн тул Жаргалын зам нэгдлийн уурын зуухын машинистаас чөлөөлөв,
1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Тэлмэн сумын НАААҮ-ний төвийн уурын зуухад машинистаар авч ажиллуулав,
1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн СНЗ-ийн тогтоолоор өөр газар шилжих болсон тул зуухын машинистын ажлаас чөлөөлж, ЭХНҮ-ийн мэдэлд шилжүүлэв,
1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр СНЗ-н тогтоолоор шилжиж ирэх болсон тул Тэлмэн сумын эрчим хүчний салбарт зуухны засварчнаар авч ажиллуулав,
1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зуух хааж ажиллах орон тоогүй болсон тул засварчны ажлаас чөлөөлж, сумын тамгын газрын хөдөлмөрийн байгууллагын мэдэлд шилжүүлэв,
1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргын Тамгын газрын сахиул туслах ажилчнаар авч ажиллуулав гэж бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...******* ******* эрэгтэй, РД:ИН66022811, 1966 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Сумын НАААҮ-т гачигаар ажилтай, ажилд орсон 1987 он, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...эхнэр Б.Ө, нөхөр Б.Т, Эрчим хүч слесарь ажилтай, 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэсэн, 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,
Гэрч Ч.Б “...Б.Т нь 1987 онд цэргийн алба хааж ирээд түүнээс тасралтгүй галчаар ажиллаж байсан. Анх нь цэргээс ирснээс хойш Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн төв уурын зуух, нийтийн аж ахуйн үйлчилгээний зууханд 1994 он хүртэл ажилласан бөгөөд сум нэгдэл тарсны дараа сумын захиргаанд галчаар ажилласан. Тэгээд дараа нь Тэлмэн сумын нэгдсэн эмнэлэгт сантехникчээр ажиллаж байгаад 2016 онд ажлаасаа гарсан. Миний бие *******тай нэг нутгийн хүмүүс бөгөөд бие биеэ сайн таних ба би түүний ажил амьдралыг сайн мэднэ. Харин би Т ажил хөдөлмөрийнхөн талаар сайн мэдэх хэдий ч ажилд орсон, гарсан он сар өдрийг тодорхой сайн мэдэхгүй. ******* нь нэгдлийн үед уурын зууханд, дараа нь сумын захиргаанд, түүнээс хойш эмнэлэгт ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэдгийг нь бол маш сайн мэднэ....” гэсэн,
Гэрч Г.Б “...Б.Т нь 1987 онд цэргийн алба хааж ирээд түүнээс тасралтгүй галчаар ажиллаж байсан. Анх нь цэргээс ирснээс хойш Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн төв уурын зуух, нийтийн аж ахуйн үйлчилгээний зууханд 1994 он хүртэл ажилласан бөгөөд сум нэгдэл тарсны дараа сумын захиргаанд галчаар ажилласан. Тэгээд дараа нь Тэлмэн сумын нэгдсэн эмнэлэгт сантехникчээр ажиллаж байгаад 2016 онд ажлаасаа гарсан. Миний бие Б.Т нэг нутгийн хүмүүс бөгөөд бие биенээ сайн таних ба би түүний ажил амьдралыг сайн мэднэ. Харин би *******гийн ажил хөдөлмөрийнхөн талаар сайн мэдэх хэдий ч ажилд орсон, гарсан он сар өдрийг тодорхой сайн мэдэхгүй. ******* нь нэгдлийн үед уурын зууханд, дараа нь сумын захиргаанд, түүнээс хойш эмнэлэгт ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэдгийг нь бол маш сайн мэднэ. Т нь ажилч, хөдөлмөрч, төлөв даруу зантай хүн бөгөөд цэргээс ирснээс хойш тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлсэн юм...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
3. Иймд нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Х овогт Б.Т Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам нэгдэлд галчаар 1987 оны 8 сарын 20-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл,
Завхан аймгийн Тэлмэн сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд галчаар 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ